Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/03704

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ********** тоот хаягт оршин байрлах ******* ХХК регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн *********** тоот хаягт оршин байрлах, ******* ХХК/регистрийн дугаар: *******/-д холбогдох,

21,442,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид И.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ХХК болон ******* ХХК нь 2020 оноос эхлэн хамтран ажиллаж эхэлсэн. Мөн оны 6 дугаар сарын 30-аас эхлэн ******* ХХК нь ******* ХХК-д дизель түлш өөрийн Рашаант НБ шатахууны агуулахаас дараах байдлаар байнга худалдан борлуулж байсан.

2020 оны 6 сарын 30 өдөр нэгжийн үнэ 1,250 төгрөгөөр 38.580 литр дизель түлшийг 48,225,000 төгрөг, 2020 оны 7 сарын 07 өдөр нэгжийн үнэ 1.280 төгрөгөөр 38,580 литр дизель түлшийг 49,382,400 төгрөг, 2020 оны 7 сарын 17 өдөр нэгжийн үнэ 1,380 төгрөгөөр 38,580 литр дизель түлшийг 53,240,400 төгрөг, 2020 оны 7 сарын 24 өдөр нэгжийн үнэ 1,380 төгрөгөөр 46,200 литр дизель түлшийг 63,756,000 төгрөг, 2020 оны 8 сарын 03 өдөр нэгжийн үнэ 1,350 төгрөгөөр 38,580 литр дизель түлшийг 52,083,000 төгрөг, 2020 оны 7 сарын 19 өдөр нэгжийн үнэ 1,450 төгрөгөөр 38,580 литр дизель түлшийг 55,941,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулсан бөгөөд нийт үнийн дүн нь 322,627,800 төгрөгөөр худалдан авахаар болсон.

2020 онд худалдан авсан дээрх бараа бүтээгдэхүүний үнэ болох нийт 322,627,800 төгрөгөөс ******* ХХК нь 2020 оны 7 сарын 17 өдөр 43,562,500, 2020 оны 7 сарны 24 өдөр 59,382,400 төгрөг, 2020 оны 8 сарын 03 өдөр 43,240,400 төгрөг, 2020 оны 8 сарын 19 өдөр 64,000,000 төгрөг, 2020 оны 9 сарын 09 өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 10 сарын 12 өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 10 сарын 21 өдөр 17,000,000 төгрөг, 2020 оны 10 сарын 23 өдөр 15,000,000 төгрөг буюу нийт 297,185,300 төгрөг төлсөн. 2020 оны бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 25,442,500 төгрөг үлдсэн.

Үүний дараа хариуцагч нь 2021 онд манай компаниас нийт 128,910 литр дизель түлшийг нэгжийн үнэ 1,900 төгрөгөөр тооцон нийт 244,929,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч тус төлбөрийг бүрэн барагдуулсан.

Гэвч дээр дурдсан өмнөх он буюу 2020 оны бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл болох 25,442,500 төгрөгөөс хариуцагч компани нь 2022 оны 02 сарын 18 өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 3 сарын 24 өдөр 1,500,000 төгрөгийг төлж өнөөдрийн байдлаар 21,442,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Бидний хувьд бизнесийн итгэлцэл, байгууллага хоорондын хамтын ажиллагааг харгалзан гэрээ бичгээр байгууллагаагүй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйпд заасан Худалдах,худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

Худалдагч байгууллагын зүгээс худалдан авагчаас дээрх төлбөрийн үлдэгдлийг байнга шаардаж байсан боловч ...удахгуй төлбөрөө хийнэ, эргээд залгана гэх мэт хариу өгсөн ч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Тиймээс хариуцагчаас 2020 онд худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл болох 21,442,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн тул өнөөдрийн байдлаар хариуцагчаас 16,442,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 21,442,500 төгрөг гаргуулах хэргийн хариуцагч нь 12,442,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ******* компанийн данс руу хувь данснаасаа 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг хийсэн болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэврлэнэ үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, худалдан авсан дизель түлшний үнэ 21,442,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн төлсөн 5,000,000 төгрөгийг хасч, нийт 16,442,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар маргаагүй ба 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн хэмээн үлдэх 12,442,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан.

3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, ******* ХХК-иас ******* ХХК-дизель түлш хүлээлгэн өгсөн тухай 2020 оны 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 07, 7 дугаар сарын 17, 7 дугаар сарын 24, 8 дугаар сарын 03, 8 дугаар сарын 19, 2021 оны 6 дугаар сарын 04, 5 дугаар сарын 12, 5 дугаар сарын 24-ний өдрүүдийн Шатахуун тослох материалын зарлагын падаан-ууд, зохигч талуудын тайлбар зэргээс үзэхэд, зохигч талуудын хооронд дизель түлш худалдах-худалдан авахаар тохиролцож, худалдан авагч тал түлшийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.

4. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн байна.

5. Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.*******ын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компанид шилжүүлсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан тус компанийн төлбөр төлөлтийн баримтад дурьдсан мөнгөн дүн, хугацаатай тохирч байна.

6. Тодруулбал, хэргийн 7 дугаар талд авагдсан 153.******* ХХК-******* гарчигтай баримтад 2022 онд ******* ХХК нь 25,442,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдлээс 2,500,000 төгрөгийг 02 дугаар саын 18, 1,500,000 төгрөгийг 3 дугаар сарын 24-ний өдөр тус тус төлсөн, нийт 21,442,500 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.

7. Мөн хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн.

8. Гэвч хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 21,442,500 төгрөгийн үндэслэл болох 2022 онд ******* ХХК нь 21,442,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх тооцооллыг үгүйсгэж нотлоогүй буюу шүүхэд гаргасан хариу тайлбар болох 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөгийн төлбөр нь нэхэмжлэлийн шаардлага 21,442,500 төгрөгөөс хасагдах учиртай гэх нөхцөл байдлыг нотолсонгүй.

9. Дээр дурьдсан үндэслэлүүдээр, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын 5,000,000 төгрөгийг төлж барагдуулснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 16,442,500 төгрөг болгож багасгасныг баталж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар, хариуцагч ******* ХХК-иас 16,442,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

10. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, хариуцагч ******* ХХК нь 21,442,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 5,000,000 төгрөгийг төлж барагдуулснаар нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 16,442,500 төгрөг болгож багасгасныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч ******* ХХК-иас 16,442,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,000 төгрөгийн 265,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 938 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж, хариуцагч ******* ХХК-иас 265,062 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. 

4.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА