Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 654

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00222 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Зт холбогдох

 

2 980 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Заас газар худалдан авахаар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1 500 000 төгрөг, мөн уг газар дээр төмс тариулахаар 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 150 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 550 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 300 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн хэдий боловч одоог хүртэл газрыг шилжүүлж өгөөгүй, уг газар дээр төмс тарьж өгөөгүй. Ингээд Л.Заас газрыг шилжүүлж өгөх, төмс тарьж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй тул бид 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Иймд газар худалдан авахаар шилжүүлсэн 1 500 000 төгрөг, төмс тариулахаар өгсөн 1 000 000 төгрөг, зээлийн гэрээ байгуулсны дагуу алданги 480 000 төгрөг, нийт 2 980 000 төгрөгийг хариуцагч Л.Заас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Год газар худалдахаар тохиролцож, 1 500 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр авсан нь үнэн бөгөөд тохиролцсоны дагуу газрыг түүнд шилжүүлж чадаагүй тул уг төлбөрийг төлж хохиролгүй болгоход татгалзах зүйлгүй. Харин уг газарт нь төмс тарьж өгнө гэж 1 000 000 төгрөг авсан ба төмсийг тарихад уг мөнгө зарцуулагдсан тул буцааж өгөх боломжгүй, Б.Г нь уг төмсөө хурааж аваагүй. Мөн зээлийн гэрээний дагуу Б.Гоос 2 500 000 төгрөг аваагүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Заас 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 480 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 430 төгрөг, 8 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Заас улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.З давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Төмс тарих ажлыг 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийж дуусгасан. Төмс тариалсан ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 300 000 төгрөгийг авсан.  Энэ хооронд тайлбайгаа хүлээлгэж өгөхөөр олон удаа оролдож байсан. Трактор хөлслөж нэг бүтэн өдөр 2 хүнийг цалинжуулж ажиллуулсан бөгөөд жолооч нарыг шүүх хуралдаанд гэрчээр асуулгаж хэдэн төгрөгийн ажлын хөлс авсан талаар мэдүүлсэн. Төмс 90-100 хоногт боловсордог  тул 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш тариалах боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, талуудаас ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангасан байх тул маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Л.З холбогдуулан 2 980 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 1 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

           

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч нь газар худалдан авахаар шилжүүлсэн 1 500 000 төгрөг болон уг газар дээр төмс тариулахаар шилжүүлсэн 1 000 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөгийг төлсөн, хариуцагч нь мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, газар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй үйл баримтын талаар маргаангүй байна.

 

            Зохигчид дээрх мөнгөн хөрөнгийг буцаан шаардах үүргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож зээлийн гэрээг үйлдсэн бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2 500 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлгүүд болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 480 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. /хх 33-34, 39/

 

            Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус зааснаар худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт хийсэн үндэслэлтэй болжээ.

 

            Хариуцагч Л.З нь газрын төлбөрт төлсөн 1 500 000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн тул анхан шатны шүүх хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “...худалдан борлуулахаар тохиролцсон газар дээр төмс тариулахаар Б.Гоос авсан 1 000 000 төгрөгийг уг газарт төмс тарихад зарцуулсан” гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

        Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Заас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН