| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/03685/И |
| Дугаар | 183/шш2023/02546 |
| Огноо | 2023-08-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 183/шш2023/02546
| 2023 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2023/02546 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ү гудамж, ** дугаар байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар ***********, Б овогт Д-ийн Б,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Шүүхэд өргөдөл гаргагч Д.Б нь хариуцагч Б.Э-т холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай өргөдөл гаргасан. Гэтэл эвлэрүүлэн зуучлалд уригдсан тал Б.Э-ийн ******* дугаар руу удаа дараа залгахад утсаа авдаггүй. Мөн Баянгол дүүрэг, ** дугаар хороо, З наран, ** дугаар гудамж, ** тоот хаягаар уулзалтын товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлэхэд Б.Э нь уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь Баянгол дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй болсон тул хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э-ын оршин суух хаягийг тодруулж, эрэн сурвалжлах ажиллагааг хуулийн дагуу явуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл, Д.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, Баянгол дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзах тухай тэмдэглэл, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай Зээлийн гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай Барьцааны гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай Үүрэг дуусгавар болсон тухай баримт, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай Зээлийн гэрээ зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б-н иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Д.Б болон Б.Э нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай өргөдлийг гаргасан боловч Б.Э нь Баянгол дүүрэг, ** дугаар хороо, З нарангийн ** дугаар гудамж, *** тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаагаар тогтоогдсон байна.
3. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч нь 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар тэмдэглэл үйлдэж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзжээ.
4. Иймд регистрийн дугаар **********, Б-ийн Э-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаар **********, Б-ийн Э-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Э-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн хувийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА