| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/135 |
| Огноо | 2025-12-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, улсын яллагч О.Билгүүндаш, хохирогч ****, шүүгдэгч ****, гэрч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн **** суманд төрсөн, **** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн **** сумын **** багийн нутаг ****тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, **** овогт **** ***** РД:/*****/
**** нь үргэлжилсэн үйлдлээр иргэн *** эзэмшлийн Хаан банкны /аппликейшин/ интернет банк ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 42 минутад 1.000.000 төгрөгийг цалингийн зээл авч Хаан банкны **** дугаарын **** *** гэх данс руу шилжүүлсэн, 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 02 минутад 1.500.000 төгрөгийн цалингийн зээл авч Хаан банкны **** дугаарын **** **** гэх хүний данс руу шилжүүлсэн, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 09 минутад 600.000 төгрөгийг цалингийн зээл авч 597.000 төгрөгийг Хаан банкны **** дугаарын **** *** гэх хүний данс руу шилжүүлсэн, 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 100.000 тегрөгийн цалингийн зээл авч 99.000 төгрөгийг Хаан банкны **** дугаарын **** **** гэх данс руу шилжүүлж, нийт 3.196.000 (гурван сая наг зуун ерин зургаан мянган) төгрөгийг өөр рүүгээ шилжүүлж, хохирогч **** 3.200.000 (гурван сая хоёр зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ***** холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч **** **** эзэмшлийн Хаан банкны интернэт банк ашиглан 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 42 минутад 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ***** тоот данс руу шилжүүлэн авсан,
2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 02 минутад 1.500.000 төгрөгийг Хаан банкны **** тоот **** **** данс руу шилжүүлэн авсан,
2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 09 минутад 600.000 төгрөгийг авч 597.000 төгрөгийг Хаан банкны **** тоот **** **** данс руу шилжүүлэн авсан,
2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 100.000 тегрөгийг Хаан банкны **** тоот данс руу шилжүүлэн авсан хэргийн үйл баримтууд нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Мөнгөө алдсан талаараа мэдүүлсэн хохирогч ***** “...2025 оны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр банкны зээл хийх гээд мөнгө хэрэгтэй болохоор нь би Хаан банкны цахим зээлээ судлуулсан нь миний *** тоот дансанд 4.500.000 төгрөгийн зээл авах эрх тогтож байхаар нь би тэр мөнгөнөөсөө 1.500.000 төгрөг зээлсэн юм. Зээл авахдаа би утас сайн мэдэхгүй болохоор цуг ажилладаг эдийн засагч ажилтай **** гэдэг хүнд Хаан банкны нууц үг нэвтрэх нэрээ хэлж өгөөд зээлээ авхуулсан. Тэгээд зээлээ авхуулчхаад буцаагаад Хаан банкнаасаа гарчихсан. Тэрнээс хойш нэг их юм анзаараагүй явж байсан чинь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цалингийн зээл хийх гээд Хаан банкны аппелкишин руугаа орсон чинь миний цалингийн зээл 4.500.000 төгрөг болчихсон эргэн төлөлт нь нэмэгдчихсэн байсан. Тэгээд Хаан банкны лавлах руу залгаад интернэт банкаа хаалгаад миний зөвшөөрөлгүй миний дансыг ашиглаад цалингийн зээл авчихсан байна гээд үзүүлсэн чинь миний цуг ажиллаж байсан **** 4 удаагийн үйлдлээр нийт 3.200.000 төгрөгийн цалингийн зээл аваад талыг нь нөхөр **** **** дугаартай Хаан банкны данс руу шилжүүлчихсэн байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч **** “...**** гэх хүн нь 2025 оны 07 дугааp сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 600.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 100.000 төгрөг нийт 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн зээлийг **** гэх хүний интернэт банкийг ашиглаж авсан байх бөгөөд энэ нь *** гэх хүний өөрийн авсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн зээл дээр нэмэгдсэн байна. **** гэх хүний авсан 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн зээлийг **** гэх хүний өөрийнх нь авсан онлайн зээлээс ялгаж, хоног тус бүрээр нь салгаж зээлийн хүү болох 20.4 хувийн хүүгээр бодож үзэхэд өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 145.313 /нэг зуун дөчин таван мянга гурван зуун арван гурван мянга/ төгрөгийн хүү тухайн онлайн зээл дээр буюу ***** гэх хүний авсан 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн зээл дээр бодогдсон байна. Харин уг зээлийн гэрээнүүдийг үндэслэж **** гэх хүний авсан 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн зээлийг **** гэх хүний авсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн зээлээс нь салгаж тухайн 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан зээлийн гэрээг нь үндэслэж сарын 30 хоногоор дундажлаж зээлийн хүү болох 20.4 хувийн хүүд харьцуулан бодолт хийхэд 1.609.643 /нэг сая зургаан зуун есөн мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийн хүү бодогдож байна...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “... хохирогч *** хэлэлгүйгээр нууцаар өөрийн банкны зээлээ төлөх зорилгоор мөнгийг авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр,
**** эзэмшлийн Хаан банкны **** дугаарын дансанд үзлэг хийсэн “ …**** гаргаж өгсөн хаан банкны *** дугаарын дансны 5 хуудас лавлагаа байна. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ул мөр илрүүлэх зорилгоор Хаан банкны ***** дугаарын дансанд үзлэг хийв. Үүнд: Хаан банкны ****дугаарын **** эзэмшлийн дансанд үзлэг хийхэд Хаан банкны *** дугаарын **** зээлийн данснаас 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 42 минутад 1.000.000 /нэг сая/ төгрөгийн зээл авсан байх бөгөөд тухайн мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 46 минутад Хаан банкны *** дугаарын **** **** гэх нэртэй данс руу шилжүүлсэн байв. Хаан банкны ****дугаарын *** эзэмшлийн дансанд үзлэг хийхэд Хаан банкны *** дугаарын *** зээлийн данснаас 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 02 минутад 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн зээл авсан байх бөгөөд тухайн мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 04 минутад Хаан банкны ***дугаарын **** *** гэх нэртэй данс руу 1 гэх утга тавьж шилжүүлсэн байв. Хаан банкны **** дугаарын **** эзэмшлийн дансанд үзлэг хийхэд Хаан банкны **** дугаарын *** зээлийн данснаас 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 08 минутад 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн зээл авсан байх бөгөөд тухайн мөнгөнөөс 597.000 /таван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 09 минутад Хаан банкны **** дугаарын **** ****гэх нэртэй данс руу 1 гэх утга бичиж шилжүүлсэн байв. Хаан банкны **** дугаарын *** эзэмшлийн дансанд үзлэг хийхэд Хаан банкны *** дугаарын **** зээлийн данснаас 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 26 минутад 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн зээл авсан байх бөгөөд тухайн мөнгөнөөс 99.000 /ерэн есөн мянга/ төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 28 минутад Хаан банкны ***** дугаарын **** *** гэх нэртэй данс руу шилжүүлсэн байв...” гэсэн тэмдэглэлийн хэсгээр болон шүүгдэгчийн эзэмшлийн дансанд хийгдсэн орлого, зарлагад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч **** үйлдлийн улмаас хохирогч **** 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь дээрх банкны хуулгууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хохирогч **** эзэмшлийн интернэт банк ашиглан 3,200,000 төгрөгийг авч өөрийн эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон байна. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч **** нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч ***** хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж, **** зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн интернэт банк ашиглан 3,200,000 төгрөгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, хохирогчийн эзэмшлийн интернэт банк ашиглан 4 удаагийн зээл авч өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Шүүдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хохирол тооцсон талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч **** гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгч **** нь хохирогчид 3,200,000 төгрөгийн бодит хохирол учирсан байна.
Шүүгдэгч **** нь хохирогч **** гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,500,000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанд хохирогчийн “...хохиролд 1,500,000 төгрөгийг миний дансанд хийсэн байна. Үлдсэн төлбөрөө хүүг нь тооцуулж авах хүсэлтэй байна...” гэсэн тайлбар гаргасан бөгөөд зээлийн гэрээний дагуу хүү тооцоход зээлийн хүүд 272,186 төгрөгийг нэмж төлөхөөр байна. Иймд шүүгдэгч **** төлөгдөөгүй үндсэн зээлийн 1,700,000 төгрөг + зээлийн хүү 272,186 төгрөг = нийт 1,972,186 төгрөгийг гаргуулж хохирогч **** олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч **** нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаагүй нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ.
Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч ***** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй.
Шүүгдэгч **** тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.**** овогт **** **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч **** тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** дээрх тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***** 1,972,186 төгрөгийг гаргуулж хохирогч **** олгосугай.
7.Шүүгдэгч **** нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүгдэгч ***** энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА