Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/879

 

      2021           9             30                                         2021/ДШМ/879                                

 

 

     Н.Д, О.А нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай     

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, Х.Даваахүү,

иргэний хариуцагч Б.Р,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/484 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцэл, иргэний хариуцагч Б.Ргийн гаргасан давж заалдах гомдлоор тус тус Н.Д, О.А нарт холбогдох эрүүгийн 2003004730423 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

             Шүүгдэгч О.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /Жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин мотоцикл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Шангрилла Молл төвийн хойд замд “Ямаха” маркийн 32-45 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодон явахдаа мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ ...” 1.1-д “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4-т заасан “1.1-1.3, 1.15а-1.5в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно ...” гэсэн заалтыг тус тус зөрчин “үргэлжилсэн шугам /1.3 тэмдэглэл/-г давж эргэснээс Н.Дын жолоодон явсан “Тоёота Акуа” загварын 18-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явах замд аюултай байдал бий болгосон бөгөөд жолооч Н.Д нь мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ аваагүйгээс зорчих хэсгийн захад мотоциклтэй зогсож байсан М.Тг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас: О.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар, Н.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.А, Н.Д нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Ргоос 1.848.500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Тд, 1,247,500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Бд тус тус олгуулж, хохирогч М.Т нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Д нь 6 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч О.Аийн 912117 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгож, баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч Б.Р давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тус шийтгэх тогтоолын надад холбогдох шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Тоёота Алфард” загварын автомашины эзэмшигч С.Б нь 9 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн орчим “Түр ба удаан зогсохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, “Тоёота Алфард” автомашинаа 7 цагийн турш орхиод явсан байна. Зам тээврийн хэрэг нь 9 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн орчимд гарсан бөгөөд уг өдөр би гэртээ унтаж байсан. Хэргийн материалтай танилцах явцад М.Т нь “Түр ба удаан зогсохыг хориглоно“ гэсэн эрсдэлтэй бүсэд мотоцикл уначихсан зогсож байсан. Хохирогч М.Т нь бас Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. О.А нь М.Тд эмчилгээний зардал гэж мөнгө өгсөн гэж байсан. Холбогдох хүмүүст ямар нэгэн бодит нотлох баримтыг гаргаж өгөөгүй. М.Т нь “Түр зогсох хориотой, тээврийн хэрэгслийг түр ба удаан зогсохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж зогсож байсан байтал М.Тн эмчилгээний 1,848,500 төгрөгийн зардлыг надад хариуцуулж, цаашид гарах зардлыг мөн надад хариуцуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв хэрэг гарсан шөнө О.А нь мотоцикл жолоодох эрхгүй үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-т заасан заалтыг зөрчиж үргэлжилсэн шугамыг давж эргэснээс Н.Дын жолоодон явсан тээврийн хэрэгслийн явах замд аюултай байдал бий болгосон. Миний бие өөрийн “Тоёота Акуа” загварын 4,215,000 төгрөгийн эвдрэл гэмтэл, “Түр ба удаан зогсохыг хориглоно” гэсэн эрсдэлтэй бүсэд олон цагийн турш машинаа орхин Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн С.Бд 1,247,000 төгрөгийн төлбөр, “Түр ба удаан зогсохыг хориглоно” гэсэн эрсдэлтэй бүсэд мотоциклтэй зогсож байсан хохирогч М.Тн 1,848,000 төгрөгийг бүрэн хариуцах мөн цаашид үүсч болзошгүй зардлыг хариуцах хохиролд орохгүй байх байсан. Уг хэргийг гарах нөхцөлийг бий болгосон О.Аээс миний машины өр, төлбөр бусад зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянаж, надад холбогдох төлбөрөөс чөлөөлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан “Хас үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 1042 дугаартай тайлангаар Н.Дын жолоодон явсан Б.Ргийн эзэмшлийн “Тоёота Акуа” загварын 18-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,115,000 төгрөгийн шууд, нийт 4,215,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүх шийтгэх тогтоолын 4 дэх заалтад иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэн дурдахдаа, иргэний нэхэмжлэгч Б.Ргийн эзэмшлийн “Тоёота Акуа” загварын 18-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан дээрх гэм хорын хохирлыг хэн хариуцан төлөх талаар шийдвэрлэлгүй орхигдуулжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний биед энэхүү ослоос болж хүндэвтэр хохирол учирсан. Бодит баримттай зардлаар нийт 7,656,593 төгрөгийн хохирол учирсан. Эд материалын хувьд 2 мотоцикл, нэг нь 860,000 төгрөг нөгөөх нь 470,600 төгрөгийн хохирол учирсан. Эдгээр хохирол төлбөрийг өөрөө хариуцаж төлсөн. Анхан шатны шүүхээс эдгээр хохирлыг өөр өөрсдөө даана гэж хэлсэн учраас тухай шийдвэрийн дагуу төлсөн байгаа.” гэв.

 

Шүүгдэгч О.Аийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ гэмт хэргийн улмаас О.Аийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирол учирсан. Прокурорын бичсэн яллах дүгнэлт эхнээсээ хууль ёсны шаардлага хангаагүй талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлт бичиж байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг анхнаасаа яллах дүгнэлтийн хавсралтад хэнээс хэдэн төгрөгийн хохирол гаргуулах талаар тодорхойлж заагаагүй. Шүүх хуралдааны явцад прокурорын зүгээс тодорхой санал тавиагүй. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Ргоос хохирогч М.Т, иргэний нэхэмжлэгч Бы нарын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дараа нь гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасан заалтууд хамаарч байгаа. Иргэний хариуцагч Б.Р дуртай цагтаа тээврийн хэрэгслийг авч, бусдад шилжүүлдэг. Эндээс ямар үүрэг хариуцлага үүсч байгааг иргэний хариуцагч ойлгохгүй байдаг. Гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт гэм хорын хохирлоос учирч байгаа хохирлыг тодорхой заачихсан. Иргэний хариуцагч Б.Р нь “...би гэртээ унтаж байсан болохоор яагаад наад хохирлыг чинь төлөх ёстой юм бэ. ... гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгдөг. Тухайн тээврийн хэрэгслийн шүүгдэгч Н.Дт сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг. Цаашид гарах эмчилгээний зардлыг шийтгэх тогтоолыг 5 дахь заалтад тусгасан. Хохирогчийн цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Гэхдээ зөвхөн Б.Ргоор төлүүлэхээр заагаагүй байна. Мөн Б.Рг жич нэхэмжлэх эрхтэйг анхан шатны шүүхээс тодорхой зааж өгсөн.” гэв.

 

Шүүгдэгч О.Аийн өмгөөлөгч Х.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2 баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Шүүгдэгч О.А нь М.Тд 3,000,000 төгрөг төлсөн баримт байгаа. 750,000 нэмж өгсөн гэхдээ баримтаа өгөөгүй. О.Аийн унаж явсан мотоциклийн 860,000 төгрөгийн хохирлыг төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгч байна. Анхан шатны шүүхээс Б.Рд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Гэтэл шүүх хуралдаанд өөрөө ирж оролцоогүй. Шүүгдэгч Н.Дтай хамтран амьдардаг байхдаа уг тээврийн хэрэгслийг өгсөн байдаг. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг шилжүүлсэн учраас иргэний хариуцагчаар хэрэгт татагдсан байгаа. Б.Р нь гарсан хохирлоо дараа нь буруутай этгээдээс төлүүлэх эрх нь нээлттэй байгаа. Шүүгдэгч О.А тээврийн хэрэгслийн урдуур давж эргэснээ хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрийн хувьд М.Тд 3,750,000 төгрөг төлсөн. Мөн унаж явсан тээврийн хэрэгслийнхээ хохирол төлбөрийг төлж барагдуулсан. О.А тээврийн хэрэгсэлд мөргүүлснээс болж хүндэвтэр гэмтэл авсан нь хавтас хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 484 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, зам тээврийн осол гарсан мөрдөгчийн магадлагаа зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн дээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, осол гаргасан гэм буруугийн дүгнэлт, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна гэж дүгнэлээ.

 

Прокуророос шүүгдэгч О.Аийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /Жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин мотоцикл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Шангрилла Молл төвийн хойд замд “Ямаха” маркийн 32-45 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодон явахдаа мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ ...” 1.1-д “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4-т заасан “1.1-1.3, 1.15а-1.5в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно ...” гэсэн заалтыг тус тус зөрчин “үргэлжилсэн шугам /1.3 тэмдэглэл/-г давж эргэснээр Н.Дын жолоодон явсан “Тоёота Акуа” загварын 18-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явах замд аюултай байдал бий болгосон үйлдлийн улмаас шүүгдэгч Н.Дын мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ аваагүйгээс зорчих хэсгийн захад мотоциклтэй зогсож байсан М.Тг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж дүгнэн шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтаар, шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Н.Дыг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл, түүнд Н.Д гэм буруутай эсэх талаар болон осол гаргасан талаар үндэслэл муутай дүгнэлт хийж, түүнд ял халдааж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Шүүгдэгч Н.Дыг прокуророос Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн гэж ялласан бөгөөд хэргийн нөхцөл байдал, ослын шалтгаан нөхцөлийг судлахад мотоцикл жолоодох эрхгүй О.А нь эсрэг урсгалыг тусгаарласан үргэлжилсэн хос шугамыг дүрэм зөрчиж давж гэнэт эргэсний улмаас Н.Д нь О.Аийн хөдөлгөөнөөс зайлсхийж баруун гар тийшээ жолоог эргүүлснээс болж түр зогсохыг хориглосон тэмдэглэгээтэй газар зогсож байсан мотоциклтой иргэн болон Тоёота Алфард загварын 7394 УАА улсын дугаартай автомашиныг тус тус мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү осолд Н.Дын гэм буруу байхгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Ослын газрын дүрс бичлэгээс үзэхэд, Н.Дын хувьд гэнэт урсгал сөрж эргэсэн О.Аийн мотоциклын зай болон өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн хооронд зогсоох арга хэмжээ авах нөхцөл боломж байхгүй байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн талаар хууль зүйн зөв дүгнэлт хийхэд осол гарсан үндсэн шалтгааныг үндэслэлтэй зөв тогтоох шаардлага тавигддаг бөгөөд хүний субъектив хүчин зүйлийг зөв тогтоосны үндсэн дээр гэм буруугийн дүгнэлт хийгдэх ёстой.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж хуульчилсан.

 

Ялангуяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "...учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй..." гэх ойлголтын хууль зүйн хэрэглээний хувьд нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх зэрэг нөхцөлийг хамааруулан үзэхээс гадна гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол буюу гэмт хэргийн субъектив шинж болох гэмт хэрэг, хор уршигт хандсан хандлага үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгохоор байна. Гэмт хэргийн субъектив шинж нь нийгэмд аюултай хэрэг үйлдсэн гэмт хэрэгтний ухамсар, хүсэл зоригийн уялдаа холбоо, өөрөөр хэлбэл, аливаа гэмт хэргийн дотоод мөн чанарыг тусган илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэргийн шинжийг томъёолохдоо гэмт хэргийн объектив шинжид хамааруулсан бодит нөхцөл байдалд гэм буруутай этгээдийн хандсан сэтгэхүйн харьцааг гэмт хэргийн субъектив шинжийн агуулга болгон тусгасан байдаг. Гэмт хэргийг зүйлчлэх явцад нийгэмд аюултай гэмт хэргийн бодит нөхцөл байдал ба тухайн гэмт хэргийн субъектив шинж хоорондоо нийцэж, тохирохгүй байвал тухайн төрлийн гэмт хэргийн шинж байна гэж үзэж, зүйлчилж болохгүйг анхаарах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, субъект ямар нэгэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдэж буйгаа оюун ухаандаа үнэн зөв төсөөлж, түүнийгээ удирдан жолоодох чадвартай байгаа үед түүний сэтгэхүйд ёс суртахуун болон хуулиар хориглосон зүй бус зүйл хийж байна гэдгээ танин мэдсэн оюун санааны шинж бий болдог.

 

Шүүгдэгч Н.Дыг буруутгасан Замын хөдөлгөөний дүрмийн заалт нь аюул, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зогсоох арга хэмжээ авч болох нөхцөл байдалд хэрэглэх агуулга бүхий хэм хэмжээ юм.

 

Харин шүүгдэгч Н.Дын хувьд, тэрээр 03:05:03 цагт явган хүний зохицуулдаггүй гарцны баруун талд зогсож 03:05:05-03:05:12 цагийн хооронд 2 зорчигч суулгаад 03:05:18 цагт хөдөлж баруунаасаа зүүн тийшээ явсан 3 эгнээ замын 2 дугаар эгнээгээр явж байтал зүүнээсээ баруун тийшээ явсан 2 эгнээ замын 2 дугаар эгнээнээс мотоциклтой хүн урд зүг рүү буюу үргэлжилсэн цагаан шугам давж, эсрэг урсгалд 03:05:24 цагт орж түүнтэй мөргөлдсөний улмаас Н.Дын жолоодон явсан тээврийн хэрэгслийн аюулгүйн дэр гарч тэрээр үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалтайгаар О.Аийн хөдөлгөөнөөс зайлсхийж баруун гар тийшээ жолоогоо дарж 03:05:25 цагт баруунаасаа зүүн тийшээ явсан 3 эгнээ замын 1 эгнээнд зогсож байсан мотоциклийг жолоочийн хамт, 03:05:26 цагт Тоёота Алфард загварын 73-94 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байдалд хууль зүйн дүгнэлт хийдэг бөгөөд дээрх хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Н.Дын О.Аийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хөдөлгөөнөөс зайлсхийж баруун гар тийшээ жолоогоо дарж мотоциклийг жолоочийн хамт мөргөж М.Тд хүнд гэмтэл учруулсан үйлдэл болон Тоёота Алфард загварын 73-94 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн үйлдэл нь О.Аийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй үедээ О.Аийн дүрэм зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас уг зам тээврийн осол гарсан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж уг хэрэгт шүүгдэгч Н.Дын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас бусдад хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн анхан шатны шүүхийн Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Харин шүүгдэгч О.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан заалтыг зөрчин мотоцикл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Шангрилла Молл төвийн хойд замд “Ямаха” загварын 32-45 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодон явахдаа мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ ...” 1.1-д “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4-т заасан “1.1-1.3, 1.15а-1.5в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно ...” гэсэн заалтыг тус тус зөрчин “үргэлжилсэн шугам /1.3 тэмдэглэл/-г давж эргэснээр Н.Дын жолоодон явсан “Тоёота Акуа” загварын 18-03 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явах замд аюултай байдал бий болгон зорчих хэсгийн захад мотоциклтэй зогсож байсан М.Тг мөргүүлж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          хохирогч М.Тн “... би түрүүлж очоод машины зогсоол дээр утсаа оролдоод зогсож байсан. Тэгтэл миний зүүн хөл рүү машин ирж мөргөсөн. Мөргүүлээд машины хашлага руу унасан байсан. ...” /1хх 31-32/,

 

          гэрч Б.Згийн “... найз Бий хамт такси барьсан. ... арын суудалд суусан. ...суугаад удалгүй түс тас хийх чимээ гарсан. ... машин хурдтай яваагүй. ...” /1хх 65/,

 

          гэрч М.Бий “... суугаад дөнгөж хөдлөөд удаагүй байхад түс, тас хийх чимээ гарсан. Машины салхины шил хагарсан. З бид хоёрыг суугаад 100 орчим метр хүрэхгүй яваад осол болсон. ...” /1хх 66/,

 

          Н.Дын яллагдагчаар өгсөн “... хоёр хүн суулгаад явах үед зам чөлөөтэй байсан, тэгсэн зүүн гар талаас хав хар юм ороод ирсэн. Би айж сандарсандаа баруун гар тийшээ дарсан, тэгсэн дахин л бас нэг хүн ороод ирсэн, тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Тухайн үед би аюул саадыг зайлуулж баруун гар тийшээ дарсан. ... би энэ зам тээврийн осолд ямар ч буруугүй, замын хөдөлгөөний дүрээрээ явж байхад урдуур мотоцикл урсгал сөрж орж ирснээс осол гарсан. ...” /1хх 243/,

 

          О.Аийн яллагдагчаар өгсөн “... тухайн үед бороотой байсан тул нийлээн удаан явж байсан. Шангрилла зүг рүү эргээд харахад Т надаас түрүүлээд ирсэн байхыг би олж харсан. Тэгээд буцаж эргээд дэргэд нь очиж зогсъё гэж бодоод эргэн тойрноо хартал эсрэг урсгалаас ямар ч машин байгаагүй. Шангриллагийн цаана гэрлээ асаасан байсан машин зогсож байгаа буюу хоёр хүн бууж байгаа эсвэл сууж байгаа харагдсан. Тэгээд би зогсож байна гэж бодоод Тгийн зүг рүү харцаа шилжүүлээд эргэх гэж байхад баруун талаас машин орж ирж мөргөсөн. Би яаж унасан эсэхээ сайн санахгүй байна. ...” /1хх 173, 2хх 173/ гэсэн мэдүүлгүүд,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 11164 дугаартай “М.Тн биед зүүн шаант, тахилзуур ясны ил бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна.” /1хх 85-86/ гэх дүгнэлт,

 

          “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн дүгнэлтийн хариулт хэсэгт “... Тоёота Акуа загварын 18-03 УБӨ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйнуудын тормосны хүчний зөрүү зогсоолын тормос, дугуйн хээний гүний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын тохиргоо, жолооны механизм явах эд анги, дуут дохио зэрэг нь стандартын шаардлаган хангаж байна. Зүүн их гэрлийн хол, ойрын тусгалын эрчим стандартын шаардлага хангаагүй байна. Урд буфер байхгүй, төмөр бампер гулзайсан, зүүн гэрэл бүрэн хагарсан салхины шил зүүн цацарч хагарсан зэрэг гэмтэлтэй байна. Дээр дурдсан гэмтлүүд нь зам тээврийн осол хэрэг болох үед үүссэн байх боломжтой. Хяналт үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгахад шингэн дамжуулгатай ABS системтэй байх ба урд болон хойд хоёр дугуйнуудын тормосны хүчний зөрүү зогсоолын тормос хэвийн ажилагаатай байна. ...” /1хх 100-101/ гэх дүгнэлт,

 

мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 169 дугаартай “... Yamaha загварын 3245 УБ улсын дугаартай мотоциклийн жолооч О.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ... тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1. Хэвтээ тэмдэглэл 1.3 “/үргэлжилсэн хос шугам/- дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, 1.4, 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тоёота Акуа загварын 1803 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Yamaha V Max загварын 5226 УРА улсын дугаартай мотоциклийн жолооч М.Т нь Замын хөдөлгөний дүрмийн 1 дүгээр хавсралт Замын тэмдэг 2. Хориглох тэмдэг, 2.27 “Түр зогсох хориотой” тээврийн хэрэгслийг түр ба удаан зогсохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тоёота Алфард загварын 7394 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт Замын тэмдэг 2. Хориглох тэмдэг 2.27 “Түр зогсох хориотой” тээврийн хэрэгслийг түр ба удаан зогсохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...” /1хх 124-125/ гэх магадлагаа,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1042 дугаартай дүгнэлт /1хх 107-109/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээний тайлан /1хх 114-115/, “Ашид Б” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн автомашины техникийн үнэлгээний тайлан /1хх 118-119/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерт бичигдсэн ослын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 28-30/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч О.Аийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Аийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч О.Аийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

 

Харин анхан шатны шүүх түүнд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд уг заалтыг ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх тухай зохицуулалт байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Аийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшсэн нөхцөл байдлыг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлээр өршөөн хэрэгсэхгүй болгон зөвтгөж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Шүүгдэгч Н.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчийн журмаар Б.Ргоос гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/484 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

                 -Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Н.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Нямдоржийн Дыг цагаатгасугай.”,

 

                 -Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан эрүүгийн хэргийг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн заалтууд нэмсүгэй.

 

                 -Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, дахь заалтууд болон тогтоолын Н.Дд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосугай.

    

     -4 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Аээс 4,215,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Рд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Аээс 1,247,500 төгрөгийн гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Бд тус тус олгосугай.” гэж,

 

     -5 дахь заалтыг “Шүүгдэгч О.А нь хохирогч М.Тд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 3,000,000 /гурван сая/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг, хохирогч М.Т нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

          2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Б.Ргийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ