| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2103000500079 |
| Дугаар | 2021/ДШМ/874 |
| Огноо | 2021-09-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2021/ДШМ/874
Ч.Ч-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
шүүгдэгч Ч.Ч-ын өмгөөлөгч О.Санчирбал,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/476 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Ч-ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ч.Ч-д холбогдох эрүүгийн 2103 00050 0079 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Ч-ийн Ч, 2001 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бүжгийн жүжигчин мэргэжилтэй, ...-д бүжигчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн;
Ч.Ч нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 02.28 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Макс молл” худалдааны төвийн урд замд “Тоёота приус-20” загварын хх-хх УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.И-ийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн загвар, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газар: Ч.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Ч-ийн Ч-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасаар Ч.Ч-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ч-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ч.Ч-ын В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 13ххххх дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Ч-д буцаан олгохоор, хохирогч А.И нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Ч-ын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъект болох мөрдөгч нь процесс хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан мөрдөгчийн магадлагааг гаргах боломжтой хэдий ч хэрэгт хамааралгүй этгээд болох А.Алтанжолоо нь мөрдөгчийн магадлагааг гаргаж, уг нотлох баримтыг шүүхээс үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үндэслэл болгож шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Анхан шатны шүүхийн мэтгэлцээний явцад хохирогчийн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр хохирогч А.И нь өөрөө Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдаг. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлд заасан явган зорчигч тодорхой зохицуулагддаг гэрлэн дохиогоор гарах ёстой гэх зэрэг хориглосон заалтуудыг зөрчсөний улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогддог. анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Ч-д холбогдох хэрэгт мөрдөгч Дэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Уг хэрэгт ахлах мөрдөгч А.Алтанжолоо магадлагаа гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзэж магадлагаа бичсэн. Магадлагаа нь хуулийн шаардлага хангасан байдаг. Яагаад А.Алтанжолоо магадлагаа бичсэн бэ гэвэл тухайн үед Дэмбэрэл нь Ковид-19 өвчний халдвар авсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаатай холбоотойгоор А.Алтанжолоо магадлагаа бичсэн. А.Алтанжолоо нь хошууч цолтой ахлах мөрдөгч. Мөрдөгч Дэмбэрэл нь шинээр ажлаа аваад 6 сар болж байсан туршлага дутуу байсан учраас ахлах мөрдөгч А.Алтанжолоо нь хэрэгт магадлагаа бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж магадлагаа бичсэн. Заавал тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч магадлагаа бичнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч Ч.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Явган зорчигчийн буруутай үйл ажиллагаанаас болж осол гарах болсон гэсэн асуудал анхан шатны шүүх хуралдаан дээр яригдаагүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь компаниас хувь хүнд түрээслүүлсэн, хувь хүн шүүгдэгч Ч.Ч-д давхар 2-3 хоногийн хугацаатай түрээслүүлсэн байдаг. Түрээсийн гэрээнд тухайн тээврийн хэрэгслийг түрээсэлж авсан түрээслэгч тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг хариуцна гэж заасан байдаг. Хэрвээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй хохирол төлбөрийг барагдуулаагүй байсан бол энэ хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байсан. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Ч.Ч нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 02.28 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Макс молл” худалдааны төвийн урд замд “Тоёота приус-20” загварын хх-хх УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.И-ийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн загвар, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.И-ийн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны 02 цагийн үед Баянгол дүүрэг, баруун дөрвөн зам, “Max Mall” худалдааны төвийн урд замаар урдаасаа хойшоо зам хөндлөн гарах гэж байгаад автомашинд мөргүүлсэн. ...Би явганы гарцтай газраар зам гараагүй, явганы гарцаас жаахан зайдуу газраар зам хөндлөн гарах гэж байсан. ...” /хх 29/,
гэрч В.Э-ын: “...Баруун дөрвөн зам, “Max mall” худалдааны төвийн урд замын 1 дүгээр эгнээгээр явж байхад юм мөргөх шиг чанга чимээ гарсан. Тэгээд урагшаа харахад хүн унаж харагдсан. Тэгэхэд нэг машин цаашаа чигээрээ яваад өгөхөөр нь би тэр машиныг мөргөчихөөд зугтаачихлаа гэж бодоод араас нь дагаад явтал дараагийн гэрэл дохион дээр зогссон. Миний хажууд сууж явсан хүн буугаад очиход хаалгаа онгойлгохгүй хөдлөөд явчихсан. Би араас нь дахиад дагаад явахад Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашаа руу нөгөө машин орсон. Би очоод жижүүрийн цагдаад нь “Явган зорчигч мөргөчихсөн хүн энд ирээд зогсчихлоо” гэж хэлсэн. ...” /хх 51/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Г-ийн: “...Ч.Ч гэх хүнд “Тоёота приус-20” загварын хх-хх УНИ улсын дугаартай автомашин түрээслүүлсэн. ...” /хх 33/
шүүгдэгч Ч.Ч-ын: “...Баянгол дүүрэг, Баруун дөрвөн замын уулзвараар баруун тийш эргээд 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байхад найгасан хүн урдаас хойш чиглэлд гарч ирсэн. Би тоормоз гишгэж амжилгүй тухайн хүнийг мөргөөд зогсох гэсэн боловч айсандаа чигээрээ явсан. Дараагийн гэрлэн дохион дээр улаан гэрлээр зогсоход нэг хүн ирээд “Чи буугаад ир” гээд цонх нүдээд байсан. Би айсандаа шууд цагдаагийн газар оръё гэж бодоод чигээрээ хөдлөөд Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очсон. ...Автомашины зүүн талын ойрын гэрэл асахгүй байсан. тэр талаас явган зорчигч гарч ирсэн. ...” /хх 102/ гэсэн мэдүүлгүүд,
шүүгдэгч Ч.Ч нь хх-хх УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 12.3, 3.5а, 3.5.б, 3.5.в, 3.5.г-д заасныг зөрчсөн байх үндэслэлтэй, явган зорчигч А.И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.а-д заасныг зөрчсөн байх үндэслэлтэй талаар дүгнэсэн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадлагаа /хх 91-92/,
хохирогч А.И-ийн эрүүл мэндэд дух ясны баруун хэсгийн гадна, дотно ялтас дайрч баруун ухархайн дотор хана, элхэгийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, дух, элхэгийн хөндийд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний шаант ясны далд хугарал, баруун шилбэнд цус хуралт, духны баруун хэсэг, баруун хөмсгөнд шарх, дух, хамрын нуруу, дээд уруул, эрүүний төвгөр, духны зүүх хэсэг, зүүн хацар, баруун, зүүн сарвуу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1823 дугаартай дүгнэлт /хх 67-68/,
шүүгдэгч Ч.Ч-ын жолоодон явсан хх-хх УНИ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн зүүн гар талын ойрын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй, катализатор байхгүй зэрэг гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, эвдрэл гэмтэлтэй, эдгээр гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байх боломжтой талаар дүгнэсэн Автотээврийн Үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх 75-80/,
хх-хх УНИ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд 710.000 төгрөгийн учирсан хохирол учирсан болохыг тогтоосон Кости-Эстимэйт ХХК-ийн дүгнэлт /хх 86-87/,
автомашин түрээслүүлэх гэрээ /хх 37-38/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Г-ийн “Энх үүд инвест” ББСБ-тай байгуулсан лизингийн зээлийн болон барьцааны гэрээ /хх 44-45/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-9/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Ч-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ч.Ч-ын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал “Мөрдөгчийн магадлагаа нь хууль ёсны шаардлагыг хангаагүй...” талаар давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т мөрдөгч шинжилгээ хийхэд шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргуулж болохоор, мөн тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болох, ийнхүү гаргасан магадлагааг танилцуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан журмыг баримтлахаар хуульчилсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн мөрдөгчийн магадлагааг гаргахдаа хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгох, дахин гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд шүүгдэгч Ч.Ч-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10, 27.11 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэрэг нь хамаарч байгаа буюу тус хуулийн 6, 7, 9 дүгээр зүйлүүдэд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлд хамаарахгүй байна.
Шүүгдэгч Ч.Ч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 4.700.000 төгрөгийг хохирогч А.И-д төлсөн, түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хохирогч А.И нь тухайн нөхцөл байдалд Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т зааж хориглосон үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Монгол Улсын Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах хохирлын хэмжээг багасгаж болно” гэж заасныг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.
Түүнчлэн, шүүгдэгч Ч.Ч нь “Э” ХХК-иас Авто машин түрээслэх гэрээний дагуу тухайн хх-хх УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэн авсан байх бөгөөд түрээслүүлэгчийн зүгээс тухайн тээврийн хэрэгслийн ажиллагааг бүрэн бүтэн, зөрчилгүйгээр хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, бүрэн гэрэлтүүлэггүй тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.
Мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, дахин гаргахгүй байх чиг үүргийн хүрээнд бүрэн бус ажиллагаатай, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлж замын хөдөлгөөнд оролцуулж байгаа зөрчлийг шалгаж, зохих арга хэмжээ авахад анхаарах шаардлагатай болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/476 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож,
тогтоох хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.4, 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Тээврийн прокурорын газраас Ч.Ч-д холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шүүгдэгч Ч.Ч-ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ