Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 269

 

                                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Батхишиг,

хохирогч Л.Чойноо,

шүүгдэгч Н.Бямбажаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт Н.Бямбажаргалыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201724000188 дугаар 2 хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторийн жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамж, 690Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шуудай овогт Найдангийн Бямбажаргал /РД:ИГ69060719/.

Н.Бямбажаргал нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /1.60 хувийн согтолттой/ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчин “Тоёота Истима” маркийн 78-29 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 7.6, 9.2-д заасан заалтуудыг зөрчин “Хьюндай Старекс” маркийн 25-20 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тээврийн хэрэгслийн эвдрэл шууд зардлын дүн 1920000 төгрөгийн, нийт 3170000 төгрөгийн хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч Д.Баянбат, Г.Манлайбаатар, Л.Цэндсүрэн, Г.Номинтуяа, Ч.Сэржиддаваа нарын бие махбодид хөнгөн зэргийн, хохирогч Л Чойноогийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Бямбажаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.       

Хохирогч Л.Чойноо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сарын 02-нд өндөр настай хөгшинд очиж золгохоор машинтай явж байтал машинд мөргүүлээд манай машин өнхрөөд унасан. Би жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Миний 2 сээр хугарсан. Миний сууж явсан машинд жирэмсэн эмэгтэй, зүрхний аппарат суулгасан хүн явж байсан. Энэ жолооч эмнэлэгт үзүүлж өгсөн. Хөгшин бид хоёрыг хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. Ууц нуруу өвчтэй байгаа. Гэхдээ үхээгүйдээ байрлаж байна, өөрийн үр хүүхдийн адил бодоод гомдолгүй гэж хэлж байна. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 201724000188 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Л.Чойноогийн: “...ослын улмаас миний биед цээжин тал даагдахгүй, нүүр ам шалбарсан, сээр хугархай, тархи хөдөлсөн байсан. Тухайн автомашины жолооч согтуу байсан. Гомдолтой байна, эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно...” /1 дүгээр хавтас, хх-33-34/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Баянбатын: “2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн орчимд би мөнгөлөг өнгийн “Хьюндай Старекс” маркийн 25-20 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа ээж Цэндсүрэн, аав Чойноо, дүү Сэржиддаваа болон түүний эхнэр Номинтуяа, хамаатны дүү Манлайбаатар нарын хамт айлд очиж золгох зорилгоор Эмээлтийн 7 дугаар гудамжны замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй, 30-40 орчим км/ц-ийн хурдтай явж байх үед миний баруун гар талд нэг машин зүүн гар тийш жолоогоо дарчихсан зогсож байхаар нь би нээх юм бодолгүй хажуугаар нь гарах гэтэл гэнэт хажууд нээх муухай дуу гарахаар нь би харсан чинь баруун гар талаас нөгөө зогсож байсан машин маш хурдтай миний машин руу орж ирж байгаа харагдахаар нь зугтах санаатай хүчтэй хаазлаад гараад явчихъя гэж бодоод хаазаа нэмсэн чинь амжаагүй. Нөгөө машин миний машины баруун хойд хэсэг рүү мөргөсөн. Тэгээд миний машин зүүн гар тийшээгээ хөндөлсөөд дугуй хагараад цаашаагаа хэд хэдэн удаа өнхрөөд 4 дугуй нь дээшээ хараад зогссон. Би машинаас гарч хүмүүсээ нөгөө машины хүмүүсийн хамтаар гаргаж авсан. Дүү Сэржиддаваа 102, 103-т дуудлага өгсөн. Ингээд цагдаа болон түргэн тусламж ирсэн. Миний хувьд ослын улмаас учирсан хөнгөн гэмтэлд эмчилгээний зардал нэхэхгүй. Машиныхаа эвдрэл хохирлын үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-21-23/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Сэржиддаваагийн: “...Явж байтал түс тас хийх чимээ гараад машин өнхрөөд онхолдож улмаар 4 дугуй нь дээшээ харчихсан байсан. Нэг ухаан ороход хүмүүс татаж гаргаж байсан. Ослын улмаас нуруу шалбарч хөдөлж болохгүй байсан, тархи доргисон. Өөр ямар нэгэн гэмтэл шарх, учраагүй. ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-29-30/,

Иргэний нэхэмжлэгч Г.Номинтуяагийн: “...Зүүн хөл зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн гарны тохой язарсан, мөн хоёр хөл хөхөрсөн. Биеийн зүүн талаараа хэвтэж болохгүй байгаа. ...Баруун гар талаас машин ирж байгааг анзаарсан. “Хүүе” гэж хэлэхийн завдалгүй л түс тас гэх чимээ гараад онхолдсон. Нөгөө машины жолооч согтуу байсан. Гомдолтой, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-38/,

Иргэний нэхэмжлэгч Л.Цэндсүрэнгийн: “...Ослын улмаас зүүн хөл шалбарсан, духны баруун хэсэгт шалбарсан, биеийн баруун талын хэсгээр хөндүүрлээд өвдөөд байсан. Жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Гомдолтой, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-57-58/,

Иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригийн: “...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-62/,

Гэрч Б.Ариунаагийн: “...Харин ослоос хойш хэд хоногийн дараа би нөхрийнхөө хамт түүхий эд авдаг объектон дээрээ очиход блокон хашаа нурсан байсан. Улмаар хашааг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч нь янзлуулчихсан байсан. Үнэлгээг хийлгээгүй миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-74/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3358, 3361, 3345, 3360, 3359 дүгээр дүгнэлтүүд /1хх-82-101, 103-107/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3344 дүгээр дүгнэлт /хохирогч Л.Чойноогийн дүгнэлт, 1хх-100-101/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн тайлан, гэрэл зургууд /1хх-117-120/, техникийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 163 дугаар дүгнэлт /1хх-154/,  Согтуурал /Н.Бямбажаргал/-ыг шалгасан магадлагаа /1хх-168/, жолоочийн үнэмлэх, бичиг баримт түр хураасан тэмдэглэл /1хх-243/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-186/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-189/, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-179/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-187-191/, Цагдаагийн Ерөнхий Газрын Асап сангийн лавлагаа /1хх-183-185/, Цагдаагийн Ерөнхий Газрын жолоочийн лавлагаа /1хх-180/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-232-239/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-248-249/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Н.Бямбажаргал нь согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд “Тоёота Истима” маркийн 78-29 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээвриин хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин “Хьюндай Старекс” маркийн 25-20 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тээврийн хэрэгсэлд шууд зардал 1920000 төгрөгийн, нийт 3170000 төгрөгийн хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч Д.Баянбат, Г.Манлайбаатар, Л.Цэндсүрэн, Ч.Сэржиддаваа, Г.Номинтуяа нарын бие махбодид хөнгөн зэргийн, хохирогч Л Чойноогийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Тээврийн прокурорын газраас Н.Бямбажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Бямбажаргал нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Л.Чойноод 400000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-хх-248/, иргэний нэхэмжлэгч Д.Баянбатад 3000000 төгрөг, Л.Цэндсүрэнд 400000 төгрөг, Г.Номинтуяад 350000 төгрөг, Ч.Сэржиддаваад 350000 төгрөг тус тус төлж хохирлыг барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Г.Манлайбаатар “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан Н.Бямбажаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Н.Бямбажаргалыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Бямбажаргал урьдчилан хоригдоогүй болно.

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Н.Бямбажаргалын жолоочийн 603752 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.