Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 657

 

 

 

 

 

 

 

 

 

 Х ХХКдахь банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/00211 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч эрх хүлээн авагч ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Д, З.Г, Б.Л нарт холбогдох

795 262 958,80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гантөмөр

Хариуцагч: З.Г

Хариуцагч З.Г ийн өмгөөлөгч: Б.Сарнай

Хариуцагч Б.Л гийн өмгөөлөгч: С.Батхүлэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, Б.Энхсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Х ХХКнь түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны хуучин удирдлагуудаас хүлээн авсан Хадгаламж банк ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тэнцлээр Хадгаламж банк ХХК-ийн 1000001821010065 тоот Төрийн ордон тооцооны төв нэртэй дансанд 701 643 525,79 төгрөгийн актив бүртгэлтэй байсан. Тус активыг судлан үзэхэд Хадгаламж банк ХХК-ийн Төрийн ордон дахь салбарт эрхлэгчээр ажиллаж байсан Д.Д,, хянагч теллерээр ажиллаж байсан З.Г , теллерээр ажиллаж байсан Б.Л  нар нь 2008 оны 12 дугаар сараас 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, бүлэглэн Хадгаламж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр зээл хэлбэрээр гарган авч, завшиж үрэгдүүлэн бусдад 586 999 000 төгрөг, 90 302 ам.доллар, 1 500 евро, буюу нийт 709 339 805,18 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн 21047240 дугаартай хэрэг үүсгэн Д.Д, З.Г, Б.Л нарыг яллагдагчаар тус тус татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуульд заасны дагуу Хадгаламж банкны зарим актив пассив, хөрөнгийг “Төрийн банк”     ХХК-д шилжүүлж, үлдэх актив нь банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд хэвээр үлдсэн. Иймд тус авлагыг төлүүлэхээр эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох тухай хүсэлтийг хуулийн байгууллагад хүргүүлснээр тус хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож эхэлсэн.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт удаа дараагийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх нягтлан бодох бүртгэлийн 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 108 дугаар дүгнэлтээр хохирлын хэмжээг 586 999 000 төгрөг, 84 502 ам.доллар, 1 500 евро гэж эцэслэн тогтоож, дутагдлыг тооцохдоо хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, гүйлгээ хийсэн код нэрээр нь тус тус хариуцахаар дараах тооцооллоор дүгнэлтэд тусгасан байдаг. Үүнд: Д.Д,аас дангаар 145 750 000 төгрөг, 22 000 доллар, Д.Д,, Б.Л  нараас 80 650 000 төгрөг, Д.Д,, З.Г  нараас 22 500 000 төгрөг, Д.Д, З.Г, Б.Л нараас 338 099 000 төгрөг, 62 502 доллар, 1 500 евро, нийт 586 999 000 төгрөг, 84 502 доллар, 1 500 евро болсон. Мөн Монгол банкны хяналт шалгалтын газрын шинжээчийн 2010 оны дүгнэлтээр Д.Д,ын үйлдлүүд нь Банкны тухай хуулийн 9.1, 10.1. 11.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-30 дугаар зүйлүүдэд заасан зээл олгох ажиллагаа болон зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдэгчээр гарын үсэг зуруулан, зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлснээр олгосонд тооцно гэх заалтууд, кассын үйл ажиллагааны зааврын 3.9.2, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2-т заасан ажил олгогчийн болон харилцагчийн нууцыг задруулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, данс бүртгэл будлиантуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг зохисгүй үйлдэл гаргасан, 11.2.5-д заасан ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн буруу үйл ажиллагаа явуулсан, 11.2.9-д заасан төлбөр тооцооны баримтад харилцагч байгууллага, иргэдийг төлөөлөн гарын үсэг зурсан, гүйлгээ хийсэн, 11.2.16-д заасан гэнэтийн тооллогоор кассын дутагдал гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 10.2.3-т заасан ажил олгогчийн болон харилцагчийн нууцыг задруулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, эрх мэдлээ хэтрүүлсний улмаас ажил олгогчид хохирол учруулсан, 10.2.6-д заасан ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бизнест хор учруулах үйл ажиллагаа явуулсан, 10.2.10-т заасан төлбөр тооцоооны баримтад харилцагч байгууллага, иргэдийг төлөөлж гарын үсэг зурсан зэрэг заалтуудыг зөрчиж банкны ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Хянагч теллер З.Г , теллер Б.Л  нар нь дээрх хугацаанд хадгаламж эзэмшигч нарын хадгаламжийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр гаргадаг үйлдэл нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.2.2-т заасан хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх тухай заалт, 10.2-т заасан хадгалагч нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдэгчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн гүйлгээ хийх, хадгаламж эзэмшигч нарын хадгаламжийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр, ямар нэгэн баримтгүйгээр бэлнээр олгосон. Хадгаламж банкны кассын ажиллагааны зааврын 3.11-т заасан бэлэн мөнгөний чек болон тэдгээртэй адилтгах бусад баримтаар зарлагын гүйлгээ хийх тохиолдолд харилцагчийн иргэний үнэмлэх, итгэмжлэлийг шалгасны үндсэн дээр хийнэ гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Ингээд хариуцагч нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд шилжигдэж хянагдсан. Хамгийн анх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д,ыг банкны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнээс 685 289 365 төгрөгийг гаргуулж “Хадгаламж банк” ХХК-д олгохоор шийдвэрлэж байсан. Гэвч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 511 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 278А дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д, З.Г, Б.Л нарыг банкны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, “Хадгаламж банк” ХХК-д учирсан хохирлыг шийдвэрлэхдээ гэмт хэрэгт оролцсон оролцоо, нөхцөл байдлыг харгалзан нийт 709 339 805 төгрөгийн хохирлын 70 хувь буюу 496 537 863 төгрөгийг Д.Д,аас, 20 хувь буюу 141 867 961 төгрөгийг З.Г ээс, 10 хувь буюу 70 933 805 төгрөгийг Б.Л гээс тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 6 дугаартай магадлалаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 278А дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн. Ингээд Прокуророос Д.Д, З.Г, Б.Л нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 870 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Д.Д, З.Г, Б.Л нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба яллагдагч Д.Д, З.Г, Б.Л нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, өршөөлд хамрагдах хүсэлтийг гаргасан тул тэдгээрт холбогдох эрүүгийн 21047240 дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч нараас тэдгээрийн учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна. Х ХХКнь хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан хохирлыг арилгасан. Хадгаламж банкинд учирсан хохирлыг авлагын данс нээж бүртгэсэн. Ийнхүү бүртгэхдээ 84 502 ам долларыг 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцон /1 ам долларыг 1 289.26 төгрөгөөр тооцсон/ 108 945 048.52 төгрөг, 1,500 еврог мөн өдрийн Монгол банкны заралсан ханшаар тооцон /1 еврог 1 798.39 төгрөгөөр тооцсон/ 2 697 585 төгрөг гэж. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нийт хохирлоос 3 396 897.97 төгрөг төлөгдсөн болно. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нарын бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас “Хадгаламж банк” ХХК-д учирсан хохирлын үлдэгдэл 583 602 102.03 төгрөг, 84 502 ам.доллар, 15,005 евро байна. Уг хохирлыг хариуцагч нараас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх нягтлан бодох бүртгэлийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 108 дугаар дүгнэлтийн дагуу буюу хариуцагч нарын тус тусын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, гүйлгээ хийсэн кодын дагуу дараах хэмжээгээр хариуцан төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд: Д.Д,аас 308 892 367.34 төгрөг, 42 834 ам.доллар буюу 105 302 248.9 төгрөг, 500 евро буюу 1 307 610 төгрөг, нийт 415 502 226.26 төгрөгийг, Б.Л гээс 151 892 367.34 төгрөг, 20 834 ам.доллар буюу 51 217 888.9 төгрөг, 500 евро буюу 1 307 610 төгрөг, нийт 204 417 866.24 төгрөгийг, З.Г ээс 122 817 367.4 төгрөг, 20 834 ам.доллар буюу 51 217 888.9 төгрөг, 500 евро буюу 1 307 610 төгрөг, нийт 175 342 866.3 төгрөгийг, Ингээд нийтдээ 795 262 958.80 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Д, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Х ХХКнь тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарт 701 643 525.79 төгрөгийг төлсөн байгаа. Өөрөөр хэлбэл энэ 701 643 525.79 төгрөг нь “Хадгаламж банк” ХХК-иас дутагдсан төлбөрийн бодит хэмжээ, хадгаламж эзэмшигч нарт буюу банкинд учирсан бодит хохирол юм. Энэ 701 643 525.79 төгрөгөөс иргэний хариуцагчаар оролцсон М.Ариунжаргалын төлөх ёстой 18 360 000 төгрөг, Ц.Сувдаагийн төлөх ёстой 37 000 000 төгрөгийг хасаад үлдэх       646 283 525.79 төгрөгийг дангаараа хариуцан төлөх хүсэлтэй байна. Хэргийн бусад хариуцагч нар болох З.Г , Б.Л  нар энэ хэрэгт хамааралгүй, надаас шалтгаалж тэд хэрэгт холбогдсон гэжээ.

Хариуцагч Б.Л  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Би сургуулиа төгсөөд 2007 онд Хадгаламж банк ХХК-ийн Төрийн ордон дахь салбарт теллерээр ажилд орсон. Тухайн үед теллер нь бэлэн орлого зарлагын гүйлгээ болон бэлэн бусаар тооцоо, гүйлгээ хийдэг байсан. Теллер нь тухайн салбарын ахлах теллер болон захиралд шууд захирагдаж ажилладаг. Анх ажилд ороход надтай эд хөрөнгийн хариуцлагын гэрээ болон хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Миний ажилд орсон салбар бол Төрийн ордон дотор байрладаг байсан учир гаднаас харилцагч орж ирж үйлчлүүлэх боломжгүй бөгөөд зөвхөн Төрийн ордон дотор ажилладаг хүмүүст үйлчилдэг байсан. Тухайн үед уг салбарт банкны ажилтан бүх мэдээллийг бичиж, гүйлгээ хийж, харилцагч нар зөвхөн баримтад гарын үсэг зурж гүйлгээ хийдэг байсан. Салбарын дээрх хэлбэрээр явагддаг үйл ажиллагааг төв салбараас ойлгож, хүлээн зөвшөөрдөг байсан. Төв салбараас дотоод хяналтын шалгалт нь энгийн салбарт 1 жилд     2-3 удаа ирдэг бол манай салбарт 2 жил дотоод хяналт шалгалт ирээгүй, кассын шалгалт ч хийгдээгүй байсан. Мөн салбарын онцлогоос шалтгаалаад манай салбар руу шууд нэвтрэх боломжгүй байсан. Зөрчлийн талаар мэдээлэх бодлого, хүлээлгэсэн үүрэг байдаггүй байсан. 2008 оны сүүлээр утсаар ярьж гүйлгээ хийх нь хэвийн үзэгдэл байсан, гүйлгээ хийгдэж байсан ч харилцагч нар гарын үсэг зурах нь багассан. Миний хувьд уг асуудлаар ахлах теллер, салбарын эрхлэгч нарт мэдэгдэх үүрэгтэй байсан бөгөөд өөр цааш нь хэнд мэдэгдэхээ мэдэхгүй байсан. Гэтэл захирал Д.Д, нь надад “би хийгдсэн гүйлгээнүүдийг мэдэж байгаа, санаа зоволтгүй” гэж хэлж байсан. Банкны тухай хууль тогтоомж, мөн Хадгаламж банкны дотоод дүрэм, журмуудыг зөрчсөн гэдгээ зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэлд дурдсан шиг надад харилцагч, хадгаламж эзэмшигч нараас авсан нэг ч мөнгө, төгрөг байхгүй учир нэхэмжлэлд дурдагдсан мөнгийг би хариуцахгүй. Нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлоос өөртөө нэг ч төгрөг аваагүй гэжээ.

Хариуцагч З.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны хувьд харилцагчийн зөвшөөрөлгүй гүйлгээ хийдэг байсан гэдэг нь худлаа юм. Бид харилцагчийн утсаар болон бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу гүйлгээ хийдэг байсан. Уг асуудлаас шалтгаалан захирал Д.Д, нь мөнгө ашигласан гэдгийг нь мэдсэн. Түүнээс хойш бид гүйлгээний талаар харилцагчаас асууж шийдвэрлэдэг байсан. 2008 оноос хойш банкны салбарын шалгалт манайд огт хийгдээгүй байсан. Тиймээс Д.Д, захиралтай үгсэн хуйвалдаж, уг мөнгөнөөс авч ашигласан зүйл байхгүй. Харин банкны тухай хууль тогтоомж зөрчсөнийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Д,аас 366 608 742.22 төгрөгийг, хариуцагч Б.Л гээс 180 322 386.13 төгрөгийг, хариуцагч З.Г ээс                      154 712 397.44 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч эрх хүлээн авагч ид олгож, хариуцагч Д.Д, холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 48 893 484.04 төгрөг, хариуцагч Б.Л д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 24 095 480.11 төгрөг, хариуцагч З.Г т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 20 630 468.86 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д.Д,аас 1 990 994 төгрөг, хариуцагч Б.Л гээс 1 059 562 төгрөг, хариуцагч З.Г ээс 931 512 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Л , түүний өмгөөлөгч С.Батхүлэг нар давж заалдах гомдолдоо: Одоогоор хүчин төгөлдөр байгаа Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 тоот магадлалд Б.Л гээс 108 дугаар шинжээчийн дүгнэлтийн дагуу төлбөр төлөх хариуцлага оногдуулсан нь буруу гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан байдаг. Шүүх нөхцөлийг харгалзаж үзэлгүй дүгнэлт хийсэн нь буруу гэж үзэж байна. Д.Д,, З.Г  , Б.Л  нарыг холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 3 зүйл ангиар үүссэн, бусдын хөрөнгийг завших, үрэгдүүлэх, банкны тухай хууль тогтоомж зөрчих, бусдын хөрөнгийг залилан мэхэлж авах гэсэн хэргүүдээс Б.Л гийн холбогдож шалгагдаж байсан нь банкны тухай хууль тогтоомж зөрчих зүйл анги байсан. Хэдийгээр банкны тухай хууль тогтоомж зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн боловч, байгууллагын мөнгийг завшсан, залилсан гэх хэргийг хүлээн зөвшөөрдөггүй, учирсан хохирлыг барагдуулахгүй гэж өршөөлд хамрагдах хүсэлт дээр заасан ба прокурор энэ байдлыг хүлээн зөвшөөрч өршөөлд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингэхдээ Д.Д,ын мэдүүлэгт тухайн хохирлыг бүрэн барагдуулна гэснийг прокурор хүлээн авсан байна гэж ойлгож байна.

Эрүүгийн шүүх уг хэргийг хэд хэдэн удаа шийдвэрлэсэн байдаг. Хамгийн эхний анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Л г хамтран оролцоогүй гэж дүгнэсэн байна. Харин дараагийн шийдвэрт хамтран оролцогчоор тогтоож байсан. Уг тогтоолыг хянасан давж заалдах шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 тоот магадлалдаа З.Г , Б.Л  нарыг гэмт үйлдлийн аль хэсэгт оролцсон нь тогтоогдохгүй байна гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан байна. Энэхүү магадлал нь хүчинтэй хэвээр байгаа тул уг магадлалд тогтоогдсон зүйлийг шүүх үндэслэл болгон хэрэглэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх өмнөх шүүхийн уг дүгнэлтийг харгалзан үзэлгүй 2014 оны 10 дугаар сарын      24-ний өдрийн 278А тоот шийтгэх тогтоолтой яг ижил дүгнэлт хийсэн нь алдаатай шийдвэр болжээ. Хэдийгээр 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 тоот магадлалаас хойш өршөөлд хамрагдсан л явдал болсон боловч энэ нь Б.Л гийн гэм бурууг тогтоосон буюу өмнөх нөхцөлөөс өөрчлөгдсөн, түүнд оногдох хариуцлагыг тогтоосон зүйл байхгүй болно. Шүүх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг авч үзэлгүй, Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг дангаар хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 132-136 дугаар зүйлд ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай нарийвчлан зохицуулсан байх ба Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан эд хөрөнгийн хязгаарлагдмал эсхүл бүрэн хариуцлага хүлээлгэж болохоор заажээ. Ажил олгогч болон Б.Л  нарын хооронд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоосон таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй тул эд хөрөнгийн зөвхөн хязгаардагдмал хариуцлага хүлээхээр байна. Энэ нь түүний 1 сарын цалингийн хэмжээнээс хэтрэх ёсгүй. Шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас нэхэмжлэлийн дүнд хадгаламж барьцаалсан зээлийн хүү нэмэгдэж тооцогдсон болох нь харагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч энэ талаар тодорхой тайлбар хэлдэггүй. Тухайн зээлүүд нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээнүүд болох нь тодорхой тул банк зээлийн хүү тооцож авах эрхгүй. Тиймээс нэхэмжлэлийн дүн буруу бөгөөд нэхэмжлэлийн дүнгээс ханшийн зөрүүгээс гадна банкны тооцож авсан хүүгийн хэмжээг хасах ёстой байсан. Тиймээс тооцоолол буруу гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн Б.Л д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Г  давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бүрэн дүүрэн нотлох ёстой бөгөөд хангалттай нотлож чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал эрүүгийн хэрэгт хийгдсэн шинжилгээний дагуу гарсан шинжээчийн дүгнэлт буюу “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-гийн 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №108 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч нарт нийт хохирлыг хувь тэнцүүлэн тогтоон нэхэмжилсэн бөгөөд шүүхээс мөн №108 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж З.Г т холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эрүүгийн хэрэгт өгч байсан мэдүүлгүүд дээр удаа дараа банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруугаа ойлгож байгаа боловч төрийн ордны тооцооны төвийн онцлог шинж буюу бичигдээгүй боловч зөвшөөрөгдсөн хэв маяг тогтсон байсан.    Энэ нь өөрөө тус тооцооны төвийн харилцагч нар бүгд ордонд ажилладаг хүмүүс бөгөөд утсаар эсвэл тухайн үеийн салбарын захирал Д.Д,аар дамжуулан данснаасаа зарлага гаргадаг байсан, тус зарлага хийгдсэний дараа өөрсдөө дараа нь баримт дээр гарын үсэг зурчихдаг байсан, тэр маягаар удаан ажилласан байсан тул буруу зүйл хийж байна, түүнээс улбаатай хэн нэгэн өрөнд оруулах талаар асуудал үүснэ гэж бодоогүй. Шүүх Д.Д,ын өөрөө бүрэн хариуцна гэсэн тайлбарыг огт үнэлээгүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин нягталж хэн хэдэн төгрөгний хохирол учруулсан гэдгийг нарийвчлан тогтоох мөн “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагч нарын шаардаж байгаа үнийн нийт дүн үндэслэлтэй эсэхийг тогтоох ёстой байсан гэж үзэж байгаа юм. Мөн дээд шүүхийн зөвлөмжийн дагуу дан ганц шинжээчийн дүгнэлт нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүйгээр шийдвэрийн үндэслэл болж чадахгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрчилтэй байх бөгөөд тайлбараараа Д.Д, ганцаараа хариуцах ёстой гэдгээ илэрхийлдэг, эрүүгийн хэргийн мэдүүлгүүдээр мөн харагддаг юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн З.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч эрх хүлээн авагч  нь хариуцагч Д.Д, З.Г, Б.Л нарт холбогдуулан 795 262 958 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Д, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, З.Г , Б.Л  нар эс зөвшөөрч маргажээ. 

 

            Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор хариуцагч Д.Д, З.Г, Б.Л нарт холбогдох эрүүгийн журмаар шалгасан хэргийн материалаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №108 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн журмаар бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна. /хх 104-105, 111-112/

 

            Шүүх нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 102/ШТ2018/00145 дугаартай шүүхийн тогтоол гаргаснаараа хариуцагч нартай холбоотой эрүүгийн журмаар шалгасан нотлох баримтууд нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж дүгнэх боломжтой.

 

            Гэтэл эрүүгийн журмаар шалгагдан шийдвэрлэгдэж, өршөөлийн хуульд хамрагдаж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаар прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргээс нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай гэж үзэж буй хариуцагч тус бүрийн Хадгаламж банкинд учруулсан гэм хорын хохирлын хэмжээг тодорхойлсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №108 тоот шинжээчийн дүгнэлтийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 6 дугаартай магадлалаар шүүгдэгч нарын гэм бурууг зөв тогтоож, тэдгээрээс төлөх төлбөрийн хэмжээг зөв тогтоох шаардлагатай гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэж байсан үйл баримт тогтоогдож байна. /хх 43-48/

 

Иймд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад тогтоогдсон дээрх шинжээчийн дүгнэлтийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм.

 

                Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тогтоолоор дээрх магадлалын хохирол, төлбөрийн талаарх заалтыг үл харгалзан шинжээчийн дүгнэлтэнд заасан хохирлын хэмжээг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж тодорхойлон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа уг тогтоолд заасан хохирлын хэмжээг үндэслэн тодорхойлсон, хариуцагч Д.Д, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг дангаараа хариуцан төлөх талаар тайлбар гаргасан /I-хх 59, III-хх 70/ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, энэ талаар эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэхэд анхаарч ажиллагаа явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасантай нийцээгүй байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/00211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Л  нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2019/03167 дугаартай захирамжаар, хариуцагч З.Г  нь мөн дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2019/04018 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН