Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/872

 

Н.Н, Ч.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

хохирогч М.Х-ын өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Р.Түвшинбат,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Х, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Н, Ч.А нарт холбогдох эрүүгийн 2107 00028 0090 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Ч-ын А, 1968 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б овгийн Н-ын Н, 1976 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Налайх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

 

Н.Н нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот өөрийн гэртээ архи ууж согтуурсан үедээ тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас М.Х-тай маргалдаж толгойн тус газарт нь гараараа цохих, мөн өшиглөх зэргээр удаан хугацаанд бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Ч.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Н.Н 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот өөрийн гэртээ архи ууж согтуурсан үедээ М.Х-тай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь гараараа цохих, мөн өшиглөх зэргээр удаан хугацаанд бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдэх үед М.Х-ыг зодож байхад хамт байж харсан атлаа зодоон болоогүй мэтээр тухайн хэргийн талаар гэрчилж, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар: Н.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар, Ч.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Н-ын Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б овогт Н-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С овогт Ч-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох ялаас 10.950 нэгж буюу 10.950.000 төгрөгийг дүйцүүлэн өршөөн хасаж, эдлэх ялыг 9.050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.050.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Ч.А-т оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, шүүгдэгч Н.Н-т оногдуулсан 9.050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.050.000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

хохирогч М.Х-ын нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон олох байсан орлого 30.000.000 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Н нь хохирол төлбөрт 3.500.000 төгрөг төлсөн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан цус мэд зүйлийг бэхжүүлэн авсан хөвөн самбар, самбай даавуунд бэхжүүлэн авсан хатсан зүйл, цус мэт зүйлээр бохирлогдсон 00 цаасны тасархай 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н, Ч.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч М.Х давж заалдах гомдолдоо: “...Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод Н.Н-т зодуулж тархи, толгой, хамар, эрүү, нүүр, нүдний чамархайн яс, эрүү нүүрний баруун талын ясны хугаралттай, хагалгаанд орсон. Уг гэмт хэргийн улмаас миний бие сэтгэлд хор уршиг учирч, байнгын толгой өвдөж, хамрын яс хугарч цөмөрснөөс болж амьсгалах орчин хязгаарлагдаж, зовиуртай байгаа тул хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа. Иймд Н.Н, Ч.А нарын үйлдэлд анхан шатны шүүх хөнгөн ял оногдуулж, миний бие, сэтгэлийн хохирол, гомдлыг тайлаагүйд гомдолтой байна. ...” гэжээ.

Хохирогч М.Х-ын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Н-ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтас хэрэгт хохирогч М.Х “...Ямар нэг маргаан болоогүй бөгөөд Н намайг том өрөөнд бор сервантны урд хивсэн дээр сууж байхад шууд миний баруун нүдний орчим гараараа зангидаж цохиод би зүүн тал руу унангуут алчихъя гээд дээрээс толгой, түрүүгүй өшиглөж, дэвсээд, олон удаа өшиглөж цохиод, хэсэг байж байгаад дахин зодох зэргээр нэлээд хэд давтамжтай зодож, сүүлдээ би ухаан балартаад нэг хэсэг хэвтсэн. Арай гайгүй болоод гарах гэсэн чинь Н намайг гаргахгүй, “алчихъя” гээд багалзуурдаж аваад дараад унагасан. “Би нялх нойтон хүүхэдтэй, намайг амьд үлдээчих, би цагдаад хэлэхгүй” гэсэн. Н “Чи хэнд зодуулсан гэж хэлэх юм” гэхэд нь “Өөр танихгүй бацаануудад зодуулсан гэж хэлье” гээд гуйж байхад Х нь “Одоо арай дэндлээ, боль” гээд татан авсан. ...Н намайг 13 цаг 20 минутын үед толгой руу цохиж өшиглөж, зодож эхлээд жаахан завсарлаж Х-тай хоёулаа жорлон орох хооронд би эхнэр рүүгээ залгаж дуудах гэсэн боловч эхнэр утсаа аваагүй. ...Асуулт: Таныг зодуулж байхад Х гэгч нь үг, үйлдлээрээ дэмжлэг үзүүлж, турхирсан зүйл байна уу. Хариулт: Үгүй, юу ч дуугарахгүй, хараад л сууж байсан. ...” /хх 15-18/, Шүүхийн шинжилгээний 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт: “М.Х-ын биед баруун чамархай ясны шугаман хугарал, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алим, нүүрэнд цус хуралт, толгойн хуйх, нүүр, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...” /хх 83-84/, Шинжээчийн Төгсбуянгийн “...М.Х-ын биед тогтоогдсон гэмтлүүдийг тусад нь салгаж үзвэл баруун чамархай ясны шугаман хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, толгойн хуйх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарч, баруун нүдний алиманд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийлээд болон дан дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг /хх 96/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд М.Х-т олон тооны шарх гэмтэл үүссэн болох нь хангалттай нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж хуульчилсан. Эрүүгийн хэрэгт нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог бөгөөд тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг. Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг. Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолын 5.13-т онц харгис хэрцгий аргад хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосныг хамааруулахаар тайлбарласан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр М.Х-т олон тооны шарх гэмтэл учирсан, хохирогчийн мэдүүлгээр нэг цагийн хугацаанд зодсон болох нь тогтоогдож байхад Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн. ... Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 12 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, Н.Н, Ч.А нар нь үйлдсэн гэмт хэргээ огт хүлээн зөвшөөрдөггүй. Уг гэмт хэргийн улмаас М.Х-ын биед учирсан хор уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй. Шүүхээс гэм буруутайд тооцох үед Н.Н, Ч.А нар завсарлага хүсэж 3.500.000 төгрөг төлж, уг мөнгийг тэтгэврийн зээл авч өгсөн талаараа мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан ...” гэж хуульчилсан байхад торгох ял оногдуулсан. Н.Н, Ч.А нарын үйлдэлд шүүх хэт хөнгөн ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Р.Түвшинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг бүрэн тогтоогдоогүй, нотлох баримтууд шалгуулах зүйл байна гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийг тал бүрээс нь бодитой тогтоолгох хүсэлтэй анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Гэвч анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн учраас хохирол төлөх завсарлага авч хохирол төлбөрийг барагдуулсан. Шүүхэд баримтаар гаргаж өгсөн 1.500.000 төгрөг байсан боловч шүүгдэгч Н.Н нь 3.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үндэслэлтэй дүгнэсэн. Хэрэгт хүндрүүлэх зүйл байхгүй. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг. Шүүгдэгч Н.Н нь ой 6 сартай хүүхэдтэй. Мөн ээж нь 90 хувийн хараагаа алдсан Н.Н-ын асрамжид байдаг. Дээрх шүүгдэгчийн хувийн байдлуудыг шүүхээс харгалзан үзэж үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байгаа. Мөн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс хохирогчийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Зүйлчлэлийн хувьд анхан шатны шүүхээс онц харгис хэрцгий хандсан, тухайн хүнийг шаналган тарчлаасан, тэсвэрлэхийн аргагүй зовиур шаналал үүсгэсэн шинж байхгүй гэж үзсэн. Шаналган тарчлаасан өвчний улмаас тэсвэрлэхийн аргагүй зовиур үүсгэсэн шинж байхгүй гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, шүүгдэгч нарыг мөрдөгчийн танилцуулснаар удаа дараа дуудаж асуусан. Дуудахад ажилтай эсвэл Ковид-19 халдвар авсан гэж хойшлуулж байсан. Ажлын ачаалалтай байсан учраас орой мэдүүлэг авсан. ...Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Н, Ч.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Н.Н нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот өөрийн гэртээ архи ууж согтуурсан үедээ тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас М.Х-тай маргалдаж толгойн тус газарт нь гараараа цохих, мөн өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Ч.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Н.Н нь М.Х-ыг зодоогүй, ямар ч маргаан болоогүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

хохирогч М.Х-ын: “...Н намайг том өрөөнд бор сервантны урд хивсэн дээр сууж байхад шууд миний баруун нүдний орчим гараа зангидаж цохиод, намайг зүүн тал руугаа унангуут алчихъя гээд дээрээс толгой түрүүгүй өшиглөж дэвсээд, олон удаа өшиглөж цохиод, хэсэг байж байгаад дахин зодох зэргээр нэлээд хэд давтамжтай зодож, сүүлдээ би ухаан балартаад нэг хэсэг хэвтсэн. Арай гайгүй болоод гарах гэсэн чинь Н нь намайг “Гаргахгүй, алчихъя” гээд багалзуурдаж аваад дараад унагаасан. Би “Нялх нойтон олон хүүхэдтэй, намайг амьд үлдээчих, би цагдаад хэлэхгүй” гэсэн. Н “Чи хэнд зодуулсан гэж хэлэх юм” гэхэд нь “Өөр танихгүй бацаануудад зодуулсан гэж хэлье” гэж гуйж байхад Х нь “Одоо арай дэндлээ боль” гэж хэлээд татаж авсан. Тэгээд би цагдаад хэлэхгүй гэж байгаад гуйж гарсан. ...” /1хх 17/,

гэрч Х.Б-ийн: “...Манай нөхөр Х 14 цаг 56 минутад залгаж “Би хүнд зодуулчихлаа, нүд сохорчихлоо” гээд уйлаад “Гэрт хүн алга, гэрийн гадаа машиндаа сууж байна” гээд ярихаар нь гарсан. ...“Н намайг гэрээсээ гаргахгүй, олон удаа толгой руу өшиглөж, дэвсэж зодсон” гэж хэлсэн. ...Орой нь цагдаа дагуулаад гэрт нь ороход Н “Өө муу шалчиганасан хогийн пизда, ганц цохиулчихаад ингэх байсан юм уу, гүйцээчихдэг байж, Х чамайг ална аа” гээд заналхийлээд байсан. Тэгээд түрүүлээд Х гэдэг ахтай нь гарахад орцон дотор Х гэдэг ах нь надад “Энэ хоёр шоронгийн талаар яриад мангар бацаан амнаасаа болоод зодуулчихсан шүү дээ. Хохь чинь” гэж хэлсэн. ...” /1хх 45/,

гэрч Н.У-ын: “...Н, А нарыг авч гараад хэлтсийн хашаанд дагуулж орж ирэхэд зодуулсан гэх Х нь хэлтсийн 2 дугаар байрны үүдэнд зогсож байсныг хараад Н “Чи муу ганц цохиулчихаад үхлээ юу, чамайг ална аа” гэж хэлж байсан. ...” /1хх 40-41/,

гэрч Х.Б-ы: “...Н, А нарыг “Цагдаагийн хэлтэс рүү явъя” гэхэд Н нь явахгүй гээд хэвтээд байсан. Нэлээд хэдэн удаа шаардуулж байж босож хувцаслаад гарч ирээд хэлтэс рүү явж байхад 2 дугаар байрны зүүн талд зодуулсан Х-тай таарч “Пизда, ганц цохиулчихаад гоншигоноод үхлээ юу” гэж Н хэлсэн. ...” /1хх 43/,

гэрч А.Х-ы: “...Х-ын авч ирсэн хоёр архи нь хоёулаа 0.75 литрийн архи байсан. сүүлийн архи нь 4 хуруу хэртэй үлдсэн. Би сүүлийн архийг хийж өгөхдөө хурдан явуулсан. Би 12 цаг 50 минутын үед гарсан. ...” /1хх 53-54/,

гэрч С.М-ын: “...Том өрөөнд дэвсээтэй хивс нь арчиж цэвэрлэсэн бололтой чийгтэй байсан. Гэрт нь ямар нэг архины шил байгаагүй. Байрнаас гараад хог хаядаг пункерт үзлэг хийхэд маш олон нэр төрлийн архины шил байсан ба тэдгээрийн аль нь болохыг тогтоох боломжгүй тул хураан аваагүй. Гэрийн үүдний хаалганы хажуу талд цус дуссан байсныг бамбар хөвөнд шингээж авсан. Гэр дотор хаалганы хажууд жижиг цаасан хайрцагны доор улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 00 цаас байсныг хураан авсан.  Намайг дуудлагаар гарах гэж байхад эргүүлийн цагдаа Б, У нар Н-ыгаваад хэлтсийн байрны үүдэнд орж ирэхэд Х үүдэнд сууж байсан. Тэр үед Н Х-ыг хараад “Чи муу ямар сүртэй амьсгаа вэ, пизда минь чамайг ингэхийг чинь мэдсэн бол нэг мөсөн гүйцээчихдэг байж” гэж хэлж байхыг би сонссон. ...” /хх 59/,

шинжээч С.Төгсбуянгийн: “...Х-ын биед тогтоогдсон гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд ба дээрх гэмтлийг аваад тухайн хүн нүүр, толгойн хэсгээр маш хүчтэй өвдөх, хамар амнаас цусархаг зүйл гарах, ухаан алдах зэрэг амь насанд аюултай зовиур шаналал илрэх ба эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд амь насанд аюултай. ...” /1хх 96/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч М.Х-ын эрүүл мэндэд баруун чамархай ясны шугаман хугарал, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алим, нүүрэнд цус хуралт, толгойн хуйх, нүүр, хүзүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт /1хх 83-84/,

хэргийн газрын үзлэг хийсэн /1хх 4-8/, мөрдөн шалгах туршилт хийсэн /1хх 77-81/ тэмдэглэлүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Н-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Ч.А-ийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Н, Ч.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Х-ын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн анхан шатны шүүх прокуророос Н.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн, шүүгдэгч Ч.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 12 сарын хугацаанд, шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна гэж дүгнэв.

Хохирогч М.Х, түүний өмгөөлөгч Б.Д нар нь “...зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж хөнгөн ял оногдуулсан...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан бөгөөд дээрх шинжид хохирогчийг үргэлжилсэн үйлдлээр буюу харьцангуй удаан хугацаанд, тодорхой давтамж бүхий өвтгөн шаналгасан, тарчилгаан зовоосон, өлсгөн цангаасан, хууль бусаар хорьсон, түлсэн, төөнөсөн, хайрсан, шатаасан, осгоосон, ойр дотных нь хүний дэргэд нь хүч хэрэглэсэн, хүчирхийлсэн, гэмтлийн улмаас бусад хор уршиг учруулсан буюу сэтгэц, мэдрэлийн өвчтэй болсон зэргийг ойлгоно.

Хэдийгээр хохирогч М.Х-ын эрүүл мэндэд баруун чамархай ясны шугаман хугарал, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алим, нүүрэнд цус хуралт, толгойн хуйх, нүүр, хүзүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /1хх 83-84/-ээр тогтоогдож байх боловч олон тооны гэмтэл учирсан тохиолдол бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн боломжгүй юм.

Иймд, давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Х, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б-ээс 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шөнийн цагаар мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг авах журмыг зөрчсөн байх бөгөөд давж заалдах шатны шүүх хууль зөрчиж авсан мэдүүлгийг үнэлээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 130 дугаартай дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Х, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

       2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ