| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2022/00318/И |
| Дугаар | 143/ШШ2023/00364 |
| Огноо | 2023-08-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 143/ШШ2023/00364
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* /цахимаар/, хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д. /цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Бямбажав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.******* нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А/16 дугаартай тушаалаар ХХК-д агуулахын менежер албан тушаалд томилогдон ажилласан. Г.******* нь ажиллах хугацаандаа Улаанбаатар хотод гэр, оронгүй түрээсийн байраар амьдарч байна, ар гэр хэцүү байна та надад 30 000 000 төгрөг 3 жилийн хугацаатай хувиасаа түр зээлээч гэж удаа дараа гуйсны дагуу Д.******* миний бие Г.*******д 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Голомт банкны дугаарын данснаас Г.*******ийн Хаан банкны дугаарын дансанд ******* ******* зээл, ******* Хаан төв банк гэсэн гүйлгээний утгатай 30 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай амаар тохиролцож зээлж шилжүүлсэн болно.
Д.******* миний бие 2019, 2020, 2021 онд тус тус зээлдүүлсэн 30 000 000 төгрөгийг буцааж төлөх талаар Г.*******өөс шаардаж байсан ба Г.******* нь одоогоор боломжгүй байна гэдэг байсан. Гэтэл Г.******* нь манай ХХК-ийн агуулахын менежерээр ажиллаж байх хугацаандаа миний итгэлийг алдаж байнга архи, дарс ууж, ажил тасалж, хариуцсан агуулахаас их хэмжээний эд хөрөнгийн дутагдал гаргаж 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба дээрх асуудал нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4, 17.1 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болно.
Иймд миний бие 2018 онд Г.*******д 3 жилийн хугацаатай зээлдүүлсэн 30 000 00 төгрөгийг Г.*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******эс 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр олгосон 1197 дугаартай итгэмжлэлийн дагуу зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.*******өөс 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Г.******* нь ажил төрөлгүй байхдаа Д.******* дээр анх ирж уулзсан байдаг. Ингэж уулзахдаа ажлаасаа гарсан, ажил төрөлгүй байх хэцүү байна, цалин мөнгө хэрэгтэй байна. Та намайг ажилд авч аваач гэх хүсэлтийг анх Д.*******д тавьсан. Ингээд Г.*******тэй ярилцсаны үндсэн дээр ХХК-д ажилд авахаар болж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А16 дугаартай тушаалаар тус компанид агуулахын менежерийн ажилд томилж 1 000 000 төгрөгөөр цалинжуулахаар шийдвэрлэж ажилтай болгосон. Ингээд Г.******* хотод гэр оронгүй түрээсийн байраар амьдрахад хэцүү байна, цалин хүрэлцэхгүй ар гэрийн нөхцөл байдал зэргээс болоод байрны урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гээд 30 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай Д.******* хувиасаа Г.*******д зээлдүүлсэн. Ингэж зээлдүүлэхдээ 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Голомт банкны дугаартай данснаас Г.*******ийн Хаан банкны дугаартай дансанд ******* *******, зээл гэсэн гүйлгээний утгатайгаар 30 000 000 төгрөгийг зээлж шилжүүлсэн. Энэ нь Голомт банкны шилжүүлгийн дэлгэрэнгүй лавлагаа баримтуудаар давхар харагдана. Д. зүгээс тухайн үед Г.*******ийн нөхцөл боломжоос нь хамаараад 2020, 2021 онуудад мөнгө төгрөгөө өгөх боломж бололцоо байгаа юу гэдэг байдлаар хандаж байсан. Өр зээлтэй, боломжтой болохоороо төлж барагдуулна гэдэг байсан. Өнөөдрийг хүртэл Д.******* хүлээцтэй хандсаар ирсэн. Гэвч ХХК-д агуулахын менежерээр ажиллаж байх хугацаандаа Д. итгэлийг алдаж архи дарс уух, хариуцсан ажлаасаа их хэмжээний эд хөрөнгийн дутагдал гаргасан. Ингээд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Дээрх асуудал Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгах ажиллагаа явагдаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс гол нэхэмжилж байгаа зүйл бол 2018 онд Г.*******д зээлдүүлсэн 30 000 000 төгрөгөө л гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Анх зээлэхдээ энэ 30 000 000 төгрөгийг амаар харилцан тохиролцоод гүйлгээний утга дээр зээл гэж тодорхой бичээд зээлдүүлсэн байдаг. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Харилцан ярилцаад тухайн үед нь байр авахад нь зориулаад 30 000 000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр зээлдүүлсэн. Энэ мөнгөө л нэхэмжилж байгаа юм. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.******* миний бие иргэн Д. нэхэмжилж байгаа 30 000 000 /гучин сая/ төгрөгийг зээлж аваагүй болно. Учир нь анх надад 2017 оны 6-р сард ХХК-ийн захирал Д.******* Манай компани ХХК-д сэлбэг, бараа материал нийлүүлэх тендер авч, гэрээ хийсэн боловч туршлагатай ажиллах боловсон хүчин манайд алгаа. Тиймээс чи манай компанид нэг сарын 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн цалинтай, агуулахын менежерээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хотод ирж ажиллаач, ах нь чамд орон байрны асуудалд тусалж байрны урьдчилгаа өгнө гэсэн санал тавьсан билээ. Иймд энэ саналыг хүлээн аваад би 2017 оны 7 сарын 1-ээс ХХК-д агуулах менежерээр ажилд орсон.
Ийнхүү 2018 оны 5 сард миний охин Э. /Г.******* миний бие хамтран зээлдэгч нь болно/ Улаанбаатар хотод ипотекийн зээлээр орон сууцны байр авсан бөгөөд тэр үед Д.******* захирал амласан ёсоороо байрны урьдчилгаа 30 000 000 /гучин сая/ төгрөгийг буцалтгүй тусламж болгон өгсөн. Тусламжийн мөнгөө миний Хаан банкны тоот дансанд шилжүүлэхдээ гүйлгээний утгыг зээл гэж шилжүүлсэнг лавлаж асуухад эгч чинь /эхнэр нь/ мэдвэл хэцүү шүү дээ. Чи ойлгоорой гэж хэлсэн. Мөн Голомт банкинд Тус компанид агуулахын менежерээр ажилладаг Г.*******д Буцалтгүй тусламж болгон олгосон 30 000 000 /гучин сая/ төгрөгийн гүйлгээний утгыг Зээл гэж бичсэн болно гэсэн тайлбар хүргүүлсэн байдаг. /Хавсралт материал №1 " ХХК-н захирлын 2018 оны 05 дугаар 28-ны өдрийн 1/62 тоот/
Би тухайн үед нь Д.******* захиралд Энэ их мөнгийг хүнээс зүгээр авах хэцүү байна. Анх тохиролцсон ёсоор миний 2 500 000 төгрөгийн цалингаас суутгаж 1 000 000 төгрөгөөр тайлагнаж байгаа, цаашид ч хэвээрээ цалингаас суутган авахыг хүсэж байна гэсэн. Тэрээр энэ саналыг минь зөвшөөрсөн бөгөөд цаашид гарт авах цалинг чинь шатлалтайгаар өсгөнөө гэсэн. Ингээд 2017 оны 7 сараас 2020 оны 9 cap хүртэл 38 cap ажилласны дараа Д.******* захирал надад хэлэхдээ 30 000 000 төгрөгийг төлж дууссан гэж үзье, чиний цалинг анх тохирсон ёсоороо 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг болгоё гэсэн. /Хавсралт материал №2 Төрийн мэдээллийн сангийн лавлагаа/
Харин миний хувийн тооцооллоор бол би энэ мөнгийг давуулан төлсөн байгаа юмаа. /Хавсралт материал №3 "Аман тохиролцоот цалин"-гийн суутгалын тооцоолол /Дээрх тайлбар нотолгоондоо үндэслэн Д. нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. Д.******* захирал энэ 30 000 000 төгрөгийг урьд өмнө удаа дараа төлөхийг шаардаж байсан хэмээн нэхэмжлэл дээрээ худал ташаа бичсэн нь утга учиргүй зүйл юмаа. Яагаад гэвэл миний гарт олгох цалингаас суутгаж авах бүрэн эрх нь байсан шүү дээ. Мөн намайг ХХК-д их хэмжээний эд хөрөнгийн дутагдал гаргасан, байнга архи дарс уудаг хэмээн илтээр гүтгэн, дайрч доромжлон, хүний нэр төрд халдсан шинжтэй зүйлсийг дурдсан нь миний санаанд нийцэхгүй байна. Яагаад гэвэл намайг анх ажилд ороход ХХК-аас надад хүлээлгэн өгсөн бараа материал, болон бүртгэл жагсаалт байхгүй учир надад дутаасан болон хохироосон эд хөрөнгө байхгүй. ...Иймд Д. нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* захирал надад 30 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж хилсээр гүтгэж байгаа. Үүнтэй холбогдуулж хэлэхэд Ц.******* төлөөлөгч нөхцөл байдлыг сайн мэддэггүй юм шиг байна. Нөгөө талаас Д.******* захирал энэ хүнд худлаа мэдээлэл өгсөн гэдгийг би батлан хэлнэ. Гэрчийн мэдүүлгүүд үүнийг батална. Өөрөөр хэлбэл, би Д.******* захирал дээр ажил горилж очоогүй. Өмнөговь аймагт намайг байж байхад би хувийн малтай мал дээрээ байсан. Малаа маллаад байж байхад Оюу толгойн тендер авсан. Манайд юмаа мэдэх хүн алга. Манайд 2 хүүхдээс өөр хүн алга. Тийм болохоор чи ирж туслаач, ах нь чамд байрны урьдчилгаа өгье. Ах нь чамайг 2 500 000 төгрөгөөр цалинжуулна гэж хэлсний үндсэн дээр би Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод очиж ХК-д ажилд орсон байгаа. Яагаад гэвэл, тухайн үед Д.******* захирал надад боломжийн санал тавьсан гэж би бодсон. Намайг орон байр авахад дэмжинэ, ах нь байрны урьдчилгааг өгнө, ахдаа 3 жил ажиллаад өгөөч, гэрээ 3 жилийн хугацаатай байгаа юм гэсэн. Тэгээд би ХК-д 3 жил 10 сар ажилласан байдаг. 3 жил болоод би гарах хүсэлтээ өгөхөд чамайг явчихвал хамаг ажил зогсоно, чи байж гэж байсан. Миний ажлаас гарсан шалтгаан нь ямар ч үндэслэлгүйгээр хэдэн төгрөг дутаасан гэж яриад байгаа юм. Тийм зүйл байхгүй. Би Хан-Уул дүүргийн шүүх дээр байцаагчтай нь өөрөө очиж уулзаж танилцсан. ХК-н гаргасан гомдолтой танилцсан. 2 удаа өгсөн байдаг юм байна лээ. Энэ нь миний эрх зүйн байдлыг дордуулах гэж зориуд гүтгэлгийн чанартай хийсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаах, хэрэг шийдэх нь бүтэн жил болж байхад намайг нэг ч удаа гэрчээр дуудаж байцаасан, сэжигтнээр татсан зүйл байхгүй. Бусад манай ажилчид үүнийг батлан хэлнэ. Бид нар 13, 14-үүлээ зэрэг ажлаасаа халагдсан. Бүгдээрээ ямар ч шалтгаангүйгээр халагдсан. Энэ нь Д.******* захирлын хувийн зан араншинтай холбоотой. Өөрөөр хэлбэл, нягтлан Оюунчимэг гэдэг хүн орж ирээд манай захиралтай нэг оронд орсноор асуудал бий болсон юм. Нөхцөл байдал ийм байгаа шүү Ц.******* төлөөлөгчөө. Та ташаа мэдээлэлтэй байгаа юм байна. Тэгээд би үүнийг зээлж аваагүй. Хэрэв зээлсэн бол заавал гэрээ хийх байсан. 30 000 000 төгрөгийг хүнээс зээлж авчхаад гэрээ хийхгүй байна гэж хэзээ ч байхгүй. Энэ бол нэгдүгээр нотолгоо. Хоёрдугаарт, Д.******* захирлын гаргасан нэхэмжлэл байгаа юм. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлсэн гэсэн хэр нь 2019, 2020, 2021 онуудад нэхэж байсан гэж байгаа юм. Тэгвэл яагаад 3 жилийн хугацаатай зээлсэн гээд байгаа юм. Тэгээд 2018 онд 3 жилийн хугацаатай зээлсэн юм бол 2019, 2020, 2021 онуудад буюу 3 жил дотроо нэхээд байгаа юм. Энэ нь худлаа ярьж байгаа гэдгээ нэхэмжлэл дээрээ баталсан ийм асуудал байгаа. Түүнээс гадна би нэмэлт материал өглөө. Банкнаас авсан хуулга дээр тодорхой компанийн зүгээс гэсэн байгаа. Өөрөө болохоор хувийн зүгээс гэж яриад байгаа боловч би ХК-тай аман хөдөлмөрийн гэрээ хийсэн гэж ойлгож болно. Тэгээд би 3 жил ажилласан. 3 жил 10 сар ажилласан. Ажлаа сайн хийсэн. ХК дээшилсэн, дэвжсэн, хөгжсөн. Би өөрийнхөө чаддагаар агуулахтай болгосон, систем программтай болгосон. Ажилчдаа сайн сургаж өгсөн. Миний хамт ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ намайг мэднэ. Шаардлагатай бол би нэмж гэрч асуулгана. Одоогоор энэ хэрэгтэй холбоотойгоор 2 гэрч асуулгасан байгаа. Гэрчийг Улаанбаатар хотоос авчруулаад шүүгчийн туслах Г.Бямбажав өөрөө шүүгчийнхээ зөвшөөрөлтэйгөөр гэрчийн мэдүүлгийг авсан байгаа. Дахин давтаж хэлэхэд би энэ мөнгийг зээлж аваагүй. Тэр тусмаа иргэн Д.******* биш ХК-тай хөдөлмөрөөрөө солилцож авсан утгатай зүйл болно. Би бол ажилласан. Д.******* захирал амласан ёсоороо надад өгсөн. Би авсан нь үнэн. Тэгээд одоо банкны гүйлгээ хийснээрээ зээл гээд байгаа юм. Тэр бол гэр бүлийн шалтгаанаар л тэгсэн байгаа. Би тайлбартаа хэлсэн байгаа. Эрдэнэбилэг эгч нь мэдчихвэл хэцүү шүү дээ гэсэн тайлбар надад хэлсэн. Би шүүхэд гаргасан анхны тайлбартаа үүнийг тодорхой бичсэн байгаа. Нотлох баримтуудыг шүүхэд хангалттай өгсөн гэж бодож байна. Өөр зүйлгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэл зоригийн илэрхийллээ нөгөө талд нь түүнийг хүлээж авсан зээл гэж үзнэ гээд анхан шатын шүүх дээр урьд нь үзээд явчихсан байдаг юм. Үнэн хэрэг дээр баримт нь 2 төрлийн баримт байгаа. Нэг нь буцалтгүй тусламж гээд нөгөөдхийгөө засангуутаа зээл болгож хувиргаад янз янзаар бичээд явчихсан байдаг. Хүсэл зоригийн илэрхийлэл нь буцалтгүй тусламж байгаа юм бол тэрийг зээл гэж үзэхгүй шүү дээ. Тэгэхээр бас яах вэ. Хуульд заасан шаардлагыг анхан шатны шүүх тэр дээр жоохон эргэлзээтэй хийгээд явчихсан байдаг. Хоёрдугаарт, 3 жилээр зээлдүүлсэн гэж байгаа юм бол зээлийн гэрээ хийгээд тодорхой хэмжээгээр хүү, алданги тооцсон байх ёстой. Үүнийгээ тооцож шүүхэд ирүүлдэггүй юм. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн хүү байдаг юм уу, үгүй юм уу, иргэд хоорондын зээл дээр ингэж үзэх юм уу, үгүй юм уу гээд. 2019-2021 онуудад буцаан шаардсан гэдэг үг ярьж байгаа боловч буцаан шаардсан мөртөө цалинг нь байнга шатлалаар нэмээд яваад байдаг. Тэгээд үүнийгээ юу гэж тайлбарладгийг нь тодорхой ойлгохгүй байна. Үүнийг мэдээж төлөөлөгч нь хэлэх юм байгаа биз. Гуравдугаарт, орон сууц өгч ажилчдаа зохицуулж цаашдаа үйл ажиллагаагаа явуулна гээд хэлж байсныг нь илэрхийлсэн 2 гэрчийн мэдүүлгийг бид нар шүүхэд гаргаж өгсөн байгаа. Гэрчүүд ч гэсэн мэдүүлдэг. Байнга бид нарт орон сууц өгнө, байр өгнө, зээл өгнө гэж өөрөө илэрхийлчихсэн байдаг юм. Тийм учраас зээлтэй холбоотой асуудал гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас миний үйлчлүүлэгч энэ асуудал дээр давуу эрхтэй. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдал дордохгүй байх боломжтой гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч 30 000 000 төгрөгийг зээлж аваагүй тусламж хэлбэрээр авсан гэж талууд уг төлбөрийн хариу төлбөр дээр маргаж байна.
Д.******* нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 30 000 000 төгрөгийг Голомт банкны дугаарын данснаас Г.*******ийн Хаан банкны дугаарын дансанд шилжүүлж, гүйлгээний утга ******* *******д зээл гэж бичин шилжүүлэг хийсэн болох нь Голомт банк-ны мемориалын баримтаар тогтоогдож байна.
ХХК нь 30 000 000 төгрөгийг Г.*******д буцалтгүй тусламж гэж олгож гүйлгээний утга дээр зээл гэж бичсэн болох нь түүний Голомт банканд гаргаж өгсөн Тайлбар хүргүүлэх тухай гэсэн албан бичгээр тогтоогдож байна.
Ийнхүү хариуцагч Г.******* нь Д.*******эс 30 000 000 төгрөг авсан, Д.******* энэ мөнгийг өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн зээлийн гэрээ амаар байгуулагдсан тул 30 000 000 төгрөгөө буцаан гаргуулна гэж тодорхойлдог.
Аливаа гэрээ, хэлцэл талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдах ба иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан мемориалын баримт, хуулийн этгээдийн албан бичиг зэргээр талуудын хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдээгүй байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар амаар хийх хэлцэлд тавигдах гол шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд тохиролцоогүй байх тул хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэл талуудын хооронд гэрээний дагуу үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн дээр шаардах эрхгүй.
Хариуцагч Г.******* нь маргааны зүйл болсон 30 000 000 төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр өгсөн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.
Хавтаст хэрэгт авагдсан: ХХК-ийн захирал Д. Тус компанийн агуулахын менежер Г.*******д орон сууц худалдан авахад нь зориулж 30 000 000 төгрөгийг буцалтгүй тусламж болгон олгосон болно гэсэн албан бичиг, гэрч С.Дарханбаатарын Бид нарыг бөөндөө байхад захирал ******* эхний ээлжид *******ийн ар гэрийн амьдралыг дээшлүүлэх зорилгоор байрны урьдчилгаа болгож 30 000 000 төгрөгийн буцалтгүй тусламж өгсөн. Одоо дараагийн ээлжид Болдоогийн байрны асуудлыг шийдэж урьдчилгаа мөнгийг нь өгнө гэж ярьж байсан. Энэ талаар бол манай компанийнхан бүгд мэднэ дээ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Болдоогийн Д.******* ярихдаа эхний ээлжид *******д тусламж болгоод байрны урьдчилгаа 30 сая төгрөг өгч байгаа. Дараагийн ээлжид Болдоо миний дүү шүү бид нар хөгжиж сайхан ажиллаж байна. Ажилчдаа дараа дараачдаа дэмжээд явна гэж ярьдаг байсан... гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар 30 000 000 төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон нь нотлогддог.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Д.******* буцалтгүй тусламж болгон өгсөн 30 000 000 төгрөгөө буцаан шаардаж байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт: Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Г.*******д 30 000 000 төгрөгийг өгсөн, Г.******* уг мөнгийг авснаар Г.******* нь 30 000 000 төгрөгөөр илүү хөрөнгөтэй болжээ.
Иймд Д.Бат-эрдэнэ нь 30 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч Г.******* нь анх тохиролцсон ёсоор миний 2 500 000 төгрөгийн цалингаас суутгаж 1 000 000 төгрөгөөр тайлагнаж байгаа, 2017 оны 7 сараас 2020 оны 9 cap хүртэл 38 cap ажилласны дараа Д.******* захирал надад хэлэхдээ 30 000 000 төгрөгийг төлж дууссан гэж үзье, чиний цалинг анх тохирсон ёсоороо 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг болгоё гэсэн тайлбарыг гаргаж уг мөнгийг цалингийн орлогоос төлж барагдуулсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтод Г.******* нь 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл 1 000 000 төгрөгийн цалин авч байсан болох нь ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн а/16 дугаартай агуулахын менежер ******* овогтой *******ийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 1 000 000 төгрөгийн цалинтай томилсугай гэсэн тушаалаар нотлогдож байна.
Улмаар 1 500 000-2 500 000 төгрөгийн цалин авч байсан болох нь нийгмийн даатгалын тодорхойлолтоор нотлогдож байх боловч 30 000 000 төгрөгийн төлбөрийг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэв.
Дээрхи дүгнэлтийг үндэслэн 30 000 000 төгрөгийг Г.*******өөс гаргуулан Д.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасны удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******өөс 30 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ