| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/2460/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2759 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2759
2025 12 03 2025/ШЦТ/2759
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Б.Өнөбат,
шүүгдэгч Ц.Нг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Нд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409034951395 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********* тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
********** овогт Ц-ий Н /регистрийн дугаар: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ******** дотор Д.Өийг тодорхой шалтгаангүйгээр түлхэж унагаан цээж, нүүрэн хэсэгт нь цохиж зодон зүүн нүдний ухархайн доод хананы зөрүүтэй хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2409 03495 1395 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Өийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Эрхэмбаярын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12814 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Х.Хулан нарын 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн ЕГ0825/2171 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40-р тал/,
Хохирогч Д.Өийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-р тал/,
Гэрч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Өнөбат: “...шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, Түлэнхийн төв дотор Д.Өийн тодорхой шалтгаангүйгээр түлхэж унагаан цээж, нүүрэн хэсэгт нь цохиж зодон зүүн нүдний ухархайн доод хананы зөрүүтэй хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч Ц.Н: “...Миний даралт ихсээд бие муудаад гэртээ харьсан. Гэртээ хариад даралтны эм уугаад галаа түлчихээд унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь гэр маань шатаж байсан. Галынхаа хажууд газаа үлдээсэн байсан. Боссон чинь улаан гал дүрэлзэж байсан. Тэрнээс хойш болсон үйл явдлаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь шөнийн 2-3 цагт ухаан орж сэрсэн. Би түлэгдсэн учраасэмнэлэгт очсон байх. Хохирогчийг санаатай цохиогүй. Тухайн үед ухаангүй байсан...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Хохирогч Д.Өийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...22 цагийн орчимд гаднаас 103 түргэний машинаар түлэгдчихсэн хүн ирсэн. Тэгээд тухайн үл таних хүнд боолт цэвэрлэгээ хийчхээд рентгений өрөөнд зургийн авхуулчхаад гарч ирээд поталкаар түрээд явж байсан чинь тухайн үл таних хүн нь гэнэт босож ирээд намайг түлхэж унагаагаад миний дээр гараад миний цээжин газар гараараа 1 удаа цохисон, тэгээд миний дээр суугаад миний нүүрэн тус газар баруун зүүн гараараа ээлжлээд маш олон удаагийн үйлдлээр цохисон ба манай туслах сувилагч Б эмчийг дуудсан ба тухайн үл таних хүнийг салгаж надаас холдуулсан ба манай газрын эмч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тухайн өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ГССҮТ-д 24 цагаар ажиллаж байсан бөгөөд орой 22 цагийн орчимд үл таних эрэгтэй цув нөмөрсөн биеийн ихэнх хэсэгт түлэгдсэн байдалтай хүн орж ирээд эрчимт эмчилгээ рүү орохоор болсон. Бид Амилахуйн өрөөнд тэр хүнд би Ө, П гэх эрэгтэй сувилагч нар нь анхан шатны яаралтай тусламж үзүүлж байхад сонин зан авир гаргаад байсан юм. Тэрний дараа би компьютер томограффт үзүүлэхээр Ө эгчийн хамт түрдэг орон дээр хэвтүүлээд явж байтал миний санаж байгаагаар гэнэт л тухайн үл таних эрэгтэй нь босож ирээд Ө эгчийг цохиж унагаагаад дээр нь гарч нүүр цээж хэсэг рүү нь маш олон удаа цохиод л байсан. Би яарч сандраад эрэгтэй сувилагчаа дуудахад манай эмч нар ирээд салгасан. Тэр хүнийг авч явахад Ө эгч ухаан балартсан царайтай, бие нь маш муудсан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Өийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн “...Би тухайн үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 24 цагийн жижүүртэй байсан бөгөөд 22 цагийн орчимд гаднаас цув нөмөрсөн 103 түргэн тусламжийн эмч дагуулан үл таних эрэгтэй хүн орж ирсэн. Тухайн орж ирсэн эрэгтэй түлэгдсэн байдалтай байсан тул Амилахуйн өрөөнд цээж, хөл хэсэгт боолт хийгээд би Б сувилагчийн хамт түрдэг орон дээр хэвтүүлээд авч явж байсан чинь гэнэт л босож ирээд миний бие хэсэгт рүү жийгээд л намайг унасны дараагаар дээр гарч ирээд удаа дараа цохиод л байсан. Хамт байсан Б сувилагч нь эмч дуудаж арай гэж салгасан тийм л зүйл болсон. Би тэр болсон үйл явдлаас болж 2 сар ажилдаа яваагүй бөгөөд тэр залуутай сарын дараа уулзаад хэдэн төгрөг өгөх вэ? Гэхээр нь миний нэг сарын цалинг л өгчих гээд 2,500,000 төгрөг авсан өөр зүйл аваагүй...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 12814 дугаартай “Д.Өийн биед зүүн нүдний ухархайн доод хананы зөрүүтэй хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Х.Хулан нарын 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн ЕГ0825/2171 дугаартай “Д.Өийн сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвал илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:
Ц.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Түлэнхийн төв дотор Д.Өийг тодорхой шалтгаангүйгээр түлхэж унагаан, цээж гүүрэн хэсэгт нь цохиж зодон зүүн нүдний ухархайн доод хананы зөрүүтэй хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Ц.Н нь хохирогч Д.Өийг шалтгаангүйгээр түүний биед халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Ц.Нг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, шүүгдэгч Ц.Н нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.
Тэрээр өөрийн үйлдлийг санахгүй, тухайн үед “гэр галд шатсаны улмаас юу хийснээ мэдэхгүй байна” гэж санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсан агуулгаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд гэмт хэргийг үгүйсгэх хүчин зүйл болохгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Нгийн гэр галд шатсан үйл явдлаас хойшхи хугацаанд цагдаагийн алба хаагч нар түүнийг саатуулсан, түргэн тусламж дуудсан, улмаар эмнэлгийн байгууллагад хүргэгдэн эмчилгээ үзүүлж тодорхой цаг хугацаа өнгөрчээ.
Хууль зүйн шинжлэх ухаанд санаа сэтгэлийн цочрон давчидсан асуудлыг “сэтгэцийн өндөр зэрэглэлийн тэсрэлтээр илэрч, сэтгэл санааны гэнэтийн хоромхон зуур өөрийгөө хянах, өөрийн үйл ажиллагааг зөв үнэлэх боломжгүй” үйлдлийг авч үзэхээр тодорхойлсон байдаг ба шүүгдэгч Ц.Нгийн үйлдэлд сэтгэцийн гэнэтийн хоромхон зуур өөрчлөлт орсон, оруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч Д.Ө нь өөрт учирсан гэмтэл, хохиролтой холбоотой баримтыг хавтаст хэрэгт гаргаж бэхжүүлээгүй байх ба шүүгдэгч Ц.Н 2,500,000 төгрөгийг түүнд мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн байна.
Хохирогч Д.Өт гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвал илэрч, хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэсэн шинжээчийн ЕГО826/2171 дугаартай дүгнэлтийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээр буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Харин хохирогч Д.Ө цаашид энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Нгээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч “... Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу чөлөөлүүлэх саналтай байна....” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Н: “... хэлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Ц.Нг чөлөөлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,500,000 төгрөгийг шүүгдэгч нь төлсөн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдал болох амьдрах сууц, гэр шатсан, цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, сууц, гэр бий болгох шаардлагатай байгаа зэрэг нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болов.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг хуульчилсан ба хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар хохирол гэж үзэхгүй, хор уршигт тооцно.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт Ц-ний Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Ц.Нг чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нгээс 3,300,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Өт олгуулсугай.
4. Хохирогч Д.Ө цаашид энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Нгээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР