Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энхтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Б.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Шинэбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010265 дугаар хэргийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 7-7 тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 281 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 09 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Харчин овогт Баярсайханы Шинэбаяр, /РД:УШ91052371/.

Яллагдагч Б.Шинэбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси бааранд иргэн Ө.Мягмарнаранг зодож, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээр маргах зүйлгүй. Хийсэн буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна” гэв.

Эрүүгийн 201626010265  дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ө.Мягмарнарангийн: “2016 оны 1 дүгээр сарын 09-ний орой ...23 цагийн үед зүс таних Эрка гэх залуу нэг найзынхаа хамт хүрээд ирсэн. Тэгээд Эрка “хэдүүлээ ганц пиво босгож уух уу” гэхээр нь “тэгье” гэхэд Эрка “тэгвэл мөнгөө өгчих, бааран дотор бид 2 ууж байсан жоохон архи байгаа, тийшээ ороод юм ярингаа уучихая” гэхээр нь би Эркад 3500 төгрөг өгөөд Эркагийн сууж байсан “Галакси” бааранд орсон. ...Эркагийн найз залуутай нь юм яриад ширээн дээрээ сууж байтал Ганзориг, Эрка 2 гэнэт зодолдсон. Би тэр хоёрыг салгах гээд байж байтал Эркагийн найз залуу нь миний араас хавсарч унагаагаад босох гэтэл нүүр рүү нэг удаа өшиглөчихсөн. Би тэр хоёрт гар хүрч зодсон, цохисон зүйл байхгүй.

...Миний биед учирсан хамар ясны хугарал, баруун зүүн нүдний ухархайн хананы хугарал гэмтлийг Эрка буюу Рэнчинхандын найз Шинэбаяр учруулсан.

...Шинэбаяр хүрч ирээд намайг эргээд харахад гараараа шууд нүүрэнд цохисон. Би “яая” гээд тонгойсон чинь нүүрэнд нэг удаа өшиглөсөн. Яаралтай хагалгаанд ор гэсэн боловч би мөнгөгүй учир одоо хүртэл орж чадаагүй, хагалгаанд ороход 1600000 төгрөг гэсэн, эмчилгээ хийлгээгүй учир надад баримт байхгүй, хагалгаанд л оруулаад өгвөл надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-13, 14, 90/,

Гэрч Л.Рэнчэнхандын: “Манай найз нөхөд болон намайг танидаг хүмүүс Эрка гэж дууддаг. 2016 оны 01 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед би Баянхошуунд найзындаа байж байтал манай танил Шинэбаяр над руу утсаар залгаад ажил дээр ороод ирээч гэсэн юм. ...Дэлгүүрт орсон чинь Мягмарнаран, Ганзориг 2 том пиво уучихсан зогсож байсан. ...Бааранд Ганзориг бид 2 муудалцаад зогсож байтал Мягмарнаран согтчихсон хажуугаар орж ирээд Ганзоригийг өмөөрөөд надтай зууралдаад байсан. Хажуунаас Шинэбаяр орж ирээд “та нар одоо ингэх болоогүй шүү” гээд Мягмарнарантай хэрэлдэж маргалдаад барьцалдаад авсан. Тэгээд нэг харсан чинь Мягмарнаран газар уначихсан байсан. Босож ирээд хамраа бариад Ганзоригийн хамт гараад явсан. ...Би Ганзоригтой барьцалдсан байсан болохоор Мягмарнаран, Шинэбаяр хоёр хэрхэн зодолдсоныг хараагүй, нэг харахад Мягмарнаран хамраа барьчихсан босоод ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.01.25-ны өдрийн 1663 дугаар актын дүгнэлтэд: “1. Ө.Мягмарнарангийн биед хамрын ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-23/,

Шүүгдэгч Б.Шинэбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Тухайн үед би “Галакси” бааранд дижи хийдэг байсан. ...Би босоод харсан чинь Эрка Мягмарнарангийн найзтай зодолдож байсан. Тэр залуу Эркаг тонгойлгочихсон цохиж байсан. Би очоод салгасан чинь нөгөө найз нь Эрка уруу дайраад байсан. Тэр найзыг нь салгахаар Мягмарнаран очоод зууралдаад байсан. ...Мягмарнаран намайг багцаагаар 2-3 удаа толгой уруу цохиж авахаар нь би буцаагаад Мягмарнаранг 2-3 удаа цохиж авахад унасан. ...Намайг салгаад гаргасанд л уурласан байх. Өөр уурлах зүйл байгаагүй. Өшиглөсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-102-104, 105-106/,   

шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27, 108/, өргөдөл /хх-05/, гэрч А.Сүрэнгийн мэдүүлэг /хх-93/, ялтны зан байдлын тодорхойлолт /хх-119/, шүүгдэгчийн суурь боловсролын гэрчилгээ, хувийн хэргийн хуулбар /хх-127-134/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-135/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Б.Шинэбаярын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн болно.     

Шүүгдэгч Б.Шинэбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси” бааранд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ө.Мягмарнаранг зодож, хамрын ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Шинэбаярт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Мягмарнарангийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хагалгааны зардалд 1600000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч хохирол, хор уршгийг хэрхэн яаж арилгасан, арилгах талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд хохирогч Ө.Мягмарнаран гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.  

Шүүгдэгч Б.Шинэбаярын 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл урьдчилан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Шинэбаярын урьдчилан хоригдсон 70 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 560 цагийн ажлыг ял эдэлсэнд тооцон хасч, түүний биечлэн эдлэх ялыг 140 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаагаар тогтоов.