Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 113/2016/0010/з |
Дугаар | 113 |
Огноо | 2018-03-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 113
Ц.Х-ын нэхэмжлэлтэй,
Говьсүмбэр аймгийн Засаг дарга,
Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ч.Тунгалаг,
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа болон сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломж олгохгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээлжит сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдөхөд олгох 6 сарын цалинтай тэнцэх, нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах,
Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 113/ШШ2017/0014 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0860 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ц.Х, өмгөөлөгч П.Н нарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 113/ШШ2017/0014 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 38 дугаар зүйлийн 38.1, 41 дүгээр зүйлийн 41.2, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан Ц.Х-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа болон Ц.Х-ыг бүрэн эрхийнхээ хугацаанд сумын Засаг даргын эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, эдгээр хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1.981.080 төгрөг, ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн тэтгэмж болох 6.318.000 төгрөгийг тус тус аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0860 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 113/ШШ2017/0014 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн “16.1-д...” гэснийг “1-д..” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгад: Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасны дагуу Ц.Х-ыг Баянтал сумын Засаг даргын үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоосон болно. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлснээр төрийн цалин хөлс авах эрх үүснэ. Харин нэхэмжлэгчийн хувьд түүний албан үүргээ хэрэгжүүлэхийг түр түдгэлзүүлэх хууль ёсны шийдвэр гарснаар тус бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд цалин хөлс авах үндэслэл бүрдээгүй.
4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд прокурорын тогтоолоор сумын Засаг даргыг үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлээд эгүүлээд сэргээсэн тохиолдолд буцааж томилох тухай заалт байдаггүй. Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу аймгийн Засаг дарга томилдог.
5. Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлээд Ц.Х-ыг томилох эсхүл чөлөөлөх тухай тогтоол аймгийн Засаг даргад ирээгүй байна. Өөрөөр хэлбэл аймгийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 05/20, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5/3 дугаар тогтоолуудаар “яллагдагч Ц.Х-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож” энэ талаараа 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5/366 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад мэдэгдсэн боловч аймгийн Засаг даргад буцааж томилох эрх хэмжээ олгогдоогүй тул Ц.Х-ыг Баянтал сумын Засаг даргаар томилох боломжгүй юм.
6. Ц.Х нь “Баянтал сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох шийдвэр гараагүй байхад түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1.921.080 төгрөг олгох, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохин журмын дагуу бичилт хийхийг Засаг даргад даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцээгүй байна.
7. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу Баянтал сумын Засаг даргаар Д.М-г томилсон бөгөөд нэхэмжлэгч Ц.Х-г тус сумын Засаг даргаар эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг Баянтал сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, мөн хуулийн дагуу шинээр Засаг дарга томилогдсон, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэгч Ц.Х-т тус тэтгэмжийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна.
8. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Х-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч Ц.Х нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд тус аймгийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 05/20 дугаар тогтоолоор Ц.Х-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгосон, энэ тухай аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 27-нд мэдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
11. Гэтэл хариуцагч аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчид албан үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, өөр этгээдээр сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, улмаар ээлжит сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдөж, нэг удаагийн тэтгэмж авах эрхийг эдлүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж, хууль дээдлэх үүргээ биелүүлээгүй энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
12. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд хохирлыг “хууль бус” шийдвэр гаргасан захиргааны байгууллага хариуцахаар заажээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэ Засаг дарга томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж, авах ёстой байсан цалин хөлсөөр хохирсон гэж үзэх бөгөөд аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчээр албан үүрэг гүйцэтгүүлээгүй, түүний ажлыг буцаан хүлээлгэж өгөөгүй байх тул “бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй тул цалин хөлс авах үндэслэл бүрдээгүй” гэх хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй.
13. “Аймгийн Засаг даргад буцаан томилох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, Иргэдийн Хурлаас нэр дэвшүүлсэн тогтоол ирээгүй” тухай хариуцагчийн гомдлын тухайд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга нь өөрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээх бөгөөд нэхэмжлэгчийн албан үүргээ хэрэгжүүлэхийг түдгэлзүүлэх ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан тул албан үүргээ гүйцэтгэхийг сэргээх ажиллагаа нь мөн энэ хуулийн дагуу хэрэгжих байна. Эндээс эрх бүхий байгууллагаас шийдвэр гарч, нэхэмжлэгчийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх сэргэсэн байхад хариуцагчаас нэхэмжлэгчийг ажилд томилсон захирамж гаргах, эсхүл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол ирүүлэх шаардлагагүй юм. Учир нь нэхэмжлэгчийг ажилд томилсон захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа, нөгөө талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргах ажиллагаа нь хуулийн өөр үндэслэлээр, өөр тохиолдолд хэрэгжих тул дээрх гомдол үндэслэлгүй.
14. Шүүхүүд Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй байгаа нь цалин хөлс нэхэмжлэх эрх, хохирол нэхэмжлэх эрхийг үгүйсгэхгүй тул хариуцагчийн гомдлын 6 дахь хэсэг хууль зүйн үндэслэлгүй байна.
15. Эдгээр үндэслэлүүдээр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0860 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ