Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 137/ШШ2023/00329 

 

 

 

 

    2023        ..            ..                                .../.../...          

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум ...р баг .... тоотод оршин суух, байдаг, Б овогт П Ө /РД: ..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймгийн .... сум ... тоотод оршин суух, .... ажилтай, Д овогт С-ын Б /РД: ..., утас: .../-т холбогдох

Зээл, зээлийн хүү нийт 90,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 10 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 10 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч П.Ө, хариуцагч С.Б оролцов. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

2014 оны 08 сарын 12-ны өдөр хариуцагч С.Б-т 50,000,000 төгрөгийг 2015 оны 08 сарын 12-ны өдөр хүртэл, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд зээлийг гэрээ байгуулсан өдөр С.Б-т шилжүүлсэн. С.Б нь зээлийг төлөөгүй бөгөөд төлөхийг шаардах бүр "...удахгүй өгнө, ирэх сард өгнө ...", эсхүл төрөл бүрийн шалтаг, шалтгаан тоочиж, зээл болон зээлийн хүүг бүрэн төлөхөө илэрхийлсээр ирсэн. Бид 2023 оны зээлийн төлбөрийн тооцоо нийлж, төлбөрийг хэрхэн барагдуулах талаар харилцан тохиролцсон. Зээлийн үндсэн төлбөрийг 50,000,000 төгрөг бөгөөд өнгөрсөн хугацаанд тооцсон зээлийн хүү 46,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож "Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. "Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ"-ний 3 дугаар зүйлийн 3.2-т "2023-07-06 өдөр буюу цаад хугацаа 2024-06-07 өдөр байна. Төлбөрийг сар бүр 8,000,000 төгрөгийг гэрээнд заасан данс руу тогтмол шилжүүлнэ" гэж заасан. Гэвч хариуцагч С.Б гэрээ байгуулснаас хойш 500,000 төгрөгөөр тус бүр 2 удаа төлбөр шилжүүлж гэрээний төлбөрөөс нийт 1,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс өөр төлбөр төлөөгүй буюу гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөхгүй байх тул "Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг шаардаж ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч С.Б-аас "Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 95,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг 2014 онд байгуулж Б 50 сая төгрөгийг зээлсэн. 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй гэрээг байгуулж, хүүгээсээ 50 сая төгрөгийг авч Б-т өгсөн. Сар бүр 2 сая төгрөгийг төлөх байтал өгөөгүй. Би удаа дараа Улаан Уулаас энд ирж мөнгө төгрөгөө нэхэж байсан. Б маргааш нөгөөдөр, одоохондоо өгөх боломжгүй байна гэх мэт шалтаг, шалтгаан тоочин өнөөдрийг хүрсэн. Манай бэр А-д 10 сая төгрөг өгсөн үүнийг нь бид хасч тооцон 2023 оны 06 сард тооцоо нийлсэн гэрээг байгуулаад зээл 50 сая төгрөг, зээлийн хүү 46 сая төгрөг нийт 96 сая төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нотариатаар орж гэрчлүүлсэн юм. Харин манай нөхөр Н-д 2021 онд 1 сая төгрөг, 2022 онд 1 сая төрөг өгснийг би мартсан байна. Сая Б-ын өгсөн баримтыг хараад саналаа, мөн үүнээс гадна өгсөн мөнгө байгаа тул анх шүүхэд 95,000,000 төгрөгөөр нэхэмжилсэн шаардлага багасгаад одоо Б-аас 90,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.   

Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.Ө-ийн нэхэмжилсэн тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 95,000,000 төгрөгийг бидний хооронд байгуулсан 2023 оны 06 сарын 12-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр заасан хугацаанд буюу 2024 оны 06 сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийлвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд Ө-ийн хүү Б-с 50 сая төгрөгийг зээлсэн, гэрээг ээж Ө-тэй байгуулсан. Мөнгөө 2014 оноос хойш байнга нэхэж байсан нь үнэн. Би банкны зээлтэй байсан тул төлж чадаагүй юм. 2019 онд А-д буюу эдний бэрд 10 сая төгрөгийг, 2021, 2022 онд эдний нөхөр Н-д тус бүр 1 сая төгрөг буюу 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Нийт 12 сая төгрөгийг төлсөн байгаа. 2014 онд хийсэн гэрээний дагуу би үндсэн зээл 50 сая төгрөг, хүүнд нь 24 сая төгрөгийг төлөх ёстой. Нийт 74 сая төгөргөөс өгсөн 12 сая төгрөгөө хасч тооцон үлдэх мөнгийг төлнө. Уг нь эдний хүү Б-д би мөнгийг нь 100,000,000 төгрөг болгон төлнө гэж хэлж 2023 оны 06 сард тооцоо нийлсэн гэрээг хийсэн боловч эд нар намайг шүүхэд өгөхгүй гэх болзолтойгоор хийсэн. Тэгтэл шүүхэд өгсөн. Иймд би 2014 оны зээлийн гэрээний дагуу зээлийг төлнө гэв. 

            Нэхэмжлэгч талаас:

            Улсын тэмдэгтийн хураамжид 632,950 төгрөг төлсөн баримт

            Нэхэмжлэгч П.Ө-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа

            2014 оны 08 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ

Зохигчдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

2023 оны 06 сарын 12-ны өдрий Тооцоо нийлсэн гэрээ, нотариатаар баталгаажуулсан бүртгэл зэрэг баримтуудыг өгсөн.

Хариуцагч талаас

2019 оны 12 сарын 04-нд Б.А-д 10,000,000 төгрөг , 2021 оны 11 сарын 20-нд Ц.Н-д 1,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 22-нд Ц.Н-д 1,000,000 төгрөг төлсөн Хаан банкны шилжүүлэгийн мэдээлэл гэх нотлох баримт гаргаж өгсөн болно.

Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон:

2014 оны 08 сарын 12-ны өдөр хариуцагч С.Б-т 50,000,000 төгрөгийг 2015 оны 08 сарын 12-ны өдөр хүртэл, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд зээлийг гэрээ байгуулсан өдөр С.Б-т шилжүүлсэн. Хариуцагч С.Б гэрээ байгуулснаас хойш 500,000 төгрөгөөр тус бүр 2 удаа төлбөр шилжүүлж гэрээний төлбөрөөс нийт 1,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс өөр төлбөр төлөөгүй буюу гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөхгүй байх тул "Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь 2014 оны гэрээний дугуу зээл, зээлийн хүү нийт 74,000,000 төгрөгөөс төлсөн 12,000,000 төгрөгийг хасч тооцон үлдэх мөнгийг төлж барагдуулна гэж маргасан.

Нэхэмжлэгч П.Ө нь хариуцагч С.Б-т 50,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаагаар, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож 2014 оны 08 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан, гэрээг нотариатаар баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна. Зээлийн гэрээ болох зээлийн дүн дээр талууд маргаагүй. Зохигчдийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан эрх зүйн харилцаа үүссэн байна. Талууд гэрээг байгуулахдаа хүү, алданги тооцож гэрээг бичгээр байгуулсан нь хуулийн шаардлагыг хангасан гэрээг харилцан тохиролцож байгуулсан гэж шүүх дүгнэсэн.  

Нэхэмжлэгч П.Ө нь 2014 оноос хойш хариуцагч С.Б-аас удаа дараа гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэж байсныг хариуцагч үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч П.Ө-ийн нэхэж байсны үндсэн дээр хариуцагч нь 2019 оны 12 сарын 04-нд нэхэмжлэгчийн бэр Б.А-д 10,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн нөхөр Ц.Н-д 2021 оны 11 сарын 20-нд 1,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 22-нд 1,000,000 төгрөг, 2023 оны 06 сарын тооцоо нийлсэн гэрээний дараа 500,000 төгрөгөөр тус бүр 2 удаа шилжүүлж нийт 13,000,000 төгрөг төлсөн дээр талууд маргаагүй болно. Харин нэхэмжлэгч нь 2019 оны 12 сарын 04-нд нэхэмжлэгчийн бэр Б.А-д шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг 2023 оны 06 сарын 12-нд хийсэн тооцоо нийлэх гэрээний дүн дээр хасаж тооцсон гэх тайлбар нь нотлох баримтын хүрээнд нотлогдож чадахгүй байна.

Нэхэмжлэгч П.Ө нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага 95,000,000 төгрөгөөс хариуцагч С.Б-ын шүүх хуралдаанд гаргасан Н-д шилжүүлсэн гэх 2,000,000 төгрөгийг, 2023 оны 06 сарын тооцоо нийлсэн гэрээний дараа шилжүүлсэн гэх 1,000,000 төгрөг, мөн хугацааг нь санахгүй байна гэх шилжүүлсэн 2,000,000 төгрөг буюу нийт төлөгдсөн гэх 5,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцон 90,000,000 төгрөгөөр шаардлагаа тодорхойлсон.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2023 оны 06 сарын 12-ны өдрийн тооцоо нийлэх гэрээнд зээлийн хүүг 46,000,000 төгрөгөөр тооцсон. Уг зээлийн хүүг хэдэн хувиар яаж тооцоолсон талаар нэхэмжлэгч тайлбарлаж чадаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийхээр хуульчилсан. Хэдийгээр гэрээг бичгээр хийсэн боловч хэдэн хувийн хүүг, ямар хугацаагаар тооцоод 50,000,000 төгрөгийн хүү нь 46,000,000 төгрөг болж байгаа нь ойлгомжгүй байна.

Харин 2014 оны 08 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ хариуцагч С.Б биелүүлээгүй. Түүнчлэн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр алданги төлөх үүргийг гэрээний 3 дахь хэсэгт зааснаар хариуцагч хүлээсэн байна. Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй болох нь зохигчдийн тайлбараар тогтоогдсон.

Зээлийн гэрээний дагуу хариуцагч С.Б нь үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүүнд /50,000,000 х 4% х 12 сар/ 24,000,000 төгрөг, алданги /50,000,000+24,000,000 :50%/ 37,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч П.Ө нь хариуцагчийн 2019 оны 12 сарын 04-ний өдөр Б.А-д шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг зээлийн хүүгээс хасаж тооцсон гэж тайлбарлаж байгаагаа нотлож чадаагүй тул түүний нэхэмжлэлийн шаардлага 90,000,000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-аас 80,000,000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дуугаар заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б-с 80,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Б-с 557,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ө-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Э.Б