Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 630

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00557 дугаар шийдвэртэй,

 

нэхэмжлэгч Ц.А ын нэхэмжлэлтэй,

хариуцагч П.Э т холбогдох,

 

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч: Ц.А ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.А  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч П.Э  нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 30 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор П.Э ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 26.1 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай 000662818 гэрчилгээтэй Ү-2201006254 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г.Энхмандахын эзэмшлийн 000654643 дугаар гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэгт байрлах 1 435 м.кв, 18630309644055 нэгж талбарын дугаартай газар зэргийг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дууссан боловч энэ хугацаанд П.Э  нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд нэг ч төгрөг зээлэндээ төлөөгүй. Мөн гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардсан боловч арга хэмжээ аваагүй. Иймд хариуцагчаас зээлийн төлбөрт 30 000 000 төгрөг, хүү 1 500 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 46 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Э , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.А ын нэхэмжилсэн 46 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 15 000 000 төгрөг л хүлээн авсан. Зээлийн гэрээний 30 000 000 төгрөгийг хэдийгээр П.Э  бэлнээр авсан хэдий ч уг мөнгийг Г.Энхмандахын хамт 15 000 000 төгрөгөөр хувааж авсан. Тиймээс 15 000 000 төгрөгт ногдох хүү, алдангийг хүлээн зөвшөөрдөг. Зээлийн болон барьцааны гэрээнд Г.Энхмандах, П.Э  нарын гарын үсэг байдаг. Г.Энхмандахын эрх ашиг хөндөгдөж байна. Хэрвээ зээлийн зүйлийг төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөс хангагдах асуудал яригдана. Тиймээс Г.Энхмандахыг зайлшгүй оролцуулах шаардлагатай байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Э аас зээлийн гэрээний үүрэгт 46 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 390 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А од олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь зээлдэгч нар 30 000 000 төгрөгийг хамтран зээлж гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний баталгаа болгож тус тусын үл хөдлөх хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан байдаг. Зээлдэгч П.Э  нь зээлийн гэрээний дагуу хичнээн төгрөгийг авсан талаар тодруулахаар Г.Энхмандахыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан Г.Энхмандахын эрх ашиг хөндөгдөж байхад шүүх хууль зүйн дүгнэлт өгч чадсангүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.А  нь хариуцагч П.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 15 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 31 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан хамтран үүрэг гүйцэтгэгч болох Г.Энхмандахыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх, Г.Энхмандахын оршин суугаа хаяг тодорхойгүй талаар хүчин төгөлдөр шүүгчийн захирамж хэрэгт авагдсан, гэрчийг шүүхэд дуудах боломжгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2018/14086 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байх ба уг захирамжийн үндэслэх хэсэгт Г.Энхмандах нь нэхэмжлэлд дурдсан Хэнтий аймаг, Хэрлэн 2-р баг Булаг 15-р гудамж, 12 тоот хаягт оршин суудаггүй болох нь баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна гэжээ.

 

Хэргийн 7 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар Г.Энхмандахын гэрийн хаягыг Хэнтий, Хэрлэн, 2-р баг, Булаг, булаг 15 гудамж, 18 тоот гэж тодорхойлсон, мөн хэргийн 41 дүгээр талд авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Энхмандахыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтэд түүний оршин суугаа дээрх хаяг болон утасны дугаарыг тодорхой тусгасан байхад анхан шатны шүүх анхаараагүй байна. Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл Г.Энхмандахыг гэрчээр асуулгах ажиллагаа явуулах нь уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ. /хх 4-5, 33/

 

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Э  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

                        ШҮҮГЧИД                                                Э.ЗОЛЗАЯА

                       

     Д.ЦОГТСАЙХАН