Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2026/ШЦТ/02

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                         

Улсын яллагч                                        О.Билгүүндаш

Шүүгдэгч                                               ****

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох ****дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

Монгол Улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн ****суманд төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт амьдардаг, Завхан аймаг, *** сум **** багт ****тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн *** овогт ****  **** регистрийн дугаар: /*****/

 Шүүгдэгч **** нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн *** сумын  *** багийн нутаг дэвсгэрт төв гудамд хамтран амьдрагч *** маргалдаж нүүр рүү нь нэг удаа өшиглөж, улмаар  биед нь нүд, баруун шанаа цус хуралт, баруун шанаа, баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. 

Хохирогч **** “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *** нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн  *** сумын *** багийн нутаг дэвсгэрт *** хажуу талын төв замын ойролцоо хайсны хажууд хамтран амьдрагч *** шалтгаангүйгээр түүний нүүр хэсэгт  өшиглөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

          Зодуулсан талаараа шууд тусган  мэдүүлсэн  хохирогч **** “...2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд *** сумын ***багийн нутаг дэвсгэрт байрлах **** талын төв замаар гэрээсээ гараад хамтран амьдрагч *** араас нь явж байгаад гүйцэхгүй болохоор нь замын хажуу талын хайсны хажууд сууж байсан чинь ***уцаж хүрч ирснээ нэг ч үг хэлэлгүй шууд миний нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөчхөөд яваад өгсөн. Тэгээд би хамраас цус гоожоод байхаар нь цасаар цэвэрлээд байж байсан чинь манай ээж ***, эгч ***хоёр араас машинтай хүрч ирээд цагдаа дуудсан. Бид хоёр хамт амьдраад 1 жил болж байна. ...Намайг цохисны дараа манай ээж эгч хоёр араас ирсэн. *** намайг ямар шалтгааны улмаас болж зодож цохисон талаар бол би сайн мэдэхгүй байна бид хоёр муудалцаж хэрэлдсэн зүйл бол огт байхгүй, шууд ирээд л үг хэлэлгүй намайг цохиод авсан. Цохиулсны улмаас миний зүүн талын шанаа тэр чигтээ хавдаад, хамраас цус гоожоод уруул тэр чигтээ хавдсан өвдөөд байна. Би сэтгэцэд учирсан хор хохирлоо тогтоолгохгүй. ****согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлгээр,

  Хориогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч **** “...манай төрсөн эгч ***хүргэн ах *** хоёр жаахан маргалдаж байгаад оройны 21 цагийн орчимд манай хүргэн ах *** манай гэрээс уурлаад түрүүлээд гараад явсан чинь манай эгч **** араас нь нэг их удалгүй гарсан. Тэгээд тэр хоёрыг гарсны дараагаар барагцаагаар 30 минутын дараа би гэрээсээ гараад тэр хоёрыг гэрт нь хүргэж өгөх гээд машинтайгаа гараад явж байсан чинь **** багт байдаг *** гэх нэртэй газрын хажуу талын зам дээр манай эгч ***азарт суучихсан хамраас нь цус гарчихсан ганцаараа сууж байхаар нь ээж бид хоёр очоод юу болсон талаар асуусан чинь *** уурлаад миний нүүр лүү цохиж хаячхаад яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө утаснаас цагдаа дуудсан.  ...Хоорондоо ерөөсөө маргалдаж байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн гэрч **** “...****дээр замын хажуу талд ***нүүр ам нь цус болчихсон сууж байхаар нь юу болсон талаар асуусан чинь *** намайг цохчихлоо гэж хэлэхээр нь манай хүү ***цагдаа дуудсан **** хоёр хамт амьдраад нэг жил болж байна. ...Тэр хоёр ямар асуудлаас болж хоорондоо маргалдсан талаар би мэдэхгүй байна. **** согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. ***бид хоёр *** дээр очиход *** хамраас нь цус гоожчихсон нүүр нь битүү хавдчихсан, уруул нь домбойгоод цус гарчихсан харагдаж байсан. Энэ хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж ерөөсөө мэдэгдээгүй. Ийм асуудал урьд өмнө нь ерөөсөө гаргаж байгаагүй. ...Бид хоёрыг очиход *** ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч ***  үйлдлийн улмаас хохирогч ***  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан **** дугаартай “...Үзүүлэгч **** биед нүд, баруун шанаа цус хуралт, баруун шанаа, баруун нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан 2025 оны 12 дугаар сарын 01-ний шөнө үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч  *** нь хохирогч *** Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.

Шүүгдэгч ***  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд  шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч *** хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч *** “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээр  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                     2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч *** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.

Иймд шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** оногдуулсан 600  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ***  600 нэгжтэй  тэнцэх  хэмжээний  төгрөгөөр  буюу  600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **** оногдуулсан 600  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох  ялыг  шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч *** өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч **** нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний  үнэмлэхийн  лавлагаа  хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ДЭЛГЭРМАА