Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/05375

 

 

 

 

 

 

                                2023       12          04

                   101/ШШ2023/05375

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Гдаргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Н. Б /рд:/-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч:  Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,

          5,415,702 төгрөгийн тэтгэлгийг бүхэлд нь нөхөн төлүүлэхээс чөлөөлөх, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цо нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2477 дугаартай шийдвэрээр 2010 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин О.Үг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Н.Б нь энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж ирсэн боловч анх 2021 оны 03 дугаар сард Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн үзлэгээр “Цусны цочмог миелоид лейкеми” буюу цусны нэг төрлийн хавдар оношлогдож 4 курс химийн эмчилгээ хийлгэсэн. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 19-нд хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан бөгөөд ийнхүү алдсаныг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоосон. Түүгээр зогсохгүй 2021 оны 12 сард гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх болсон тул БНТУ-ын “Мемориал” эмнэлэгт донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн.

Н.Б нь сүүлийн 2 жил гаруй хугацаанд хөдөлмөрийн чадвар 100 хувь алдаж ажил, хөдөлмөр эрхлээгүйн улмаас түүнд энэхүү хугацаанд 5,415,702 төгрөгийн тэтгэлгийн хуримтлал үүссэн байна. Түүний биеийн байдал тааруу байгаа бөгөөд дахин гадаадад эмчилгээ хийлгэж болзошгүй нөхцөлд энэхүү хуримтлагдсан тэтгэлэг нь гадна болон дотоодын тусламжийн байгууллагаас тусламж авах, хандив цуглуулахад саад учруулах эрсдэлтэй юм.

Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023.08.15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газарт хүсэлт гаргасан боловч 2023.08.21-ны өдрийн 2/2898 дугаартай албан бичгээр “...та холбогдох асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэх хариуг өгсөн.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн хэсгийг буюу бүхэлд нь нөхөн төлүүлэхээс шүүх чөлөөлж болно”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.7-д “Төлбөр төлөгч хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн хэсгийг, эсхүл бүхэлд нь нөхөн төлүүлэхээс чөлөөлүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасан байна.

Иймд Н.Бын хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан хугацаанд үүссэн тэтгэлгийн хуримтлал болох 5,415,702 төгрөгийн тэтгэлгийг бүхэлд нь нөхөн төлүүлэхээс чөлөөлөхийг, Н.Быг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газарт даалгаж өгнө үү.

1а. Нэхэмжлэгчээр тэжээн тэтгүүлэхээр шүүх шийдсэн. Шийдвэрийг биелүүлж ирсэн боловч цусны цочмог хавдар оношлогдсон. Улмаар 2021.8.10-нд хөдөлмөрийн чадвараа алдсан. Үүнийг комиссын шийдвэрээр тогтоосон. Сүүлийн 2 жил ажил хөдөлмөр эрхлээгүй тул тэтгэлгийн хуримтлал үүссэн. Ийнхүү биеийн байдал муу бөгөөд гадаадын байгууллагад дахин эмчилгээ хийлгэхэд энэхүү хуримтлагдсан тэтгэлэг сөргөөр нөлөөлөхөөр байна. Гэр бүлийн тухай болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар хуримтлагдсан тэтгэлэг болон тэтгэлэг төлөхөөс үүргээс чөлөөлөхийг даалгаж өгнө үү. 2011-2021 он хүртэл үүргээ биелүүлээд л явж байсан. 2021 онд цусны хавдартай болоод ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Ажил хийхгүй байгаа тул тэтгэлэг төлөх боломжгүй. Орон сууц нь өөрийнх гэж харагдаж болох боловч ипотекийн зээлтэй байр юм. Зээлээ төлөхгүй бол банк байрнаас нь гаргах тул төлөөд явдаг. Гэр бүлийн тухай хуулийн 49.3-т тэтгэлгээс шүүх чөлөөлж болохоор заасан. Мөн хуулийн 42.1-т тэтгэлгийн хэмжээг өөрчилж тогтоох эрх олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90.7-д заасныг үндэслэж байгаа юм гэв.

 

2.         Хариуцагчийн төлөөлөгч Ц.Баянчимэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2477 дугаар шийдвэрээр Н.Баас нэг хүүхдийн тэтгэлгийг гаргуулж Б.О-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Н.Бын өмчлөл болон эзэмшилд эд хөрөнгө бүртгэлтэй талаар холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад эд эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй ,,,, тоот орон сууц бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Дээрх үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч Н.Б нь нэг хүүхдийн тэтгэлэгт 2011 оноос хойш 2023 оны 11 дүгээр сарыг хүртэл 16.964.400 төгрөгийг төлөх ёстойгоос 11.143.548 төгрөгийг төлж, хүүхдийн тэтгэлгийн 5.820.852 төгрөгийн хуримтлалтай байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1.Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.4.Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.гэж заасан.

Мөн төлбөр төлөгч Н.Б хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг төлөх төлбөрийн чадамжгүй этгээд биш юм өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй бөгөөд эд хөрөнгөнөөс нь хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг гаргуулах бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. Тус шүүхийн 2010 оны шийдвэрээр нэхэмжлэгчээс тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2023 оны 11 сарын байдлаар 16,964,400 төгрөг төлөхөөс 11,143,548 барагдуулсан. Үүнээс хойш 5,820,852 төгрөгийн өр хуримтлагдсан. Төлөх шаардлага тавихаар өвчний талаар тайлбар гаргаад байдаг тул группийн мөнгөнөөс нь суутгал хийгдээгүй. Мөн зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлаагүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь группийнхээ мөнгийг аваад явдаг. Үүнээсээ бага ч гэсэн өгдөггүй. Тэрээр ямар ч эд хөрөнгөгүй хүн биш. Түүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байдаг. Энэ хөрөнгө нь бусдын барьцаанд байгаа гэх боловч зээлээ төлөөд явдаг. Тэгсэн боловч хүүхдийнх нь эрх ашиг зөрчигдөөд байдаг. Хүүхэдтэйгээ уулздаггүй, утсаар ярьдаггүй гэж тайлбарласан. Хүүхэд нь манай байгууллагаас шилжиж ирсэн мөнгөөр л амьдардаг гэдэг. Тэтгэлэг төлөхөд санаачилга гаргаагүй. Өвчтэй гэдэгтэй нь маргаангүй. Эд хөрөнгөтэй бөгөөд зээлээ төлөөд явдаг боловч тэтгэлгээ төлдөггүй. Хүүхэд 18 нас хүрснээр дуусгавар болох боловч хуримтлагдсан мөнгийг төлөхөөс чөлөөлөгдөхгүй. Хөвсгөл аймгийн түвшнээр тэтгэлэг төлдөг. Одоогоор төлөх боломжгүй бол хуримтлагдсан ч гэсэн дараа нь төлөх боломжтой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2011 оноос хойш 7 жил олдохгүй байсан юм. Улмаар тэтгэлгээ бага багаар төлж явсан байдаг юм гэв.

 

3.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2477 дугаар шийдвэрийн хуулбар /хх6/ шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хх7/, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 2/2898 дугаар албан тоот /хх8/, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн шийдвэрийн хуулбар /хх9/, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрийн хуулбар /хх10/, эмнэлгийн дүгнэлт гаргах маягтын хуулбар /хх11-12/, Насан-Урт өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаар албан тоотын хуулбар /хх14/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх58/, орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хуулбар /хх59-60/, барьцааны гэрээний хуулбар /хх64-65/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх66/, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр болон үзлэгийн тэмдэглэлийн хуулбар /хх67-68/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Н.Б нь хүүхдийн тэтгэлгийн хуримтлагдсан төлбөр 5,415,702 төгрөгийг төлөх болон хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар нь хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг бөгөөд хуримтлагдсан тэтгэлгийг сүүлд төлөх боломжтой гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч маргасан.

 

4.         Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.7, Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар хөдөлмөрийн чадваргүй болсон үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

 

5.         Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2477 дугаар шийдвэрээр энэ хэргийн нэхэмжлэгч Н.Быг охин О.Үгийн эцэг мөн болохыг тогтоож, тэжээн тэтгүүлж шийдвэрлэсэн байна. /хх6/

Улмаар нэхэмжлэгч нь 2021 он хүртэлх хугцаанд хүүхдийн тэтгэлгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлд 5,415,702 төгрөгийн, хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 5,820,852 төгрөгийн тэтгэлэг төлөх өр үүссэн гэж тайлбарласан бөгөөд эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

 

6.         Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан болох нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр болон 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдээр тогтоогдсон. /хх10, 67/

 

7.         Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. Улмаар мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1-д заасан тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх, тэжээн тэтгэх үүргийг дуусгавар болгох үндэслэлгүй байна.

 

8.         Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа 100 алдсанаар Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар шүүх тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх эрхтэй байх боловч хуулийн энэхүү зохицуулалт нь тэтгэлэг төлөгчийн хувийн байдлыг харгалзах учиртай. Тодруулбал, тэтгэлэг төлөгчийн эд хөрөнгөтэй эсэх, бусад орлого олдог эсэхийг харгалзан үзэх учиртай юм.

 

9.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нэхэмжлэгч нь эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгөтэй эсэх, мөн бусад орлогогүй гэх тайлбараа баримтаар бүрэн нотлоогүй. Хэдийгээр зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдсон. /хх58/

 

10.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Гэр бүлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Банкны төлбөр барагдуулах албанд холбогдох хүүхдийн тэтгэлгийн хуримтлагдсан төлбөр 5,415,702 төгрөгийг төлөх болон хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД