Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 112/ШШ2023/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Ж.Б

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* захирал Я.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарын хооронд үүссэн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тусламж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг даалгах  маргааны талаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Ж.Б  нь ******* сумын ******* захирал Я.Цт холбогдуулан өндөр насны  тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмж олгохыг даалгах  хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа  эцэслэн тодорхойлсон. 

   2. Нэхэмжлэгч Ж.Б нь ******* сумын дунд сургуулийн захирлын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар тушаалаар сургуулийн дотуур байрны жижүүрээр томилогдсон.  

   3. Нэхэмжлэгч Ж.Б 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сургуулийн байрны жижүүрийн ажлаасаа түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу тус сургуулийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачлага гаргасан гэсэн үндэслэлээр  үүрэгт ажлаас нь чөлөөсөн байна.

  4.  Дахин ******* сумын сургуулийн  захирлын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/44 дүгээр тушаалаар Ж.Бг өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн томилон ажиллуулж байгаад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/53 дугаар захирлын тушаалаар Ж.Бг өндөр насны тэтгэвэрт гарч байгаа гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

  5.  Харин Ж.Б нь тус сургуулийн дотуур байрны жижүүрийн ажлыг хийж байх явцаа Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 201 дугаар шийдвэрээр 1991-2006 онуудад Говь-Алтай аймгийн ******* сумын С багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгосон байна. 

  6. Нэхэмжлэгч нь ******* сумын ******* захирал Я.Цт холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

           7. Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Ж.Б нь ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн байрны жижүүрээр 2008 оноос эхлэн 2022 оны 10 дугаар сар хүртэл тасралтгүй 14 жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан байна.

Би тус ажлын байранд ажилласнаас үүдэн биеийн эрүүл мэндийн байдал муудсан учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Гэтэл би ажлаас чөлөөлөгдөхдөө төрийн албан хаагчийн хувьд хуульд зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй байсан ба энэ эрхээ эдэлж чадаагүй, мэдээгүй, мэдэхгүй боломжгүй байсан.

           Миний энэхүү эрх дараах байдлаар үүснэ. Үүнд: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно. 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж тус тус зааснаас үзвэл миний буцалтгүй тусламж авах эрх Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, бусад актаар зохицуулагдахаар байна.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэжээ. Хуульд заасан чиг үүргийн хүрээнд Засгийн газар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар Журам батлах тухай тогтоолын хавсралтаар Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталсан байна.

Тус журам нь Төрийн албан тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж олгох харилцааг зохицуулах бөгөөд тухайн ажилтан 5 жил үүнээс 3 жил төрийн албанд ажилласан байхыг шаарддаг. Миний тухайд хуулийн дээрх зохицуулалтад хамаарах бөгөөд холбогдох шаардлагыг хангасан байна.

            Миний бие дээрх журмын 5 дугаар зүйлийн 5.3-т ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно гэж заасны дагуу өргөдлийг гаргасан боловч сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаар албан бичгээр боломжгүй талаар хариуг ирүүлсэн. Иргэний эрхийг дордуулсан хуулийг хэрэглэхгүйгээр илүү нарийвчлан зохицуулж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэнтэй нийцэх бөгөөд энэхүү зарчмийг Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасанчлан төрийн албаны зарчим гэж үзэж хуульчилсан тул хүн бүр эрхээ эдэлж, үүргээ хүлээх тэгш байдлын зарчимд нийцүүлэн, хууль дээдлэх, шударга ёсны хувьд нэг удаагийн тэтгэвэр тэтгэмж авах эрхийг монгол улсын иргэн би ч мөн адил эдлэх эрхтэй тул Өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

  8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э  шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ж.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Итгэмжлэлд заасан эрх, үүргийн хүрээнд шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцоно. Ж.Бгийн тухайд төрийн байгууллагад 14 жил ажилласан. 2022 оны 09 сард ажлаас чөлөөлөгдсөн.  Ажлаас чөлөөлөгдөхөд байгууллагаас болон төрийн зүгээс ямар нэгэн тэтгэмж, урамшуулал, нэг удаагийн буцалтгүй тусламж авах Үндсэн хуульд заасан суурь эрхээ эдэлж чадаагүй. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хоёрдугаарт тэтгэмж олгохыг даалгуулах тухай шаардлага гаргасан. Маргаан бүхий захиргааны акт Ж.Бд холбогдуулан тушаал гаргахдаа төсөв захирагч өндөр насны тэтгэвэрт гарч байгаа учраас гэдэг байдлаар гаргасан. Тийм учраас өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Хоёрдугаарт хэдийгээр ажлаас чөлөөлөөд тэтгэмж олгохгүй байгаа ч гэсэн хуульд зааснаар байгууллага өөрөө нэг удаагийн тэтгэмж олгодог зохицуулалттай. Энэ бол суурь зохицуулалт. Энэ тэтгэмжийг мөн адил аваагүй байгаа. Төсөв захирагчийн эрх хэмжээний асуудалд хамаарах учраас тэтгэмж олгохыг даалгах хоёр шаардлага гаргасан. Ажлаас чөлөөлсөн акттай холбогдуулж тайлбар гаргахад анх биеийн байдлын шалтгаантай байгаа учраас өөр хөнгөн ажилд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Энэ хүсэлт нь хангагдахгүй улмаар түр чөлөөлөх, бүр чөлөөлөх хүсэлт гаргаснаар эцэст нь ажлаас чөлөөлөгдсөн. Өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх, тэтгэмж олгуулах эрх маань холбогдох хуулиудад тодорхой заасан байдаг.

   Хүний эрхийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой суурь зохицуулалтыг авч үзэхэд тухайн иргэнийг ажлаас чөлөөлөгдөх гэж яригдаад байгаа. Нөгөө талаар өндөр насны тэтгэвэрт гарч байгаа гэдэг агуулга яригдаж байгаа учраас тухайн хүний Үндсэн хуульд заасан суурь эрхийг хэрэгжүүлэх үүднээс Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаар явах ёстой. Энэ суурь зарчимтай холбогдуулаад Төрийн албаны тухай хуулийн заалт бариагүй. Энэ хүнд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль аль аль нь үйлчлэх учраас хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдуулж эрхээ эдэлж үүргээ хүлээх тэгш эрхийн зарчимд нийцүүлэн нэг удаагийн буцалтгүй тусламж болон тэтгэмж олгохыг сургуулийн захирал буюу төсвийн ерөнхийлөн захирагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаагүй гэж байна. Маргаан бүхий захиргааны акт дээр өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул гээд тушаал гаргасан байгаа. Хүсэлтээ гаргаагүй бол сургуулийн захирал өөрийн санаачилгаар хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаанд нь халдсан юм биш биз дээ гэдэг асуудал байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тэтгэмж суулгах асуудал нь Ж.Бтэй хамааралгүй асуудал. Энэ нь тухайн төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал. Тухайн байгууллагын удирдлага боломжтой, боломжгүй гэдэг байдлаар шийдээд явах асуудал. Тэр талаар боломжтой байсан юм уу, боломжгүй байсан юм уу гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй. Малчнаар тэтгэвэр тогтоолгож байгаа асуудал нь тухайн Ж.Бгийн амьдрах боломжоо хангаж байгаа эдийн засгийн боломжоо дээрдүүлж байгаа асуудал. Энэ бол ажлаас чөлөөлөгдсөний дараа болсон үйл баримт. Тухайн маргаан бүхий байдал бий болсноос хойш нэг удаагийн тэтгэмж, буцалтгүй тусламж олгохгүй байгаа асуудал нь Ж.Бгээс хамаарч байгаа асуудал биш. Тэгэхээр төсөв захирагчийн өөрийнх нь хариуцах ёстой асуудал. Ж.Бгээс хамаарч энэ журмаар олгохгүй гэдэг асуудал байхгүй. Энэ журмаараа өөр газраас тэтгэвэрт гарч байгаа бол олгохгүй гэдэг асуудал яригдаж байгаа. Гэхдээ ажлаас чөлөөлж байгаа тушаал буюу маргаан бүхий захиргааны актыг төсөв захирагч өөрөө гаргаад байгаа. Энэ яригдаад байгаа хоёрдугаар асуудал нь Ж.Бгээс үл хамаарал нөхцөл байдал бий болсон. Ж.Бгээс үл хамаарах асуудал бий болсон гэдэг нь Ж.Бгийн эрх зөрчигдөөд байна гэсэн үг. Ж.Бгийн эрх зөрчигдөөд байгаа учраас өнөөдөр эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

  Төрийн албан тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан харилцаа нь тухайн хүн ажлаас сахилгын юм уу ямар нэгэн зөрчлөөр чөлөөлөгдөөгүй бол ажлаасаа нэг удаагийн тэтгэмж, урамшуулал авах эрх нь нээлттэй байгаа. Харин өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор маргаан бүхий захиргааны актыг төсөв захирагч өөрөө гаргасан. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журам үйлчилж байгаа. Тэгэхээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудал ямар журам зохицуулалтаар явах уу гэдэг асуудал нь өөр өөрөөр яригдана. Маргаан бүхий захиргааны актын тухайд хэрэгт авагдсан баримтуудаас тухайн үйл баримтыг сэргээн харж болно. Сэргээж харахад нөхцөл байдал ямар байсан бэ гэдгээс шалтгаалж үр дагавар өөр болно. Өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажлаас чөлөөлж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/43 дугаар тушаал гарсан. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага ийм байгаа гэв.

 

 9.  Хариуцагч Я.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:.......... регистрийн дугаартай Ж.Б нь тус тусгуульд 2008 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 32 тоот захирлын тушаалаар дотуур байрын жижүүрээр томилогдон 2022 оны 10 дугаар сарын 14 хүртэл 14 жил тогтвор суурьшилтай ажилласан.

Ж.Б нь 2022 онд тэтгэвэрт гарахдаа 51 настай байсан. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3-т зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэсэн байна. Боловсролын байгууллага нь өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн хүмүүсийн материалыг аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт хүргүүлэн хянуулж, дараа оны төсвийн төсөлд төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу Боловсрол шинжлэх ухааны газраас олгодог.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасан төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэжээ. 2022 оны 09 дүгээр сарын 08-нд малчнаар тэтгэвэрт гарах болсон тухай өргөдлөөр мэдэгдсэн. Хууль дүрмээ сайн судалж ажлаас чөлөөлөгдөхийг хэлж байсан. Энэ өгсөн нэхэмжлэлд өөрийн хүсэлтээр малчнаар тэтгэвэрт гарснаа огт дурдаагүй, төрийн албанд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг хангаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тусламжийг олгоогүй байдал үүссэн мэт бичсэн байна.

Өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тусламжийг авах талаар материал хүсэлтээ гаргаж, сургуулийн захиргаа, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраар хянуулж байгаагүй. Иймд нөхцөл байдлыг судлан хянан шалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж уламжлав гэжээ.

 

 10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ж.Бгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тухайн нэхэмжлэлийн шаардлага нь өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тэтгэмж олгохыг даалгах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн байна. Нэхэмжлэгч Ж.Б нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл өгөөгүй. Энэ хүн анх өргөдөл өгөхдөө би ажлаасаа түр чөлөөлөгдөх хүсэлттэй байна гэдэг байдлаар өргөдөл өгсөн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаа тул нэг удаагийн буцалтгүй тусламж олгож өгнө үү гэсэн өргөдлийг тухайн албан байгууллагадаа огт гаргаж байгаагүй. Тийм учраас энэ өргөдлийг өгөөд өргөдлөө шийдүүлж чадахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа зүйл хавтаст хэргийн материалын хүрээнд харагдахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ж.Б нь 2022 онд тэтгэвэрт гарахдаа 51 настай байсан.

 Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3-т зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэж байгаа. Боловсролын байгууллага нь өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн хүмүүсийн материалыг аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт хүргүүлээд хянуулаад энэ хүн төрийн байгууллагад ажилласан өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болсон байна гэж  үзэж байгаа бол дараа оны төсөвт төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг журмын дагуу суулгаж олгодог. Тэгэхээр төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам гээд Засгийн газрын 2019 оны 07 дугаар журам байгаа. Энэ журмын 5.3 дахь хэсэгт төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан. Тэгэхээр тухайн албан хаагч маань өргөдлөө гаргаад би төрийн албанд ажилласны дагуу тэтгэвэртээ гарах гэж байна гэсэн өргөдөл гаргаж өгөөгүй. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас гэж байгаа. Тухайн ажилтан төрийн байгууллагаас тэтгэвэртээ гараагүй. Хувийн хэвшлийн байгууллагаас малчнаар ажиллаж байсан гэдэг байдлаар тэтгэвэртээ гарсан. Малчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгоод хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан баримт нь хавтаст хэргийн материалд байж байгаа. Тэгэхээр уг журмын Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд  түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэж байгаа. Мөн тухайн сургуулийн байрны жижүүр нь Боловсролын тухай хуулийн 3.1.15-д зааснаар боловсролын туслах ажилтан гэдэг хуулийн заалтад хамаарч байгаа. Боловсролын тухай хуулийн 3.1.15-д Боловсролын туслах ажилтан гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг хэлнэ гэж заасан. Боловсролын туслах ажилтан нь боловсролын байгууллагад ажиллаад төрийн байгууллагаасаа тэтгэвэртээ гарч байсан бол 43.5-д төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана гэж заасан. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаар тухайн нэхэмжлэгч маань тухайн төрийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан байж өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуулийн заалтыг хангах байсан байна. Энэ хүн хувийн хэвшилд малчнаар 10 жил ажиллаж байсан гэдгээр хувийн хэвшлээс өндөр насны тэтгэвэрт гарсан тул төрийн байгууллагаас буцалтгүй тусламж өгөх нь хуульд зааснаар хориотой байна. Төрийн байгууллагад ажилласны дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан учраас мөнгөн тэтгэмж өгнө үү гэсэн өргөдлийг тухайн үед гаргаж байгаагүй. Энэ нь Хөдөлмөрийн хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа. Өргөдлөө өгөөд 90 хоногийн хугацаанд тэтгэмжийн асуудлыг шийдүүлэх байсан. Тэгэхээр энэ хүний асуудал хуульд заасан хугацаа өнгөрсөн байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв. Өнөөдөр ажлаас чөлөөлсөн, түр чөлөө олгосон, түр авсан гэсэн тушаалууд байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ажлаас чөлөөлөгдсөн талаар ямар нэгэн гомдол гаргаагүй. Байгууллагын даргаас гаргаж байгаа ажлаас түр чөлөөлсөн, бүр чөлөөлсөн тушаалууд дээр ямар нэгэн байдлаар энэ хүн гомдол гаргаагүй. Би тэтгэвэртээ гараад ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаасаа чөлөөлөгдсөний тэтгэмж авах ёстой байсан байна. Тийм учраас нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах ёстой гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага явж байгаа. Буцалтгүй тусламж авах ёстой байсан, өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нэхэмжлэгч Ж.Б нь төрийн албанд ажиллаж байгаад төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан бол энэ хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох үүрэг нь ажил олгогчид байсан. Гэхдээ хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаас харахад төрийн албан хаагчаар төрийн албанаас тэтгэвэртээ гараагүй. Тийм учраас энэ хүнд хууль дээр нь тэтгэмж олгох байсан ч гэсэн төрийн албанаас тэтгэвэртээ гараагүй учраас олгох боломжгүй юм. Ж.Бгийн тухайд Боловсролын тухай хуулийн туслах ажилтнаар ажиллаад 43 дугаар зүйлийн 43.5-д заасан Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажиллаад тэтгэвэртээ гараад энэ хуульд заасан шаардлагыг хангаж байсан бол нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг олгох байсан. Хавтаст хэргийн материалыг шинжлэн судлахад энэ хүн Нийгмийн даатгалын хуулиар малчин гэдгээр тэтгэвэртээ гарсан байгаа. Тэгэхээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж сонгон авах гэж байгаа. Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй гэсэн заалт байна. Энэ заалтын дагуу нэхэмжлэгч маань малчнаар гаръя гэдгийг сонгоод Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу малчнаар тэтгэвэрт гарсан. Малчнаар тасралтгүй 10 ажил ажилласан 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох боломжтой байдаг. Хэрвээ төрийн албанд ажиллаж байгаа бол 10 жил ажиллаад 50 насандаа тэтгэвэрт гарах боломжгүй байдаг. Тийм учраас энэ хүн өөрөө Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар сонгоод малчнаар 10 жил ажилласан гэдгээр тэтгэвэрт гарсан учраас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу дахин давхардуулан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах хуулийн заалт байхгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна. Тухайн хүн Нийгмийн даатгалын сангаас малчнаар тэтгэвэрт гараад одоо ажлаа хийхгүй байгаа. Ажлыг нь өөр хүн хийгээд явж байгаа. Даргадаа хүсэлтээ өгөөд дарга нь ямар нэгэн байдлаар шийдэхгүй эс үйлдэхүй байгаад байсан бол Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлээд энэ эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгоё гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаад явах боломжтой байсан болов уу. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          11. Нэхэмжлэгч Ж.Б анх 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд: “...байрны жижүүрээр 2008 оноос эхлэн одоог хүртэл 14 жил тасралтгүй ажиллаж байна. Жижүүрийн ажлыг олон жил тасралтгүй хийснээс болж биеийн эрүүл мэнд муудсан учир захиралд олон удаа тайлбарлаж өдрийн 8 цагийн ажилд шилжүүлж өгөхийг хүссэн боловч санал хүсэлтийн хариуг шийдэж өгсөнгүй ажлын байрны ялгаварлан гадуурхалт гаргаж байна гэж үзсэн учраас жижүүрийн ажлаас бүр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна. Малчинаар тэтгэвэрт гарах болсон тул түр тушаалаар ажиллах хүсэлтэй байна” гэсэн өргөдөл, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “миний бие тус сургуулийн байрны жижүүрийн үүрэгт ажлаас бүр чөлөөлөгдөх хүсэлтэй байна 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөр дуусгавар болгож өгнө үү” гэсэн өргөдлийг гаргаж, Говь-Алтай аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар дотуур байрны жижүүр Ж Б нь өндөр насны тэтгэвэрт гарахаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачлагыг гаргасан тул 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

12. Ж.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 133/ШШ2022/00201 дугаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч овогт Ж.Б-г 1991-2006 ондуудад Говь-Алтай аймгийн ******* сумын С багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож...” шийдвэр, Говь-Алтай аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/43 дугаар тушаал, 2 хүүхдийн төрсний гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг хавсарган 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж 51 настай малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байгаа талаар хавтаст хэргийн материалд нотлох баримт авагдсан.

   13. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т зааснаар тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр 1-т өндөр насны тэтгэвэр, 2-т тахир дутуугийн тэтгэвэр, 3-т тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэсэн 3 төрөлтэй байх бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн хэвийн, төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөл, сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллага, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын алба, малчин зэрэг нөхцлөөр хуульд заасан хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, болзол шаардлага хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна.

            14. Нэхэмжлэгчийн тухайд 2008 оны 07 дугаар сарын 25-наас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны жижүүрээр ажиллаж байгаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.2-т “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэсэн шаардлагыг хангаж байгаа тул төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно...” гэж зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор байна.

            15. Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т “боловсролын туслах ажилтан гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг”, 43 дугаар зүйлийн 43.1.4-т “төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн  43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах” гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох шалгуур үзүүлэлтийг тусгайлан заасан.

            16. Гэхдээ дээрх боловсролын салбар хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад боловсролын туслах ажилтанаар 14 жил тасралтгүй ажилласан төрийн үйлчилгээний албан хаагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд өөрт боломжтой нөхцөлийг сонгон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай журам”-ын 1.1-д зааснаар “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэж заасан журмаар зохицуулагдахаар байх тул боловсролын туслах ажилтнаар  25 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж ойлгох боломжгүй юм.

          17. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай журмын 1.2-т “Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ”, журмын 2.2-т “Энэ журмын 1.1-д  заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно...” гэж заасан байна..

 18. Иймд Ж.Б төрийн албанд боловсролын туслах ажилтнаар сүүлийн 14 жил тасралтгүй ажиллаж байгаад малчнаар өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Говь-Алтай аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд даалгаж шийдвэрлэлээ.

19. Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдөл гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж зааснаар Говь-Алтай аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаар албан бичгээр “Тэтгэвэр тогтоолгох нас хүрээгүй Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтаар хүсэлт гаргаж малчнаар тэтгэвэрт гарсан тул Засгийн газрын 07 дугаар тогтоолын хавсралтаар олгогдох тусламж олгогдох боломжгүй болохыг уламжлав” гэсэн өргөдлийн хариуг Ж.Бд хүргүүлж байсныг дурдах нь зүйтэй байна.

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албан тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.Бг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын ******* захиралд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын ******* захирлаас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ