Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0501

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Д.А*******,

Хариуцагч: ын улсын ахлах байцаагч П.Н*******, улсын байцаагч Э.Э*******,

Маргааны төрөл: Д.А*******ын гаргасан зөрчилд ын улсын ахлах байцаагч П.Н*******, улсын байцаагч Э.Э******* нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005 дугаар шийтгэлийн хуудсыг оногдуулсан нь хуульд нийцсэн эсэх зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Д.А*******, түүний өмгөөлөгч Г.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******, С.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Д.А*******аас  ын улсын ахлах байцаагч П.Н*******, улсын байцаагч Э.Э******* нарт холбогдуулан ын улсын ахлах байцаагч П.Н*******, улсын байцаагч Э.Э******* нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

          2.Хариуцагч нар нь гомдол гаргагчийг 00 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ачаа тээвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хууль бус орлого 23,000,000 төгрөгийг хурааж, 2000 нэгж буй 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3.Гомдол гаргагчийн  шүүхэд гаргасан гомдлын үндэслэл:

1/Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо  /нарийн ногоо/, жимс жимсгэнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20.000.000-30.000.000 төгрөгөөр тээвэрлэсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар шийтгэлийн хуудас оногдуулсан.

2/Улмаар хариуцагч улсын байцаагч нар нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005 дугаартай шийтгэлийн хуудсаар 00- СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд холбогдуулан жолооч Д.А*******ыг зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар хууль бус орлого 23.000.000 төгрөгийг хурааж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.

3/Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй 2021 оны 03 сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөн хаасан. ... улс хоорондын ачаа тээвэр гүйцэтгэж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөргөдөл үүсэж, үнийн хөөргөдлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнэ өсөж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон эсэхэд гэсэн үндэслэлээр зөрчлийг хэрэг нээсэн байх бөгөөд энэ хэрэг материалд гол нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл ньӨрсөлдөөний тухай хууль зөрчих”. 4 дэх хэсэг. Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг гэжээ. Энэхүү хуулийн заалт нь аж ахуйн нэгжид хамааралтай байна.

Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.“Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно”, 12.1.10.“Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироосон худалдааны арга” гэжээ. Гэтэл жолооч нар нь Аж ахуй эрхлэгч мөн үү. Мөн зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн ...” гэжээ. Мөн энэ хууль нь аж ахуй эрхлэгчид хамааралтай байна.

4/Д.А******* нь 00- СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр хийж байсан бөгөөд Замын-Үүд боомтоор 2021 оны 4 сарын 12-ны өдөр тээвэр хийж 23.000.000 төгрөг иргэн Батчулуун, С нараас шилжиж ирсэн байдаг. Иймд Д.А******* нь хувь хүнээс ачааны /тээврийн зардлыг шилжүүлж авсан байх бөгөөд иргэд хооронд ачаа бараа тээвэрлэхээр харилцан тохиролцож хэлцэл хийж, хэлцлийн үндсэн дээр тээврийн хөлсийг тохиролцож дансаар шилжүүлэн авч ажил гүйцэтгэсэн байдаг. Энэ нь Иргэний эрх зүй иргэд хоорондын харилцаа үүссэн байхад Зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

Д.А******* нь Шударга өрсөлдөөний газрын шалгалт орохоос өмнө буюу 1-нд тээвэр хийснийг шалгалтаар илрүүлсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд шалгалт 2021 оны 04 сарын 14-ний өдрөөс 5 сарын 6-ны өдрийн  хооронд хийгдсэн байдаг.

5/Мөн тухайн тээврийн хэрэгслээр ямар тээвэр хийснийг шалган тогтоогоогүй жолооч нарын дансанд мөнгө шилжсэн байна гэдгээр арга хэмжээ авсан нь хууль бус Эрээн хотоос 1 тн ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнийг хэдэн төгрөгөөр тээвэрлэдэг болох үнийн тарифыг нарийвчлан тогтоогоогүй хэдэн төгрөгөөр ачдаг зэх зээлийн судалгаа хийж тээврийн зардлыг хэн өсгөсөн болох талаар шалган тогтоогоогүй. Мөн тээврийн зардал өссөнөөр монголын зах зээл Улаанбаатар хотод аль эсвэл аймаг суманд нарийн ногооны хангалт муудаж үнэ өссөн тухай баримт хэрэгт авагдаагүй шалгаагүй. Мөн үнэ өссөнөөс болж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх аудитын дүгнэлт аль эсвэл иргэдээс гомдол санал ирсэн талаар баримт байхгүй.

6/Жолооч нар нь тээврийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэмж тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд нэгэнт авто машиныг Хятадын хил рүү оруулахгүй цөөхөн тооны тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд хүнсний ногоо нь амархан мууддаг тул ногоо болон ачааны эзэд нь өөрсдөө үнээ хэлж бараагаа ачуулж тээврийн хэрэгслийн дугаарыг өгч ачуулдаг тул харилцан тохиролцож үнийг тогтоосон. Мөн тээврийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл улс хоорондын тээвэр хийж байгаа зэрэг онцгой нөхцөл шалтгаантай. Мөн 1 машин нь хэдэн тонн ачаа тээвэрлэсэн тэр ачаа нь зах зээлийн ханшаар тээврийн зардал нь хэдэн төгрөг болсон, үнээс үнэ өсгөж тээвэрлэсэн нь хэдэн төгрөг болох түүний хууль бусаар олсон ашиг нь хэдэн төгрөг болов гэдгийг шалган тогтоогоогүй ачааны зардалд шилжүүлсэн бүх мөнгийг хууль бусаар олсон орлого гэж улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 сарын 29-ны өдрийн 09 дугаар “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулга”-т Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсаас хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоонд хязгаар тавьж, өдөрт нэг талдаа 100 тээврийн хэрэгсэл буюу энгийн үетэй харьцуулахад 2-3 дахин бага тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд

 Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл олон улсын тээвэр гүйцэтгэхэд Шаргын-овооноос Замын-Үүд, Замын-Үүдээс хилийн О цэг, Хилийн 0 цэгээс гаалийн хашаа, Гаалийн хашаанаас Эрээн хот хүртэл гэх 4 шат дамжлагыг дамждаг.

Хилээр нэвтрэх дараалал, тээвэр гүйцэтгэх олон шат дамжлага зэргээс шалтгаалан нэг тээврийг дунжаар 22-23 хоногт гүйцэтгэдэг.

Тээврийн үнэ хөлсний хувьд Шаргын-овоонд 15 хоног тусгаарлалтад байрлах байр, хоолны зардал, Хилийн О цэгээс машин хүлээн авч буй жолоочийн хөлс гэх мэт зардлууд нэмэгдэж тээвэр гүйцэтгэхэд нийт 2.900.000 төгрөг зарцуулж байна.

Хятад талын зуучлагч нар өндөр үнэ хэлж автомашин олдог, энгийн үетэй харьцуулахад 3-5 дахин бага нэг жолооч сард нэг удаа тээвэр гүйцэтгэж байгаа, тээврийн хэрэгсэл олон жолоочийн гар дамжиж буй учир эвдрэл гэмтэл их гардаг бөгөөд засварын зардлыг 100% жолооч хариуцдаг зэрэг шалтгааны улмаас тээврийн үнэ нэмэгдсэн байна гэж Зөрчлийн хэрэгт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулгадаа дээрх 4 үндэслэлээр тээврийн үнэ өссөн талаар тогтоосон дүгнэлт гаргасан байна” гэжээ.

Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн цар тахлын үед жолооч нарыг үнэ хөөрөгдсөн гэж буруутгаж байгаад санал нэгдэхгүй байна. Яагаад гэвэл цар тахлаас шалтгаалаад манай улс гэлтгүй дэлхийн улс орон даяар бүх юмны үнэ өсөж байсан. Гэтэл Шударга өрсөлдөөний газраас жолооч нарыг үнэ хөөрөгдсөн гэж үзээд байгааг ойлгохгүй байгаа юм. Улаанбаатар хотоос гараад сар гаруй очер дараалалтай байхад ачаа барааны эзэд бидний утсыг хаанаас олдог байсныг мэдэхгүй, маргааш машинд чинь ийм бараа ачъя гээд үнийн санал тавьдаг байсан. Би машинаа худалдаж аваад удаагүй байсан. Ногоо 23 саяар ачъя гэхэд нь би тэгье гэсэн. Ачихаас өмнө 03.12-ны өдөр хилээр орж байхад орох өдөр нь урьдчилж тээврийн хэрэгслийг шилжүүлж байсан. Хэзээ ч урьд нь урьдчилж шилжүүлэх тохиолдол байдаггүй байсан юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар яагаад хүнсний ногооны 10 машиныг онцолж торгож байгаа вэ. Магадгүй тэр өдөр би тахиа ачсан байсан бол өнөөдөр энд зогсож байхгүй байх байсан байх. Барилгын материал, карго зэрэг машинуудыг шалгаагүй. Хил гаалиар орж байгаа 7000 гаруй машинаас зөвхөн аравхан ногоо ачиж байсан машиныг онцолж аваад шийтгэл оногдуулсан. Үнэхээр 7000 машинд шийтгэл оногдуулсан бол надад гомдох зүйл алга. Асар их мөнгө байгаа юм. Жолоочийн эрсдэлийн хариуцлага байгаа юм. Улаанбаатар хотоос гараад Замын-Үүд дээр шороон дээр 7 хононо. Хятад ороод зарим тохиолдолд өөрсдийнхөө барааг ачих гэтэл өөрсдийнхөө барааг ч ачилгүй шал өөр бараа ачаад явах тохиолдол байдаг. Шударга өрсөлдөөнөөс яагаад аравхан машин онцолсныг гайхаад байна.  Би тухайн үед хамгийн бага үнийн дүнтэй тээвэрлэсэн гэж бодож байгаа. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хилээр маргааш 70-80 машин авна гээд гэнэт мэдээлдэг. Орох гэж байгаа 70-80 машин дотор нь нүүрсний машин байдаг. Зарим өдрөө хөргөгчтэй тээвэр хийдэг машин 20 орж болно, эсхүл 2 орж болдог. Олон машин орохоор үнээ доош болгоод, 2 машин орохоор үнээ дээшлүүлээд өрсөлдүүлээд байсан юм. Бидний зүгээс үнийн асуудал байгаагүй. Бид нарыг тээвэрлэж байхад махтайгаа очсон машин шатсан. Тэр залуу өнөөдөр хохироод явсан. Жолооч хүний тархинд 20 сая төгрөгөөр тээвэр хийх гэж байдаггүй. Наймаачид бүх бараагаа өөрсдөө өсгөсөн юм. Үүний дундаас Хятадууд л хожсон. Өөр ашиг олоод байсан зүйл байхгүй байсан” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““С” компани нь 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсанаар мөнгө шилжүүлсэн баримтаа гаргаж өгсөн байна. Энэ компани нь Д.А*******тай Авто тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.1-т “Зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ хөлсний хэмжээг оролцогч талуудын тохиролцож байгуулсан гэрээгээр тогтооно.” гэж заасны дагуу тохиролцсон. Ковидын нөхцөл байдлын хувьд 23, 25 сая Д.А******* гэдэг хүн яриад байгаа гэдгийг жолооч нар өөрсдөө өсгөх ямар ч боломж байхгүй.  Аль нэг талууд ногооны худалдаачнаас үнийн санал өгсний дагуу хүлээж аваад, тэрний дагуу үнээ тохироод тээвэрлэлт хийж байгаа нөхцөл байдал байгаа. Тээвэрлэлтийн мөнгө төлж байгаад гомдол санал гаргаагүй. Тээврийн бараа бүтээгдэхүүнийг бүрэн хүлээлгээд өгсөн. Хувийн эрх зүй юу, нийтийн эрх зүй юу гэдгээ ялгаж салгаж харах хэрэгтэй байх. Өмгөөлөгчийн харж байгаагаар хувийн эрх зүй рүү чиглэсэн асуудал байгаад байна. Жирийн үед 23 сая төгрөгөөр байнга тохиролцоод байгаа асуудал бол биш. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай эрэлт бий болсон үед ийм үнийн дүнтэй гарч ирж байгаа юм. Гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт судлагдлаа. Хавтаст хэргийн 48, 51 дүгээр талд авагдсан баримтад гэрчүүдийн мэдүүлэгт үнэ хэлбэлзээд 5 сая, 8 сая, 12 сая, 18 сая, 20-30 сая гэж хэлсэн байдаг. Зах зээлээ дагаад үнэ өөрөө дээшээ доошоо болоод байгаа асуудал байгаа юм. Энэ хүмүүс би өнөөдөр 20 сая төгрөгөөр ачна гээд яриад сууж байгаа асуудал нэг ч байхгүй. Давуу байдлыг энэ хүмүүс бий болгоогүй. 11 машин гарах гээд хил дээр зогсож байгаа үйл баримт байна. Ямар 11 машин гарах гэж байгаа вэ гэдгийг ногоогоо ачуулах гэж байгаа хүмүүс нь харсан. Машин нь цаашаа орохоос өмнө мөнгөө шилжүүлээд байгаа юм. Үнэхээр энэ машин нь эрэлт хэрэгцээ нь байгаа учраас өөрсдөө үнэ хэлсэн. Свийт фүүд компанийн гүйцэтгэх захирал гэдэг хүнтэй утсаар ярьсан. Энэ хүн  хэлэхдээ би тухайн үедээ 28 саяар үнийн санал өгч байсан. Би машин орох орохгүйг хэлж мэдэхгүй байна гэдгээ Д.А******* хэлж байгаад одоо орох боллоо гээд 23 сая төгрөгийг Д.А*******ын зөвшөөрлийг авахгүйгээр шууд данс руу нь шилжүүлсэн байгаа юм. Энэ машин нь орохоор мөнгийг нь авсан хүн ачиж ирэхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болсон. Бид нар энэ нөхцөл байдлыг тодруулаад та шүүх дээр ирээд тайлбар мэдүүлэг өгөөч гэхээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бид нарыг бас давхар шалгасан. Бид нар энэ дээр тайлбар мэдүүлэг өгөх боломжгүй байна гэдэг байдлаар ийм зүйл яриад бид нар хурал дээр дагуулж ирж чадаагүй юм. Талууд хүсэл зоригоо илэрхийлээд нэг нь мөнгө төлөөд шилжүүлсэн байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дундуур нь орж ирээд үнийг хэт өсгөсөн гэдэг зүйл яриад байгаа нь үндэслэлгүй байгаад байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт гарч байгаа бол энэ захиргааны акт нь хуульд нийцсэн, зорилгодоо нийцсэн байх ёстой.

Удирдамжийнх нь зорилго нь тээвэрлэлтэд хяналт шалгалт хийсэн гэж тодорхойлоод байгаа юм. Тээвэрлэлтэд хяналт шалгалт хийхдээ яг ямар машин, ямар ногоо нь нарийн ногоо юм, хэн нь үнийг өсгөсөн гэдэг нөхцөл байдлаа судалж тогтоогоогүй байж, шууд Д.А******* гэх этгээдэд ийм байдлаар үнийг өсгөсөн, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Захиргааны байгууллага нь өөрөө үйл баримтаа тогтоох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй байж, бусдыг шууд байдлаар хохирол үүсгэсэн гэдэг байдлаар шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Үнэхээр ийм нөхцөл байдалд 3.5 сая, эсхүл 5 сая хүртэлх зардал бол гарч байгаа. Яагаад гэвэл энэ хүмүүс 1 сар машинаа очер дараалалд оруулж зогсож байгаа. Хил рүү машинаа оруулж байгаа. Хил дээр тусгай хамгаалалтын бүсэд байгаа 50 жолоочид мөнгө төлж машинаа Эрээн хот руу оруулж байгаа. Гэх мэтчилэн энэ тээврийн хэрэгслийг оруулж байгаа жолооч нарт өөрсдийн гэсэн зардал гарч байгаа юм. Хэрвээ 2.2 сая төгрөгөөр тээврээ хийсэн ч ийм нөхцөл байдал байх боломжгүй. Эрэлт нь бий болсон. Нарийн ногооны эрэлт бий болсон байсан учраас мөн цар тахлын нөхцөл байдал байгаад байсан учраас энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шүүх шийдвэр гаргах байх гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  гаргасан татгалзал түүний үндэслэл:

1/Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 1/23 дугаартай удирдамжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд Хилийн замын үүд боомтын улс хоорондын тээврийн үйл хяналт шалгалт хийж, Хяналт шалгалтаар тогтоогдсон “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас /Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй/ 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөнийг хааж, 4 дүгээр сарын 07-ны өдрөөс БНХАУ-ын талаас Монгол Улсаас өдөрт 20 тээврийн хэрэгсэл, 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгсэл, 4 дүгээр 15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгааг улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөргөдөл үүсгэсэн” гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд нэмэлт нотлох баримт бүрдүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байсан тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2102000108 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

2/Д.А******* нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7- т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох нь эрүүгийн хариуцлага худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж

заасныг зөрчсөн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон тул хууль бусаар олсон орлого болох 23,000,000 төгрөгийг хурааж, хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ын даргын 1/22 дугаартай удирдамжийн дагуу 2021.04.12-2021.05.06-ны өдөр хилийн Замын-Үүд боомтын тээврийн хөдөлгөөнд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар тогтоогдсон БНХАУ-ын талаас Монгол Улсын авто тээврийг нэвтрүүлэхгүй байсан. 2021.03.20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөний хааж, 2021.04.07-ны өдрөөс БНХАУ-ын талаас Монгол Улсад өдөрт 20 тээврийн хэрэгсэл, 2021.04.10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгсэл, 2021.04.15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч, хувь жолооч нарыг буруугаар ашиглаж, бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөргөдөл үүсгэсэн зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлж, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгоод 2021.05.07-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь 2021.04.15-ны өдөр тээвэр хийсэн, тухайн өдөр хилээр гарч ирсэн 04СЭУ, улсын дугаартай авто машины эзэмшигч нь Д.А******* болох нь тогтоогдсон. 2021.05.31-ний өдөр 00 СЭӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.А*******ыг тогтоож эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авсан. Д.А*******аас мэдүүлэг авсан тэмдэглэлээр уг тээврийн хэрэгслийн иргэн Цэцэгмаагаас 2021 оны 1 сард худалдан авсан. Цар тахлын улмаас нэрээ шилжүүлж чадаагүй. 00 СЭӨ улсын дугаартай авто машинаар 23 сая төгрөгөөр нэг удаа тээвэр хийсэн гэх мэдүүлгээр холбогдогч нь тухайн зөрчлийн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн. Д.А*******ын хаан банкны ******* дугаар дансны хуулгаар 2021.04.12-ны өдөр ******* гэсэн данснаас тээвэр гүйлгээний утга бүхий 23 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдсон. Д.А******* нь цар тахлын улмаас авто зам, төмөр замын боомтоор нэвтрэх, зорчигч тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон үед тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан тээврийн хөлсөнд 23 сая төгрөг авч, Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон хууль бус худалдаа наймаа явуулсан гэдгийг зөрчсөн нь үндэслэлтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд эрх бүхий албан тушаалтны 2021.06.29-ний өдрийн 5 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулиас гадна, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж ажилладаг. Сайн дураараа очиж хяналт шалгалт хийгээд байдаг шиг яриад байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хуульд заасан журмын дагуу хяналт шалгалтыг хийдэг. Манай улсын байцаагч нарын хийсэн хяналт шалгалт нь хууль тогтоомжид заасан журмын дагуу хийгдсэн гэж үзэж байна. Хууль бус худалдааны арга хэрэглэж, хэрэглэгчийн хохироосон үйлдэл хийсэн гэж Д.А*******ад шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Цар тахлын үед ямар нөхцөл байдалтай байсан, хилээр орж байгаа машин тооны хязгаартай, ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнэ тухайн үед ямар үнэтэй байсан, зах худалдааны төвүүдээр зарагдаж байгаа тээвэрлэж ирж байгаа хүнсний ногооны үнэ тухай бүрийн килограммын үнэ маш өндөрт хүрч байсан. Салаат навч хүнсний ногоо тухайн үедээ 120.000 төгрөг хүртэл үнэ өсөж байсан тохиолдол байгаа. Хүнсний ногооны үнэ нэмэгдэх үндсэн шалтгаан бол зам ашигласны төлбөр болон шатахууны үнэ төлбөр нь цар тахлын үед нэмэгдээгүй байсан. Ийм нөхцөлтэй байхад зөвхөн тээврийн үнэ нэмэгдсэнээс болж бүтээгдэхүүн борлуулалтын нэгж үнэ нэмэгдэж орж ирж байсан ийм нөхцөл байдал үүсэж байсан. Эцсийн хэрэглэгчийн гар дээр очиж байгаа бүтээгдэхүүний үнэ өндөр үнэтэй байгаа учраас хэрэглэгч хохирч байна гэж үзээд байгаа юм. Аж ахуй эрхлэгч нар хууль бус худалдааны арга хэрэгслийг хэрэглэсэн байна гэж үзээд тогтоосон. Энэ зөрчлийн хэргийг Нийслэлийн Прокурорын газрын зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны хяналтын прокурорын хяналт доор энэ ажиллагааг хийж явуулсан байгаа. Иргэн Д.А*******ад оногдуулсан шийтгэлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт нэр бүхий иргэдээс удаа дараа гомдол гаргасны дагуу тус газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/23 дугаар удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулжээ.

2.Иргэхдээ гомдол гаргагчийг 00 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ачаа тээвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хууль бус орлого 23,000,000 төгрөгийг хурааж, 2000 нэгж буй 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “"аж ахуй эрхлэгч" гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг” гэж тус тус заажээ.

3.Гомдол гаргагчаас тээвэрлэлт хийсэн, тээврийн хөлсөнд 23,000,000 төгрөг авсан талаар маргадаггүй бөгөөд харин тухайн төлбөрийг түүний зөвшөөрөлгүй, тээвэрлэлт хийхээс өмнө шилжүүлсэн, үнийг ногоочид өөрсдөө тогтоосон гэж гомдлын үндэслэлээ тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

4.Учир нь ердийн үед тээвэрлэлтийн хөлс 2 саяас 2 сая 500 мянган төгрөг байсан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуусан Д.Буянхишигийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд 23,000,000 сая төгрөгөөр тээврийн үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт хуульд нийцжээ.

5.Хэдийгээр тухайн цаг хугацаанд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авто замын болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан байсан хэдий ч энэ нь тухайн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

6.Харин тээвэрлэлтийг хийхэд зайлшгүй гарах зардал болох шатахуун, замын хураамж гэх мэт зардлыг орлогоос хасах учиртай.

7.Шүүхээс тухайн зардлыг тооцох боломжгүй тул талууд харилцан тохиролцож, баримтад тулгуурлан зайлшгүй хасагдах зардлыг тулгаж уг дүнгээр төлбөрийг бууруулах нь зүйтэй байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан гомдол гаргагч Д.А*******ын гомдолтой, ын улсын 

ахлах байцаагч П.Н*******, улсын байцаагч Э.Э******* нарт холбогдох зөрчлийн хэргийн гомдлын шаардлага болох ын улсын ахлах байцаагч П.Н*******, улсын байцаагч Э.Э******* нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс зайлшгүй гарах зардлыг хасч багасгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ