| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2019/0500/и |
| Дугаар | 725 |
| Огноо | 2019-04-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 725
В.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00500 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч В.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Х.Г эд холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Жарантай
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Баттогтох
Хариуцагч: Х.Г
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Мядагбадам
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч В.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр зам гудамж 49 дүгээр байр 68 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарын бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг Ц.Э гэх хүнээс худалдан авсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сараас эхлэн өмчилж байгаа билээ. Гэвч хариуцагч Х.Г нь энэ миний байр байсан та нар гар, та нарт энэ байрыг зарсан гэх Ц.Э бид 2 төлбөр тооцоо, мөнгө төгрөгийн асуудалтай байсан гэж миний байрнаас биднийг хөөж өөрсдөө амьдарч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхэнд минь саад учруулж байна. Намайг энэ байрыг авах үед Ц.Э нь Х.Г ээс худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр авсан Ц.Эын нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй, эрхийн ямар нэгэн зөрчилгүй байр байсан. Иймд миний өмчлөлийн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр зам гудамж 49 дүгээр байр 68 тоот орон сууцыг Х.Г ийн хууль бус эзэмшигчээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Г , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 49 дүгээр байрны 68 тоот, 0102345 дугаартай, Ү-2205023731 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 39 м.кв талбайтай 3 өрөө байранд аав, эхнэр 2 хүүхдийн хамт ам бүл 5-уулаа амьдардаг. Энэ байр манай ээж ааваас хүүдээ өгсөн байр юм. 2009 оны 11 дүгээр сарын 19-нд С.Мандалсүрэн нотариатчаар орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр миний өмчлөлд ирсэн байр юм. 2012 онд мөнгөний хэрэг гараад Зар мэдээ сонинд зээл гаргана гэсэн зарын дагуу н.Саран, н.Ц нартай холбогдож Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 49 дүгээр байрны 68 тоот, 0102345 дугаартай, Ү-2205023731 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 39 м.кв талбайтай 3 өрөө байрны гэрчилгээг барьцаалж аман хэлцлээр 8 000 000 төгрөгийг сар бүр 240 000 төгрөг төлөхөөр тохиролцож зээлсэн.
2014 оны 09 дүгээр сард манай ах байранд чинь засвар хийж байна гэсэн мэдээлэл өгөхөд байрандаа очиж шалгахад н.Саран, н.Ц нар нь Тэнгисийн баруун талын нотариатч дээр өөр эрэгтэй хүн аваачиж манай нөхрийн байр гэж итгэмжлэл бичүүлээд итгэмжлэлээрээ н.Эрдэнэбатад зарж, Ц.Э нь дамжуулан В.Бт байрыг маань зарсан байсан. Манайх 19 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүнд нь орон сууцандаа суулгасан байсан. Гэтэл н.Саран, н.Ц нар Ц.Этай нийлээд бид нар Х.Г ийн эгч нар байна, та нарын мөнгийг чинь өгье гээд хүмүүсийг нь гаргаж, засвар хийж байсан. н.Саран, н.Ц нарын энэ үйлдэлд нь 2014 оны 09 дүгээр сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгч, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эдгээр хүмүүсийг шалгуулаад 2016 оны 02 дугаар сард эрүүгиин шүүхээр хэрэг нь хэлэлцэгдсэн. Энэ шүүх хуралдаанаар холбогдогч н.Саран, н.Ц нар нь хуурамч итгэмжлэлээр байрыг маань зарсан хэргээ хүлээн зөвшөөрч тухайн үеийн шүүх бүрэлдэхүүн миний байрны эрхийг сэргээх хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэн боловч тухайн үеийн хууль тогтоомжоор хэргийг тусгаарлаж шийдэх боломжгүй гээд хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. н.Саран, н.Ц, Ц.Э, В.Б нар нь хууль бусаар гарын үсэг зурсан асуудал яригдсан. Шүүх хурал хойшлогдож 2018 оны 12 дугаар сард дахин хэлэлцэгдэхээр буцаасан. Би 2 шүүх хуралд суусан, шүүхийн хэлэлцүүлэгт орон байрыг хуурамч бичиг баримтаар залилсан нь үнэн гэж хэлж байсан. Шүүхийн хэлэлцүүлэг болоод хэрэг буцаад байдаг. Энэ хэрэг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Бын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, төмөр зам гудамж, 49 дүгээр байрны 68 тоот орон сууцыг хариуцагч Х.Г ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Х.Г давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Саран, Ё.Цэцэгмаа нар нь Х.Г ийн байрны ордерийг Чингэлтэй дүүргийн нотариатч н.Цгаар хуурамж итгэмжлэл хийлгэсэн байсан. Энэ хуурамч итгэмжлэлээрээ 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Т.Баттөмөр гэх хүнээс 18 000 000 төгрөг зээлж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулсан байсан. Мөн Х.Г ийн орон сууцыг Ц.Э гэх хүнд худалдан борлуулж, Ц.Эаас В.Бт орон сууцыг зарсан байна. Тухайн орон сууцанд байсан хүмүүсийг мөнгө өгч орон сууцнаас нь гаргасан байсныг мэдээд 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Д.Саран, Ё.Цэцэгмаа хоёрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч одоо хүртэл шийдвэрлэгдээгүй Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2014260005011 дугаартай хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд тавьж байсан боловч хүсэлтийг хангаагүй. Иймд энэ хэргийн маргааны үйл баримттай асуудлыг эрүүгийн хэргээр хянаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч В.Б нь хариуцагч Х.Г эд холбогдуулан Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр зам гудамж 49 дүгээр байр 68 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарын бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр зам гудамж 49 дүгээр байр 68 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарын бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг 2014 онд Ц.Э гэх хүнээс худалдан авсан боловч тус байранд Х.Г нь хууль бусаар амьдарч миний өмчлөх эрхэд халдаж байна” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...миний өмчлөлийн байрыг н.Саран, н.Ц гэх хүмүүс миний нэрийн өмнөөс хуурамч итгэмжлэл үйлдэж, Ц.Э гэх хүнд худалдан борлуулсан байсан. Уг хуурамч итгэмжлэл үйлдсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа, н.Саран, н.Ц нар нь хуурамч итгэмжлэл хийснээ хүлээн зөвшөөрдөг” гэж тус тус тайлбарлажээ. /хх 1, 13-14/
Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр зам гудамж 49 дүгээр байр 68 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарын бүртгэлтэй 3 өрөө орон сууц нь 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Х.Г , Б.Хоохдой, Ц.Сэсрэнжав нарын өмчлөлд бүртгэгдсэнийг хамтран өмчлөгч өөрчлөгдөх үндэслэлээр 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Х.Г ийн өмчлөлд шилжсэн байх бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Х.Г ээс Ц.Эын өмчлөлд, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Ц.Эаас В.Бын өмчлөлд тус тус шилжсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 5/
Дээрх орон сууцны өмчлөгчөөр В.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул түүнд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжсэн байна.
Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг н.Саран, н.Ц нар хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх үйл баримт нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байх тул нэхэмжлэгч В.Быг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзнэ.
Иймд шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Г ийн хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлүүлэхийг нэхэмжлэгч В.Б шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Хариуцагч нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэжээ.
Хариуцагч нь миний өмчлөлийн байрыг н.Саран, н.Ц гэх хүмүүс миний нэрийн өмнөөс хуурамч итгэмжлэл үйлдэж, Ц.Э гэх хүнд худалдан борлуулсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Миний бие эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа тохиолдолд хэргийн оролцогч өөрөө баримтаа цуглуулах боломжтой байсан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.Г ээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Д.ЦОГТСАЙХАН