Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/860

 

      2021           9             23                                         2021/ДШМ/860                                

 

 

     Ц.Пт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/415 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.Пт холбогдох эрүүгийн 2102000960077 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

             Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2198 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

           Шүүгдэгч Ц.П нь 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Б.Гын эзэмшлийн дансанд 100,000 төгрөг шилжүүлэн түүнээр дамжуулан Д.Төөс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “1-1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 26,6 гр /цэвэр жин 24,7 гр/ жинтэй бор ногоон өнгийн ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, “1-2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 26,6 гр /цэвэр жин 24,7 гр/ жинтэй бор ногоон өнгийн ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан,

          2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Д.Төөс олж авсан дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хорооллын 3 дугаар байрны 29 тоотод байхдаа өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

         

            Нийслэлийн прокурорын газраас: Ц.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пт “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 жилийн хугацаагаар хүлээлгэсэн” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж хуульчилсан байна. Шүүхийн шийтгэх тогтоолд хуулийн дээрх заалтад заасан зорчих чиглэлийг дурдаагүй нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Пт зорчих чиглэлийг тогтоож өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

             Нийслэлийн прокурорын газраас Ц.Пыг 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Б.Гын эзэмшлийн дансанд 100,000 төгрөг шилжүүлэн түүнээр дамжуулан Д.Төөс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй “1-1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 26,6 гр /цэвэр жин 24,7 гр/ жинтэй бор ногоон өнгийн ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, “1-2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 26,6 гр /цэвэр жин 24,7 гр/ жинтэй бор ногоон өнгийн ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, мөн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Д.Төөс олж авсан дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хорооллын 3 дугаар байрны 29 тоотод байхдаа өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Анхан шатны шүүх Ц.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 жилийн хугацаагаар хүлээлгэсэн” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, түүний хувийн байдалд тохироогүй байна гэж үзэв.

 

          Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсийг хэрэглээндээ татан оролцуулж, тухайн бодисыг хууль бусаар худалдаалж буй этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул ихтэй. 

 

          Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ч шүүх дээрх ялын төрлөөс хэрэглэхдээ, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэхийн сацуу, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

 

             Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, үр дагаврын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй зэргийг харгалзан “эрх бүхий албан байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 жилийн хугацаагаар хүлээлгэсэн” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

 

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зохицуулжээ.

 

Тухайлбал: шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ... няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасан хүрээнд дүгнэлт хийхээр заажээ.

 

Гэтэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/415 дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь ямар нотлох баримтуудаар тогтоогдсон талаар дүгнэлт огт хийгээгүй, шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн гэх боловч шүүгдэгчийн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдлууд дээрх шийдвэр гаргахад нөлөөлсөн хийгээд хохирол, хор уршгийн шинж чанарыг хэрхэн үнэлж, цэгнэсэн зэрэг нь тодорхой бус байна.

 

Иймд анхан шатны шүүх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.Пт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/415 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Пт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ц.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ