Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2023/03994

 

 

 

 

 

 

2023 09 14

101/ШШ2023/03994

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М-ийн гаргасан,

 

Хариуцагч: Д ХХК-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Э ХХК-ийн гаргасан,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн болон хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, өмгөөлөгч Б, Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөнч нарын хамт гаргасан тайлбартаа:

 

Бие даасан шаардлага гаргасан Э ХХК нь хариуцагч Д ХХК-ийн хэрэгжүүлсэн Дапартмент хотхон орон сууцны төсөлд лифт буюу цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд эдгээр компаниуд ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцуулахаар орон сууцны захиалгын гэрээг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан байсан. Нэхэмжлэгч миний бие үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн ажил эрхэлдэг бөгөөд Э ХХК-ийг дээр дурдсан ажил гүйцэтгэсэн төлбөрт тооцон авах тохирсон орон сууцаа бусдад худалдах гэж байгаа тухай олж мэдээд тус компанитай ашиглалтад орох болоогүй байсан орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, улмаар хариуцагч Д ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууцны захиалгын гэрээний шаардах эрхийг 70,000,000.00 төгрөгөөр шилжүүлж авахаар болсон.

 

Би, орон сууцны захиалгын гэрээний төлбөрийг Э ХХК-нд төлөх гэхэд надад уг 70,000,000.00 төгрөгийг манай компанитай хамтран ажилладаг Х ХХК-нд шилжүүлчих, бид хоорондоо гэрээ байгуулсан төлбөрийн асуудалтай гэж хэлсэн. Ингээд миний бие Э ХХК-ийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг дансаар болон бэлэн мөнгөөр 2 хувааж Х ХХК-нд төлөөд орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусгасан.

 

Тодруулбал, миний бие 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Э ХХК-ийн төлөөлөгчтэй хамт нотариат орж, хариуцагч Д ХХК-иас Э ХХК-ийн хүсэлтийн дагуу эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг болон төлбөр тооцоо дууссан байдлыг үндэслэн орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ талаар хэргийн оролцогчид бүгд мэдэж байгаа бөгөөд маргахгүй байх гэж найдаж байна. Гэтэл хариуцагч Д ХХК нь үүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараагаар орон сууцыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн боловч намайг захиалагчийн хувьд түлхүүр авах, мөн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримт авахаар очиж уулзахад Э ХХК-тай төлбөрийн асуудалтай гэх шалтгаанаар миний захиалсан орон сууцны түлхүүрийг өгөхөөс татгалзсан.

 

Нэхэмжлэгч би, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Э ХХК-ийг хуурч мэхлээгүй, анхнаасаа энэхүү компани надад төлбөрийг Х ХХК-нд өг гэсний дагуу өгсөн, хэрэг маргааны явцад л Х ХХК болон Х ХХК нарын хооронд ийм асуудал үүссэн гэж мэдсэн бөгөөд надад огт хамааралгүй, харин намайг төлбөрийг бүрэн төлсөн учир Х ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төлбөр тооцоо дуусгасан гэсэн утгатай бичиг ч хүртэл хийж өгсөн.

 

Нэхэмжлэгч намайг "Э ХХК-тай гэрээ, хэлэлцээр байгуулж байх цаг хугацаанд тухайн орон сууцыг ашиглалтад оруулаагүй буюу дөнгөж гадна хана тавих, угсрах шатанд явж байсан. Гэтэл өнөөдөр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан байхад хариуцагч Д ХХК нь тухайн хэрэгт огт хамааралгүй Х ХХК болон Х ХХК нарын хооронд үүссэн асуудлыг надад хамаатай мэт тайлбарлан орон сууцыг надад өгөхөөс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд "Э ХХК нь надтай байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээг албан ёсоор цуцлаагүй байж ийм шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй, тус компаниас надад ямар нэгэн байдлаар гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгөөгүй. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл Х ХХК болон Э ХХК нар хоорондоо холбоотой гэж ойлгосон. Одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудал нь манай хэрэгт огт хамаагүй тул хэргийг хянан шийдвэрлэж дуусгах ёстой гэж үзэж байна.

 

Тус бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-тай байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээний зүйл нь ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай 2 өрөө орон сууц бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албан ёсны хаягийг нь тодруулахад ... тоот гэж бүртгэсэн байна.

 

Би, тухайн орон орон сууцыг хариуцагч Д ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зөвшөөрөл олгох тухай албан бичиг, мөн Э ХХК-тай байгуулсан орон захиалгын гэрээний шаардах эрх шилжүүлэх гэрээ, Х ХХК-ийн төлбөр тооцоо дууссан тухай албан бичгийг тус тус үндэслэн энэхүү орон сууцыг өмчлөх эрхийг хууль ёсны дагуу олж авсан. Иймд, нэхэмжлэгч намайг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-тай 2020 оны 08 сарын 10-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан 4 ширхэг цахилгаан шатыг захиалан авсан бөгөөд талууд гэрээний төлбөрт бэлэн мөнгө болон 2 ширхэг орон сууц шилжүүлэхээр харилцан тохирсон. Ингээд бид энэхүү тохиролцоог үндэслэн зохигчдын маргаж буй ... ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Э ХХК-нд цахилгаан шатны бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөрт хүлээлгэн өгөхөөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч хожим уг орон сууцыг нэхэмжлэгч Мд шилжүүлэн өгөхийг тус компаниас манай компанид хүсэлт ирүүлсэн.

 

Гэвч манай компани орон сууц ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгч Мд түлхүүрийг ирж авах талаар мэдэгдэхэд Э ХХК нь нэхэмжлэгчтэй төлбөр тооцоо дуусаагүй, түүнтэй байгуулсан гэрээг цуцлагдсан тухай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №22/37 тоот албан бичгээр мэдэгдсэн. Тэгэхээр тухайн орон сууцтай холбоотой нэхэмжлэгч М болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК нарын хооронд маргаан үүссэн тул нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй. Хариуцагч Д ХХК-ийн хувьд нэхэмжлэгч Мтай иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй, гэрээ байгуулаагүй, түүнээс ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй. Иймд, манай компани тус хэрэг маргаанд хариуцагч биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс тус шүүхэд гаргасан шаардлагадаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч М нь Э ХХК болон Д ХХК нарын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний зүйл болох ... ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Манай компани болон Х ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Х гэж хүн бүртгэлтэй байдаг бөгөөд тэрбээр Х ХХК-ийн нэрийн өмнөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Х ХХК-тай арматур нийлүүлэх гэрээ байгуулан 876,718,200.00 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийн эрхийг тухайн компанийн гүйцэтгэх захирал М-Ы хүсэлтийг үндэслэн бусдад шилжүүлсэн бөгөөд Э ХХК нь Д ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээгээр ... ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авах эрхээ нэхэмжлэгч Мд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн.

 

Гэтэл Х ХХК-ийн гүйцэтгэх захирал М нь арматур нийлүүлэх гэрээний дагуу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд арматур нийлүүлэх ёстой байсан боловч хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба янз бүрийн шалтгаан хэлж хойшлуулсаар тодорхой хугацаа өнгөрөөж, улмаар манай компаниудаас гадна өөр бусад иргэн, хуулийн этгээдийг энэ мэт үйлдлээр залилах гэмт хэрэг хийсэн байж магадгүй гэж цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

 

Тодруулбал, бид нар Х ХХК-ийн гүйцэтгэх захирал М-Ыг гэрээгээр халхавчлан манай компанийн 876,718,200.00 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг залилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 221001921 тоот дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад Х ХХК болон Э ХХК нарыг хохирогчоор тогтоосон.

 

Манай компани нэхэмжлэгч Мг Х ХХК-тай арматур нийлүүлэх гэрээ гэх халхавчтай залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хохирогч болохоосоо өмнө огт таньж мэддэггүй байсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал М нь нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийн эрхийг залилан шилжүүлж авах үедээ нэхэмжлэгчийн нэр дээр Д ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу авах дээрх орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн байдаг. Ер нь, М, М нар хоорондоо ямар харилцаатай, тохиролцоотой гэдгийг мэдэхгүй.

 

Э" ХХК болон Д ХХК нарын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрт зохигчдын маргаж байгаа орон сууцыг 1 м.к талбайг 1,800,000.00 төгрөгөөр буюу нийт 97,146,000.00 төгрөгөөр тооцож 2020 оны 08 дугаар сарын 10 ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба манай компани тус компанийн барилгын төсөлд цахилгаан шат нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар ямар нэгэн маргаан байхгүй, тиймээс энэхүү орон сууцны төлбөрийг төлөгдсөн гэж үзэж байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад хүлээн авсан тохиолдолд орон сууц хүлээлцэх акт үйлдээд захиалагчид хүлээлгэн өгөх гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.1.7-д барилгыг улсын комисс хүлээн авсан орон сууцны үнийг бүрэн төлсөн бол захиалагчид хүлээлгэн өгөх гэж, түүнчлэн 5.1.4-т баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх гэж заасан.

 

Хэдийгээр манай компани нэхэмжлэгчтэй 2021 оны оны 03 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан боловч гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар дансаар төлбөр төлөх нөхцөлийг тодорхойлон төлбөр төлөгдсөн гэсэнд итгэж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх гэрээг байгуулснаас хойш гэрээний төлбөрийг одоог хүртэл шилжүүлээгүй, мөн төлбөрийг төлөөгүй нөхцөлд өөр этгээдтэй байгуулсан арматур нийлүүлэх гэрээний төлбөрт орон сууцыг шилжүүлэх тохиролцоог тухайн үед талууд тохиролцсон боловч хариуцагчаас 97,146,000.00 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгчид эрх шилжүүлэх гэрээгээр 70,000,000.00 төгрөгөөр шилжүүлэн, төлбөрийг дансаар авч Х ХХК-нд нийлүүлэх барааны үнэнд шилжүүлэх үүрэгтэй байсан.

 

Гэтэл хариуцагч Д ХХК нь манай компанид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй буюу орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, эрх шилжүүлэн авсан этгээд гэх М нь 70,000,000.00 төгрөгийг дансаар төлсөн гэж гэрээг байгуулсан, хожим гэрээний тохиролцоо болох барааны үнэнд тооцох боломжгүй байдал үүссэн, мөн Х ХХК нь арматурыг нийлүүлээгүй, урьдчилгааг төгрөгөөр авсан, түүнчлэн нэхэмжлэгч нь орон сууц авахаар тохиролцсон атлаа хуурамч гэрээ хийж бид нарыг их хэмжээний алдагдалд оруулсан

 

Иймд, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл байх тул нэхэмжлэгч Мтай 2021 оны оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууцны захиалгын эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй. Мөн хэрэгт авагдсан Э" ХХК болон хариуцагч Д ХХК нарын байгуулсан цахилгаан шат нийлүүлэх гэрээний дагуу ... м.кв талбайтай орон сууцыг 97,146,000 төгрөгөөр тооцож авахаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд бид гэрээнд заасан цахилгааны шатыг хариуцагч компанид нийлүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

 

Тиймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлага гаргаж байгаа тул хариуцагч Д" ХХК-ийг ... ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э" ХХК-нд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгуулж өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.  Улсын тэмдэгтийн хураамжид 507,950.00 төгрөг төлсөн баримт,

2.  Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

3.  2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

4.  Д ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 21/27 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

5.  Х ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 09 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

6.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 101/ШЗ2023/14458 тоот захирамж,

7.  Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.  Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

2.  Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

3.  Хариу тайлбар,

4.  Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолын хуулбар,

5.  Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221001921 тоот тогтоолын хуулбар,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс шүүхэд өгсөн баримт:

 

1.  Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

2.  Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

3.  Хариу тайлбар,

4.  Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолын зураг,

5.  Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221001921 тоот тогтоолын зураг,

6.  Хохирогчоос 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлэг авсан тэмдэглэлийн зураг,

7.  Орон сууц захиалгын гэрээний хуулбар,

8.  Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас,

9.  Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/540 тоот албан бичгийн хуулбар,

10.  Улсын тэмдэгтийн хураамжид 1,151,630.00 төгрөг төлсөн баримт,

11.  Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

12.  Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

13.  Э ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 22/37 тоот албан бичиг,

14.  Э ХХК-ийн дүрэм,

15.  Хаан банк ХХК, Богд банк ХХК, Капитрон банк ХХК, Чингис хаан банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК, Хас банк ХХК, Төрийн банк ХХК, Голомт банк ХХК, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК, Ариг банк ХХК дахь дансны хуулга,

16.  Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

17.  Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.  Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28к/1178 тоот албан бичиг,

2.  Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221001921 тоот тогтоолын хуулбар,

3.  Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолын хуулбар,

4.  Хохирогчид 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны хуулбар,

5.  Хохирогчоос 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар,

6.  Гэрчийн мэдүүлэг,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мгаас хариуцагч Д ХХК-нд холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э ХХК-иас нэхэмжлэгч Мд холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хариуцагч Д ХХК-нд холбогдуулан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримт өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагаас тус тус үзвэл зохигчид Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.8тус тус зааснаар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэх болон иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгохыг хүссэн байна. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт,талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Д ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгуулж нийт 118,200.00 ам.долларын үнэтэй цахилгаан шатыг хариуцагчид нийлүүлэх, үүний хариуд хариуцагч нь үнийн дүнгийн 50 хувь болох 68,262.00 ам.долларт ... ... тоот, мөн ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай 2 ширхэг 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,800,000.00 төгрөгөөр тус тус бодож 97,146,000.00 төгрөг /нийт 194,292,000.00 төгрөг/-т тооцож өгөхөөр тохирсон бөгөөд талууд энэхүү гэрээг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, хариуцагч нь эдгээр орон сууцыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 55-58, 85, 86 хуудас/.

 

Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-тай орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, ... ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байна /х.х-ийн 5 хуудас./.

 

2.            Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасан.

 

Тайлбарлавал, хариуцагч Д ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ болон орон сууц захиалгын гэрээний дагуу зохигчдын маргаж буй орон сууцыг өмчлөх эрхийн хамт тус компанид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч М нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулснаар тухайн орон сууцыг өөртөө шилжүүлэн авах эрхтэй болсон, мөн үүнийг хэрэгжүүлэх боломжтой эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.

3.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Д ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-нд талуудын маргаж буй ... ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Мд шилжүүлэхийг зөвшөөрсөн байна /х.х-ийн 6 хуудас/.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж, 123.3Үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шилжүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК болон хариуцагч Д ХХК нарын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээнд шаардах эрх шилжүүлэхийг хориглосон хязгаарлалт байхгүй бол, харин тэдгээрийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар аль нэг тал нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр бусад этгээдэд шаардах эрхээ шилжүүлэх эрхгүй гэж хоригложээ.

 

Гэвч хариуцагч Д ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр орон сууц захиалгын гэрээгээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-нд хүлээлгэн өгөхөөр тохирсон дээрх орон сууцыг нэхэмжлэгч Мд өгөхийг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийг тийм шаардах эрхгүй байсан этгээдээс, мөн шаардах эрхийг эзэмшигч буюу үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нарын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

4.            Гэтэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК нь нэхэмжлэгч Мг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээнд заасан 70,000,000.00 төгрөгийг манай компанид төлөөгүй, үүнийг Х ХХК-нд төлсөн эсэх нь маргаантай, тус компани Х ХХК-тай байгуулсан арматур нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс улбаалан цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Х ХХК нь Х ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр арматур нийлүүлэх гэрээ байгуулж 876,718,200.00 төгрөгийн үнэ бүхий арматур авахаар тохиролцсон ба гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 876,718,200.00 төгрөгийн төлбөрт ... м.кв талбайтай 3 ширхэг орон сууц, ... м.кв талбайтай 2 ширхэг орон сууц, 53.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ... м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн 4 ширхэг автомашиныг тус тус өгөхөөр тохирсон, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эдгээр орон сууцанд зохигчдын маргаж байгаа орон сууцыг оруулсан гэсэн /х.х-ийн 92, 93 хуудас/.

 

Гэвч дээр нэр дурдсан компаниуд тухайн үед энэхүү гэрээг байгуулахдаа зохигчдын маргаж буй орон сууцыг бусдад шилжүүлэх эрх бүхий хариуцагч Д ХХК болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК нартай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах талаар тохирсон буюу зөвшөөрөл авсан болон уг арматур нийлүүлэх гэрээнд дурдсан ... м.кв талбайтай 2 ширхэг орон сууц нь нэхэмжлэгчийн одоо шаардаж байгаа орон сууц мөн эсэх нь тус тус тодорхой бус байх тул дээрх орон сууцыг Х ХХК-нд шилжүүлэхээр тохиролцсон гэж дүгнэх боломжгүй байна.

 

5.            Харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Х ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Мг зохигчдын маргаж байгаа ... м.кв талбайтай орон сууцны төлбөр тооцоог бүрэн дуусгасан гэсэн тодорхойлолт бичиж өгчээ /х.х-ийн 7 хуудас/.

 

Энэхүү албан бичгийн талаар зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК болон Х ХХК нар 1 /нэг/ хувьцаа эзэмшигчтэй, тус хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэн хариуцагч Д ХХК-иас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-ийн авах авлага болох ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Х ХХК-тай байгуулсан арматур нийлүүлэх гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохирсон гэсэн бол, нэхэмжлэгч Мгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Х ХХК нь энэхүү орон сууцыг бус, нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авсан гэжээ.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан. Өөрөөр хэлбэл, Х ХХК-иас нэхэмжлэгч Мг зохигчдын маргаж байгаа орон сууцны төлбөр тооцоог бүрэн дуусгасан гэсэн утгатай 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг өгсөн буюу нэхэмжлэгчийг үүргээ гүйцэтгэсэн гэсэн утгатай тухайн албан бичгийг нотлох баримтаар үнэлэх учиртай.

 

6.            Нөгөө талаар Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, зарчмын хувьд үүргийн гүйцэтгэлийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд хэрэв өгөх боломжгүй бол түүний зөвшөөрсөн этгээдэд, аль эсхүл үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн боловч хожим энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргийг эрх бүхий этгээдийн өмнө гүйцэтгэсэн гэж үздэг.

 

Иймд, хариуцагч Д ХХК-иас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-ийн авах орон сууцыг нэхэмжлэгч М нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу авахаар тохирсон, гэрээнд заасан төлбөрийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зөвшөөрсөн Х ХХК-нд хүлээлгэн өгсөн, тус компани нэхэмжлэгчтэй холбоотой төлбөр тооцоо дуусгавар болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийг үүргийг зохих этгээдэд хүлээлгэн өгөхөөр тохирсон гэж тооцно.

 

7.            Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан. Тодруулбал, хариуцагч Д ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулснаар зохигч нарын маргаж байгаа орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй болжээ.

Ингээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох ... м.кв талбайтай орон сууц нь зориулалтын дагуу ашиглахад бэлэн болоогүй байсан, хариуцагч нь уг орон сууцыг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шинээр барьж гүйцэтгэж 2020 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн байгаагаас тус тус үзвэл хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байсан.

 

Гэвч нэхэмжлэгч М нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны захиалгын эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, тухайн ажил гүйцэтгэх гэрээний шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан учир хариуцагч Д ХХК болон нэхэмжлэгч М нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх, үүрэг ийнхүү шилжиж үүссэн бол, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-ийн дээрх гэрээтэй холбоотой шаардах эрх дуусгавар болж, харин нэхэмжлэгч Мтай шаардах эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой харилцаа үүссэн байна.

 

8.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний талууд гэрээнд заасан үүргээ тэдгээрээс үл хамаарах шалтгаанаар биелүүлэх боломжтой байвал заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.

 

Энэ талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343.3Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж, мөн 350 дугаар зүйлийн 350.1Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 350.1.1гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж, 350.1.6захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж тус тус тодорхой заасан байдаг.

 

Гэтэл хариуцагч Д ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-иас манай компанид тухайн орон сууцыг нэхэмжлэгч Мд хүлээлгэж өгөхийг хориглосон утгатай албан бичиг ирүүлсэн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэсэн /х.х-ийн 114 хуудас/.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын буюу ажил гүйцэтгэх гэрээний дагуу зохигчдын маргаж буй орон сууцыг тус компанид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн хэдий ч гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгч Мд шилжүүлсэн талаар мэдсэн цагаас эхлэн шинэ үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгчийн өмнө тухайн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй юм.

 

Хэдийгээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Д ХХК-нд нэхэмжлэгч Мтай байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээг цуцалсан талаар мэдэгдсэн боловч тус компани гэрээний нөгөө талд буюу шинэ үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдээгүй байх тул гэрээг цуцлагдсан гэж шууд дүгнэх боломжгүй.

 

Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын маргаж байгаа орон сууцны албан ёсны хаягийг ... тоот гэж тодруулсан байх тул хариуцагч Д ХХК нь тухайн орон сууцыг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Мд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж дүгнэв /х.х-ийн 104 хуудас/.

 

Бие даасан шаардлагын тухайд,

 

9.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Х нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тус компанид төслийн менежер ажил, албан тушаал эрхэлдэг Дд хариуцагч Д ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний шаардах эрхийг бусад этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрсөн байна /х.х-ийн 105 хуудас/.

 

Ингээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дтай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заасан.

 

Гэтэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийг тус компанийг хэрхэн хуурч мэхэлж гэрээ, хэлэлцээр байгуулсан талаар үндэслэл бүхий тайлбар өгсөнгүй. Нэхэмжлэгч М болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК нар тийнхүү шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, ингэснээр нэхэмжлэгч М нь хариуцагч Д ХХК-ийн үүрэг гүйцэтгүүлэгч болж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-ийн шаардах эрх дуусгавар болсон гэдгийг дээр тодорхой дурдсан.

 

10.         Түүнчлэн Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж, 122.3Өмнөх эзэмшигч нь тухайн эрх, шаардах эрхтэй холбогдсон бүх баримт бичиг, тэдгээр эрхийг ашиглахад шаардагдах аливаа мэдээллийг шинэ эзэмшигчид өгөх, шинэ эзэмшигч шаардвал дээрх эрхээ шилжүүлсэн тухай нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шилжүүлэх бөгөөд холбогдох зардлыг шинэ эзэмшигч хариуцна гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-нд хариуцагч Д ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр шаардах байсан тэрхүү эрхүүд нэхэмжлэгч Мтай байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжсэн бөгөөд талууд тухайн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

11.         Нөгөө талаар нэхэмжлэгч М болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК нарын хооронд шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдсанаар иргэний эрх зүйн харилцаа буюу эрх, үүрэг үүссэн бөгөөд хэрэв энэхүү гэрээг аль нэг тал цуцлах тохиолдолд Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх ёстой байтал бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдээгүй, хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй байна.

 

Тиймээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-ийн хариуцагч Д ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний шаардах эрх нэхэмжлэгч Мд шилжсэн тул хариуцагч нь хуучин үүрэг гүйцэтгүүлэгч болох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээх учиргүй.

 

12.         Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221001921 тоот тогтоолоор Х ХХК болон Х ХХК нарын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан арматур нийлүүлэх гэрээтэй холбоотой харилцаанд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал бий эсэхийг тогтоох ажиллагаа явагдаж байгаа ажээ /х.х-ийн 76-82 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М болон хариуцагч Д ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК нарын маргаж байгаа нэхэмжлэлийн зүйл, үндэслэлийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, харин Х ХХК болон Х ХХК нарын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн харилцаанд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал бий эсэхийг тогтоох ажиллагаа явагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Мгийн гаргасан хариуцагч Д ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2.            Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус заасныг үндэслэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Мд холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах болон хариуцагч Д ХХК-нд холбогдох өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950.00 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 1,151,630.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 507,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР