Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/859

 

      2021            9            23                                         2021/ДШМ/859                                

 

 

     Г.Бд холбогдох эрүүгийн

                    хэргийн тухай          

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э,

нарийн бичгийн дарга П.Э нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/848 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлоор Г.Бд холбогдох эрүүгийн 2003000000456 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

             Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөны хойд замд “ДЮЦ” ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS106 загварын 54-81 УБЛ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Х.Ныг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Быг автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийн талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгчийн В, С, Д ангиллын 254929 дугаартай жолоочийн үнэмлэхийг Линцензийн төвд шилжүүлэхийг даалгаж, хохирогч Х.Н болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Э нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын болон зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хариуцагч “ДЮЦ” ХХК болон Г.Б нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Бын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 1,900,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.Над шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие анхан шатны шүүхэд “ДЮЦ” ХХК-ийн автобусны баазын аюулгүйн инженер Зг хэрэгт татаж өгөөч гэсэн хүсэлтийг анх шүүгч н.Пүрэвсүрэнд гаргасан хэдий ч хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Мөн би шүүх хурлаас хойш жолооч Г.Б, захирал н.Гүрбадам нартай уулзах гээд 91369292 дугаарын утсаар 3 удаа ярихад Баярцэцэг гэх эмэгтэй “ажилдаа ирээгүй, гадуур ажилтай, үдээс хойш ирнэ” эсвэл “боломжгүй” гээд яриулдаггүй. Мөн шүүх хурал дээр шүүгч Э.Чингис нь шүүгдэгч Г.Бас “Танай автобус бааз дээр авто осол хэр их гардаг вэ” гэж асуухад, шүүгдэгч Г.Б нь “Авто осол их гардаг” гэж шүүгчид хариулсан. Тэгэхээр энэ автобус баазын жолооч нар нь уралдаж давхиж яваад олон иргэдийг гэмтээж, тахир дутуу болгож хохироогоод сурчихсан байна. Дарга нь хариуцлагаас зугтаагаад ард иргэдийг хохироогоод сурчихсан хүмүүсээс бид хохирлоо хэзээ ч олж авч чадахгүй юм байна. Мөн цагдаа, прокурор хоёр нь ажлаа шударгаар хийдэггүй бөгөөд зөвхөн автобусны жолооч Г.Быг хагас дутуу яллахын тулд ажил хийсэн дүр эсгэж ажил хийдэг юм байна. Иймд “ДЮЦ” ХХК-д хариуцлага тооцуулах хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ... Мөн 13,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч өгдөггүй. Хөх хот руу хамгийн хямдаар эмчлүүлье гэж бодсон. Мөрдөн байцаагч нь БНСУ-д эмчлүүлнэ гэсэн гээд сольж яриад байдаг. Тухайн улсад эмчилгээний үнэ маш их өндөр болно. Мөн цагдаа, прокурор хоёр нь ажлаа шударгаар хийдэггүй. Өмнө нь Ц.Оюун-Эрдэнэ гэх прокурор хяналт тавьж ажиллаж байсан, хясан боогоод авилга нэхэх гээд байсан. 19,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан. Хохирол огт төлөгдөөгүй. Иймд “ДЮЦ” ХХК-д хариуцлага тооцуулах хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор Н.Уранбайгаль шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож түүнд нэмэгдэл ял оногдуулж, нэг жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийг баримтлан түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу иргэний хариуцагчаар “ДЮЦ” ХХК-ийг татсан. Уг компанийг төлөөлөн н.З мэдүүлэг өгсөн. 11 цаг 30 минутын орчим зам тээврийн осол гарсан. “ДЮЦ” ХХК-ийн автобусны бүрэн бус байдлаас болж авто осол гараагүй. Тухайн жолооч нь аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоогүй, явган зорчигчийг харсан даруйдаа тээврийн хэрэгслийг зогсоох, хурдаа сааруулах арга хэмжээ аваагүй улмаас зам тээврийн осол гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгээс болоод зам тээврийн осол гарсан бол иргэний хариуцагчаар механикчийг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй. Автобусны бүрэн бус байдлаас болон зам тээврийн осол гараагүй. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон боловч осол гарахад шууд нөлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдаан дээр 14,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс баримттай зардал гаргаж өгөөгүй. Хэрэгт 1,870,000 төгрөгийн баримтыг хавсаргасан, баримтгүйгээр 13,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн. Анхан шатны шүүхээс “ДЮЦ” ХХК хохирол төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. З “хохирлын тодорхой хувийг даатгалаас гаргаад үлдсэнийг нь компанийн зүгээс төлж барагдуулна” гэсэн тайлбар, мэдүүлгийг өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирлын талаарх баримтаа гаргаж өгдөггүйн улмаас “ДЮЦ” ХХК хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй. Баримтаар тогтоогдсон зардлыг төлж барагдуулах талаараа мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөны хойд замд “ДЮЦ” ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS106 загварын 54-81 УБЛ улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэн явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Х.Ныг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Х.Нын “... 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед би ганцаараа Баянзүрх дүүргийн Сансрын эвтэй 4 амьтантай хөшөөний арын замаар урдаасаа хойшоо зам хөндлөн гарч явтал урдаасаа баруун тийшээ эргэсэн автобус баруун урд хэсгээрээ миний баруун бие хэсэг рүү мөргөсөн. Миний бие зүүн талаараа газар унасан ...” /хх 18-19/,

 

Г.Бын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд би “ДЮЦ” ХХК-ийн эзэмшлийн Daewoo загварын 54-81 УБЛ улсын дугаартай автобустай Баянзүрх дүүргийн Сансрын эвтэй дөрвөн амьтантай уулзвараар урдаасаа зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр баруун гар тийш 100 чиглэлтэй эргэх үйлдэл хийх үедээ урдаасаа хойшоо зам хөндлөн гарч явсан эмэгтэй хүнийг мөргөсөн. Тухайн үед Сансарын тунелын автобусны буудал дээр зогсож хүмүүсээ буулгачихаад 100 айл руу явж байсан юм. Осол болохын өмнө Сансарын эвтэй дөрвөн амьтантай уулзвар руу урдаасаа хойшоо явж очоод зүүн гар тийшээ буюу ертөнцийн зүгээр баруун тийш 100 айл руу эргэх үедээ зүүнээсээ баруун тийшээ явж байсан автомашинуудыг харж уулзвар луу орох үедээ урдуур нь зам хөндлөн гарч явсан хүнийг харалгүй мөргөсөн. ...” /1хх 73/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 357 дугаартай “... Х.Нын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүүний хэсгийн хугарал, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүүн дунд чөмөгт ясны хүзүүний хэсгийн далд хугарал нь 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдринй А/16/422, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 3.6.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн шилбэний зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Х.Н нь өнөөдрийг хүртэл хугацаанд хэвтрийн байдалтай байгаа нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” /1хх 206-209/ гэх дүгнэлт,

 

Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 233 дугаартай магадлагаанд “... “Daewoo BS106 загварын 54-81 УБП улсын дугаартай автобусны жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Х.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /1хх 52/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэргийн газарт хэмжилт хийсэн бүдүүвч зураг /1хх 6-11/, хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16/, “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 888110 дугаартай дүгнэлт /1хх 45-48/, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх /1хх 61-69/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /1хх 120-129/ дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.Бын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Ныг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Быг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын гаргасан “... “ДЮЦ” ХХК-ийн автобус баазын аюулгүйн инженер Т.Зг уг хэрэгт шалгах шаардлагатай, мөн нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн гаргуулж шийдвэрлээгүйд гомдолтой...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь, шинжээч, автотээврийн мэргэшсэн инженер Ж.Д нь “... “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 888110 дугаартай шинжээчийн дүгнэлтийг миний бие гаргасан. ... уг хэрэг өдрийн цагаар гарсан, тийм учир дээрх шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан “... зүүн талын холын гэрэл, ухрах арааны, оврын гэрэл асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Мөн зүүн талын их гэрэл, урд дугуйн хээний гүн стандартын шаардлага хангахгүй байна” гэсэн гэмтэл эвдрэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна” /1хх 190/ гэж мэдүүлснээс үзэхэд, “ДЮЦ” ХХК-ийг дээрх хэрэгт холбогдуулан шалгах шаардлагагүй, харин Тээврийн цагдаагийн албанаас “ДЮЦ” ХХК-ийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0278298 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “ДЮЦ” ХХК-ийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Нын хохирлын баримтаар нэхэмжилсэн 1,900,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, үлдсэн гэм хорын хохирол, нөхөн төлбөртэй холбоотой нийт 13,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Быг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтын хэмжээнд барагдуулсан, хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзээд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, уг эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох талаар үндэслэлтэй дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгоно.” гэж, 5.1-д “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүнд тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулж, мөн эрх хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын гаргасан “... “ДЮЦ” ХХК-ийн автобус баазын аюулгүйн инженер Т.Зг уг хэрэгт шалгах шаардлагатай ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/848 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/848 дугаартай шийтгэх тогтоолын 2, 4, 5, 11 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.ПҮРЭВСҮРЭН         

ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                   Б.БАТЗОРИГ