Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 118/ШШ2023/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн *******

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг дарга нарын хоорондын багийн Засаг даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч ******* сумын Засаг дарга Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаДархан-Уул багийн Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Дархан-уул багийн Засаг даргаар томилохыг ******* сумын Засаг даргад даалгуулах, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойших хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэжээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч С.******* нь ******* сумын Дархан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд оролцон, багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, хуралдаанд оролцсон нийт иргэдийн олонх /53.2 хувь/-ын саналаар сонгогдсон байх ба түүнийг томилуулахаар тус иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүргүүлсэн боловч ******* сумын Засаг дарга томилох эсэх асуудлыг шийдвэрлээгүй байна.

3. Нэхэмжлэгч “Сумын Засаг дарга өнөөдрийг хүртэлх хугацаанд багийн Засаг даргаар томилох эсэх талаар ямар ч хариу өгөөгүй, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж, хариуцагч “С.******* нь багийн Засаг даргаар томилоход тавигдах шаардлагуудыг хангасан эсэх талаарх баримтуудаа өөрөө гаргаж өгөөгүй тул томилох боломжгүй” гэж тус тус маргасан.

4. Нэхэмжлэгч нь Дархан-Уул багийн Засаг даргаар томилохгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйн талаар Завхан аймгийн Засаг даргад 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хандан, 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/242 дугаар албан бичгээр хариу авснаар 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022 оны 06 сарын 17-ны өдөр ...Дархан-Уул багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцон, багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшин уг сонгуульд 92 хүн оролцсоноос 49 хүний буюу олонхын санал авч багийн Засаг даргаар томилуулахаар ...Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 06 сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор сумын Засаг даргад уламжлагдсан. Уг тогтоолыг ...хүргүүлснээс хойш сумын Засаг дарга Ч.*******тай хэд хэдэн удаа уулзахад Авлигатай тэмцэх газар луу бичиг явуулна тэрийг хүлээж бай гээд нэлээд хугацаа авсан, дараа нь Авлигатай тэмцэх газар луу намайг хянуулахаар бичиг явуулсан хариу нь ирээгүй байна гэсээр өнөөдрийг хүрсэн. Засаг даргын тамгын газрын бичиг хэрэг *******аас миний Авлигатай тэмцэх газрын хариу бичиг ирэх нь үү гэхэд ирээгүй байна гээд байхаар нь ер нь танайхаас буюу сумын Засаг даргын яриад байгаа намайг хянуулах бичиг тоот явсан уу гэхэд Засаг дарга явуулалгүй байж бай гэсэн учир явуулаагүй байгаа гэх хариуг 1 сарын 10-наар сонслоо... Ямар нэг байдлаар лавлагаа баримт нэхэмжлэгчээс нэхээгүй. Авлигатай тэмцэх газрын хариуг хүлээгээд байгаа мэтээр ойлгуулаад итгэл төрүүлээд яваад байсан байдаг. Захиргааны ерөнхий хуулиар бол сонсох ажиллагаа хийгээд баримтуудаа бүрдүүлээд тэмдэглэл үйлдээд явах ёстой байсан. Ийм ажиллагаа хийгээгүй учраас нэхэмжлэгч зөвхөн Авлигатай тэмцэх газрын албан бичиг дутуу байгаа юм байна. Тэр нь өөрөөс нь шалтгаалахгүй байгаа юм байна гэж ойлгоод яваад байсан байдаг. Мөн улс төрийн албан тушаалтны мэдүүлгийг хянуулах зохицуулалт байхгүй гэж үзэж байна... Хариуцагч ******* сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.6-т “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно... гэж заасныг зөрчиж одоог хүртэл багийн Засаг даргаар томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна...гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч захиргааны албан тушаалтны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Үндсэн хуулиар олгогдсон өөрийнхөө сонгогдох эрхийг хэрэгжүүлээд сонгогдсон учраас багийн Засаг даргын албан тушаалд томилуулах, мөн албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй холбоотойгоор цалин хөлсөө гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүрэн дэмжиж байна. Хуульд зааснаар сумын Засаг дарга нь багийн Засаг даргыг 5 хоногийн дотор томилох үүрэгтэй. Гэтэл томилохгүй эс үйлдэхүй гаргаж явсаар одоо жилийн ойн дээр ирж байна. Сонгуулийн үр дүнгээр бий болсон албан тушаалтан томилогдохгүй яваад байгаа учраас нэхэмжлэгчийн Үндсэн хууль, нэгжийн тухай хуульд заагдсан 4 жилийн хугацаанаас 1 жилийн хугацаа нь өнгөрчхөөд байна. Нэгжийн тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгууль болсноос хойш 50 хоногийн дотор Засаг даргыг томилох асуудлыг шийдэхээр заасан. Одоо 2023 он гарсан байна. 2024 оны ээлжит сонгууль явагдах гэж байна. Энд иргэдийн сонгох, сонгогдох эрх давхар яригдана. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах эрхийг баталгаатай эдэлнэ гэж 18 эрхийг заасан. Үүний нэг нь сонгох, сонгогдох эрх байгаа. Энэ эрхийн хүрээнд сонгох эрхээ багийн нийт иргэд хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч С.******* сонгогдох эрхээ хэрэгжүүлсэн байна. Ийм байдлаар төрийн сонгууль явагдаад багийн нийт иргэдийн санал нь тогтоол хэлбэрээр сумын Засаг даргад очсон байхад томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм. Шийдвэр гаргах 5 хоногийн хугацаа бол тухайн албан тушаалтны материалыг хянах хугацаа. Авлигатай тэмцэх газар руу хүсэлт явуулдагтай адил цагдаагийн байгууллага, шийдвэр гүйцэтгэх байгууллага руу албан бичиг явуулаад лавлагааг гаргуулах боломжтой. Хуульд энэ лавлагааг нэр дэвшигч өөрөө гаргаж өгөх ёстой гэсэн заалт байсан бол өөр асуудал. Нэхэмжлэгч надад хэлэхдээ сумын Засаг дарга чиний хүсэлтийг Авлигатай тэмцэх газар руу явуулсан хариу нь ирээгүй байна гэдэг шалтгаанаар томилохгүй удаад байсан. Тэгээд сүүлдээ аргаа бараад бичиг хэргээс нь хүртэл асуусан. Тэгтэл бичиг хэрэг нь Авлигатай тэмцэх газар руу хүсэлт явуулаагүй байна гэж хэлсэн. Тийм учраас намайг томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаад байгаа учраас өөрт чинь хандаж байна гэж хэлсэн. Тэгээд уг асуудлаар дээд шатны байгууллагад нь хандаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, эс үйлдэхүй нь үргэлжлээд хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулаад, 30 хоногийн дотор хариу өгөхгүй байсан учраас шүүхэд хандсан...  Хариуцагчийн зүгээс шүүхэд ирүүлсэн сүүлийн тайлбартаа Авлигатай тэмцэх газар материалыг нь хянуулахаар хүргүүлсэн, энэ явцад өргүй гэсэн тодорхойлолт, цагдаагийн байгууллагаас ялгүй гэсэн лавлагаа авчир гэж хэлсэн гэсэн байсан. Тэр талаар би нэхэмжлэгчээс тодруулахад тийм юм огт шаардаагүй, хэрвээ тийм байсан бол би тухайн үед нь өгөх байсан. Тийм зүйл хэлээгүй явсаар ийм нөхцөл байдал үүсгэсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурал дээр намайг багийн Засаг даргаар томилогдон ажиллахад шаардлага хангасан хүн гэж үзээд сонгосон, би өөрөө бас шаардлага хангасан гэж үзээд нэр дэвшсэн гэдгээ дамжуулж хэлсэн байгаа... Эцэст нь хэлэхэд сумын Засаг дарга өөрийн сумын ард иргэдийн эрх ашгийг хүндэтгэх ёстой. Сонгуулийн үр дүнгээр иргэдийн дийлэнх хэсэг нь нэхэмжлэгчийг дэмжсэн итгэл хүлээлгэн сонгосон байна. Одоо 2024 онд ээлжит сонгууль болох гэж байна. Хуульд ээлжит сонгууль болсноос хойш 20 хоногийн дотор сонгууль хийнэ гэсэн зохицуулалттай. Тэгэхээр магадгүй 2024 онд сонгууль болох гээд байна. Нэгжийн тухай хуульд заасан бүрэн эрхийн 4 жилийн хугацаа энэ хүний хувьд шүүхээр явсаар байтал ямар ч  үр дүнгүй болох гээд байна. Тийм учраас цалин хөлсний хохирлоо нэхэмжилж, энэ хэрэгт хамтад нь шийдвэрлүүлэхийг хүсэж байна... гэв.

7. Хариуцагч Ч.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.******* нь 2022 оны 06 сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* сумын Дархан-Уул багийн Засаг даргаар сонгогдсон тухай багийн Иргэдийн нийтийн хурлын 3 дугаар тогтоолыг хүлээн авч миний бие нь С.*******тэй уулзахдаа Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар бичиг явуулна гэж хэлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон зээл батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, 56.4.3-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон татварын өр төлбөргүй байх,  56.4.4-д зааснаар ялгүй байх мөн хуулийн 56.5.1-д Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь нам, эвслийн бүлэг түүнчлэн иргэдийн нийтийн хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-д заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 56.3, 56.4-д заасан шаардлага хангасан хүнийг тухайн хуралд санал болгож болно гэж заасан тул С.*******ээс энэ хуульд заасан холбогдох лавлагаа материалыг авч ирүүлэх талаар өөрт нь тайлбарлаж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хуульд заасан нотлох баримтуудыг ирүүлээгүй байна... Авлигатай тэмцэх газар руу бичиг явуулсан гэж худлаа хэлээд байна гэж байна. Би тийм зүйл ер нь яриагүй. Явуулаагүй гэдгийг нь хэлсэн. Сүүлд нь явуулсан хариу ирлээ, бичиг нь байна гэдгээ хэлсэн... Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д захиргааны ямар нэгэн шийдвэр гаргахад оролцогч талын оролцоо байх ёстой талаар заасан. Тэгэхээр иргэн хүн өөрөө энэ асуудлуудаа бүрэн дүүрэн хийх ёстой. Миний хувьд би ******* сумын Засаг дарга. Сум дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилдог. Томилохдоо энэ шаардлагыг хангасан хүнийг томилно гэж хуульд заасан. Тийм учраас би Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56.4-д зааснаас хойших заалтуудыг баримталсан. С.******* багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг өөрөө барьж орж ирсэн. Тэгэхээр нь би багийн Хурлын тогтоолыг мэдэж байгаа бичиг хэрэгт тогтоолоо өг гэж хэлсэн. Гэтэл бичиг хэрэг тухайн тогтоолыг бүртгэж аваагүй байна лээ. Нэр дэвшихээс эхлүүлээд шаардлагууд байх ёстой. Тухайн шаардлагуудыг хангаж байгаа талаар нотлох баримтуудаа бүрдүүлэх ёстой. Гэтэл үүнийгээ нэхэмжлэгч багийн Хуралд орохдоо ч бүрдүүлээгүй. Сумын Засаг дарга багийн Засаг даргаар тухайн албан тушаалын шаардлагыг хангасан хүнийг томилох ёстой байсан. Тийм учраас би шаардлага хангасан хүн томилно гэдгээ өөрт нь хэлсэн. Ийм ийм лавлагаанууд байх ёстой гэхэд С.******* надад ямар нэгэн дарчихсан өр байхгүй, хийсэн ял, хэрэг байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хийсэн хэрэг, ял байхгүй нь хамаагүй хуульд заасан холбогдох баримтуудаа бүрдүүлж өгөх ёстой гэж тайлбарлаж хэлсэн. Тэгээд дараа нь бас нэг орж ирж надтай уулзсан. Уулзахдаа бас л ялгүй энэ тэр гэж хэлсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бичиг хэргийн ажилтнаас нь асуухад байж бай гэсэн гэж ярьсан байна лээ. Тэр нь бичиг хэргийн ажилтан энэ хүний бичиг тоот юмыг яах вэ гэхээр нь би өөрөөс нь лавлагаагаа өг гэдгийг хэлсэн. Тэр лавлагаа баримт ирсний дараа Авлигатай тэмцэх газар руу бичиг нь явна. Лавлагаа баримт иртэл нь хүлээ гэж хэлсэн... С.******* өмнө нь багийн Засаг даргаар ажиллаж байсан учраас мэдэж байсан. Боломжоо өөрөө ашиглах ёстой байсан, багийн Засаг даргаар нэр дэвших шаардлагыг хангасан хүн нэр дэвшиж, томилогдох ёстой. Тэгэхээр тэр шаардлагыг хангаж байгаа эсэхийг юугаар нотолно гэхээр тухайн үед гарсан лавлагаануудаар нотолно. Захиргааны акт гаргахад оролцогчийн өөрийн оролцоо байхгүй учраас шийдвэр гаргах боломжгүй байсан. Нэхэмжлэгч өөрөө алдаа гаргаснаас асуудал үүссэн. Түүнээс надаас шалтгаалаагүй. Хүн өөрийнхөө төлөө юм ярихаас хүний төлөө амьдарч байгаа биш. С.******* өөрийнхөө асуудлыг өөрөө зохицуулах ёстой байсан. Заавал асуудлыг нэг хүн рүү чиглүүлээд байх шаардлагагүй... Иймд ******* сумын Засаг дарга миний бие С.*******ийг Дархан-Уул багийн Засаг даргаар томилох боломжгүй байгаа нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл болохгүй гэж үзэж байна... гэв.

8. Гуравдагч этгээд Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Дархан-Уул багийн Засаг даргаар түр томилогдон ажиллаж байгаа билээ... Миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй учир шүүх хуралдаанд оролцохгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.*******ийг Дархан-Уул багийн Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй нь дараах үндэслэлээр хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн багийн Засаг даргаар сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Дархан-Уул багийн Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Дархан-уул багийн Засаг даргаар томилохыг ******* сумын Засаг даргад даалгуулах шаардлагын тухайд:

2.1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.1...иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн ...56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, ...олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заажээ.

2.2 Завхан аймгийн ******* сумын Дархан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Багийн Засаг даргаар батламжлуулах тухай” 03 дугаар тогтоолоор хуралдаанд оролцсон нийт иргэдийн олонхын буюу 53.2 хувийн санал авсан С.*******ийг тус багийн Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэж, ******* сумын Засаг даргад уламжилсан нь Дархан-Уул багийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 03 дугаар тогтоолоор нотлогдож байна. /Хавтаст хэргийн 6, 34 дүгээр хуудсанд/

2.3. Нэхэмжлэгч С.******* нь Дархан-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолыг ******* сумын Засаг даргад хүлээлгэж өгсөн байх ба энэ талаар хариуцагч маргаагүй. Харин тогтоолыг хүлээлгэж өгсөн өдрийг хэргийн оролцогч нарын хэн аль нь тодорхойлж хэлж чадахгүй байх ба дээрх тогтоолыг хүлээн авч бүртгээгүй болох нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны ирсэн бичгийн бүртгэлд хийсэн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч С.*******ы мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 39, 42 дугаар хуудсанд/

2.4. Гэрч С.*******ы “С.******* 2022 оны 6 сарын 20-ны өдрөөс хойш байх сумын Засаг даргын өрөөгөөр ороод гарч ирэхдээ надад өөрийг нь Дархан-Уул багийн Засаг даргаар сонгосон тухай тогтоолыг Засаг дарга өөрт чинь үлдээ гээд өгсөн. Ганцхан тогтоол байсан, хуралдааны тэмдэглэл зэрэг өөр ямар нэгэн баримт байгаагүй. Энэ тогтоолыг бүртгэлд тусгаж аваагүй... Ямартаа ч 2022 оны 6 сарын 20-ноос хойш, 7 сар гарахаас өмнө өгсөн...” гэх мэдүүлгээс харахад Дархан-Уул багийн иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолыг нэхэмжлэгч С.******* өөрийн биеэр сумын Засаг даргад 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хүлээлгэж өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд/

2.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, ...томилно”, 56.7.Дээд шатны Засаг дарга, ...тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэж заасны дагуу сумын Засаг дарга нь багийн Засаг даргыг томилох, эсвэл томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг заавал гаргах үүрэгтэй байна.

2.6. Гэтэл хариуцагч ******* сумын Засаг дарга нь “Өөрт хамааралтай баримтуудаа гаргаж өгөөгүй” гэх үндэслэлээр С.*******ийг томилох эсэх асуудлаар шийдвэр гаргалгүй орхигдуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн буюу захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй байх тул хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ.

2.7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: 56.4.1. дээд боловсролтой /Тайлбар:-Энэ заалтыг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө/, 56.4.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; 56.4.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх” гэж заасан.

2.8. Хариуцагч ******* сумын Засаг дарга Ч.******* нь Багийн Засаг даргыг томилох эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг хуулиар хүлээснийхээ хувьд шаардлагатай гэж үзвэл С.*******ийг дээрх хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг холбогдох байгууллагаас лавлагаа, мэдээлэл гаргуулан авах зэргээр шалгаж тогтоох бүрэн боломжтой байхад эс үйлдэх үй гаргасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан төрийн байгууллагад сонгогдох талаарх нэхэмжлэгчийн эрхэд халдсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй.

2.9. Хэрэгт авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/333 дугаар, Завхан аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 39/1972 дугаар албан бичгүүдийг үндэслэн С.******* нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.2, 56.4.3, 56.4.4-д заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. /Хавтаст хэргийн 52, 54 дүгээр хуудсанд/

2.10. Завхан аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 39/1972 дугаар албан бичгээс харахад С.******* нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан байх ба тухайн үед үйлчилж байсан дээрх 2002 оны Эрүүгийн хуулийн 78.2.1-д зааснаар 2009 оны 8 сард ялгүй болсон  байх тул нэхэмжлэгч С.******* нь Дархан-Уул багийн Засаг даргад нэр дэвших үед буюу 2022 оны 06 дугаар сард Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.4-д заасан “ялгүй байх” шаардлагыг хангаж байсан байна.

2.11. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлаас журмын дагуу нэрийг нь дэвшүүлсэн С.*******ийг Дархан-Уул багийн Засаг даргаар томилохгүй байгаа ******* сумын Засаг даргын  эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

3. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойших хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх...” , Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.

 3.2.  С.*******ийг Дархан-Уул багийн Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь дээрх үндэслэлээр тогтоогдож байх тул уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид учирсан цалин хөлсний хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

3.3.  Тодруулбал, хариуцагч ******* сумын Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь маргаан бүхий албан тушаалд томилогдож чадаагүй, хэрэв хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч цалин хөлс авах боломжтой байсан тул 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг хохиролд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуулийн дээрх заалтад нийцэхээр байна.

3.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх уг шаардлага нь ажилд эгүүлэн тогтоох үйл баримттай холбоогүй, харин багийн Засаг даргад шинээр томилуулахтай холбоотой захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролтой холбоотой тул шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх, олговор ... олгоно” гэж заасан зохицуулалтыг биш, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулах тухай зохицуулалтыг хэрэглэж гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

3.5. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1-д зааснаар ажилтнууд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр байх ба хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр зохицуулсан.

3.6. Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулахаар байх ба 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийн 2 хувийг аж ахуйн нэгж, байгууллага эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр байна.

3.7. Нэхэмжлэгч С.*******ий ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд ногдох цалин хөлсний хохирлыг тухайн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас тогтоосон багийн Засаг даргын үндсэн цалингийн хэмжээг үндэслэн тооцон гаргуулж, мөн хугацаанд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу зохих дансанд төлүүлэхийг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

3.8. Дархан-уул багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хариуцагч ******* сумын Засаг дарга хэдний өдөр хүлээж авсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл тус багийн Засаг даргыг томилох асуудлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй 2022 оны 06 дугаар сарын яг хэдний өдрөөс эхэлсэн нь баримтаар нарийвчлан тогтоогдохгүй байх тул гэрч *******ы “...тогтоолыг 2022 оны 6 сарын 20-оос хойш, лав 7 сар гараагүй байхад өгсөн...” гэх мэдүүлгийг үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хариуцагчийн эс үйлдэхүй эхэлсэн өдөр гэж тооцох нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.2, 56.4.3, 56.4.4, 56.5.2, 56.5.4, 56.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С.*******ийг Дархан-Уул багийн Засаг даргаар томилохгүй байгаа Завхан аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.*******ийг Дархан-Уул багийн Засаг даргаар томилохыг Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******д 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны  хохирлыг тухайн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас тогтоон мөрдүүлж байсан багийн Засаг даргын албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг үндэслэн тооцон олгуулж, мөн хугацаанд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэхийг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ТУНГАЛАГ