Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 656

 

 

 

 

 

 

 

 

 

С.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/00515 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н газар т холбогдох

С.Бтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18290321/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Хүрлээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр М ХХК-иас 29 606 887 төгрөгийг гаргуулж Э.Алтанхуягт олгохоор шийдвэрлэсэн. Манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж төлбөрийн чадваргүй болсон тул тухайн шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэх боломжгүй болсон байгаа хэдий ч төлбөрийг хуваарь гарган тогтмол төлсөөр ирсэн.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/16467 тоот албан мэдэгдлийн дагуу манай М ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн 26 356 887 төгрөгийн төлбөрийг хувьцаа эзэмшигч С.Б болон компанийн өмнөх хувьцаа эзэмшигч Д.Алтанцэцэг нараас гаргуулахаар шийдвэрлэсэн төдийгүй, төлбөрийг төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хуваарьт хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар шийдвэр гарсанд гомдолтой байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан боловч хэвээр үлдээн шийдсэн. Гүйцэтгэх хуудсанд заагдаагүй эрх зүйн этгээдийн хуваарьт хөрөнгөнөөс төлбөр гаргуулах шийдвэр гарсан нь тухайн харилцаанд оролцоогүй, гэрээ байгуулаагүй, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлээгүй иргэний өмчлөх эрхэд ноцтой халдсан шийдвэр болсон тул тус шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна.

Компанийн тухай хуулийн 9.5-д заасан журмыг өөрөө дур мэдэн хэрэглэж энэ компанийн хариуцлагыг хувьцаа эзэмшигчээс гаргуулж болно гэж үзэж ажиллагаа явуулсан. Монголиан стар менежмент корпорэйшн ХХК-ийн гэрчилгээ, дүрмээс харахад энэ компани нь 1 000 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, эхлэлтийн тайлан тэнцлээс харахад энэ хөрөнгийг анх хувьцаа эзэмшигч оруулсан 1 000 000 төгрөгийн хөрөнгө байдаг. 2018 онд гаргасан санхүүгийн тайлангаас харахад энэ хөрөнгө нь мөн тусдаа компанийн санхүүгийн тайлан дээр бүртгэгддэг. Хувьцаа эзэмшигч дангаараа оруулсан хөрөнгө гэж бүртгэгдсэн байдаг. Оруулсан хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс ялган зааглагдаагүй гэсэн шаардлагыг хангаагүй учраас тухайн компанийн төлбөрийг хувьцаа эзэмшигчээс гаргуулах боломжгүй. Үүнийг тогтоогоогүй байж хөрөнгө рүү нь орж данс битүүмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр М ХХК-иас 29 606 887 төгрөгийг гаргуулж Э.Алтанхуягт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 18290321 дүгээр тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлж, эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахаар холбогдох байгууллагуудад лавлагаа хүргүүлэхэд эд хөрөнгө тогтоогдоогүй.

Төлбөр төлөгч М ХХК-ийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө тогтоогдоогүй, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тус компаний 100 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б бүртгэлтэй байсан тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу түүний хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж С.Бгийн хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээд нь шийдвэр гүйцэтгэгчид өгсөн тайлбартаа "компани ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа, орлого байхгүй" гэх боловч, ямар эх үүсвэрээс хэрхэн төлбөрийг төлж байгаа нь тодорхойгүй байна, нэгэнт л төлбөрийг компанийн хөрөнгө орлогоос төлөх ёстой хэмээн үзэж байгаа бол тухайн компани үйл ажиллагаа явуулахгүй байхад төлбөрийг төлсөөр байгаа нь компанийн хөрөнгө, хувьцаа эзэмшигчийн хөрөнгө зааглагдаагүй болох нь харагдаж байна. Мөн Улсын бүртгэлийн газраас 2018 оны 8/1675 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн лавлагаагаар компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлд дурдсан гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй болно. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, захирал нар нь компанийнн орлогыг компанид биш хувьдаа ашиглаж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18290321/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч С.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч С.Б нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан С.Бтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18290321/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нэхэмжлэгчийн хувьцааг нь эзэмшдэг М ХХК-ийн хариуцлагыг нэхэмжлэгчээр хангуулах хууль бус ажиллагаа явуулж, арилжааны банкнууд дахь харилцах дансуудыг битүүмжлэн, нэхэмжлэгчийн бусад хуваарьт хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэлийг хангуулах тухай албан мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор компанийн хариуцлагыг хувьцаа эзэмшигч хүлээхгүй тухай шаардлагаа санхүүгийн тайлан, компанийн дүрэм, эхлэлтийн тайлан тэнцлээр нотолсон нь хэрэгт авагдсан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөнд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх...” гэсэн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ нь нэхэмжлэгчийн өмч, хөрөнгөө захиран зарцуулах эрхийг зөрчиж байна.

Хуулийн дээрх заалтаас харахад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгийг битүүмжлэх эрхтэй байх боловч, энэ тохиолдолд гүйцэтгэх хуудсанд заагдаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус этгээдийн хөрөнгийг битүүмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н газар т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18290321/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр хариуцагч М ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29 302 425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Алтанхуягт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 705 231 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба төлбөр төлөгч 3 250 000 төгрөгийг барагдуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт үндэслэн төлөгдөөгүй 26 356 887 төгрөгийн хэмжээнд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18290321 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/16467 тоот, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/17750 тоот мэдэгдлүүдээр төлбөр төлөгч М ХХК-д төлбөрийн үлдэгдэл болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тус газрын дансанд шилжүүлэхийг мэдэгдэж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18290321 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн банкууд дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг банкнуудад хүргүүлснээр нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь данснаас 3 250 000 төгрөгийг төлбөр авагчийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх 42-47/

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж заажээ.

Нэхэмжлэгч С.Б нь М ХХК-ийн үүсгэн байгуулагч, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдсон тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 18290321/02 дугаартай “Төлбөр төлөгчийн банкууд дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-ыг банкуудад хүргүүлж, уг тогтоолоор гүйцэтгэх захирал С.Бгийн эзэмшлийн дансыг хаах, битүүмжлэх ажиллагааг явуулан, Хаан банк ХХК болон Төрийн банк ХХК-ийн дансуудыг битүүмжилж, эдгээр данснаас ямар нэг төлбөр суутгаагүй талаарх баримтуудыг нэр бүхий банкнуудаас ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь дээрх ажиллагааны талаарх гомдлыг Н газар  болон холбогдох албанд гаргаж, Шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4/2096 тоот, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4/2600 тоот албан бичгүүдээр тус тус хариу хүргүүлсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана” гэж заасантай нийцжээ.

Иймд анхан шатны шүүх С.Бгийн эзэмшлийн дансыг хаах, битүүмжлэх ажиллагаа явуулсан нь түүний эрхийг зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Харин шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргааны эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлөх асуудлыг зохицуулсан хуулийн зохицуулалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/00515 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.1” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Бгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН