Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 724

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00357 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С ХХК-д холбогдох

БНХАУ-д үйлдвэрлэсэн 53-32 УНА улсын дугаартай, цагаан өнгийн CHENGLI маркийн хог тээврийн тусгай зориулалттай автомашины өмчлөгчөөр тогтоож, уг автомашины өмчлөлийг бүрэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь С ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 12 000 000 төгрөгөөр БНХАУ-д үйлдвэрлэсэн 53-32 УНА улсын дугаартай автомашиныг авсан. Уг төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан. С ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийн асуудлыг үндэс болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2015 онд машин авснаас хойш нэг жилийн дараа тус компанийн автомашинуудыг шилжүүлэхийг түдгэлзүүлсэн тул БНХАУ-д үйлдвэрлэсэн 53-32 УНА улсын дугаартай, цагаан өнгийн CHENGLI маркийн хог тээврийн тусгай зориулалттай автомашины өмчлөгчөөр Б.Бг тогтоож, уг автомашины өмчлөлийг бүрэн шилжүүлж, гэрчилгээний нэр шилжүүлэхийг С ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Б.Бд 2014 оны 04 дүгээр сарын 20-ны үед БНХАУ-д үйлдвэрлэсэн CHENGLI маркийн хог тээврийн автомашиныг худалдсан нь үнэн болно. Компанийн санхүүгийн асуудлаас шалтгаалан уг автомашины нэрийг шилжүүлэн өгч чадаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг автомашины өмчлөгч нь 2014 оны 04 дүгээр сараас хойш Б.Б байгаа. С ХХК-ийн санхүүгийн бүртгэлээс автомашин хассан тайлан, төлбөр төлөгдсөн баримт олдохгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-д холбогдох БНХАУ-д үйлдвэрлэсэн 53-32 УНА улсын дугаартай, цагаан өнгийн CHENGLI маркийн хог тээврийн тусгай зориулалттай автомашины өмчлөгчөөр тогтоож, уг автомашины өмчлөлийг бүрэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн С ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн Автотээврийн газарт хандаж, Б.Бгийн нэр дээр автомашины нэр шилжүүлж өгөхийг хүссэн албан бичиг, тухайн өдөр талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ, С ХХК-ийн 2016 оны Автотээврийн газарт хандаж, Б.Бгийн нэр дээр автомашины нэр шилжүүлж өгөхийг хүссэн албан бичиг, 2013 онд Б.Б өөрийн нэр дээр тухайн автомашиныг албан журмын даатгалд хамруулж байсан даатгалын гэрээ, тухайн автомашиныг Б.Бгаас 2017 оны 12 дугаар сард хүлээн аваад өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа гэх гэрч Ж.Мөнх-Одын мэдүүлэг, тухайн автомашиныг өөрийн жолоочийн нэр дээрээ даатгуулаад ашиглаж байгаа талаарх даатгалын гэрээ, албан татвар, замын хураамж, агаарын бохирдлын хураамж төлсөн баримт, хариуцагчийн тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг олон нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.

...Б.Б нь Г ХХК -д С ХХК өр төлбөртэй болохоос өмнө буюу 2014 оны 04 дүгээр сарын 21-нд автомашиныг худалдан авч үнийг төлсөн. Түүнээс хойш уг автомашин Б.Бгийн эзэмшилд байгаа, мөн бусдад автомашины эзэмшлийг шилжүүлсэн байгаа зэрэг үйл баримт нотлох баримтаар тогтоогддог. Хариуцагч анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбараа 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр гаргаж, талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд өгсөн болно. Гэтэл анхан шатны шүүх эвлэрлийг батлах эсэх талаар ямар ч шийдвэр гаргахгүй байсаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэртээ эвлэрлийг батлах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.7 дахь заалтыг зөрчсөн.

...Түүнчлэн шүүх гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөж болзошгүй тул эвлэрлийн гэрээг батлах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Хэргийн нотлох баримтаар гуравдагч этгээд буюу Г ХХК  -ийн эрх, ашиг сонирхол нь уг автомашинтай ямар нэгэн хамааралгүй, хамгаалагдвал зохих эрх, ашиг сонирхол үүсэхээс өмнө Б.Бгийн хуулиар хамгаалагдвал зохих эрх, ашиг сонирхол үүссэн байсан нь тогтоогддог. С ХХК болон Б.Баямагнайгийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэтэл анхан шатны шүүх уг гэрээг гэрээний төсөлд худалдан авагч Б.Б гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна гэж, өөрөөр хэлбэл гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Автомашины өмчлөл шилжүүлэхэд заавал бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан байх шаардлагыг хууль болон хуульчилсан актаар тавиагүй байна. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдээс автомашины өмчлөл шилжүүлж байгаа тохиолдолд тухайн байгүуллагын албан бичиг, гэрчилгээний хуулбар, бүртгэлийн маягтыг үндэслэн иргэнрүү шилжүүлж байгаа болно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.    

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С ХХК-д холбогдуулан БНХАУ-д үйлдвэрлэсэн 53-32 УНА улсын дугаартай, цагаан өнгийн CHENGLI маркийн хог тээврийн тусгай зориулалттай автомашины өмчлөгчөөр тогтоож, уг автомашины өмчлөлийг бүрэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь БНХАУ-аас орж ирсэн 53-32 УНА улсын дугаартай, цагаан өнгийн тусгай зориулалттай хог тээврийн 2012 онд үйлдвэрлэсэн автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь автомашины үнэ 12 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 8/

Маргааны зүйл болох дээрх автомашины өмчлөгчөөр С ХХК бүртгэлтэй болох нь хэргийн 4 дүгээр талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх боловч хэргийн 7 дугаар талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4/346 дугаартай албан бичигт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5111 дүгээр шийдвэрээр С ХХК-иас 15 615 026 төгрөгийг гаргуулж Г ХХК -д олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн буюу С ХХК-ийн тээврийн хэрэгслүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар тусгагдсан байх ба Г ХХК -д өр төлбөртэй байгаа талаараа хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, тухайн ажиллагаа нь өөрөө хууль бус гэж үзээгүй байгаа тохиолдолд хариуцагч С ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үндэслэлгүй болно. 

Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулан шүүхэд ирүүлсэн байх ба уг гэрээгээр “нэхэмжлэгч Б.Бгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн 53-32 УНА улсын дугаартай, цагаан өнгийн CHENGLI маркийн хог тээврийн тусгай зориулалттай автомашины өмчлөгчөөр тогтоож, уг автомашины өмчлөлийг бүрэн шилжүүлэхийг С ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний 1-д заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Энэхүү гэрээгээр гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй болно” гэжээ. /хх 19/

Уг гэрээний дагуу хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй. Учир нь бусдын эрх ашиг хөндөгдөөгүй тохиолдолд зохигчдын эвлэрлийг, мөн хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж шийдвэрлэх учиртай. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4/346 дугаартай албан бичигт Г ХХК -д өр төлбөртэй, тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохыг дурдсан байх тул гуравдагч этгээдийн эрх, ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх тус эвлэрлийн гэрээг батлах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үнийг бүрэн төлсөн тул уг автомашины өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүйгээс гадна, хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх автомашиныг бусдад худалдаж компанийн санхүүгийн бүртгэлээс хассан тайлан, төлбөр төлөгдсөн талаарх баримт олдохгүй байгаа, энэ талаарх баримтыг гаргаж өгөх боломжгүй байна гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Бгаас төлсөн 207 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН