Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 183/шш2023/02543

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2023/02543

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Т гол гудамж, ****  хаягт байрлах, регистрийн ******* дугаартай, З а сууц өмчлөгчдийн холбоо,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Т гол гудамж, З а, ** давхар, ** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, Б т овогт Ц-ийн С нарын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд болох Б групп ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З а сууц өмчлөгчдийн холбоо, Ц.С нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд болох Б групп ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. З а сууц өмчлөгчдийн холбооны нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Т гол гудамж, ** орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээнд хяналт тавин хэвийн ажиллагаатай байлгах, сууц өмчлөгчдийн эрх ашиг, тав тухтай амьдрах нөхцөл боломжийг хангахаар хариуцан ажиллаж байна. Тус орон сууцыг барилгын захиалагч болох регистрийн ******* дугаартай, Б групп ХХК, болон барилгын ажлын гүйцэтгэгч регистрийн ******* дугаартай, Б ХХК, нар нь барьж, "З А" байр нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Т гол гудамж, ** хаягт бүртгэгдэж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр улсын комисс хүлээж авсан болно. Гэтэл оршин суугчдаас барилгын агааржуулалтаар айлын хоол үнэртэж, дулаан алдах болон нийтийн өмчийн зам талбайн эвдрэл гэмтэл, айлын тулгуур хананы завсраар цантах, өвлийн улиралд цонх цантаж маш их дулаан алддаг, автомашины дулаан зогсоолын машин хоорондын тэмдэглэгээ зогсоолын дугаар, шалны будаг, резин хийгдээгүй тухай, мөн анх орон сууц захиалагчдад орон сууц борлуулахдаа хийнэ гэж амлаж байсан 1 давхрын хүлээлгийн хэсгийн тохижилт зэргийг хийгээгүйтэй холбоотой санал гомдлууд манай сууц өмчлөгчдийн холбоонд байнга ирдэг. Энэ асуудлаар барилгын захиалагч болох Б групп ХХК болон барилгын ажлын гүйцэтгэгч Б ХХК-д шаардлага, гомдол удаа дараа хүргүүлсэн ч огт хариу өгдөггүй бөгөөд орон сууцны эвдрэл, гэмтлийг өдийг хүртэл огт засварлаагүй болно. Барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч нь хууль тогтоомж, норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг дагаж мөрдүүлэх үүргийг хүлээдэг бөгөөд ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай нь хариуцлага хүлээхээр хуульд заасан байна. Түүнчлэн Иргэний уулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т "Барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно" гэж заасны загуу барилгын компани нь өөрийн ашиглалтад оруулсан барилга байгууламжийн эвдрэл эмтэл, засвар үйлчилгээг 3 жилийн хугацаанд бүрэн хариуцаж арилгах үүрэгтэй байна. Энэ тухай манай сууц өмчлөгчдийн холбоо нь холбогдох байгууллагуудад хэд хэдэн удаа гомдол гаргасан бөгөөд Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ***** дугаар Зөрчил арилгуулах тухай албан тоотод "2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийхэд айлын сууцны шахмал шал хөндийрч, зай завсар гарсан, цонх цантсан байдалтай байна. Иймд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг баримтлан захиалагч барилгад үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилга" гэж тусгайлан үүрэг болгосон боловч өнөөдрийг хүртэл тус зөрчлийг арилгаагүй байна. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу манай "З а" сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилгын хүрээнд ийнхүү нэхэмжлэл гаргаж буй болно. Энэ асуудлаар эрх бүхий байгууллагад хандсан ч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, хяналтын газраас 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн дугаар ***** албан бичгээр арга хэмжээ авч өгнө гэсэн боловч авч өгсөнгүй. Мөн энэ асуудлаар тус компанид хэд хэдэн удаа хандсан ч огт хариу өгөхгүй, арга хэмжээ авч өгөхгүй байна. Иймд байрны инженерийн хангамжийн системийг арчлан хамгаалах үүргээ биелүүлэхийг даалгахын тулд хариуцагч байгууллагийн хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагч регистрийн *********** дугаартай, Б групп ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Ц.С-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ц.С-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ************ дугаартай захирамж зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч З а сууц өмчлөгчдийн холбоо, Ц.С нарын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол хуулийн этгээд болох Б групп ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Б групп ХХК нь Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар Зөрчил арилгуулах тухай албан тоотод заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

3. Б групп ХХК нь Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, З М оффис, *** тоот хаягт байрладаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ************* дугаартай захирамжаар тогтоогджээ.

 

4. Иймд регистрийн ******* дугаартай, Б групп ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Э.Ц-г эрэн сурвалжилж, оршин суугаа болон компанийн үйл ажиллагаа явуулж буй хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З а сууц өмчлөгчдийн холбоо, Ц.С нарт улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн ******* дугаартай, Б групп ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Э.Ц-г тус тус эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б групп ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Э.Ц-ийн оршин суугаа болон компанийн үйл ажиллагаа явуулж буй хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З а сууц өмчлөгчдийн холбоо, Ц.С нарт улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийн хувийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА