Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/891

 

      2021           10              7                                     2021/ДШМ/891                                   

 

 

     Ч.Дт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

цагаатгагдсан этгээд Ч.Дын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

             Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/532 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Энхболдын бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр Ч.Дт холбогдох эрүүгийн 2105004140374 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

             Ч.Д

 

             Шүүгдэгч Ч.Д нь 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч А.Т нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хоолны газар байхдаа урилга болон визний хураамж болох 2,837,500 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499249883 тоот дансанд, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байрны 10 тоотод гэртээ байхдаа онгоцны тийзний урьдчилгаа болох 1,200,000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Хаан банкны 5212027175 тоот дансанд тус тус шилжүүлснийг авч, нийт 4,037,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Дт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Энхболд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

  1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Прокуророос Ч.Д нь Америкийн Нэгдсэн Улсын визийг гаргаж өгөх, гаргуулахад зуучлах эрх бүхий этгээд биш атлаа хохирогч А.Тийн ах Б.Тт “... Америкийн Нэгдсэн Улс руу чөлөөтэй гардаг, удаан хугацааны визийг гаргаж өгнө, болно, бүтнэ. Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотод Монгол брендийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Экспо арга хэмжээнд оролцох компани оролцуулна, уг компаниар дамжуулан Америкийн Нэгдсэн Улс руу гаргана...” гэж хуурч, фото зураг үзүүлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урилга болон визний хураамж болох 2,837,500 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499249883 тоот дансаар, онгоцны тийзний урьдчилгаа болох 1,200,000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Хаан банкны 5212027175 тоот дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 4,037,500 төгрөгийн хохирол учруулан залилсан үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг түүний үйлдэл хангасан гэж дүгнэснийг үгүйсгэсэн дүгнэлтийг шүүх хийгээгүй байна. Мөрдөн байцаалтын явцад хохирогч А.Т нь Америкийн Нэгдсэн Улс руу чөлөөтэй гардаг, удаан хугацааны виз гаргуулах зорилгоор хандсан гэж мэдүүлснийг гэрч А.Т давхар нотолж мэдүүлсэн, мөн Ч.Д нь цахим мессэжээр А.Ттай харьцаж байснаар нотлогдсон. Мөн Ч.Д нь “...“Монгол брэнд” төрийн бус байгууллагаар дамжуулан Америкийн Нэгдсэн Улс руу гаргах боломжтой байсан. ...Та нарын асуудлыг Б.Б зохицуулж өгнө...” гэж мэдүүлсэн боловч Америкийн Нэгдсэн Улсын виз хүсч буй хохирогч А.Т нь ямар нэгэн Монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдсон бөгөөд А.Төөс шилжүүлэн авсан мөнгийг “Монгол брэнд” төрийн бус байгууллагын дансаар биш, өөрийн үүсгэн байгуулсан “Архигүй ирээдүй” төрийн бус байгууллагын данс болон гэрч Б.Бын дансыг ашиглан авч, хувьдаа зарцуулсан, гэрч Б.Б нь А.Т нарын асуудлыг шийдвэрлэж, зохицууулахаар тохиролцсон зүйл байхгүй гэж мэдүүлснээс үзэхэд хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан шинжийг агуулсан байна. Ч.Д нь А.Төөс авсан мөнгөнөөс Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яам зэрэг байгууллага руу шилжүүлсэн үйлдэл нотлогдоогүй болно. Түүний дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан...” гэх шинжийг хангасан байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэн цагаатгасан нь үндэслэлгүй юм.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар:

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Дыг хохирогч А.Тийн эд хөрөнгийг авах зорилго бүхий идэвхитэй үйлдэл хийгээгүй, эхнээсээ гэрч А.Ттай шууд харилцаатай байсан, Монголын бизнес эрхлэгчдийг Америкийн Нэгдсэн Улсад бизнес аялалд оролцох үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан, 2020 оны 4 дүгээр сарын 25-наас 2020 оны 5 дугаар сарын 5-ны хооронд “Америкт экспортолъё” АНУ дахь арга хэмжээний хөтөлбөр арга хэмжээ явагдахаар төлөвлөгдөж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл шүүх нь шүүгдэгч Ч.Дын ямар нэртэй цахим сайтаас татаж авсан, үнэн худал эсэх нь эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэж, таамагласан шинжтэйгээр төлөвлөгдөж байсан, биелэх боломжтой гэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх...” гэж заасныг,

Цагаатгах тогтоолд шүүгдэгч Ч.Даас мөрдөн шалгах явцад гаргаж өгсөн гэх шүүхээс нотлох баримтаар үнэлж, цагаатгах тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтууд /хх 36-42, 58-59/ нь хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтаас хууль ёсны гэж үзэж буй үндэслэлийг тусгаагүй, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бичээгүй. Ч.Дын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Ч.Дын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдийн агуулсан байна гэж хоёр өөр дүгнэлт гаргасан байгаа нь ойлгомжгүй. Мөн хохирогч А.Тт 4,037,500 төгрөгийн бодит хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, шүүгдэгч Ч.Д нь хохирлыг барагдуулсан үйлдлийг шүүгдэгчийн үйлдлийн улмаас хуулиар хамгаалагдсан аливаа эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл”-ийг заавал тусгахаар хуульчилсан байхад Ч.Дт холбогдох хэргийг хуулийн ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байгаа талаар дурдаагүй нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгах зүйлийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болсон. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв. 

 

Цагаатгагдсан этгээд Ч.Дын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос Ч.Дыг “хуурсан, мэхэлсэн, бодит байдлыг нуусан” гэж ялласан. Шүүгдэгч Ч.Д нь 35 настай, 10 гаруй жилийн хугацаанд АНУ-д амьдарсан, сүүлийн 5-6 жил Монгол улсад амьдарч ажиллаж байгаа. Энд байх хугацаандаа Монгол, АНУ-ыг холбох, АНУ-аас хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэгчдийг АНУ-тай холбох, зуучлах ажлыг гүйцэтгэж байсан. Хоёр, гурван удаагийн үйлдлээр бизнес эрхлэгчдийг АНУ руу гаргасан байдаг. Энэ нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон. Прокуророос “хуурсан, фото зураг ашигласан, худал эргэлзээтэй нотлох баримтуудыг ямар сайтаас гаргаж ирсэн нь тодорхойгүй нотлох баримтуудыг гаргаж ирсэн” гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Хавтас хэргийн 7-8 дугаар хуудсанд А.Т, Т нарын АНУ-ын Элчин сайдын яаманд ярилцлагад орох бүртгэл буюу хураамж төлсөн баримтыг бөглөсөн талаарх нотлох баримт байдаг. “Бид хоёр бөглөсөн” гэж хохирогч А.Т, Т нар мэдүүлсэн. Мөн онгоцны суудлаа баталгаажуулсан байдаг. Шүүгдэгч Ч.Дын хувьд Т болон А.Т нарыг хуурах идэвхтэй үйлдэл хийсэн зүйл байдаггүй. Ч.Дыг АНУ-д байхад Т өөрөө холбогдоод “АНУ руу явах сонирхолтой байна” гэсэн байдаг. Т нь барилгын бизнес эрхэлдэг барилгын компанитай. Багаа бүрдүүлээд явж болно гэдэг байдлыг Ч.Д хэлсэн. Ингээд визний хураамж, урилгын зардал гээд 1,000 ам.долларыг авсан байдаг. Үүнийг тухайн үед үйл ажиллагаандаа зарцуулсан. 2020 оны 5 дугаар сард зохион байгуулагдах арга хэмжээ нь “Ковид-19” цар тахалаас болж цуцлагдсан болох нь нотлогдсон байхад худлаа нотлох баримт гаргаж ирсэн байдлаар яллаж байгаа нь зүйд нийцэхгүй юм. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд үнэн худал эсэхийг нотлох нь мөрдөгч прокурорын үүрэг. Гэтэл нотлох үүргээ биелүүлэхгүй байж бусад руу ингэж дайрах нь зохимжгүй зүйл юм. Мөрдөгч хувийн сонирхолоор хандаад байдаг. Т өмнө нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн байгууллагад ажиллаж  байсан байдаг. Мөнгөө авахын тулд цагдаагаар далайлган айлгаж, дарамталж байгаад мөнгөө авсан байдаг. Бидний зүгээс энэ хоёр хүний визтэй холбоотой 1.100.000 төгрөгийг тушаасан. Бид 1.100.000 төгрөгөө буцааж нэхэмжилнэ. Иймд Ч.Д нь гэмт хэрэг үйлдээгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “Шүүхийн тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болно.

 

             Прокуророос Ч.Дыг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч А.Т нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хоолны газар байхдаа урилга болон визний хураамж болох 2,837,500 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499249883 тоот дансанд, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байрны 10 тоотод гэртээ байхдаа онгоцны тийзний урьдчилгаа болох 1,200,000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Хаан банкны 5212027175 тоот дансанд тус тус шилжүүлснийг авч, нийт 4,037,500 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... Ч.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хуулиар хамгаалагдсан аливаа эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй ...” гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, мэдүүлэг болон нотлох баримтуудын харилцан зөрүүтэй байдлаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг онцлогийг харгалзан энэ талаар нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлон тогтоох шаардлагатай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нотлон тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх тул Ч.Дт холбогдох хэргийг прокурорт буцааж, дараах үндэслэлүүдийг тодруулан шалгуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ч.Д нь хохирогч А.Тийг Америкийн Нэгдсэн Улсад зохион байгуулагдах “Монголд үйлдвэрлэв 2020” үйл ажиллагаанд оролцуулахаар өөрийн удирдан явуулдаг гэх төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан виз мэдүүлсэн эсэх, эсхүл хувь хүн хоорондын харилцаа байсан эсэхийг, мөн хохирогч гэх А.Тийн виз мэдүүлэхэд холбогдох баримтуудыг Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яаманд хүргүүлсэн эсэхийг шалган тогтоож Ч.Дт А.Тийг төөрөгдүүлж, түүний эд хөрөнгийг залилан авах санаа зорилго байсан эсэх зэргийг дахин шалгасны дараа Ч.Дын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

 

Дээрх эргэлзээ бүхий байдлыг нэг мөр тогтоох нь гэмт хэрэгт холбогдогчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн, прокуророос цагаатгагдсан этгээд Ч.Дын ямар үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байгаа нь тодорхойгүй, яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар дурдалгүй орхигдуулж, ерөнхий байдлаар хууль зүйн агуулгаар дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул энэхүү нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар дахин тодруулах замаар хэрэгт нотолбол зохих байдлыг шалгуулах зорилгоор анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэн нотолбол зохих байдлуудыг дахин шалгуулахаар хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/532 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ч.Дт холбогдох 2105004140374 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Ч.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ