| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 211500700120 |
| Дугаар | 2021/ДШМ/38 |
| Огноо | 2021-09-17 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | 211500700120 |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2021/ДШМ/38
Ж.Мөнхбаатар, Ж.Чимгээ, “Дархан жигүүр” ХХК нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор М.Сайнзаяа
Шүүгдэгч Ж.Мөнхбаатар, Ж.Чимгээ
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Ундрах-Оргил /онлайн/, М.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ж.Мөнхбаатар, Ж.Чимгээ, “Дархан жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компани нарт холбогдох 211500700120 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Чимгээгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Чонос овогт Жамъяндоржийн Мөнхбаатар /рд:ФЖ*********/, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймгийн Х сумын Х тосгонд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Х сумын ** дүгээр багийн Х тосгоны Нарсны задгайн *-** тоотод оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан,
Монгол Улсын иргэн, Жагарынхан овогт Жаргалын Чимгээ /РД: Т3********/, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймгийн Х суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, “Дархан ган жигүүр” ХХК-ийн ойжуулагч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Булган аймгийн Х сумын Х тосгоны Зүсмэлийн *-** тоотод оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан.
Хуулийн этгээд: “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компани, №********* улсын бүртгэлийн дугаартай, №******* регистрийн дугаартай, Булган аймгийн Х сумын ** дүгээр баг, Х тосгонд байрлаж үйл ажиллагаа явуулдаг.
Ж.Мөнхбаатар нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ойжуулагч ажилтай Ж.Чимгээгийн зөвшөөрлийн дагуу **-** УБА улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос шинэс төрлийн хуурай 9.242 м.куб хэмжээтэй модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэрэгт,
Ж.Чимгээ нь Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Ж.Мөнхбаатар, Л.Энхтүвшин, Д.Нармандах нарыг мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мод бэлтгүүлэхээр хөлслөн явуулж 9.242 м.куб мод бэлтгэсэн гэмт хэрэгт,
“Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь өөрийн нэрийн өмнөөс компанийн ашиг сонирхлын төлөө Ж.Мөнхбаатар, Л.Энхтүвшин, Д.Нармандах нарыг мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мод бэлтгүүлэхээр хөлслөн явуулж 9.242 м.куб модыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Чонос овогт Жамъяндоржийн Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Жагарынхан овогт Жаргалын Чимгээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж үйлдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Хуулийн этгээд “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компани /РД: ******/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхбаатарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чимгээг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар №********* улсын бүртгэлийн дугаартай, №****** регистрийн дугаартай, “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Чимгээ, Ж.Мөнхбаатар нарт тус тус оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар, хуулийн этгээд “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компани /РД:******/-д оногдуулсан 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 555.555 /таван зуун тавин таван мянга таван зуун тавин тав/ төгрөгөөр буюу хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Чимгээ, Ж.Мөнхбаатар нарт сануулж,
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Мөнхбаатар, Ж.Чимгээ нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мөнхбаатар, Ж.Чимгээ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг баримтлан “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2.225.984 /хоёр сая хоёр зуун хорин таван мянга есөн зуун наян дөрөв/ төгрөг, шүүгдэгч Ж.Мөнхбаатараас 4.451.967 /дөрвөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: *******/ Төрийн сан дахь ********* тоот дансанд олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Мөнхбаатарын эзэмшлийн 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УБА улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгслийг хурааж, хохиролд тооцохыг; 9.242 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 42 ширхэг шинэс төрлийн түлээний нойтон модыг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 63000 /жаран гурав/ төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгөтэй, зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай, баруун талдаа цэнхэр өнгийн тагтай “JINLIANG” гэсэн бичиглэл бүхий нэг ширхэг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож,
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Чимгээ, Ж.Мөнхбаатар нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Чимгээ давж заалдах гомдолдоо:
“ ... Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Үүнд: 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр намайг “Дархан Ган Жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхлын төлөө иргэн Ж.Мөнхбаатарыг Булган аймгийн Хангал сумын 1-р багийн “Хандгайтын Цагаан хустын ам" гэх газрын ойгоос хууль бусаар буюу мод бэлтгэх эрхийн бичиггүй модонд явуулж 9.242 м3 модыг бэлтгүүлсэн гэж “Дархан Ган Жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг гэм буруутайд тооцож “Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хуулийн үндэслэлгүй юм.
Учир нь “Дархан Ган Жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэг хүний гишүүнчлэлтэй компани бөгөөд захирал нь Б.Баатархүү гэх хүн байдаг. Ж.Чимгээ миний бие тус компанид ойжуулагч ажилтай бөгөөд компанийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш юм. "Дархан Ган Жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Булган аймгийн Хангал сумаас шинэсний 35 м.куб, нарсны 35 м.куб, түлээний 25 м.куб мод бэлтгэх гоожин хуваарилагдсан. Энэ нь 2021 оны мод бэлтгэх хуваарь юм.
“Дархан Ган Жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 35 м.куб модны гоожингийн үнэ болох 948.000 төгрөгийг тушаасан байдаг. Би иргэн Ж.Мөнхбаатарт манай компани Булган аймгийн Хангал сумын “Хандгайтын зүүн ам” гэх газар тусгаарлалт хийлгэсэн гэж хэлж байсан бөгөөд Ж.Мөнхбаатар нь тухайн үед “би модонд явъя” гэж байсан боловч надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй модонд явсан байдаг. Мод бэлтгэхээр явж байгаа бол тухайн компаниас мод бэлтгэх гоожинг заавал авч явах ёстой байдаг. Эдгээр хүмүүс тухайн хууль бусаар мод бэлтгэсэн гэх амнаас гарч яваад Хангал сумын засаг дарга М.Төмөрбат, Д.Идэр, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ойдов нартай тааралдахдаа ямар нэгэн зөвшөөрөл үзүүлээгүй, авч яваагүй байх ба тодруулбал “Дархан Ган Жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн мод бэлтгэх эрх гэж бичиг тэнд байгаагүй өөрсдөө тухайн амнаас мод бэлтгэсэн байсан. Тэрнээс манай компаниас тухайн амыг заагаад мод бэлтгээд ир гэсэн зүйл байхгүй.
Хэрэв манай компани мод бэлтгүүлэхээр явуулсан бол мод бэлтгэх зөвшөөрлийг тэд заавал авч явж байж мод бэлтгэх ёстой. Иймд намайг "Дархан Ган Жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж, тус компанийн ашиг сонирхлын төлөө иргэн Ж.Мөнхбаатарыг хууль бусаар мод бэлтгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл "Дархан Ган Жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эдгээр хүмүүсээр хууль бусаар мод бэлтгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд 2021 оны 07 дугаар сарын 21- ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Сайнзаяа дүгнэлтдээ: “ ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... ” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Чимгээгийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ойжуулагч ажилтай Ж.Чимгээгийн шийдвэрийн дагуу тус компанид Булган аймгийн Х сумын ** дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос шинэс төрлийн хуурай 9.242 м3 хэмжээтэй модыг зохих зөвшөөрөлгүйгээр **-** УБА улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгсэл ашиглан бэлтгэсэн,
шүүгдэгч Ж.Чимгээ нь Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ойжуулагч атлаа хуульд заасан журмын дагуу уг компанид олгогдсон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газраас буюу Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Ж.Мөнхбаатараар 9.242 м3 мод бэлтгүүлж байгаль экологид 4.451.967 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мөнхбаатар, Ж.Чимгээ нарын өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч П.Эрдэнэбат, гэрч Д.Идэр, Л.Энхтүвшин, Г.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ, Д.Нармандах, Б.Баатархүү, Л.Батжаргал, М.Нямжаргал, П.Бат-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд,
гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4.451.967 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт, “Тольдох оюун өгөөж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21/92 дугаар дүгнэлт, Байгаль экологид учруулсан хохирлын үнэлгээ тооцсон 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь өөрийн нэрийн өмнөөс компанийхаа ашиг сонирхлын төлөө Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 9.242 м3 модыг хууль бусаар бэлтгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх ба шүүх хуулийн этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлохдоо “ ... хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй... гэж заасан.
“Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь тухайн жилд ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байсан бөгөөд Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар нэг үүсгэн байгуулагчтай /гишүүнчлэлтэй/, компанийн захирал нь Б.Баатархүү болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм болон хэрэгт авагдсан гэрч Б.Баатархүүгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна” гэж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заажээ.
Мөн “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Б.Баатархүүгийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан компанийн дүрмийн 7.1-д “Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна“ гэж тодорхой тусгасан байна.
Гэтэл шүүгдэгч Ж.Чимгээ нь “...уг компанид ойжуулагч ажилтай, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг...” гэх боловч Компанийн тухай хуулийн дээрх заалтууд болон компанийн дүрэмд заасан заалтуудаас үзэхэд түүнийг “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх удирдлага, эсхүл компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтанд хамааруулан үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал шүүгдэгч Ж.Чимгээ нь “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хуульд заасны дагуу төлөөлөх эрхгүй атлаа уг компанид хуульд заасан журмын дагуу олгогдсон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газраас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бусдаар мод бэлтгүүлж ойн санд хохирол учруулсан байхад анхан шатны шүүх “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Ж.Чимгээгийн гаргасан “... Дархан Ган Жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эдгээр хүмүүсээр хууль бусаар мод бэлтгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулсан заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүх “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж дээрх хуулийн этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн 2.225.984 төгрөгийг шүүгдэгч Ж.Чимгээгээс гаргуулж Байгаль орчин, Уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй байна.
Түүнээс гадна Монгол улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан бөгөөд уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг тус тус тодорхой заасан бөгөөд шүүгдэгч Ж.Чимгээ, Ж.Мөнхбаатар нарын үйлдсэн хууль бусаар мод бэлтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээрх зохицуулалтанд хамаарахгүй байна.
Хэдийгээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтан гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэргийн төрөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хамаарахаар тус тус заасан байх боловч хуулийн энэ заалтад хорих ялын санкц тусгагдаагүйгээс гадна шүүхээс дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зөвхөн хорих ялаар шийтгэсэн тохиолдолд оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заажээ.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т “... яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэж заасан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Чимгээ, Ж.Мөнхбаатар нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхээс хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй гэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан байх тул шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудаас “Дархан ган жигүүр” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Дархан ган жигүүр” ХХК-иас...” гэснийг “... шүүгдэгч Ж.Чимгээгээс ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ж.Чимгээгийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.12-т тус тус заасныг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Чимгээ, Ж.Мөнхбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцүү буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН