Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/878

 

      2021           9            30                                          2021/ДШМ/878                                

 

 

     С.Над холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч С.Ариунцацрал,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн, С.Ариунцацрал нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Над холбогдох эрүүгийн 2007003450237 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ-Налайх хорооллын 7 дугаар байрны гадна хохирогч Т.Отай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаа болон хардалтын улмаас маргалдан түүний толгойн тус газарт нь гараараа цохиж газарт унахад нь цээж хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж улмаар зүүн хөлний шагай орчимд замын боржур мэт зүйл шидсэний улмаас биед зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны далд зөрүүтэй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Т.О нь өөрт учирсан дээрх гэмтлийн өвдөлтийн улмаас хэсэг хугацаанд ухаан алдаж улмаар сэргэн “миний хөл хугарсан байна, одоо намайг зодохоо боль, би гэр лүүээ орчихъё” гэхэд С.Н нь “чамайг гүйцээгээд өгье” хэмээн түүний хоолойг уяагаар чирсний улмаас хохирогч Т.Оыг дахин ухаан алдуулж амнаас нь хөөс гарч, өмдөндөө шээх зэргээр шокийн байдалд оруулж түүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

         

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: С.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.10 дахь хэсгийг тус тус баримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч С.Ныг цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Н давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би машины ард гараад хойшоо хэд хэд алхтал нэг хүнтэй мөргөлдсөн би эргэж харан “хэн бэ” гэтэл “чи хэн бэ” гээд намайг тэврээд унагачихсан би босох гэтэл дээрээс дахин дараад би “хөөе яаж байна” гээд өвдөглөөд босох гэтэл подволкноос толгой углаж татан угзарч унагаагаад дээр дал мөрлүү өшиглөөд би өвдөг тохойгоороо цементэн зам дээр унан өндийх гэтэл толгойг подволкоор углаад татаад байсан. ... Гэтэл С гэх гэрч нь Оыг би боогоод чирж байсан гэж андуурч мэдүүлэг өгсөн. ... Би дөрвөн хөллөсөн газар байж байхад С ирээд “боль” гээд эрэгтэй хүний дуу гараад Оыг араас нь татаад цааш нь чирэхэд би толгойгоороо машиныхаа арын гүпрыг хоёр удаа мөргөөд боссон. Энэ үед эхнэр энэ хоёрыг салгаад өгөөч гээд зогсож байсан. Би босоод Оын нүүрлүү нь нэг удаа гараараа цохисон чинь С намайг араас тэврээд машины урд гаргаад хөдөлгөөнгүй бариад би “тавь” гээд тонгочоод байтал хажуу хавирга руу нэг хүчтэй цохиж дахин нүүрлүү хүчтэй алгадаад тонгорч унагасан бөгөөд би бостол дахин араас тэврээд “тавь” гээд хэлтэл би “болилоо” гэсэн. ... Тэгтэл үл таних хоёр залуу ирчихсэн нэг туранхайвтар залуу Оыг бас болиулах гээд татахад “чи хэн юм” гээд бас цохиод авсан тэр залууг “муу далдганасан бацаан чамайг боль гээд байгаа юм бишүү” гээд хэд хэд цохиод тонгойход нь өшиглөөд заамдаж татаад унагаасан тэгээд гадуур хүрмээ тайлаад “чамайг боль гээд байгаа юм бишүү” гээд хэд хэд цохиод хүрмээрээ цохиж байгаа нь харагдсан. О “больёоо” гээд орилоод тийчигнээд байсан. Энэ үед үл таних залуугийн нэг нь намайг тэврээд С намайг тавиад тэр хоёр дээр очин “чи яагаад байгаа юм болиоч” гэтэл туранхай залуу нь “би энэнтэй тооцоотой ална шүү” гээд дайраад байсан. С Оыг босгоод нөгөө залууг “больцгоо” гээд зогсож байсан. (Гэтэл энэ тухайгаа мэдүүлэгтээ үнэн зөвөөр илэрхийлээгүй байсан) ... Бид өөр хоорондоо маргах ямар нэгэн шалтгаан байгаагүй. Хохирогчоос эмчилгээний зардал 8,000,000 төгрөг нэхэмжилсэн. ... Мөн Отгонбаатартай уулзахад байрны ах “арай хэтрүүлээд мэдүүлэг өгчихсөн байна лээ “гэж хэд хэдэн удаа хэлсэн. Мөн “би мэдүүлгээ өөрчилмөөр байна” гээд намайг дагуулаад мөрдөгч дээр очиж уулзсан. Прокурор дээр намайг дагуулан очиж уулзан биднийг одоо яахуу? Эвлэрсэн гэж байсан. Энэ хэргийг зогсоож өгөөч гэж гуйсан. О нь өөрөө маш их согтолт буюу тасарсан хөл дээрээ явж тогтож чадахааргүй унаж тусаад байсан. ...Мөн намайг хардсан гэх үндэслэл нь огт худал, учир нь О, манай эхнэр хоёр, хоёр биенээ анх удаа харсан огт бие биенээ танихгүй хүмүүс тэр үед манай эхнэр том гэдэстэй жирэмсэн 7 сар гарантай байсан. Би 10 настай хүү, 6 настай охин, 2 настай охин 8 сартай охин бага насны 4 хүүхэдтэй эгчийн охин нэг гээд 5 хүүхдийн хамтаар амьдардаг. Иймд намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг хохироохыг завдсан гэж хүндрүүлж үзэж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд энэ зүйл заалтыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч С.Нын өмгөөлөгч Э.Намжилцэрэн давж заалдах гомдолдоо: “... С.Нын Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан бусдыг алахыг завдсан гэх гэмт хэрэг нь хавтаст хэрэг болон шүүх хуралдаанаар судлагдсан нотлох баримт, улсын яллагчийн яллаж буй яллах дүгнэлт зэргээр хангалттай нотлогдохгүй байх ба тухайн гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад С.Ныг гэм буруутайд тооцож шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан хохирогч н.Оын /1хх-15-18, 20/, гэрч Д.Сын /1хх 22-23, 25-27, 29/, гэрч Г.Энхцэцэгийн /1хх 35/ нар хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгүүдийг өгдөг боловч, эдгээр хохирогч болон гэрч нарын мэдүүлэг мэдүүлгийнхээ эх сурвалжийг хэн нь ч зааж нотолж чадаагүй байна.

... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 629 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 46/ гарсан байдаг. Гэтэл мөрдөгч нь шинжээч эмч С.Төгсбуянгаас гаргасан дүгнэлтээс нь тэс өөр асуулт асууж “ямар тохиолдолд хүний амнаас хөөс, шээс гарах эвгүй дуу гаргах, ухаан алддаг бэ, хүний бие, сэтгэл санаа болон бие махбодийн хариу урвал үзүүлж комын байдал үүсч болдог ...” /1хх 54/ гэх шинжээчийн гаргасан дүгнэлтээс нь тэс өөрөөр мэдүүлэг аваад байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шинжээч гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар прокурор, мөрдөгчийн дуудсанаар ирж мэдүүлэг өгнө” гэснийг, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээч нь прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу ...шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийг бодит байдлыг тогтооно”, 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 84 дугаар прокурорын “ ... боржур мэт зүйлээр шидэж, ...түүний хоолойг уяагаар уяж чирсний улмаас хохирогч Т.Оыг дахин ухаан алдуулж амнаас хөөс гарч, өмдөндөө шээх зэргээр шокийн байдалд оруулж алахыг завдсан ...” гэх яллах дүгнэлт болон тус шүүхийн “... С.Ныг бусдыг алах зорилгоор бусдын хоолойноос уяагаар уяж чирсэн үйлдлийг түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл болох гэрч Д.С, үл таних 2 эрэгтэй хүн таслан зогсоож хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлснээр хохирогчийн амь нас аврагдсан ...” хэмээн шийтгэх тогтоолдоо дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 14-д “ Нотлох баримтыг шинжпэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасныг тус тус зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Яаралтай түргэн тусламжийн хуудас болон гэрч М.Нын мэдүүлэгт хохирогч Т.Оын биеийн байдлын талаар тодорхой дурдсан байдаг ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа уяа, амнаас хөөс гарч, өмдөндөө шээсэн шинж тэмдэгийн талаар огт дурдаагүй байдаг ба гэмтлийн хүндэвтэр зэрэг өөрөө амь биед аюултай шинжийг агуулдаггүй,

Тус дүүргийн шүүх өмнө нь хэргийг шүүх хуралдаанаар буцааж шийдвэрлэхдээ “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй, ... гэрчээр 2 залууг олж тогтоох, С.Нын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг хэн учруулсан ...” талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцаасан байхад С.Н нь Т.Оыг алах ямар санаа зорилго байсан, юунаас болсон зэрэг нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй, Т.О нь С.Нын гуя орчимд л гэмтэл учруулсан, ингэхдээ санаатай үйлдлээр бус биеэ хамгаалах зорилгоор учруулсан гэж Т.Оын үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна. Мөн С.Нын биед учирсан бусад хөнгөн гэмтлийг хэн учруулаад байгаа зэргийг тогтоогоогүй, 2 үл таних залууг олж тогтоолгохыг заасан боловч мөн л эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөгчийн тэмдэглэл үйлдэж хийж байгаа зэрэг нь учир дутагдалтай байна. С.Ныг Налайх дүүргийн прокурорын газраас бусдыг алахыг завдсан хэмээн ерөнхий хэм хэмжээ болон өөрийн үзэл бодлоор хэргийг зүйлчилж хэрэгт авагдаагүй эд мөрийн баримт болон бусад баримтаар бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан хэргийг зүйлчлэн ирүүлж байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг яллах талыг барьж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд С.Над холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.Нын өмгөөлөгч С.Ариунцацрал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолвол зохих байдлуудыг /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэсэн байна. Шүүгдэгч С.Нын бусдыг алах зорилгоор хохирогчийн хүзүүнээс уяагаар уяж чирсэн үйлдлийг түүний хүсэл зорилгоос үл хамаарах нөхцөл болох гэрч Д.С болон үл таних 2 эрэгтэй хүн таслан зогсоож, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлснээр хохирогчийн амь нас аврагдсан нь тогтоогдож байна гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч, хохирогч нь мэдээллийн эх сурвалжаа нотлох үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл дээрх гэрч Д.С, хохирогч Т.О нарын хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгүүд нь бүгд зөрүүтэй байдаг. Үүнд:

Хохирогч Т.Оаас уг хэрэг гарсан өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр тайлбар мэдүүлэг огт аваагүй байдаг бөгөөд хохирогч Т.О нь биеэ хянах чадваргүй, согтуу байсан, тасралтын байдалтай байсан тул эмнэлэгт байсан. Хохирогч Т.Оаас хэрэг гарснаас хойш гэрчээр буюу огт тайлбар мэдүүлэг авалгүйгээр 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шууд хохирогчоор тогтоон анхны байцаалтыг авсан байдаг. Энэ байцаалтад тэрээр “... Нын гудамжид очтол хар өнгийн Приус загварын автомашин зогсож байсан ба хажууд нь эхнэр нь гэх эмэгтэй зогсож байсан гэдэг, ... Намайг хэвтэж байх үед хоолой боогоод байх шиг байсан, юугаар боосныг мэдээгүй. Тэгэхэд ухаан хальт орж гараад байсан, ...гэхдээ хоолойноос юмаар татаад чирээд байх шиг байсан, юугаар чирсэн гэдгийг нь мэдэхгүй байсан гэх, ...би С.Ныг танихгүй, тэр өдөр л танилцсан юм гэдэг, ... ямар ч байсан нэг ухаан ороход эхнэр нь урт эрээн юм өмсчихсөн зогсоод болсон асуудлыг харж байсан. Хальт санахад хэдэн хүмүүс сүүлд ирчихсэн харж байх шиг байсан. Хэн гэдгийг нь мэдэхгүй гэж мэдүүлсэн байдаг.

Хохирогч Т.О 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...хоолойноос боосон, би дотроо бодохдоо юмаар боосон болов уу гэж бодоод байгаа, ...түргэний машин дотор сэрсэн ба манай ээж хажууд суусан явж байсан, ...би тухайн үед бомбер куртиктай байсан, дараа нь үзэхэд юмаар боосон юм болов уу гэж бодоод байгаа, яг юугаар хэрхэн яаж боосон гэдгийг нь мэдэхгүй байгаа гэдэг...” “...С.Н манай гэрт надтай уулзах гээд иртэл би байхгүй, ээж байж таарсан гэсэн. Тэгэхэд С.Н толгойгоо боосон явж байхаар нь ээж чиний толгой гэмтсэн юм уу гэж асуухад би өөрөө машиныхаа гуперыг 3 удаа мөргөсөн гэж хэлсэн байсан. ...С.Над би огт гар хүрээгүй болохоор дээрх гэмтлийг огт учруулаагүй, эхнэртэйгээ маргасан юм уу” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд хохирогч Т.О нь 2 удаагийн мэдүүлэгтээ биеэ хянах чадваргүй, согтуу байсан, мөн тухайн үеийн үйл явдлыг орон гаран санаж байсан, эмнэлэгт очихдоо түргэний машинаар ээжтэйгээ хамт очсон, С.Нын эхнэрийг анх удаа харснаа хэлдэг. Гэтэл гэрч Д.С нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн анхны мэдүүлэгтээ “...нөгөө газар уначихсан байсан залууг хажууд нь байсан залуу хоолойгоор нь уяа уячихсан, хүзүүнийх нь ард зангидчихсан, уяанаасаа чирч байсан” гэх, “...тухайн үед хоолойгоор нь уяа уячихсан, хүзүүнийх нь ард хэсэгт зангидчихсан чирч байсан...” гэх, “...анх балкон дээрээс харж байхад юм шидэх чимээ гарч байсан ба тэр залуугийн зүүн талын хөл шагайнаас доош санжигнаж байсан, нүүр нь битүү хавдчихсан, зүүн талын хавирга орчим зулгарсан, чирүүлсэн шарх харагдсан...” гэх, “...тэр залууг чирээд замын байрны уулзвараас доод уулзвар хүртэл чирсэн, тэр залууг анх харснаас хойш наад хүнээ тавь гээд байхад тавихгүй чирээд л байсан...” гэх, “...би хохирогч Т.Оыг ухаангүй, өмдөндөө шээгээд байж байхад нь ганцаараа өргөөд машиндаа суулгаад эмнэлэг дээр ирсэн юм...” гэх, гэрч Т.Сын хоёр дахь удаагаа өгсөн мэдүүлэгтээ “...тэгээд гараад очтол махлаг залуугийн хүзүүнд уяа юм уу мэдэхгүй, хүзүүнд нь нэг юм байсан, тэгээд би дотроо хоолойг нь боогоод чирч байсан юм байна гэж тухайн үедээ бодож байсан юм. Яг юугаар хоолойг нь боосон байсныг анзаараагүй, ...туранхай өндөр залууг би суган доогуур нь хавирга руу нь нэг цохиж, цочроо өгч гартай нь хамт хэвэрч авсан. Ингэхдээ цамцны ар захнаас нь татаж унагасан (С.Ныг), ...харин намайг орцноос гараад алхаад очиж байхад туранхай өндөр залуу махлаг залууг газар хэвтэж байхад нь замын боржуур юм уу, хагархай бетон юм уу жижгэвтэр юм авч шидэж махлах залуугийн өвдөгнөөс доогуур онож байгаа харагдсан ...”гэх, гурав дахь удаагаа өгсөн мэдүүлэгтээ “... Т.С анх гарч ирэхэд цайвар өнгийн улаан юм уу уяа байсан, нээх айхтар тийм нарийн байгаагүй шиг санагдаж байна, тэгээд эмнэлэг дээр очиход байхгүй байсан. Хэзээ хаана алга болсныг би мэдэхгүй байна. Хэрэв эмнэлэг хүргэх замд машинд унасан бол миний машинд үлдэх ёстой, гэтэл байхгүй байсан ...” гэсэн гэрч Т.С, хохирогч Д.О хоёрын мэдүүлгээс хэрхэн эмнэлэгт очсон, хүзүү боосон эсэх, боосон бол юугаар боосон болох нь бүгд зөрүүтэй тул шүүх дүгнэлт хийхэд эргэлзээтэй байсан. Эрдэнэчулууны гэрчээр өгсөн “... С.Н нь их тогтуун хүүхэд байгаа юм, хүн юм ярихгүй бол ярьдаггүй, төлөв хүн юм. Мөн архи уудаггүй гэж би боддог, би энд тэнд согтуу явж байхыг нь харж байгаагүй, хүнтэй маргалдаж муудалцаж байхыг нь харах нь битгий хэл, сонсож байгаагүй. Хүнтэй зодолдсон гэхээр нь их гайхаад байх юм. Мөн маш их авъяатай гоё зурдаг, теннис тоглодог юм ...” гэх, “...2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хашаан дотор явган хүний зам шавраар цутгаад хатаагүй байхад тэрийг харах сөхөөгүй С.Н, Д.О нар нилээн халамцуу байдалтай орж ирсэн. Хийж байсан хоолноос аягалж өгөөд нэг шил 0,75 граммын “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад дахиад манай хөргөгчинд байсан 0,5 граммын “Хараа” нэртэй архи гаргаж өгөхөд Д.О С.Н нар нь хоёулаа архиа ч ууж чадахгүй, рүнкээ унагаж асгаад л, хэл ам нь дальдчаад ирэхээр нь би “та хоёр харьцгаа” гэж хэлсэн. Манай эхнэр Мөнхтуул хоёуланг нь дагуулж гараад “С.Нын эхнэр Энхцэцэгт хүлээлгээд өгчихлөө” гэж хэлээд орж ирсэн...” гэх, Мөнхтуулын гэрчээр өгсөн “...С.Н, Д.О хоёр манайд их халамцуу ирсэн ба 0,75 граммын” Соёрхол” нэртэй архи уугаад 0,5 граммын “Хараа” нэртэй архи гаргаж өгөхөд ууж чадахгүй, асгаж цутгаад, тасралтын байдалтай болсон. Тэгэхээр нь би С.Нын эхнэр Энхцэцэгт нь хүргэж өгсөн ...” гэх, Батзаяагийн гэрчээр өгсөн “... 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн өглөө 11 цагаас хойш Д.Отай тэднийд том савтай үнээ уусан. 15 цагийн үед Бат-Эрдэнийд очоод ахиад том савтай үнээ уусан. Д.О бид хоёр тэднийхээс гараад С.Нынд очоод С.Ныг дуудаж гаргаж ирээд  0,75 граммын архи авахуулаад шинэ Налайхын урд тоосгоны хажууд гадаа зүлгэн дээр уусан ба архиа ууж байхдаа нилээд согтоод гэрийнхээ гадаа очсон. Д.О, С.Н хоёр үлдсэн. Д.О бид хоёр өглөөнөөс хойш пиво уусан, нилээд согтуу байсан. Д.О, С.Н хоёр нь тэр өдөр л бие биетэйгээ танилцсан, урд нь таньдаггүй, өр авлага өс хонзонгүй ...” гэх гэрчүүдийн мэдүүлгээр Д.О, С.Н нар нь бие хянах чадваргүй, согтуу байсан нь тогтоогддог.

Д.О, С.Н нар нь уг өдөр танилцсан ба яллах дүгнэлтэд дурдсанчлан С.Н нь эхнэр Энхцэцэгтэйгээ хардсан байх ямар ч үндэслэлгүй юм. Д.О, С.Нын эхнэрийг нь огт танихгүй ба эхнэр нь 8 сартай жирэмсэн, төрөх гэж байсан учир хардах ямар ч үндэслэл боломжгүй юм. Дээрх гэрчүүд нь удаа дараагийн мэдүүлэгтээ бүгд зөрүүтэй мэдүүлэг өгдөг, мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй, хэрэг хэрхэн гарсан, хэн үйлдсэн талаарх хавтаст хэрэгт хөдөлшгүй нотлох баримт байдаггүй. Таамаг төдий зүйлд тулгуурлан шүүх С.Над ял халдаасан байдаг.

Монгол Улсын Үндсэн Хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин С.Нын эхнэр гэрч Энхцэцэгийг мөрдөн байцаалтын шатанд нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж, өгөөгүйн улмаас худал мэдүүлэг өгсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байдаг. С.Нын биед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 611 дугаартай  “С.Нын биед тархи доргилт, нүүр, хүзүү, зүүн мөр, баруун бугалга, баруун зүүн тохой, баруун зүүн сарвуу, баруун зүүн өвдөг, баруун зүүн шилбэний зулгаралт, баруун гуя, баруун тавхайнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтэлд хамаарна” гэсэн дүгнэлт гарсан байна. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байдаг билээ. Гэтэл хохирогч Д.От учирсан гэмтэл нь гэмтэл мөн, С.Над учирсан гэмтэл нь гэмтэл биш мэтээр түүнийг хохирогчоор тооцоогүй. Хэнд, хэрхэн яаж зодуулж гэмтэл учирсныг тогтоогоогүй. Гэмт хэрэг гарсан байдал, холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэл, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн хүчин зүйл, хэлбэрийн шинжийг тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, хэргийн талаар нотолвол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлоогүй байхад шүүх хэргийг хүлээн авч нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Аянагүл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байдаг. Хохирогч Д.Оын хувьд “...хохирол төлбөрөө барагдуулсан. Одоо гомдол саналгүй. ...” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Анх камерын бичлэгийн сидиг мөрдөгч, шүүгдэгч С.Наас авсан байдаг. Камерын бичлэгт үзлэг хийчихээд сидиг эд мөрийн баримтаар тооцохгүйгээр хэрэгт хавсаргаж шүүх рүү шилжүүлсэн байдаг. Тухайн сидиг шүүхийн шатанд бүрэн бүтэн авсан байдаг. Шүүх хуралдааны явцад тухайн сиди гэмтсэн болох нь тогтоогдсон. Сиди бичлэгийг эд мөрийн баримтаар тооцоогүй, нэмэлт ажиллагаанууд хийгдээгүй гэх үндэслэлээр хэргийг буцаадаг. Дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тухайн сиди бичлгийг шүүгдэгч С.Наас дахин гаргуулж авч эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргаж хэргийн хамт шүүх рүү дахин явуулсан. Нэг хүнээс авсан нэг нотлох баримт байдаг. Хохирогчийн хүзүүнд боолт ором гараагүй байсан гэж давж заалдах гомдолдоо өмгөөлөгчийн зүгээс дурдсан. Хавтас хэрэгт авагдсан гэрэл зургаар хохирогч Д.Оын хүзүүнд боолт ором гарсан байдаг. Гэрч С нь хохирогч Д.Оыг Налайх дүүргийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх 103 төвд өөрийн тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн байдаг. 103 эмч анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлээд яаралтай эмнэлгийн автомашинаар эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн байдаг. Гэрч нарыг олоогүй гэх зүйл яригддаг. Гэрч нар гэж яригддаг боловч хэн ямар хүмүүс байсан нь тогтоогддоггүй. Гэмт хэрэг цаг хугацааны хувьд 2020 оны 8-р сарын 7-ноос 8-ны шилжих шөнө болсон нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч С.Нын биед учирсан гэмтлийн талаар нарийвчлан шалгаж тодруулсан. Энэ шийдвэрт хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй. Шүүгдэгч С.Нын эхнэрийн асуудал яригддаг. Энэ шийдвэрт хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй. Иймд энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Мэдүүлгийн зөрүүтэй зүйл байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдсон. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Налайх дүүргийн прокурорын газраас С.Ныг “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ-Налайх хорооллын 7 дугаар байрны гадна хохирогч Т.Отай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаа болон хардалтын улмаас маргалдан түүний толгойн тус газарт нь гараараа цохиж газарт унахад нь цээж хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж улмаар зүүн хөлний шагай орчимд замын боржур мэт зүйл шидсэний улмаас биед зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны далд зөрүүтэй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Т.О нь өөрт учирсан дээрх гэмтлийн өвдөлтийн улмаас хэсэг хугацаанд ухаан алдаж улмаар сэргэн “миний хөл хугарсан байна, одоо намайг зодохоо боль, би гэр лүүгээ орчихъё” гэхэд С.Н нь “чамайг гүйцээгээд өгье” хэмээн түүний хоолойг уяагаар чирсний улмаас хохирогч Т.Оыг дахин ухаан алдуулж амнаас нь хөөс гарч, өмдөндөө шээх зэргээр шокийн байдалд оруулж түүнийг алахыг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.6 заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл буюу нотолбол зохих байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй байхад шүүх шүүгдэгч С.Ныг хохирогч Т.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн түүнийг алахыг завдсан гэмт хэрэгт буруутган ял шийтгэсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг алахаар завдах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийг хэрэгжүүлсэн арга, шүүгдэгч болон хохирогчийн тухайн үед биеэ авч явж байсан хувийн байдал, тухайн нөхцөл байдалд хандсан хандлага зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, мөрдөн байцаалтаар яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж, бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хэрэг учрал болох үед хохирогчийн хоолойг хэн нэгэн боосон эсэх, шүүгдэгч нь ямар сэдэлт, зорилгоор хохирогчийг алахаар завдсан гэдэг нь тодорхой бус, уг үйл баримт нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэлээс зөрүүтэй нөхцөл байдалтай буюу гэмт хэргийн субьектив шинж болох гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд онцгой ач холбогдолтой нотлох баримтууд харилцан зөрүүтэй, уг зөрүүтэй байдлыг арилгаагүй байхад анхан шатны шүүх С.Ныг бусдыг алахыг завдсан гэм буруутай гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэбэл, энэ хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаартай тогтоолд заасан ажиллагаа хийгдээгүй төдийгүй хэргийн үйл баримтын талаар хохирогч Т.О, гэрч Д.С, гэрч Г.Энхцэцэг нарыг нүүрэлдүүлэн байцаах журмаар мэдүүлэг авч тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах, тухайн хэрэг учрал болох үед ирсэн гэх хоёр залууг олж тогтоон тэднийг гэрчээр асуух, яаралтай тусламжийн тасагт хохирогчид эмнэлгийн тусламж анх үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтнуудаас, хохирогчийн тухайн үед эмнэлэгт ирсэн тухайн үеийн нөхцөл, байдлыг асууж тодруулах, мөн боож алахыг завдсан гэх үйлдлийн хүрээнд боолтын ором, ул мөр, тухайн нөхцөл байдалд шоконд орсон гэсэн хохирогчийн эмнэлзүйн хэлэмж, цэгчилсэн цус харвалт гэх мэт боосон үйлдэлтэй холбоотой шинж тэмдгийг мэргэжлийн шинжээчээс тодруулах шаардлагатай байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүгдэгч С.Нын гэм бурууд дүгнэлт хийхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан …” нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэлд хамаарна.

 

Түүнчлэн, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн хуудсыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж зааснаар нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргаагүй байх бөгөөд дээрх хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд мөн эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

 

Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш хийгдсэн байхад анхан шатны шүүх харилцан зөрүүтэй мэдүүлэг, эргэлзээ бүхий баримтуудыг дахин нягтлан шалгахгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох”, “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй гэж үзнэ. 

 

Дээрх үндэслэлээр шүүгдэгч С.Н болон түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн, С.Ариунцацрал нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг дахин шалгуулахаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 131дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тус дүүргийн прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12ы өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Над холбогдох хэргийг мөн шүүхээр дамжуулан, Налайх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл С.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ