Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар   109/ШШ2023/0010

 

 

 

                                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч:  “Н*********” ХХК,

Хариуцагч: Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 06 тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 07 дугаартай тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч, хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.А, хариуцагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н*********” ХХК-аас Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 06, 07 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоох”-оор маргаж байна.

 

2. Нэхэмжлэгч “Н*********” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953, Т, Х сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших ХV-009698 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг. Энэхүү тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тус тус "Төлөвлөгөө хянуулах тухай' албан бичгийг байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний хамт Архангай аймгийн Т сумын Засаг даргад хүргүүлсэн боловч тус сумын Засаг даргаас төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн. Энэхүү татгалзсан хариуны гол үндэслэл нь тусгай зөвшөөрөл бүхий газар нь Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06, 07 дугаартай тогтоолын дагуу тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан тул төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн байдаг.

Гэтэл Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06, 07 дугаартай тогтоолууд нь илт хууль бус болох нь тодорхой байна. Тодруулбал дээрх тогтоол нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7. 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 16.1.1 дэх хэсэгт улсын тусгай хамгаалалттай газар, 16.1.6 дахь хэсэгт аймаг дундын отрын бэлчээр", 16.1.7 дахь хэсэгт улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь зөвхөн дээрх 3 үндэслэл бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болох эрхийг Газрын тухай хуулийн 16.2 дахь хэсэгт тодорхойлж өгсөн байна. Гэвч Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн тусгай зөвшөөрөл бүхий газрыг үндэслэлгүйгээр тусгай хэрэгцээнд авсан байна.

Тодруулбал хэзээ, хаана, хэн бичсэн нь тодорхойгүй хүсэлтийг үндэслэн тогтоол гаргасан гэж үзэхээр байна. Мөн газрын тухай хуулийн 20.2.5 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагаас олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгай хэрэгцээнд авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагатай ямар нэг байдлаар тохиролцоогүй байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцсоны үндсэн дээр тусгай хэрэгцээнд авах талаар шийдвэр гаргах үндэслэл бүрдэх юм. Гэтэл ямар нэгэн байдлаар тохиролцоогүй, түүнчлэн огт мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан нь илтэд хууль бус байна.

Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06, 07 дугаартай тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Энэхүү хууль бус захиргааны акт нь Н********* ХХК-ийн хуулиар олгогдсон эрх. ашиг сонирхлыг зөрчиж ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна.

Иймд Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06, 07 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Чнар нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулахдаа:  “2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 тогтоолын үндэслэх хэсэгт газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тогтоол гаргасан байна. Энэ нь хэт ерөнхий заалт гэж үзэхээр байна. Учир нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.6, 16.1.7 дахь хэсэгт зааснаас аль аль зүйл заалтыг үндэслэж байгаа талаар тодорхой нарийн заагаагүй байна. Ийнхүү тодорхой заагаагүй байгаа нь илтэд үндэслэлгүй гэж үзэх хангалттай үндэслэл болно. Тодруулбал Улсын дээд шүүхийн  2008 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан байдаг. Тогтоолын 6 дугаар зүйлд “Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан Захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно” гэж тогтоожээ. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамааруулж үзнэ гэж тогтоожээ. Мөн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан “…өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэдэгт /АМТХ-ийн 14 дүгээр зүйл/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.8 -д тодорхой зааснаас бусад хэлбэрээр хууль зөрчсөн байхыг ойлгоно гэж тайлбарлажээ. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.4 /газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах/, 14.1 /Эрх бүхий этгээд тусгай хэрэгцээнд авсан бол дараах мэдээллийг төрийн захиргааны байгууллага буюу ашигт малтмалын Кадастрын хэлтэс 10 хоногийн дотор хүргүүлэхээр заасан/-дэх хэсгийг тус тус үндэслэсэн байгаа нь хуучин хуулийн 9.1.7-д зааснаар Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзнэ.

2.Хариуцагч нь газрыг тусгай хэрэгцээнд авахдаа газрын тухай хуулийн 20.1.3 дахь хэсгийг үндэслэн тогтоол гаргасан. Газрын тухай хуулийн 20.1.3 дахь хэсэгт “Тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрын аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж заасан. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн яамнаас ирсэн лавлагаагаар газрын тухай хуулийн 20.1.3 дахь хэсэгт зааснаар ямар нэгэн журам тогтоогоогүй байна.

3. 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр XV-008953, XV-009698 дугаартай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, болон Давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр нотлогдож байна. /Хэргийн 38 дахь талд авагдсан шүүхийн шийдвэрт тодорхой заасан/. Газрын тухайн хуулийн 20.1.4 дэх хэсэгт бусдын эзэмшил газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргахаар заасан. Мөн хуулийн 20.2.5 дахь хэсэгт “Газрыг тусгай хэрэгцээнд авах асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх гэж заасныг зөрчиж тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй ямар ч тохиролцоог хийгээгүй байна.

4.Нөгөө талаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт иргэд, аж ахуйн нэгж нь газар эзэмшиж байсан бөгөөд тусгай хэрэгцээнд авсан газарт одоог хүртэл иргэд аж ахуйн нэгжүүд газар ашиглаж, эзэмшиж байна. Түүнчлэн тусгай хэрэгцээнд авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд газар олголтыг хэвийн хийж байгаа талаарх нотлох баримтыг Засаг даргын Тамгын газар дээр үзлэг хийх замаар олж авсан байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 21.4.3 дахь хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаас бусад газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар шийдвэр гаргана гэсэн заалтыг илтэд зөрчсөн гэж үзэхээр байна. Зүй нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаас бусад газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийлүүлэн шийдвэрлэх ёстой. Гэвч орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх энэ шийдвэрийг зөвхөн ашигт малтмал эрэх, хайх, ашиглуулахгүй байх зорилготой байгааг давхар харуулж байна. Мөн Засаг даргын өргөн мэдүүлсэн гэх баримтаас үзвэл тухайн шийдвэр гаргах үед хуралд оролцогчид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байгаа гэдгийг мэдэж байсан, гагцхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагааг явуулахгүй байх, орон нутгийн эрх мэдлийг өндөрт өргөж харуулахыг зорьж зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид чиглэсэн шийдвэрийг гаргасан байгаа нь илэрхий байна.

5. Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20.2.5-д зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авахдаа Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар нөхөн олговрыг олгох талаарх заалтыг баримтлаагүй байгаа нь ИТХ-аас аливаа шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл бүрдээгүй, байгаагүй гэж үзнэ.

6. Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06, 07 дугаартай тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар огт мэдэгдээгүй буюу нийтлээгүй байна. Энэ акт нь хэнд чиглэсэн буюу хаяглагдсан нь тодорхой биш байна. Гэсэн атлаа зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид чиглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн хариу тайлбаруудаас тодорхой харагдаж байна. Шинэ хуучин хуулийн хэрэглээ гарч байна. Хуучин хуулийн хүрээнд бидэнд чиглэсэн атлаа бидэнд огт мэдэгдээгүй. Гэвч шинэ хууль хэрэгжиж байх хугацаанд бид энэхүү актыг мэдсэн учраас гомдол нэхэмжлэлийг шинэ хуулийн хүрээнд гаргасан болно.

7. Монгол улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг баталжээ. Энэ журмын 1.7-д Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр нь дараах шаардлагыг хангасан байна. 1.7.2 Тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заавал дурдсан байх, 1.7.5 Шийдвэрийн заалт нь хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөөгүй байх, 1.7.6 хуульд заагаагүй үүргийг шинээр бий болгоогүй байх, 1.7.7 хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх, 1.7.11 тухайн шийдвэрээр урьд гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг заавал тусгасан байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

8. Мөн журмын 2.2.3 нийтэд мэдээлэх, хүчин төгөлдөр болох, 2.3.3- Шийдвэрийн төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийж, түүнд а/шийдвэр гаргах үндэслэл, шаардлага, б/шийдвэрийн ерөнхий бүтэц, зохицуулах харилаа, хамрах хүрээг тусгасан байх, в/ шийдвэр гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөж болохуйц бүлгийг тодорхойлох шаардлагыг хангаагүй байна.

9. Журмын 2.3.9-д Эрх бүхий этгээд шийдвэрийг баталснаас хойш ажлын 10 хоногийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Ингэснээр уг журмын 2.5 дугаар зүйлийн 2.5.1, 2.5.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Хууль зүйн мэдээлэл сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж тухайн шийдвэрийг биелүүлээгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. 2008 оны тогтоолын үргэлжлэл гэж үзэж байгаа тохиолдолд 2008 оны тогтоол нь бүртгэгдэх ёстой, түүнчлэн түүнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд мөн адил хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, бүртгүүлэх үүрэгтэй байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Архангай аймгийн Т сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06, 07 тоот тогтоолыг илт хууль болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н********* ХХК нь Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05-р сарын 13-ны өдрийн 06 тогтоолуудыг 2014 онд хүлээж аваагүй, мэдээгүй, мэдэх боломж ч байгаагүй. Энэ тогтоолыг яаж мэдсэн гэхээрА ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан. Шилжүүлж авсны дараагаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах гээд Т сумын Засаг даргад Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар хүргүүлсэн. Тэгэхэд ийм тогтоол байсан танай төлөвлөгөөг батлахгүй гэсэн татгалзсан хариу авсан. Үүнтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан. 2020 онд 8953, 9698 дугаартай тусгай зөвшөөрлийн компанид шүүхийн маргаан үүсгэж шийдвэрлүүлсэн. Энэ маргааныг дууссаны дараагаар 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн маргаан бүхий 06, 07 дугаартай тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Яагаад илт хууль бус захиргааны акт гэж үзсэн гэхээр өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Анх нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн хуулийн этгээдийн гаргасан үндэслэл байгаагүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Тиймээс 47 дугаар зүйлийн 47.4, 93 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү. Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас энэ актын дагуу хариу өгсөн. Бид энэ актыг хүчингүй болгохгүй, хууль ёсны акт гэж үзэж 8 дугаар сарын 30-ны өдрийн 26 тоот албан бичгээр хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байгаагаа хариугаар ирүүлсэн. Ингээд бид аргагүй эрхэнд шүүхэд хандсан. Шүүхэд хандах хугацаанд хэрэгт хамааралтай болон хамааралгүй маш олон баримтуудыг цуглуулж байгаа. Энэ талаар тухай бүрд нь хүсэлтээ гаргаж байсан. Захиргааны хэрэг үүсэхээс өмнө мөн адил цуглуулж хэрэгт авагдсан байдаг. Хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтууд болон хэрэгт маш олон бий. Дээрээс нь хэрэгт ач холбогдолгүй нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтуудыг шүүхээс цуглуулж авсан байгаа. Бидний хувьд маргаан бүхий актыг илт үндэслэлгүй гэдгийг тогтоож байгаа. 2014 онд Захиргааны ерөнхий хууль гэж байгаагүй, мөн одоогийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж байгаагүй, хуучин хуулиар байсан. Тогтоолын үндэслэх хэсгийг харсан. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тогтоол гаргасан байна. Энэ нь хэт ерөнхий заалт гэж үзэхээр байна. Учир нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.6, 16.1.7 дахь хэсэгт зааснаас аль аль зүйл заалтыг үндэслэж байгаа талаар тодорхой нарийн заагаагүй байна. Ийнхүү тодорхой заагаагүй байгаа нь илтэд үндэслэлгүй гэж үзэх хангалттай үндэслэл болно. Тодруулбал Улсын дээд шүүхийн  2008 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан байдаг. Тогтоолын 6 дугаар зүйлд “Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан Захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно” гэж тогтоожээ. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамааруулж үзнэ гэж тогтоожээ. Газрын тухайн хуулийн 20.1.4 дэх хэсэгт бусдын эзэмшил газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргахаар заасан. Мөн хуулийн 20.2.5 дахь хэсэгт “Газрыг тусгай хэрэгцээнд авах асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх гэж заасныг зөрчиж тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй ямар ч тохиролцоог хийгээгүй байна. Нөгөө талаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт иргэд, аж ахуйн нэгж нь газар эзэмшиж байсан бөгөөд тусгай хэрэгцээнд авсан газарт одоог хүртэл иргэд аж ахуйн нэгжүүд газар ашиглаж, эзэмшиж байна. Түүнчлэн тусгай хэрэгцээнд авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд газар олголтыг хэвийн хийж байгаа талаарх нотлох баримтыг Засаг даргын Тамгын газарт үзлэг хийх замаар олж авсан байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 21.4.3 дахь хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаас бусад газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар шийдвэр гаргана гэсэн заалтыг илтэд зөрчсөн гэж үзэхээр байна. Зүй нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаас бусад газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийлүүлэн шийдвэрлэх ёстой. Гэвч орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх энэ шийдвэрийг зөвхөн ашигт малтмал эрэх, хайх, ашиглуулахгүй байх зорилготой байгааг давхар харуулж байна. Мөн Засаг даргын өргөн мэдүүлсэн гэх баримтаас үзвэл тухайн шийдвэр гаргах үед хуралд оролцогчид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байгаа гэдгийг мэдэж байсан, гагцхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагааг явуулахгүй байх, орон нутгийн эрх мэдлийг өндөрт өргөж харуулахыг зорьж зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид чиглэсэн шийдвэрийг гаргасан байгаа нь илэрхий байна. Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20.2.5-д зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авахдаа Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар нөхөн олговрыг олгоогүй нь баримтлаагүй байгаа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аливаа шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл бүрдээгүй, байгаагүй гэж үзнэ. Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06, 07 дугаартай тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар огт мэдэгдээгүй буюу нийтлээгүй байна. Энэ акт нь хэнд чиглэсэн буюу хаяглагдсан нь тодорхой биш байна. Гэсэн атлаа зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид чиглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн хариу тайлбаруудаас тодорхой харагдаж байна. Шинэ хуучин хуулийн хэрэглээ гарч байна. Хуучин хуулийн хүрээнд бидэнд чиглэсэн атлаа бидэнд огт мэдэгдээгүй. Гэвч шинэ хууль хэрэгжиж байх хугацаанд бид энэхүү актыг мэдсэн учраас гомдол нэхэмжлэлийг шинэ хуулийн хүрээнд гаргасан болно. ... Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаа эсэх асуудлыг тавьсан. Бид 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн илт хууль бус захиргааны актыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдий ч хандаж болно гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгож нэхэмжлэлээ гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нотлох баримтыг шинжлэн судаллаа асуулт хариулт явлаа. Хууль бус захиргааны акт болох тал байна гэж харж байна. Яагаад хууль бус гэж үзэж байна вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6-т заасны дагуу нөхөн олговрыг олгоогүй байгаа тохиолдол үйл явцыг хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрч байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр энэ үндэслэлээр 07 дугаартай тогтоол манайд хамааралгүй байж болох юм. Бидний тусгай зөвшөөрөлтэй давхцаж байгаа талбай нь ямар ч эрх зүйн үйлчлэлгүй болж хувирч байна. Үр дагавар үүсгэхээргүй болж байгаа. Ийм нөхцөл байдал харагдаж байна. Энэ асуудлыг сая бодоод сууж байлаа. Захиргааны актыг хэсэгчлэн хүчингүй болгуулах нөхцөл байдал харагдаж байгаа юм. ... Тухайн үед 2006, 2007 оны тогтоолуудыг шүүхээр шийдсэн. 2008 оны тогтоолыг шүүхээр шийдсэн асуудал байхгүй. Бидний үзэж байгаагаар үргэлжилсэн асуудал байхгүй гэж харлаа. Газрын хэмжээ солбицол зөрүүтэй байгаа юм байна. 2008 онд гарсан гэх тогтоолууд Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан. Хэм хэмжээний акт бүртгэх журам гэж байдаг. Энэ нь 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүчингүй болж, дахиад шинээр 119 дугаартай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ 119 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр байх хугацаанд мөн дээр нь 2008 оны гэж яриад байгаа тогтоол нь 2003 оны 08 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байх хугацаанд тус тус гарчээ. Хариуцагч түрүүн хэм хэмжээний акт мөн байна гэж хэлсэн. Яагаад гэхээр ашиглах журам хэм хэмжээний акт тогтоосон. Хэрэв тийм бол яаж бүртгүүлэх вэ хэд хоногт ирэх вэ гэдэг асуудлыг энэ 2 журамд тодорхой заасан байна. Ерөнхий хуульд зааснаар биеллээ олж уг тогтоолууд хүчингүй болсон. Хууль хэрэглээний хувьд өмнөх хүчингүй болсон хуулийн хүрээнд хууль хэрэглээ орж байна. Мөн хэрэгт авагдсан материалуудаас судалж үзэхэд хариуцагч тал тодорхой зорилго байхгүй байна. Газрын тухай хуулийн тодорхой зорилгыг хэлж тодруулж чадахгүй байгаа юм байна. Ерөнхийдөө олон нийтийн эрх ашиг гэсэн агуулгыг тайлбарлаж байгаа юм байна. Хурлын тэмдэглэлд дурдснаар ашигт малтмалыг ашиглуулахгүй гэсэн зорилготой хурал хийж тэмдэглэлд үйлдсэн байна. Түүнээс бол ямар нэгэн судалгаа, хэмжээ зэрэг асуудлыг огт яриагүй байна. Хаанаас хэн энэ хэмжээг тогтоогоод байгаа юм, хаанаас ирүүлсэн судалгаа баримтыг үндэслээд байгаа юм. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар үйл ажиллагаагаа явуулъя гээд очихоор Засаг дарга төлөвлөгөө баталж өгдөггүй. Яагаад батлахгүй байгаа юм бэ гэхээр энэ тогтоолоо барьдаг. Хуралд болохоор тухайн үед хүрээд ирсэн бол өөрөөр хандах байсан байх гэж өмгөөлөгч ярьж байна. Энэ тогтоол бидэнд үнэхээр саад болж байна. Бидний эрх ашигт нөлөөлж байгаа 06 дугаартай тогтоолын 2 тусгай зөвшөөрөлтэй давхцалтай эсэхийг хүчин төгөлдөр бусад тооцуулахад өмгөөлөгчийн ярьсан дараагийн шатанд яригдах асуудал гарч ирж болно. Өнөөдрийн байдлаар энэ тусгай зөвшөөрлийн 06 тоот тогтоол байгаа учраас бүх зүйлд хаалт болж байгаа. Гэтэл энэ тогтоол асуудалтай, хуульд заасан журмыг баримтлаагүй гарсан учраас илт хууль бус гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2014 оны 06, 07 дугаар тогтоолууд нь Ашигт малтмалын газрын ирүүлсэн бичгээс үндэслэсэн гэдэг хариу тайлбар өгөөд байгаа.  Ирсэн бичгүүд нотлох баримтын хүрээнд авагдсан байгаа. Ашигт малтмал газрын тосны газрын 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6/2690 гэсэн “мэдэгдэл хүргүүлэх тухай” гэсэн энэ бичигт тодорхой сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тодорхой шаардлагууд бичээд нарийн заагаад өгсөн байдаг. Үүнд  газрын тосонд авсан  тогтоол нь хуульд заасан дараах шаардлагыг хангасан байхыг анхаарна уу гээд нэгдүгээрт тусгай хэрэгцээнд авсан газрын байршил, аймаг, сумын нэр, онцгой харилцаанд авсан газрын солилцлууд, газрын тусгай хэрэгцээнд авсан зорилго, тусгай газрын тос байлгах хугацаа, Газрын тухай хуулийн 16.2 дахь хэсгийг зааж өгсөн байгаа. Эцсийн зорилго юу вэ гэхээр тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс дээшгүй байх, мөн давхцалгүй байх зэргийг хангасан тогтоол гарга гэсэн чиглэл шаардлага бүхий мэдэгдэл явуулсан. Доор нь мөн дурдсан үүнд 06, 07 дугаартай тогтоолыг гаргахдаа  Ашигт малтмалын тухай хуулийг хараарай, мөрдөөрэй гэдэг үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, 14.5, 14.6 дах хэсэгт зааснаар шийдвэр гаргасан байгууллага нь нөхөх олговрыг төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эрхлэх, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж хуульчилсан тул хүчин төгөлдөр тусгай хэрэгцээний газрын хэрэгт давхцуулж авсан тул хэрэгт тусгай хэрэгцээний газрыг бүртгэх болсныг мэдэгдье гэсэн байна. Эд нар хэчнээн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, хайгуулын тусгай зөвшөөрөл Н********* ХХК-ийн  компанийн тусгай зөвшөөрөл байсаар байтал дээрээс нь давхцуулж тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох улмаар тухайн хүчин төгөлдөр байсан тусгай зөвшөөрлийг хууль бус шаардлага тавьж хугацааг нь дуусгавар болгоод  хууль бус аргуудыг хэрэглэж компанийг хохироогоод байна. Тэгээд энэ бичгийн хавсралтаар ирүүлсэн нотлох баримтаар 2008 оны Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэ толгой гэсэн байгалийн үзэсгэлэнт газрууд 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолд бүртгэлтэй байна. Үүнийгээ  тодорхой болгоод бусад давхцалуудаа арилгаад шинээр бүртгэлээ хийгээд тогтоолоо гаргаач гэсэн чиглэл бүхий мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Үүнийг маш ноцтой зөрчсөн учраас захиргааны акт гэж үзэж байгаа. Энэхүү захиргааны актыг Архангай аймгийн  Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 06, 07 дугаартай 2014 оны тогтоолуудыг хүчингүй болгож, хууль бус болгож өгнө үү. Хоёрдугаар хавтаст тухайн хэрэгт тусгай хэрэгцээнд авсан зорилго гэж байгаа. Үүнийг тухайн үед бүртгүүлэхдээ байгалийн үзэсгэлэнт газруудыг тусгай хэрэгцээнд авсан байж байгаа. Үүнд байгалийн хадлангийн зориулалтаар юм уу? бэлчээрийн зориулалтаар юм уу? гэдэг нь ерөөсөө дурдагдаагүй нарийн зорилго тусгагдаагүй байна гэж нотлох баримтуудаар харагдаж байгаа. Тэгэхээр 2014 оны тогтоолууд маань тусдаа акт болоод явж байна. Ашигт малтмалын Н********* ХХК-ийн 8953, 9698 дугаартай тусгай зөвшөөрлүүд нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр  хүртэл хүчин төгөлдөр байсан. Үүнийг нь өмнөхА компани эзэмшиж байх хугацаандаа шүүхийн үйл явцад бас л эрх нь зөрчигдөж  шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж эрх нь сэргэж хүчин төгөлдөр болгосон байдаг. 2008, 2007, 2006 онуудад гаргасан тогтоолууд нь нэг зорилготой байх ёстой гэж үзээд байгаа. Ийм болохоор Захиргааны ерөнхий хуулийн 20.1.3-т заасан мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасныг зөвхөн өөрсдөдөө ашигтай байдлаар тусгасан байгааг хууль бус гэж үзэж байна. Хэрвээ үнэхээр 2014 оны 06, 07 дугаартай тогтоол нь 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай тоот тогтоолын үргэлжлэл гэж үзэж байгаа юм бол нотлох баримтад заасан сумын тусгай хэрэгцээнд авах ашиглах журмын 4 дэх заалтыг мөрдөж ажиллахаар заасан. Газар ашиглах журмын 4-т эдгээр газруудад байгаль орчинд сөргөөр нөлөө үзүүлж болзошгүй, үйлдвэрлэлийн зориулалтай газар ухах, тэсэлгээ хийх ашигт малтмал хайх олборлохыг хориглоно гэж аж ахуйн нэгжид зорьсон чиглэсэн болох нь нотлох баримтаар харагдаж байна. Иймд Манай компанийн 8953 9698 хайгуултай давхцуулж гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 06,07 дугаартай тогтоолуудыг хууль бус гэж үзэж хүчингүй болгож өгнө үү.” гэв.

6. Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2014 онд Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын бүртгэлийг цэгцэлж шинэчлэн бүртгэх ажил явагдаж байгаа тул кадастр зураг зүйн бүртгэлд нийцүүлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулж кадастр зураг зүйн бүртгэлд шинэчлэн бүртгүүлэх тухай албан тоот ирүүлсэн байдаг.Энэхүү ажлын хүрээнд сумын Засаг дарга өргөн мэдүүлсний үндсэн дээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5-р сарын 13 -ны өдрийн 06,07 дугаартай тогтоолыг шинэчлэн баталсан. Энэхүү тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006, 2007, 2008 онд тусгай хэрэгцээнд авсан байсан газрын солбицол  координатыг баталгаажуулан тогтоолыг шинэчлэн хэвээр нь баталсан. Учир нь шинээр тусгай хэрэгцээнд газар аваагүй бөгөөд хуучин авсан газрыг баталгаажуулан кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн болно. Иймд илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 42 -р тогтоолоор 10 жил , 2007 оны 03-р тогтоолоор 10 жил , 2008 оны 07 -р тогтоолоор 10 жил, 2014 оны 06,07 дугаар тогтоолоор 30 жилийн хугацаатай шинэчлэн гаргасан шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хуулийн дагуу кадастр зураг зүйн бүртгэлд бүртгэлтэй байгаа болно.

Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 111 дүгээр тогтоолоор 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоол гаргасан нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасан заалтуудтай нийцжээ. Иймд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул сумын тусгай хэрэгцээнд авсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06, 07 дугаар тогтоол хуулийн дагуу хүчинтэй хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно.

Ашигт малтмалын газрын тосны газраас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  8\5819 тоот албан бичгээр сумын Засаг даргад Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших XV-008953, Т, Хотонт сумын хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон бүртгэлтэй байна гэсэн лавлагааг ирүүлсэн байна.

Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших XV-008953 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл , Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай болох лавлагаа, дүгнэлтийг гаргасан байхад “Н************” ХХК нь тодорхой болсон ... тул хэрэгсэхгүй болгох саналыг хүргүүлж байна.” гэжээ.

 

7. Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н*********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах саналыг хүргүүлж байна. Тус сумын Хөх сүм баг нь уул ус ус булаг шанд, ой мод, ургамал ногоо бүрдсэн байгалийн баялаг арвинтай онгон дагшин үзэсгэлэнт нутагт бөгөөд тус багт 204 өрх мал аж ахуй эрхлэн амьдарч 60 гаруй толгой  мал бэлчээрлэдэг болно. Бидний өвөг дээдсээс эхлэн үр хойч үе минь хүртэл хэдэн арван жил энэ сайхан нутагтаа жилийн 4 улирал ээлжлэн нутаглаж малаа маллан малынхаа ашиг шимээр амьдрал ахуйгаа залгуулж ирсэн билээ. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 42-р тогтоолоор 10 жил , 2007 оны 03-р тогтоолоор 10 жил , 2008 оны 07 -р тогтоолоор 10 жил, 2014 оны 06,07 дугаар тогтоолоор 30 жилийн хугацаатай шинэчлэн гаргасан шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хуулийн дагуу кадастр зураг зүйн бүртгэлд бүртгэлтэй байгаа болно. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22 -ний өдрийн 111-р тогтоолоор 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоол гаргасан нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 20 дугаар зүйлийн 20.1.3 , Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1 -д заасан заалтуудтай нийцжээ. Иймд “А” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул сумын тусгай хэрэгцээнд авсан ИТХ-ын 2014 оны 06, 07 дугаар тогтоол хуулийн дагуу хүчинтэй хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно. Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших XV -008953 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл , Хөх сүмийн ам нэртэй газарт орших XV-009698 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь гол , мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай болох лавлагаа, дүгнэлтийг гаргасан.” гэв.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөгчдийн хурал  хуулиар олгогдоогүй эрх хэмжээ хэрэгжүүлж тусгай зөвшөөрөл бүхий газрыг үндэслэлгүйгээр тусгай хэрэгцээнд авсан гэдгийг нэхэмжлэлдээ тайлбарласан. Хуулиар олгогдоогүй гэсэн асуудал ярьсан. Газрын тухай хуульд зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авсан газар Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд байхгүй байна гэсэн тайлбарыг хэлдэг.  Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал эрх хэмжээнийхээ хүрээнд тусгай шийдвэрийг гаргасан байдаг. Яагаад гэхээр 2014 оны 06, 07 дугаартай тогтоолын үндэслэлд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт заасныг баримталсан байдаг. Нэхэмжлэгчийн газрыг эзэмшиж ашиглаж байгаа этгээдийн хуулиар олгогдсон эрхийг хөндөх, зөрчих хуульд заасан үндэслэл шаардлага байгаагүй гэдэг асуудлыг тавьж байна. Хайгуулын 8953, 9698 дугаартай тусгай зөвшөөрөл байгаа. Энэ тусгай зөвшөөрлийгА ХХК-иас 2004 онд авсан. Энэ хугацаа нь 2019-2020 онд дуусгавар болсон байдаг. Энэ хугацаанд 2018 онд “А” ХХК нь одоогийн нэхэмжлэл гаргаж байгаа “Н*********” ХХК нь шилжүүлэн авсан байдаг. Үүнийг яагаад тодосгож ярьж байна вэ гэхээр 2006, 2007, 2008 онуудад Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоолуудаараа тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа газруудыг сумынхаа тусгай хэрэгцээнд авч байсан. 2006, 2007, 2008 онуудыг тус бүр 10 жилийн хугацаатайгаар тусгай хэрэгцээнд авсан нөхцөл байгаа. Гэтэл 2014 онд шинээр авсан гэж маргаж байгаа. Гэтэл 2006, 2008 онд авсан өмнөх шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Нэгэнт 2008 он хүртэл “А” ХХК нь шүүхэд хандаж 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар тусгай хэрэгцээнд авсан хугацааны талаар мэдэж байсан. 2014 онд тухайн захиргааны акт хүчин төгөлдөр бүхий үйлчлэлтэй байсан байна. Нэг зүйл тайлбарлахад нөхөн төлбөр олгоогүй учраас үргэлжлүүлж үйл ажиллагаа явуулах эрхтэй, нөхөн төлбөрийг урьдчилж шийдвэрлэх ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч тал маргаж байна. Нөхөн төлбөрийн асуудлыг “А” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй байх хугацаандаа нөхөн төлбөрийг авъя гэснийг хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй байх хугацаандаа энэ асуудлыг огт тавиагүй байдаг. Хэрвээ хоорондоо зөвшилцөж чадаагүй бол дүгнэлт гаргуулах, шүүхэд хандаж болох байсан. Хавтаст хэрэг авагдсан баримтын хүрээнд нөхөн төлбөртэй нэхэмжлэл гаргасантай холбоотой баримт хэрэгт байхгүй байна. 2014 оны тогтоолыг илт хууль бус шинээр үйлчлэлтэй байна гэж нэхэмжлэгч талаас маргаж байгаа. Хариуцагч талаас 2006, 2007, 2008 онд гарсан Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гарсан тогтоолуудын үргэлжлэл юм.  2014 оны тогтоол гарах болсон гол үндэслэл нь Ашигт малтмал газрын 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 06/2990 дугаартай албан бичиг ирсэн. Өмнө нь 2006, 2007, 2008 онд тухайн газруудыг тусгай хэрэгцээнд авсан бүртгэсэн байгаа нь харагдаж байгаа. Шинэчлэн бүртгэх ажлын хүрээнд солбилцолд нь тусгаж өгөөгүй орхигдсон гэдэг асуудал яригдсан. Гэтэл энэ 2008 оны тогтоолоор газрыг тусгай хэрэгцээнд авсан газрыг тухайн үед тодорхой солбицлыг тогтоож өгөөгүй, энэ солбилцлоо тодорхой болго гэдэг хариу ирсний дагуу 2007 онд Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж солбилцлоо тодорхой болгож Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлж албан ёсоор бүртгэж баталгаажуулсан байдаг. Солбицлыг шинэчлэн бүртгэсэн нь Ашигт малтмалын газрын тосны газрын хариуцсан албан хаагчдын буруутай зүйл байна уу гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Яагаад гэхээр энэ албан тоотын хавсралтад кадастрын санд бүртгэлтэй, энэ бүртгэгдсэн код нь тусгагдсан байгаа. Гэтэл солбицол нь тодорхой биш байна үүнийг тодруул гэж ирүүлсэн нь үндэслэлгүй. Тухайн үед бүртгэлд ороогүй орхигдсон бол гэдэг агуулгаар дахин газрын байршил, солбицлын цэгүүд, тусгай хэрэгцээнд авсан зорилго, хугацаа зэргийг хангаж өмнө нь авсан тогтоолуудаа баталгаажуулж байгаа. Түүнээс бол шинээр авсан асуудал биш. 2008 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор бүх зорилго нь тодорхой харагдаж байгаа. Мөн тусгай хэрэгцээнд авсан газрынхаа журам хилийн заагийг тодорхойлсон. Тэгэхээр 2014 онд шинээр тухайн газруудыг тусгай хэрэгцээнд дуусгавар болсон байсан газрыг шинээр аваагүй. Үргэлжлүүлж хуульд заасан шаардлагыг хангаж авсан асуудал байдаг. Тэгэхээр шинээр эрх зүйн харилцаа үүсэж, шинээр үр дагавар үүсгэсэн зүйл байхгүй байгаа. Зөвхөн ашигт малтмал эрж хайх үйл ажиллагаа явуулахыг хориглосон гэдэг. Гэтэл энэ тогтоолуудын үндсэн зорилго нь Улсын дээд шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дурдсан. 2008 оны Монгол Улсын дээд шүүхийн давж заалдах шатны шүүхийн хуралдааны 130 дугаартай магадлалд тодорхой харагдаж байгаа. Газрын тухай хуулийн зүйл заалтаас үзэхэд Захиргааны нэгж буюу сумын нутаг дэвсгэр шууд эзэмшилд хамаарах байгалийн бэлчээр хадлангийн талбайн газарт орон нутгийн тусгай хэрэгцээнд авч хамгаалах талаар сумын иргэд хөдөлмөрчдийн санал, санаачилга гаргасныг Засаг дарга дэмжиж иргэдийн Төлөөлөгчдийн хуралд уг саналыг оруулж, тусгай хэрэгцээнд тухай газрыг авсан. Малын бэлчээр, байгалийн үзэсгэлэнт түүх, дурсгалын талбайг хамгаалах гэсэн зорилго харагдаж байна. Өөрөөр хэлбэл 2014 оны тогтоол зорилго үндэслэл өмнө нь шүүхийн шийдвэрээр батлагдаж тогтоогдсон үйл баримт байна. Тиймээс хариуцагч энэ талаарх тайлбараа хэлээд байгаа, огт шинээр авсан зүйл биш. Шинээр авсан асуудал юм уу өмнө нь 2006, 2007, 2008 онуудад тухайн газруудыг тусгай хэрэгцээнд авсан нь тогтоогдож, Ашигт малтмал газрын тосны газарт  явуулаад бүртгэсэн байна. 2014 онд яагаад дахин албан тоот ирүүлэх шаардлага болсон юм бэ гэдгийг өмгөөлөгчийн зүгээс тодруулсан. Үүнд шинээр аваагүй, үргэлжлүүлж авсан гэдэг хариуг ирүүлсэн. Иймд тухайн захиргааны актыг гаргах хууль ёсны шаардлага байгаагүй гэдэг нь энэ байдлаар үгүйсгэгдэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна уу захиргааны хэм хэмжээний акт гэж үзээд байна уу гэдэг ялгаагаа тодруулахгүй байгаа. Гэхдээ захиргааны акт гэж маргаж 47 дугаар зүйлд зааснаар маргаж байгаа. Тэгээд 47 дугаар зүйлийн 47.1.6-т маргаж байгаа гэж ойлголоо. 47 дугаар зүйлийн 47.1.6-т “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгийг ойлгоно. Нэхэмжлэгч байгууллагын хуульд заасан эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл  энэ нэхэмжлэлийг “Н*********” ХХК нь гаргах эрхгүй байхгүй. Яагаад гэхээр тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь дуусгавар болсон байна. Маргаан бүхий газар нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхгүй байна. Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргаагүй гэж үздэг. Гэтэл хариуцагч байгууллага холбогдох хуульд заасан өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн нутаг дэвсгэрт байгаа газрыг тусгай хэрэгцээнд авах эрх нь нээлттэй. Тэгэхээр энэ эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

1. Хэргийн үйл баримтын тухайд:  

 

1.1. Нэхэмжлэгч “Н*********” ХХК-аас Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 06 тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 07 дугаартай тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоох” шаардлага гарган маргасан.

 

1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

1.3. Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар “Тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 14. дүгээр зүйлийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсгийн 12.1.4., 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсгийн тус тус үндэслэн тус сумын нутаг дэвсгэрт орших Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой зэрэг газруудыг тус сумын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, солбицлыг 1 дүгээр хавсралтаар баталж, 2 дугаар хавсралтаар тусгай хэрэгцээнд авсан зорилго, хугацааг тус тус баталжээ.

 

1.4. Мөн уг өдрөө тус Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар “Тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 14. Дүгээр зүйлийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсгийн 12.1.4., 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсгийн тус тус үндэслэн тус сумын нутаг дэвсгэрт орших Бор бургаст, Хүйтний нуур, Хүрмийн овгор зэрэг газруудыг сумын тусгай хэрэгцээнд авч, тусгай хэрэгцээнд авсан газрын байршил, солбицлыг 1 дүгээр хавсралтаар баталж, 2 дугаар хавсралтаар тусгай хэрэгцээнд авсан зорилго, хугацааг тус тус баталсан байна.

 

 1.5. Ийнхүү  нэхэмжлэгч “Н*********” ХХК-аас Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн тусгай зөвшөөрөл бүхий газрыг үндэслэлгүйгээр тусгай хэрэгцээнд авсан байна. Уг тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, уг актыг хэн гүйцэтгэх нь тодорхойгүй тогтоол гаргасан гэж үзэхээр байна. Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5.-д зааснаар эрх бүхий байгууллагаас олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгай хэрэгцээнд авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагатай ямар нэг байдлаар тохиролцоогүй байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцсоны үндсэн дээр тусгай хэрэгцээнд авах талаар шийдвэр гаргах үндэслэл бүрдэх юм. Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 06, 07 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргаан үүсгэжээ.

 

2. Нэхэмжлэгч “Н*********” ХХК-ийн ХV-008953 тусгай зөвшөөрлийн тухайд,

 

2.1. Анх 2004 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Т сумын нутагт орших Халзан давааны ам нэртэй 1921 гектар талбайд ашигт малтмалын лиценз олгохыг дэмжих эсэх талаар Архангай аймгийн Засаг даргаас санал авч, уг асуудлыг дэмжиж байжээ.

 

 2.2. Түүний дараа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5-8617 дугаар албан бичгээр “МГМ” ХХК-ийн захирал Ц.Гт уг талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулах талаар тухайн аймгийн Засаг даргын саналыг 30 хоногийн дотор авч ирэх, уг саналыг хянан үзсэний үндсэн дээр лиценз олгох асуудлыг шийдвэрлэхээр мэдэгдэж байжээ.

 

2.3. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанаас 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг үндэслэн Архангай аймаг, Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших 1921 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд 8953Х ашигт малтмалын хайгуулын лицензийн гэрчилгээг 3 жилийн хугацаатай олгожээ.

 

2.4. Улмаар 2007 оны 2 дугаар сарын 01-ний өдөр “А” ХХК-д Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газар 1921 гектар талбайг эзэмшүүлж, 8953Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

 

2.5. Дээрх тусгай зөвшөөрлийг “А” ХХК эзэмшиж байх үед, Засгийн газрын 2011 оны 186 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдааны шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2/5122 дугаар мэдэгдлийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааг тооцсон байна.

 

2.6. Мөн дээр хугацаанаас хойш Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0269 дүгээр магадлалыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааг тооцож, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 6 дахь жилийн төлбөрийг төлжээ.

 

2.7. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 786 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.6.1-т заасныг үндэслэн”А” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-008915 дугаартай өргөдлийг хянаж, Архангай аймгийн Т сумын нутаг дахь Халзан давааны ам нэртэй 1919.51 гектар талбай бүхий XV-008953 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компаниас “Н*********” ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэжээ.

 

2.8. Ийнхүү ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийг “Н*********” ХХК  нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “А” ХХК-иас шилжүүлэн авсан байна. ( 1 дүгээр хавтаст хэргийн 38, 234-242 дахь тал, )

 

            3. Нэхэмжлэгч “Н*********” ХХК-ийн ХV-009698 тусгай зөвшөөрлийн тухайд,

 

3.1. Анх 2005 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Т, Хотонт сумын Хөх сүмийн ам нэртэй 6549 гектар талбайд ашигт малтмалын лиценз олгохыг дэмжих эсэх талаар Архангай аймгийн Засаг даргаас санал авч, уг асуудлыг дэмжиж байжээ. Түүний дараа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 2005 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 7-1449 дүгээр албан бичгээр иргэн Б.Оюунчимэгт уг талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулах талаар тухайн аймгийн Засаг даргын саналыг 30 хоногийн дотор авч ирэх, уг саналыг хянан үзсэний дараа лиценз олгох асуудлыг шийдвэрлэхээр мэдэгдэж байжээ.

 

3.2. Улмаар дээрх талбайд анх 2005 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, 2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “А” ХХК-д Архангай аймгийн Т, Хотонт сумын Хөх сүмийн ам нэртэй газар 6549 гектар талбайг эзэмшүүлж, 9698Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

 

3.3. Дээрх тусгай зөвшөөрлийг “А” ХХК эзэмшиж байх үед, Засгийн газрын 2011 оны 186 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдааны шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2/5122 дугаар мэдэгдлийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр 2008 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хугацааг тооцсон байна.

 

3.4. Мөн дээр хугацаанаас хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0269 дүгээр магадлалыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байх хугацааг тооцож, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүртэл 6 дахь жилийн төлбөрийг төлжээ.

 

3.5. Дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн тухайд, “А” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “А” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ..., ХV-008953, ХV-009698, ХV-007557, ХV-007558 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг даалгах .... шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан ... нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ..., ашигт малтмалын хайгуулын ..., ХV-009698, ... дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, ... шийдвэрлэжээ.

 

3.6. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0269 дүгээр магадлалаар ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ... ХV-008953, ХV-009698 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, ашигт малтмалын хайгуулын ... ХV-008953, ХV-009698, .. дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг, .. . гэж өөрчилж шийдвэрлэжээ. Уг магадлалд холбогдуулан хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.

 

3.7. Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр ХV-009698 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар сунгасан байна.

 

3.8. Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 787 дугаар шийдвэрээр ХV-009698 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Н*********” ХХК-д шилжүүлжээ. (1 зүгээр хавтаст хэргийн 55-56, 234, 243-249 дахь тал)

 

4. Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 06 тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

4.1. Архангай аймгийн Т сумын Засаг даргаас 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт байрлах Бор бургаст, Хүрмийн овгор, Хүйтний нуур, Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой зэрэг газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах талаар өргөн мэдүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 221 дэх тал)

 

4.2. Улмаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрт орших Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой зэрэг газруудыг тус сумын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, солбицлыг 1 дүгээр хавсралтаар баталж, 2 дугаар хавсралтаар тусгай хэрэгцээнд авсан зорилго, хугацааг тус тус баталсан.

 

4.3. Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд, Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолоор “Төмөрийн толгой, Хүйтний нуур, Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрэмийн овгор гэх газруудыг орон нутгийн  тусгай хэрэгцээнд авсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 11-14 дүгээр тал)

4.4. Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Төмөрийн толгой, Хүйтний нуур, Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрэмийн овгор гэх газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд 10 жилийн хугацаагаар авсан. (1 дүгээр хавтаст хэргийн 15-18 дахь дугаар тал)

4.5. Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой, Сүмийн буйр, Хүрэмийн овгор, Төмөртийн толгой,  Хүйтний нуур гэх газруудыг сумын тусгай хэрэгцээнд тус тус авсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 19-22 дахь тал)

4.6. Хариуцагч талаас: “ .... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06, 07 дугаартай тогтоолыг шинэчлэн баталсан. Энэхүү тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006, 2007, 2008 онд тусгай хэрэгцээнд авсан байсан газрын солбицол координатыг баталгаажуулан тогтоолыг шинэчлэн хэвээр нь баталсан. Учир нь шинээр тусгай хэрэгцээнд газар аваагүй, 2008 оны тусгай хэрэгцээнд авсан тогтоолын үргэлжлэл бөгөөд хуучин авсан газрыг баталгаажуулан кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн ...”  гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна.

 

4.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талууд 2014 оны 06 дугаар тогтоолтой маргасан,  тухайн тусгай хэрэгцээнд авч байгаа газруудын нэршил өөр, өөр бөгөөд га газрын хэмжээ өөрчлөгдөж нэмэгдсэн нь тус аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2014 оны 06 дугаар тогтоол нь шинэ акт гарсан гэж үзнэ.

 

4.8. 2008 оны оны 07 дугаар тогтоолын 3-р хавсралтад Богино чулуут 170 га, Урт чулуут 380 га, Эрдэнэтолгой 400 га, Сүмийн буйр 20 га, Хүрэмийн овгор 200 га, Төмөртийн толгой 110 га, Хүйтний нуур 20 га, нийт 1300 га газрыг тусгай хэрэгцээнд авчээ. /1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал/

 

4.9. Харин 2014 оны тогтоолын 1-р хавсралтад тусгай хэрэгцээнд авсан газрын байршил нь Архангай аймаг Т сум Хөх сүм 1-р баг, 9397,1 га газрыг тусгай хэрэгцээнд авсныг 2008 оны 7 дугаар тогтоолын үргэлжлэл гэж үзэхгүй. / 1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал/

 

4.10. Түүнчлэн 2014 оны тус сумын ИТХ-ийн ээлжит хуралдааны 05 дугаар тэмдэглэлийн хэлэлцэх асуудлын 2-рт “ ..Шийдвэрлэсэн нь: ИТХ-ын төлөөлөгчдийн 100% саналаар орон нутгийн тусгай хэрэгцээнд шинэчлэн авах тухай тогтоолын төслийг батлав.” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь тал/

 

4.11. Хариуцагч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ”.. шинээр тусгай хэрэгцээнд газар аваагүй, 2008 оны тогтоолын үргэлжлэл..” гэж мэтгэлцэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нь үгүйсгэгдэж байна.

 

4.12. Үүнээс дүгнэхэд, хариуцагчийн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсгийн 47.1.1., 47.1.4.-д зааснаар тус аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 06 тогтоол нь утга агуулгын илэрхий алдаатай акт гэж үзнэ.

 

4.13. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна.”, 16 дугаар зүйлийн  16.2. “Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно.” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 6 дугаар зүйлд 1/-д “газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө энэ тухайгаа газар эзэмшигчтэй тохиролцох”, 2/-д “ зохих журмын дагуу газар зохион байгуулалт хийх”, 3/-д “газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийж, дүгнэлт гаргасан байх”, 13 дугаар зүйл “Иргэн , аж  ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа газрыг нөхөн олговортойгоо солих буюу эргүүлэн авсан тохиолдолд тэдэнтэй байгуулсан гэрээг үндэслэн уг газрыг эзэмших эрхийг дуусгавар болгох тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана”, гэж  14 дүгээр зүйл “Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшиж байгаа газрыг дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлсний дараа улсын тусгай хэрэгцээнд авна:”,  дугаар зүйлийн 14 дүгээр зүйлийн 1/-т “эзэмшиж байгаа газрыг нь өөр газраар сольж байгаа тохиолдолд эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн түүний эзэмшиж байгаа газрынх нь төлөв байдал, чанараас дордохооргүй газрыг түүнд эзэмшүүлэх” гэж, 2017 оны 287 дугаар тогтоолын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1.1. , 2.1.6., 2.1.7., 2.1.11.,  3 дугаар зүйлийн 3.2., 3.5. дугаар зүйлийн 3.5.1., 3.5. дугаар зүйлийн  3.5.1.-ийн 3.5.1.2, 3.5. дугаар зүйлийн 3.5.2., 3.5. дугаар зүйлийн 3.5.1.1, 3.5.2, 3.8. дугаар зүйлийн 3.8.3., 3.9-д заасныг харгалзан үзээгүй байна.

4.14. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1/1114 дүгээр албан бичгийн 1 дүгээр хавсралтад: Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Тусгай хэрэгцээнд авсан Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой зэрэг газрууд нь нэхэмжлэгч “Н*********” ХХК-ийн ашигт малтмалын 9698Х дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайтай давхацсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 174-175 дахь дугаар тал)

4.15. Мөн Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1/55 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн кадастрын тойм зурагт: Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Богино чулуут, Урт чулуут, Эрдэнэтолгой гэх газруудтай 9698 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь давхцалтай харагдаж байна гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 98 дахь дугаар тал)

4.16. Маргаан бүхий акт болох 06 тогтоолоо гаргахдаа иргэн, хуулийн этгээдийн газартай давхцалтай эсэхийг тодруулж, нягтлан, шалгаагүй байна. Энэ талаар хэргийн оролцогч нэхэмжлэгч, хариуцагч талаас иргэдийн хаваржаа, өвөлжөө болон газартай давхцалтай талаарх нэгж талбарын дэлгэрэнгүй, газар эзэмших гэрчилгээ гаргаж өгсөн тул шүүх тухайн иргэдийн газрын нэгж талбарын хувийн хэрэгт үзлэг хийж, хэрэгт хавсаргасан болно. (2 дугаар хавтаст хэргийн 141-161,  3 дугаар хавтаст хэргийн 67-121 дүгээр тал, 4 дүгээр хавтаст хэргийн 1-210 дугаар тал)

4.17. Өөрөөр хэлбэл, 2014 оны 06 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авахдаа Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар, аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, бичил уурхайн зориулалтаар олгосон газар, үйлдвэрлэл, технологийн паркийн газар гэж тус тус заасан байхад дээрх хуулийн заалтын аль зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгааг заагаагүй, тодорхойгүй, тухайн хуулийн заалтыг үндэслэл болгон хэрэглээгүй, 06 тогтоолын гүйцэтгэх этгээд тодорхой бус гэж нэхэмжлэгч талаас хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар маргаж, мэтгэлцсэн нь  үндэслэлтэй.

 

4.18. Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. дахь хэсгийн 20.2.5.-д “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасныг зөрчигджээ.

 

4.19. Энэ нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Н*********” ХХК-тай тохиролцоогүй болох нь хэргийн оролцогч нарын мэдүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

 

4.20. Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 4.-т “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах,  ... ” гэж  хуульчилсан.

 

4.21.  Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэж заасныг зөрчжээ.

 

4.22. Ашиг малтмалын газрын 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 6/2690 дүгээр мэдэгдэлд: “... газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэр гарган манай газарт 2014 оны 5 дугаар сарын 01-ний дотор багтаан ирүүлнэ үү. Газрыг тусгай хэрэгцээнд авсан тогтоол нь хуульд заасан дараах шаардлагыг хангасан байхыг анхаарна уу. ....” гэж албан бичигтээ тусгай хэрэгцээнд авах шаардлагыг хангалттай дурдсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал)

 

4.23. Энэ нь тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тусгай хэрэгцээнд авсан тогтоолоо гаргасан бөгөөд хуулийн хугацаанд гаргаж, хүргүүлээгүй байна.

 

4.24. Дээрх хууль зүйн үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч 06 тогтоолоор тухайн газрыг тусгай хэрэгцээнд авахдаа хуульд үндэслэх, тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй  буюу хуулийн ерөнхий заалтыг үндэслэл болгож гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсгийн 47.1.6.-т зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх шинжийг агуулсан байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.  

 

4.25. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаас эхлэн эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоол нь илт хууль бус захиргааны акт байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

5. Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 07 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

5.1. Архангай аймгийн Т сумын Засаг даргаас 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт байрлах Бор бургаст, Хүрмийн овгор, Хүйтний нуур, Урт чулуут, Богино чулуут, Эрдэнэтолгой зэрэг газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах талаар өргөн мэдүүлсэн байна. ( 1 дүгээр хавтаст хэргийн 221 дэх тал)

 

5.2. Улмаар Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар “Тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрт орших Бор бургаст, Хүйтний нуур, Хүрмийн овгор зэрэг газруудыг сумын тусгай хэрэгцээнд авч, тусгай хэрэгцээнд авсан газрын байршил, солбицлыг 1 дүгээр хавсралтаар баталж, 2 дугаар хавсралтаар тусгай хэрэгцээнд авсан зорилго, хугацааг тус тус баталсан байна.

 

5.3. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгч талаас 07 дугаар тогтоолтой холбогдуулан 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан 141 хуудасны арын схем зургаас уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол хөндөгдөж байгааг тодруулахад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй болохыг тайлбарласан болохыг тэмдэглэв.

 

5.4 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар тогтоол нь нэхэмжлэгч “Н*********” ХХК-ийн Архангай аймгийн Т сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрөл нь  Т сумын Хөх сүмийн ам нэртэй газарт орших ХV-009698 дугаартай тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй гэж мэдүүлсэн болно.

 

5.5. Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1/1114 дүгээр албан бичгийн 1 дүгээр хавсралтаас үзэхэд, Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Тусгай хэрэгцээнд авсан  Бор бургаст, Хүйтний нуур, Хүрмийн овгор гэх газрууд нь “Н*********” ХХК-ийн ашигт малтмалын 8953Х дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай, ашигт малтмалын 9698Х дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайтай давхцалгүй байна.  (2 дугаар хавтаст хэргийн 175, 3 дугаар хавтаст хэргийн 55 дугаар тал)

 

5.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан  Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 07 дугаар тогтоолыг илт хууль бус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  хөндөгдөөгүй, хэргийн оролцогч нар маргаагүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.7  Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас Т сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах тухай” а/62 дугаартай захирамж, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай” 33 дугаар тогтоолтой холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул үнэлээгүй болно. (3 дугаар хавтаст хэргийн 122-140 тал)

 

5.8. Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан 34-50, 119-208 дугаар тал, 2-р хавтаст хэрэгт авагдсан 86-92, 3 дугаар хавтаст хэргийн 1-49, 230-234 дүгээр тал, 4 дүгээр хавтаст хэргийн 220-228 дугаар талд авагдсан нотлох баримтууд хэрэгт хамааралгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3., 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсгийн 106.3.2., 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ  нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсгийн 12.1.4.,  Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16 дугаар зүйлийн 16.1., 16.2., Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар “Тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсгийн 106.3.13.-д заасныг баримтлан Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар “Тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан  “Архангай аймгийн Т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н*********” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ОДОНТУЯА