Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/шш2023/02287

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/02287

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, М хотхон, ** дугаар байрны ** дугаар орц, ** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ********, Т овогтой Б-ийн С-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Х, ** дугаар байрны ** дугаар орц, ** тоот / ** байр **/ хаягт оршин суух, регистрийн дугаар ********, Б овогтой Э-ийн О-д хорлбогдох,

 

С.А-ыг өөрийн асрамжид авч, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь болох 205.074.955 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, охин С.А-ыг өөрийн асрамжид авч, гэр бүлийн гишүүдийн хамран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг болох 173.800.000 төгрөг, нэмэлт зардал 2.460.000 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Э.О-д холбогдуулан С.А-ыг өөрийн асрамжид авч, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь болох 205.074.955 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Э.О-тай 2016 оны 9 дүгээр сараас эхлэн үерхэж, 2019 оны 4 дүгээр сараас эхлэн хамран амьдарсан. Бидний дундаас **** оны ** дүгээр сарын **-ны өдөр охин С.А төрсөн бөгөөд миний охин надтай адилхан, аавтайгаа нээлттэй, дотно байдаг. Миний хувьд охиндоо хамгийн сайн аав байхыг хичээдэг. Гэтэл Э.О-ын дураараа аашлах ааш, хадмын бидний амьдралд байнга оролцдог байдлаас болж надад тухайн гэртээ эр нөхөр, эцэг хүний хувиар байх, өөрөөрөө шийдвэр гаргах боломж байдаггүй, дандаа эхнэрийн үгээр амьдарч ирсэн. Би эхнэртэйгээ маргалдахыг хүсдэггүй, түүний хэлсний дагуу цалингаа бүтнээр нь шилжүүлдэг үе зөндөө байсан. Бидний таарамжгүй харилцаанаас болж охинд маань хэцүү байдаг, бид бие биенээ маш их санадаг. Тусдаа байх хугацаанд охинтой маань хүссэн үед уулзуулахгүй байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин С.А-ыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 108, 119 дүгээр зүйлд зааснаар бидний гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Х, *** дугаар байр, ** давхрын ** тоотод байрлах, 95,79 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан авахад миний оруулсан хөрөнгийн хэмжээ болох 205.074.955 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Э.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Б.С-тай 2016 оноос эхлэн үерхэж байгаад, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр охин төрснөөс хойш хамт амьдрах болсон. Зан аашийн хувьд огцом ууртай, асуудлыг тэр дор нь шийдэх гэж хичээн хэрүүл маргаан гаргадаг, харин би хэрүүл хийх дургүй, аль болох тайван аргаар асуудлыг шийдвэрлэх гэж хичээдэг. Мөн бид ээлжийн ажил хийдэг бөгөөд намайг ажилтай үед Б.С хүүхдээ хардаг, гэвч ээж болон дүүгээ дуудан ирүүлж харуулчихаад өөрөө найз нөхөдтэйгээ байнга уулзаж, зугаацах дуртай байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс гадна мөрийтэй тоглож, их хэмжээний мөнгө алддаг байсан. Үүнээс болж бид гэр бүлийн тайван уур амьсгал байх боломжгүй байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэлдээ тэрээр дурдаагүй байна. Б.С худал ярьж, хууран мэхэлж, араар тавьж, мөрийтэй тоглоомонд донтож, гэр бүлээ сүйрүүлчихээд охиныг маань ээжээс нь салгана гэж хүний ёс зүйн хэмжээнээс хэтэрсэн зүйл нэхэмжилж байгааг эсэргүүцэж байна. Мөн дундын эд хөрөнгийн ногдох хэсэг гэх 205.000.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний дундын хөрөнгө гэвэл байраа зарж, өр зээлээ төлөөд үлдсэн 119.000.000 төгрөг, зуслангийн байшинд оруулсан 30.000.000 төгрөг л байгаа. Уг зуслангийн байшингийн болон газрын гэрчилгээ нь гараагүй. ... Тусдаа амьдрах 4 сар гарангийн хугацаанд Б.С охиндоо нэг ч төгрөгийн мөнгөн тусламж үзүүлээгүй ба би ганцаараа цэцэрлэгийнх нь мөнгийг бүтэн төлж байгаа нөхцөл байдлаас харахад тэрээр охиноо гэх сэтгэлгүйг харуулж байна. Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Х хотхон, *** дугаар байр, **** тоотод байрлах, 95,71 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 411.553.000 төгрөгөөр худалдан авч байгаа ба үүнд оруулсан хөрөнгө гэвэл бидний байраа зарж үлдсэн 160.000.000 төгрөг, миний цалингийн зээл 70.000.000 төгрөг, Б.С-ын цалингийн зээл 30.000.000 төгрөг, миний ээж, ааваас зээлсэн 150.853.000 төгрөг болно. Энэ байр захиалсан 411.553.000 төгрөгөөс эцэг, эхээс зээлсэн 150.853.000 төгрөгийг хасаад үлдсэн 260.700.000 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүний дундын хөрөнгө гэж тооцвол охин бид 2-ын хөрөнгө нь 173.800.000 төгрөг болох ба үүнийг нэхэмжлэгч Б.С-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Түүнчлэн охин С.А-н цэцэрлэгийн төлбөрт төлсөн нийт 2.460.000 төгрөгийг Б.С-аас гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Э.О нарын хооронд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа Б.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.О-д холбогдох иргэний хэрэгт бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: 1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, М хотхон, ** дугаар байр, ** дугаар орц, *** тоот хаягт оршин суух, Б овогтой С-ын шүүхэд гаргасан өөрийн хүүхэд С.А-ыг өөрийн асрамжид авах болон дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 205.074.955 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд: 1.1.1. Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, М хотхон, 320 дугаар байр, 6 дугаар орц, 279 тоот хаягт оршин суух Б овогтой С нь өөрийн хүүхэд С.А-ыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж; 1.1.2. Нэхэмжлэгч нь өөрийн охин С.А-тай сард 2 удаа ээж Э.О-тай урьдчилан цаг тохирч уулзаж байх; 1.1.3. Нэхэмжлэгч Б овогтой С нь өөрийн хүүхэд С.А-ыг тэжээн тэтгэхтэй холбоотой зардал болгож сар бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг сар бүрийн 27-ны өдөр Г банкны тоот ******* дансанд шилжүүлж байхаар; 1.1.4. Дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 205.074.955 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 90.000.000 /ерэн сая/ төгрөгийг хариуцагч Э.О нь талууд гэрээ байгуулсан өдөр 10.000.000 /арван сая/ төгрөгийг, үлдэх 80.000.000 /наян сая/ төгрөгийг шүүхийн шийдвэр гармагц төлж барагдуулахаар тохиролцов. Х банкны тоот ******* дансанд. 1.2. Сөрөг нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Хариуцагч Э-ийн О нь төрсөн хүүхэд болох С.А-ыг өөрийн асрамжид авах, гэр бүлийн хуульд заасан хүүхдийн тэтгэмж тогтоолгох болон дундын эд хөрөнгө болох орон сууцны үнийн дүнгээс өөрт ногдох болон өөрийн охинд ногдох нийт 173.800.000 /нэг зуун далан гурван сая найман зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах болон нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар охин С.А-н цэцэрлэгийн төлбөрт төлсөн нийт 2.460.000 /хоёр сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.С-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. 1.2.1. Дундын эд хөрөнгө болох орон сууцны үнийн дүнгээс өөрт ногдох болон өөрийн охинд ногдох нийт 173.800.000 /нэг зуун далан гурван сая найман зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах болон нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар охин С.А-н цэцэрлэгийн төлбөрт төлсөн нийт 2.460.000 /хоёр сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.С-аас гаргуулах сөрөг нэхэмжлэлээс тус тус татгалзахаар тохиролцов. 1.3. Талууд энэхүү асуудлаар дахин шүүхэд хандахгүй бөгөөд хуульд зааснаар төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуульд зааснаар шийдвэрлүүлнэ. 1.4. Энэхүү гэрээг байгуулж, талууд нэг нэг хувь хадгалах бөгөөд шүүхэд нэг хувийг өгч, шүүгчийн захирамж гарснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Э.О нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч тэд 2019 оноос хойш хамтын амьдралтай байсан, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Т овогтой С-ын А төрсөн, охин эрүүл бойжиж буй нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдов.

2. Нэхэмжлэгч нь тус шүүхэд хүүхдийн асрамж тогтоолгох болон дундын эд хөрөнгөд оруулсан хувь хэмжээ болох 205.074.955 төгрөг гаргуулахаар, харин хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг болох 173.800.000 төгрөг, мөн нэмэлт зардал 2.460.000 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд дурдсанаар охин С.А-ыг эх Э.О-ын асрамжид үлдээж, эцэг Б.С нь сар бүрийн 27-ны өдөр хүүхдийн тэтгэлэгт 500.000 төгрөгийг төлж байх, мөн эцэг Б.С нь эх Э.О-тай тохиролцсоны үндсэн дээр сард 2 удаа охин С.А-тай уулзаж байх, түүнчлэн талуудын хэн аль нь эд хөрөнгийн ногдох хэсэг болон нэмэлт зардал гаргуулах тухай шаардлагуудаасаа татгалзаж буйгаа дурдаад, харин хариуцагч Э.О нь 90.000.000 төгрөгийг Б.С-д 2 хувааж төлөхөөр тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцож болно гэж заасан бөгөөд энэхүү хэргийн хувьд талууд хүүхдийн асрамжийг эх Э.О-д үлдээж, харин нэхэмжлэгч нь охин С.А-тай сард 2 удаа уулзаж байхаар болсон байна.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуульд нийцсэн, хүүхдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй тул талуудын эвлэрсэн хэмжээнд нь шийдвэрлэх нь зүйтэй байх ба талууд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл ердийн журмаар гомдол гаргах эрх нээлттэй болно.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200+1.183.325 төгрөг, нийт 1.253.525 төгрөг, хариуцагч Э.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200+1.026.950+54.310 төгрөг, нийт 1.151.460 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.С-аас Хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Э.О-д, хариуцагч Э.О-аас 90.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 607.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгоно.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдъя.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ********, Т овогтой С-ын А-ыг эх Э.О-ын асрамжид үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь Өөрийн хүүхэд С.А-ыг өөрийн асрамжид авах, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 205.074.955 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч Э.О нь Дундын эд хөрөнгө болох орон сууцны үнийн дүнгээс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг болох 173.800.000 төгрөг, охин С.А-н цэцэрлэгийн төлбөрт төлсөн 2.460.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.С-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс тус тус татгалзаж, нэхэмжлэгч Б овогтой С нь өөрийн охин С.А-тай сард 2 удаа ээж Э.О-тай урьдчилан цаг тохирч уулзаж байх, түүнчлэн охин С.А-ыг тэжээн тэтгэхтэй холбоотой зардал болгож сар бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг сар бүрийн 27-ны өдөр Г банкны тоот ****** дансанд шилжүүлж байх, харин хариуцагч Э.О-д нь 90.000.000 /ерэн сая/ төгрөгийг талууд гэрээ байгуулсан өдөр 10.000.000 /арван сая/ төгрөгийг, үлдэх 80.000.000 /наян сая/ төгрөгийг шүүхийн шийдвэр гармагц нэхэмжлэгч Б.С-ын Х банк ХХК дахь ******* тоот дансанд төлж барагдуулахаар тус тус тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.253.525 төгрөг, хариуцагч Э.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.151.460 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.С-аас 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч Э.О-д, хариуцагч Э.О-аас 607.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Н.ГЭРЭЛТУЯА