2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2622

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         11          19                                          2025/ШЦТ/2622

 

                              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч М.Ариунцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Л.Батжав,

шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р овогт Р-ийн Б-д холбогдох эрүүгийн *********  дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, ***** хотхон ***** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Э-ийн биед шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ***** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогчийн өмгөөлөгчөөс дэмжиж оролцсон болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.

 

2. Шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн**** дүгээр хороо, *******хотхон ***** тоот гэртэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Э-г бусадтай хардаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дух, хоёр нүдний доод зовхи, хоёр шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, цээж, хоёр бугалга, зүүн шуу, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Хохирогч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, ***** хаус ****тоот байшиндаа 3 зээгийн хүүхдүүдээ унтуулах гээд байж байсан. Манай нөхөр Б халамцуу согтуу гаднаас орж ирээд 2 том зээ хүүхдүүд унтахгүй байна чи очоод зохицуулаадах гэж хэлэхээр нь бид хоёр дээд давхраас доошоо буугаад унталгын өрөө рүү нь орсон чинь хоёр зээ орондоо орцон инээлдээд байж байхаар нь би миний хүүхдүүд унтаарай гэж би хэлсэн чинь Өвөө айлд пиво уусан толгой нь эргээд байна гэж зээ охин надад хэлсэн. Тэгэхээр нь би  миний хүүхдүүд одоо унтчих миний өвгөн бас тайван унтчих гэж нөхөр Б-д хандаж хэлээд дээд давхарт 10 сартай зээгээ унтуулж байсан учраас дээшээ гарах гэж байсан чинь нөхөр хаашаа зугтах гээд байгаа юм гээд миний гэдэс рүү өшиглөөд багалзуурдаж авахаар нь би бултсан чинь миний баруун хацар луу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд хүүхдүүд айлаа гэж хэлээд дээшээ гараад зээ хүүгээ унтуулж байхад араас орж ирээд чихэнд чамайг байхгүй болгон гээд заналхийлээд байхаар нь хүүгээ орон дээр тавиад эргээд хартал миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон...Тэгээд би том зээ Т-ийг туслаарай цагдаа дуудаарай гэж хэлэхэд Б цагдаа хэрэггүй, цагдаагаа боль гээд өрөөнөөс гараад явахаар нь би ванны өрөөндөө ороод хаалгаа түгжиж байгаад охин Б-тэй ярьж аав нь согтуу ирээд агсан тавиад байна, намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй 30 минутын дараа охин,хүргэн бүгд ирсэн...Тухайн үед нөхөртөө зодуулсны дараа  толгой өвдөөд тархи хөдөлж, бөөлжиж, зүрх дэлсэж даралт ихсэж, нүд, хоёр шанаа хөхрөөд хавдсан. Нүд хавдсан учраас бүрэлзээд,гарын булчин, эгэм хэсгүүдэд хөхөрч, бяцарсан, нуруу, гарын шуу хэсэгт хөхөрсөн байсан. Бид хоёр 30 жил хамт амьдарч байна. Гэр бүлийн баталгаа байгаа. Дундаасаа 3 хүүхэдтэй...Миний хийсэн зүйлийг гоочилж, уурлаад аяга халбага албаар авч шидэж хагалдаг...Өмнө нь намайг алах гэж удаа дараа завдаж байсан ч би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй....Энэ үйлдлээс болж миний өндөр настай аав, ээж, үр хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй, маш их айдастай байгаа болохоор маш их гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх 21-24/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ***** дугаартай: "...А.Э-ийн биед дух, хоёр нүдний доод зовхи, хоёр шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, цээж, хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх 36-37/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 29-ний сэтгэцэд учирсан хор өдрийн шинжээчийн****** дугаартай А.Э-ийн “...сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна..." гэх дүгнэлт /хх 54-56/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу хэвлий хэсэг рүү өшиглөсөн, хоолойг нь багалзуурдсан, нүүр хэсэгт цохисон зэрэг олон удаагийн үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Р.Б нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ. 

 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Р.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч А.Э нь хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ********** дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээч нарын шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан гэж дүгнэжээ.

 Шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгөөр тооцож олгох нь зүйтэй гэж үзэн хохирогч А.Э-д 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6.336.000 төгрөгийг нөхөн олгуулах зүйтэй гэж үзлээ.

Дээрх хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ хохирогч А.Э-ийн сэтгэцэд учирсан гэмтлийн байдал, эдгэрэлт, тухайн гэмтлээс болж хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэргийг тус тус харгалзаж үзсэн болно.

Хохирогч А.Э нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Э нь 173.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан, дээрх төлбөрийг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Р.Б-оос 173.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжав шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул тусгайлан гаргах саналгүй байна. Хохирол дээр тусгайлан гаргах саналгүй. Хуульд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байж болно. Гэхдээ энэ зүйл заалтын хувьд гурван төрлийн ялын санкцтай.  Миний ойлгож байгаагаар эрүүгийн эрх зүйд торгох нь хамгийн хөнгөн нийтэд тустай ажил хийлгэх ял ариа хүнд, зорчих эрхийг хязгаарлах ял нь хүний заяамал эрхтэй холбоотойгоор хамгийн хэцүү ял тэгтэл улсын яллагчийн зүгээс гурван ялын хамгийн хөнгөн ялыг санал болгож байна. Эрүүгийн хариуцлага нь нийгэмшүүлэхээс гадна цээрлүүлэхэд оршдог. Тэгтэл тэрбумтан компаний захирал хүнийг 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага зорилгод нийцэх юм уу. Шүүгдэгч өөрөө  хэлж байна. Би өөрөө өөртөө ял авч байж гэм буруугаа засах төрийн шийтгэл хэрэгтэй байна. Шүүгдэгч өөрөө нийтэд тустай ажил хийлгэх ял эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял авч байж би ухамсарлана гэж хэлж байхад улсын яллагчийн зүгээс торгоно гэж байгаа нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлд нийцэхгүй байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн хувьд 60 настай тул торгууль ял оногдуулъя гээд 60 настай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болохгүй гэсэн хууль байхгүй. Торгох ял нь тохирохгүй байна. Шалтгаан нөхцлийн хувьд энэ хүн эрүүлдээ хүүгийнхээ хурууг хугалдаг, охиныхоо хамрыг хугалдаг. Эхнэртээ гар хүрдэг. Энэ хүнд нийтэд тустай ажил хийж байж нийгэмшиж хүмүүжнэ. Энэ гэмт хэрэг дахиад гарахгүй байхаас урьдчилсан сэргийлэх болно. Энэ үйлдлийн улмаас нь болж эхнэр нь гадаад гарч зугтаж явсан. Иймд торгуулийн ялаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан.

Шүүгдэгч Р.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Р.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдлийн шинж, хохирогчид олон тооны гэмтэл шарх учирсан, үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага, 58 настай гэх хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод нийцүүлэн түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдлийн шинж, хор уршгийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Р овогт Р-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ийг 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            4.Шүүгдэгч Р.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Б-оос 6.336.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Э-д олгож, 173.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар /РД:********/-т тус тус олгосугай.

            6. Хохирогч А.Э нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Шүүгдэгч Р.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЧАНЦАЛНЯМ