Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/858

 

2021           9            23                                          2021/ДШМ/858                                

 

 

     Г.Гид холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хорлоо,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/911 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Хорлоогийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцлээр Г.Гид холбогдох эрүүгийн 2106011431144 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 743 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

 

          Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 1593 тоотод оршин суух иргэн П.Бгийн эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

         

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан, Г.Гид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Г.Гид сануулж, Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 450,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Хорлоо бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж заагаагүй байна. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ. Тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тусгаагүй байна. Г.Г нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан, Эрүүгийн хуульд заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан, урд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Иймд анхан шатны шүүх нь Г.Гид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэх талаар дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

          Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 1593 тоотод оршин суух иргэн П.Бгийн эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          хохирогч П.Бгийн “... 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 3-1593 тоот өөрийн гэртээ байхад 23 цагийн орчимд ах П.Батсүхийн 3 найз хоёр шил 0,5 литрийн Хараа архи барьж орж ирсэн. Тэр дөрөв архиа хувааж ууж байгаад би орондоо орсон. Гэтэл З, Г гэж дууддаг хоёр найз нь цэнэглэж байсан утсыг минь аваад явсан байсныг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өглөө сэрээд мэдсэн. Тэгээд Загаагийн ээжийн 91181095 дугаарыг олж залгаад “цагдаад өглөө” гэхэд “би аваагүй, Гааяа гэх залуу авч яваад зарсан, ээжийн тэтгэврийн зээлийг авахуулаад маргааш төлөөд өгнө” гээд алга болсон. Гааяатай холбоо бариад утсаа асуутал утсыг чинь аваад архи уусан нь үнэн. Сар бүр 200,000 төгрөг төлөөд өгнө гэсэ. Тэгээд алга болсон. Миний гар утсанд содон шинж тэмдэг байхгүй, 949,000 төгрөгөөр үнэлнэ. ...” /хх 9/,

 

          Г.Гийн яллагдагчаар өгсөн “... Бгийн гэрт очиж ууцгаасан юм. Өдөржин тэдний гэрт архи ууж байгаад Б бид хоёр тасраад унтчихсан байсан. Би хэзээ Бгийн гэрээс гараад явснаа санахгүй байна. Би шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансрын туннель дээр ганцаараа алхаж явсан. Миний өмдний халаасанд Бгийн Самсунг А51 загварын гар утас байсан. Би гэрээс нь аваад гараад ирсэн байсан. Дараа нь би Бд гар утсыг нь хаячихсан талаараа хэлсэн. Иймд би гар утсыг нь төлнө гэж хэлсэн. ... Хохиролтой ямар нэгэн маргах зүйл байхгүй. Би Бд учруулсан хохирлоо нөхөн төлнө. ...” /хх 28/ гэсэн мэдүүлгүүд,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 21-239 дугаартай иргэн П.Бгийн эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсыг 559,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх 13-14/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Гийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Мөн Г.Гийн хохирогч П.Бгийн гэрт байсан түүний эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 559,700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

Прокурор Д.Хорлоогийн “... шүүгдэгч Г.Гийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт багтаагүй байх тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөлд хамруулж шүүгдэгч Г.Гид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох”-оор бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааж хуульчилснаас гадна мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр заасан байна.

 

             Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Г.Гийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” хамаарч байна.

 

            Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхээс хорих ял оногдуулсан тохиолдолд хэрэглэх зохицуулалт бөгөөд хорихоос өөр төрлийн ял болон албадлагын арга хэмжээнд хэрэглэхгүйгээр зохицуулсан байх тул анхан шатны шүүхийн шүүгдэгч Г.Гид холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй нь үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

          Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/911 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Хорлоогийн “... хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах ...”-аар бичсэн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/911 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Хорлоогийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ