| 017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 182/ШШ2017/00894 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Доголдолтой барааны үнэ 200,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 08 дугаар сард Одкон ХХК-ийн байранд 54 дүгээр лангуунд худалдаа эрхэлдэг *******аас 1,900,000 төгрөгөөр 6 ширхэг радиатор буюу пар худалдаж авсан. Парыг шөнө авчирч өгсөн бөгөөд тухайн үедээ шалгаж өгөөгүй. Эдгээр парыг би буяны зорилгоор эрхлэн явуулдаг хүүхдийн цэцэрлэгтээ суурилуулсан бөгөөд мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр халаалт ирэхэд нэг парнаас ус алдсан. Ингээд парыг өөр хүнээр *******д өгч явуулсан. Бусад парууд нь зүгээр хэдийн ажиллаж байгаа. Доголдолтой парныхаа мөнгийг буцааж авахаар олон удаа шаардсан боловч ******* нь төлбөр төлөхөөс зайлсхийж байна. 6 ширхэг пар авснаас 5 нь зүгээр ажиллаж байна. 1 парны үнэд 200,000 төгрөг нэхэмжилж байгааг *******аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дариймаа гэдэг эмээд 3 жилийн өмнө наймаа хийж 6 ширхэг радиатор зарсан. Тэгээд нэг жил гаруй хугацааны дараа 1 радиатор цоорсон гэж яриад би компаниас нь асуугаад солиод өгье гэвэд танд сольж өгье гэсэн. Тэгээд хэрэглээд жил гаруй болоод цоорсон тус солих боломжгүй гэсэн хариуг компани өгснийг дамжуулжхэлсэн. Цооролттой биш холболтын хэсгээр нь ус алдсан байх гэж бодож байна. Манайх Турк улсад үйлдвэрлэсэн пар зардаг бөгөөд үйлдвэрлэгчээс нь оруулж ирээд хэдэн төгрөг нэмээд зардаг. Энэ хүн намайг 2 удаа цагдаад өгсөн, одоо шүүхэд өгч байгаад харамсаж байна. Манай ээж шиг хүн байна, би парны үнийг төлөөд компаниасаа гаргуулаад авч болно. Ганцхан энэ хүн надтай маш муухай харьцаж, намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог учир би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би энэ хүнд төлөх боломжгүй тухай зөндөө хэлж ойлгуулсан боловч хэл амаар доромжилсон. Анх худалдаа хийхдээ настай хүн байна гээд өөрийн машинаар бичилд хүргэж өгч байсан. Туркээс бараа баглаа боодолтой ирдэг учир бид шалгаж өгдөггүй. Харин 6 сарын баталгаат хугацаа өгдөг. Орос паруудыг л шалгаж өгч болно. Нэгэнт хэрэглээний явцад цооролт үүссэн байсан учир энэ хүний өөрийн хариуцах асуудал. Дарыг нь би байлгаж байгаад хаясан. Энэ хэрэг надад хамаагүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Дариймаа нь хариуцагч *******д холбогдуулан худалдаж авсан доголдолтой параа буцаан өгч уг паранд төлсөн төлбөрт 200,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нийт 1,900,000 төгрөгөөр 6 ширхэг пар авснаас, нэг пар нь цооролттой байсан. Байранд дулаан өгч эхэлмэгц цооролттой болох нь мэдэгдсэн. Тэр даруй цэцэрлэгийнхээ жолоочоор буцаан хүргүүлж мөнгөө шаардсан. гэж тайлбарлаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Туркэд үйлдвэрлэсэн радиотар буюу пар 2015 оны 08 дугаар сард нэг бүрийг нь 175,000 төгрөгөөр худалдсан нь үнэн бөгөөд барааг 6 сарын баталгаат хугацаатай борлуулсан. Парыг 1 жил гаруй хугацааны дараа буцаан авчирч өгсөн, иймд цооролтыг хэрэглээний явцад үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хариу мэтгэлцэж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1. Нэг талаас нэхэмжлэгч Н.Дариймаа нөгөө талаас хариуцагч ******* нарын хооронд 2015 оны 08 дугаар сард 6 ширхэг парыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгч маргаан бүхий нэг парыг 200,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч пар бүр хэмжээнээсээ хамаарч өөр, өөр үнэтэй байсан. Цооролттой гэж маргаж буй парын хувьд нэг бүрийг нь 175,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарлаж байна. Уг тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна.
2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн буцаасан парны доголдлын талаар өөр хоорондоо зөрүүтэй тайлбарууд гаргаж байна. Тухайлбал ... холболтын хэсгээрээ ус алдсан байх..., ...цооролт нь хэрэглээний явцад үүссэн ..., парыг өөр дээрээ байлгаж байгаад хаясан ... гэх зэрэг тайлбаруудыг дурдаж болно. Өөрөөр хэлбэл маргаан бүхий парны талаар гаргаж буй хариуцагчийн тайлбараас уг пар нь доголдолтой буюу цооролттой байсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал, холболтын хэсгээрээ ус алдсан гэж үзэж байгаа үед цооролтын тухай тайлбарлаж буй нь учир зүйн хувьд ихээхэн эргэлзээтэй байна. Түүнчлэн гагцхүү буруу холбосноос болж ус алдсан гэж тайлбарлаж буй парыг дахин хэрэглэгдэх боломжгүй гэж үзэж шууд хаясан гэх хариуцагчийн тайлбар өөр хоорондоо зөрчилтэй байна. Нөгөөтэйгүүр худалдагч, худалдан авагч нар гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үед зохих журмын дагуу шалгаж доголдолтой эсэхийг тогтоогоогүй талаар харилцан маргахгүй байна.
3. Нэхэмжлэгч, хариуцагч нар доголдол бүхий парыг худалдагчийн эзэмшилд хэзээ буцаан шилжүүлсэн талаар харилцан маргаж байна. Нэхэмжлэгч нь халаалт ирмэгц доголдол илэрсэн тул өөрийн жолоочоор тэр даруй буюу 2015 оны 09 дүгээр сард хүргүүлсэн гэж, хариуцагч жил гаруйн хугацаанд хэрэглэж байгаад 2016 оны 10 дугаар сарын үед авчирч өгсөн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь жолооч гэх Г.Нямдоржийн шүүхэд гаргасан тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлсэн байхын зэрэгцээ уг баримтад дурдсан огноо нэхэмжлэгчийн тайлбарласан огнооноос зөрүүтэй байна. Энэ талаар нэхэмжлэгч тодруулахдаа жолооч он, сарын хувьд төөрөлдсөн байх магадлалтай гэжээ. Нэгэнт Г.Нямдоржийг хууль сануулан шүүхэд гэрчээр асуугаагүй тул түүний гаргасан тодорхойлолтыг хуулийн шаардлага хангасан нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Иймд зохигчдын хэн аль нь шаардлага буюу татгалзлын үндэслэл болсон энэхүү үйл баримтын талаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.
Гэвч радиатор буюу пар нь удаан хугацаанд хэрэглэгдэх шинж чанартай, элэгдэл хорогдлын улмаас цооролт үүсэх хугацаа нэг жилийн дараа байх боломжгүй эд хөрөнгө юм. Түүнчлэн хариуцагч радиаторын цооролт нь энгийн элэгдэл хорогдлын улмаас бус гадны хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн гэж үзэж байгаа бол энэ талаар өөрөө нотлох үүрэгтэй. Хэрэгт энэ талаар аливаа баримт авагдаагүй болно.
Тодруулбал, радиаторт цооролт үүссэн байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж шүүх дүгнэсний зэрэгцээ, маргаан бүхий тохиолдолд цоорсон радиоторыг чухам хэзээ худалдагчийн эзэмшилд шилжүүлсэн нь хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзсэнгүй. Харин цооролтыг энгийн элэгдлийн улмаас нэг жилийн дотор үүснэ гэж үзэх нь логикийн хувьд алдаатай гэж дүгнэлээ.
Иймд худалдагч ******* нь худалдан авагч Н.Дариймаад доголдолтой буюу цоорсон радиотар шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2-т заасны дагуу доголдолтой эд хөрөнгөд холбогдох хэсгээр худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Дээр дурдсан үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 175,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж үлдэх 25,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэв.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 5,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасны дагуу хариуцагч *******аас доголдолтой барааны үнэ 175,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Дариймаад олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 25000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 5,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Дариймаад олгосугай.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА