Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 183/шш2023/02547

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2023/02547

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Ч өргөн чөлөө ****, өөрийн байранд байрлах, регистрийн ******** дугаартай, Ж ХХК-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих иргэн болох А.А-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих иргэн болох А.А-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Иргэн А.А нь худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр Ж ХХК-иас үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч, дамжуулан зарж, ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхөөр талууд харилцан тохиролцож Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдсэн. Гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр харъяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дугаар ************* дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчтай тооцоо нийлсэн актад хариуцагч өөрийн оршин суугаа хаягийг Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Х ** тоот гэж тодорхойлсон боловч тус хороонд бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч А-ын А-ыг /регистрийн дугаар ********** эрэн сурвалжлуулж, шүүхийн журмаар хаягийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Ж ХХК-иас Б.Б-д олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ********** дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдэлийн баталгааны хуулбар зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж ХХК-ны иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих иргэн А.А-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд иргэн А.А нь Ж ХХК-иас бараа, бүтээгдэхүүн худалдан авсан боловч уг худалдах-худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

 

3. Талууд 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, уг баримтад А.Ал нь Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Х ** тоотод оршин суудаг хэмээн дурдсан байх боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ************ дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогджээ.

 

4. Иймд ********* регистрийн дугаартай, А овогтой А-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ********* регистрийн дугаартай, А овогтой А-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.А-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийн хувийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА