Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 655

 

 

 

 

 

 

 

 

 

 Д ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00268 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.А т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 553 387 179 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн З.Бнь Д ББСБ ХХК -иас 87 000 ам.долларын зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 1 сарын 4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлсэн. З.Бнь Д ББСБ ХХК -тай байгуулсан ЗГ14/12/146 тоот зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу 87 000 ам.долларыг хүүгийн хамт 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч З.Бнь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлж байгаагүй. З.Бнь 2015 ам.долларыг тус зээлийн хүү болгон төлснөөс өөр төлөлт хийгээгүй. 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр З.Баас зээлийн гэрээний хугацаа сунгах, түүнчлэн 87 000 ам.долларын зээлийг үндсэн хүү болох 52 587 ам.долларын хамт нийт 139 587 ам.долларын зээл төлөх үүргээ хариуцагч Г.А т шилжүүлж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Д ББСБ ХХК -иас З.Бын хүсэлтийг хүлээн авч зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн ЗНГ 14/12/146 тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Хариуцагч Г.А  нь 139 587 ам.долларын зээл төлөх үүргийг шилжүүлэн авахыг зөвшөөрсөн ба “Зүүн чойр уул” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.А ийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Д ББСБ ХХК -д барьцаалуулахыг зөвшөөрсөн тул 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өр шилжүүлэх гэрээ, ЗБГ16/08/01 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Өр шилжүүлэх гэрээнд зааснаар хариуцагч Г.А  нь 139 587 ам.долларын зээлийг зээлийн гэрээнд заасан нөхцөл журмын дагуу нэмэлт гэрээнд заасан хугацаанд Д ББСБ ХХК -д бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч Г.А  нь зээлийг хугацаанд нь төлөх үүргээ огт биелүүлээгүй. Өр шилжүүлэх гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар хариуцагч Г.А т утсаар болон бичгээр удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулах ямар нэг арга хэмжээ авсангүй. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар хариуцагч нь Г.А  нь үндсэн зээлд 87 000 ам.доллар, үндсэн хүүнд 129 843 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 12 783 ам.доллар нийт 229 626 ам.доллар буюу 553 387 179 төгрөгийг Д ББСБ ХХК -д төлөхөөр болсон байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу 229 626 ам.доллар буюу 553 387 179 төгрөгийг хариуцагч Г.А ээс гаргуулж өгнө үү. Хариуцагч Г.Алганцэцэг нь өр шилжүулэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил Их Монгол улсын гудамж 118- байр 123 тоот хаягт байрлах Ү-2206046411 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 180 м.кв 4 өрөө орон сууцыг өмчлөгч “Зүүн чойр уул” ХХК-иас олгосон бүрэн эрхийн дагуу манай компанид барьцаалж ЗБГ 16/08/01 тоот барьцааны гэрээ байгуулсан байдаг. “Зүүн чойр уул” ХХК-иас хариуцагч Г.А т олгосон итгэмжлэл байх ба уг итгэмжлэлээр барьцааны зүйлийг манай компанид барьцаалах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхийг хариуцагч Г.А т олгосон тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч Г.А  зөвшөөрдөг. Өр шилжүүлэх гэрээ байгуулах үед З.Бнь 2014 оны 12 дугаар сарын 31-ний зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх зээлийн гэрээний төлбөр болох өрийг л шилжүүлэн авсанаас зээлийг цааш үргэлжлүүлэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцуулан нэмж төлөх үүрэг хүлээгээгүй. Банк, эрх бүхий этгээдийн зээлийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай буюу зээл олгох үйл ажиллагааг нарийвчилан зохицуулсан хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ” гэж заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлд зээл олгох ажиллагааг, 22 дугаар зүйлийн 22.1-д зээлдэгчийн зээлийн төлөх, зээлдүүлэгчийн зээл олгох үүргийг тусгайлан заасан ба нэхэмжпэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биш Г.А ээс шаардсан нь үндэслэлгүй тул 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн өр шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан 139 587 ам.долларыг бол төлөхийг зөвшөөрч байна. Харин Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасны дагуу бусдын өрийг шилжүүлэн авсан 139 587 ам.долларыг өр шилжүүлэн авсан өдрийн ам.долларын ханш буюу 2 131,81 төгрөгөөр тооцож 297 572 962 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 123 дугаар зүйлийн 123.6, 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.А ээс 525 084 099 төгрөг гаргуулж Д ББСБ ХХК -д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28 303 080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.А  шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол “Зүүн Чойр уул” ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046411-т бүртгэлтэй, Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол Улс гудамж 118-р байрны 123 тоотын 180 м.кв 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д ББСБ ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 995 010 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, төлбөл зохих дутуу 76 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч Г.А ээс 2 783 371 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ББСБ ХХК -д олго шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.А  давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд зээл авсан зээлдэгч биш, барьцаа хөрөнгийн эзэн ч биш, уг зээлийн гэрээний мөнгийг ч аваагүй, харин 87 000 ам.долларын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн өр шилжүүлэх гэрээнд л гарын үсэг зурж байгуулсан. Тухайн байгуулсан өр шилжүүлэх гэрээгээр миний бие хүлээн зөвшөөрсөн төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. Зээлийн гэрээний үүргийг шууд хамаатуулан тооцож, зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлэн тооцсон төлбөрийг шүүхээс гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс уг маргаан бүхий гэрээнүүдийг байгуулсан цаг хугацаа, гэрээний оролцогч нарыг үнэлж дүгнэхдээ үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Тухайн үед буюу өр шилжүүлэн авсан өдрийн ханшаар ам.доллар нь 2 131,81 төгрөг байсан учир 87 000 ам.доллар нь 297 572 962 төгрөг болно. Ханшийн өсөлт, цаг хугацаа өнгөрсөн зэргийг харгалзан үзэж 350 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 175 084 099 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д ББСБ ХХК  нь хариуцагч Г.А т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 553 387 179 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч 297 572 962 төгрөг төлөхийг зөвшөөрч, үл хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д ББСБ ХХК  нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр З.Бтай ЗГ 14/12/146 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг зээлийн гэрээгээр З.Бнь 87 000 ам.долларыг 3 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 0.8 хүүтэйгээр зээлж, гэрээний талууд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээний хугацаа 24 сар болгон өөрчилж, зээлийн нэмэлт гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээл гэрээ, зээлийн нэмэлт гэрээ, кассын зарлагын баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Г.А т шилжүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Зүүн чойр уул” ХХК, Г.А  нарын хооронд “Өр шилжүүлэх гэрээ”-г байгуулж, компанийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6, 123.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх 11-22, 23/

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Миний бие зээлдэгч биш, өр шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан 139 587 ам.доллар буюу 297 572 962 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэж тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан зохицуулалтыг зөв хэрэглэн нэхэмжлэгчийн хариуцагчаас үндсэн зээл, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг зөв тодорхойлсон байна.

 

Иймд хариуцагч Г.А ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 525 084 099 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206046411 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол Улс гудамж 118-р байрны 123 тоотын 180 м.кв 4 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, хариуцагч Г.А  холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28 303 080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.А ээс төлсөн 1 033 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН