| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1832/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2833 |
| Огноо | 2025-12-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2833
2025 12 11 2025/ШЦТ/2833
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Б.Өнөбат,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ****** овогт Б-ийн Тт холбогдох эрүүгийн 2509 00000 1092 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
******* овогт Б-ийн Т /регистрийн дугаар: *********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 05 дугаар сарын 15-н.ы өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх АСС товерын гаднаас хохирогч П.Бийн эзэмшлийн Cannondale загварын 21 инчийн дугуйтай унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, авч хохирогчид бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Тыг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2509 00000 1092 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн -р хуудас/,
Гэрч Г.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дахин мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-14-р хуудас/,
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 64-65-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн 2509 00000 1092 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Өнөбат: “... Б.Т нь 2025 оны 05 дугаар сарын 15-н.ы өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх АССтоверын гаднаас хохирогч П.Бийн эзэмшлийн Cannondale загварын 21 инчийн дугуйтай унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, авч хохирогчид бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай…” дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Т гэм буруугийн талаар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 05 дугаар сарын 15-н.ы өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх АССтоверын гаднаас хохирогч П.Бийн эзэмшлийн Cannondale загварын 21 инчийн дугуйтай унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, авч хохирогчид бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний бие 2025 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ таурын урд талын хүмүүс суудаг хэсэгт бүдэг ногоон өнгийн Canon dell маркийн 29 инчийн дугуйтай дугуйны кодтой цоожоор түгжээд ажил руугаа орсон. Тэгээд нөгөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг 40 минутанд манай хамт ажилладаг Ц над руу залгаад чиний унадаг дугуй байхгүй байна гэхээр нь шууд жипэсээрээ харахад Хан-Уул дүүргийн *************** байранд зааж байхаар нь явж хайтал 27а байрны орцонд 11 давхарт өөр цоожоор цоожилсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний бие 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр оройн 23 цагийн 30 минутад найз Э, Б, Д бид 4 Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудлын урд талын нийтийн эзэмшлийн талбай дээр сандал дээр суугаад юм яриад байж байх үед Т цагаан өнгийн цахилгаан унадаг дугуй унаад ирэхээр нь бид нар гэр лүүгээ харихаар болоод Сүхбаатарын талбай чиглэлд Э, Б, Д юм яриад алхаад хажууд нь би Тын цагаан өнгийн цахилгаан дугуйг унаад явж байгаад эргээд хартал Т байхгүй байхаар нь түр зогсоод Тыг хүлээхээр болсон. Тэгээд 10 орчим минутын орчимд дараа ногоон өнгийн Canon dell гэсэн бичигтэй унадаг дугуй гэнэт унаад гараад ирсэн. Тэгээд энэ одоо хэний дугуй вэ гэхэд Т миний унадаг дугуй байгаа юм гэхээр нь би тэгвэл наадхыг чинь унаад явъя чи 2 унадаг дугуйтай юм байнашдээ гэхэд Т за тэг тэг гэхээр нь би шууд ногоон өнгийн унадаг дугуйг аваад Хан-Уул дүүргийн ******* давхарт гараад паарнаас өөрийнхөө дугуйны түгжээгээр түгжээд гэр лүүгээ орсон. Тэгээнд өнөөдөр гэнэт цагдаагийн алба хаагч нар манай гэрийн хаалгыг тогшоод энэ орцонд байгаа унадаг дугуйны эзнийг мэдэх үү гэхэд нь би байна наадах чинь манай найзын унадаг дугуй гэхэд үл таних эрэгтэй гарч ирээд миний дугуй байгаа юмаа гэсэн байдлаар хэлсэн...” гэх мэдүүлэг,
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК”-ийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан ба шүүгдэгч Б.Т нь хохирогч П.Бийн унадаг дугуйг авсан үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай.
Шүүгдэгч Б.Т нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгож, захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон, түүнчлэн түүнд үл хамаарах, эд хөрөнгийг захиран зарцуулах ямар ч эрхгүй атал хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөртөө авсан нь хохирогчийн эд хөрөнгийг шударгаар, эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор олж авсан гэж үзэхгүй юм.
Тодруулбал Б.Т нь өөрийн үйлдлийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хэрэглэх, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн хамгаалалтаас нууцаар шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.
Иймд шүүгдэгч Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эд хөрөнгөд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан ба шүүгдэгч Б.Т нь хохирогчид 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т нь хохирогчийн унадаг дугуйг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Өнөбат: “...Шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд МУИС-ийн физикийн ангийн ** дүгээр дамжаанд суралцдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлйн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх саналыг,
Шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлагын талаар “... хэлэх зүйлгүй ...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Тын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирол төлбөрийг төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд орших суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б-ийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг шүүгдэгч Б.Тт оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.Т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “орших суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР