Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/897

 

Л.Л, Ц.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

хохирогч Д.Б,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуягийн гаргасан 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1450 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн яллагдагч Л.Л, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 2109 01079 1023 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Л-ын Л, 1988 оны ... дугаар сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоног баривчлах ял тус тус шийтгүүлж байсан;

Б овгийн Ц-ын Т, 1990 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Т” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Орхон аймгийн Б сумын ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Л.Л, Ц.Т нар нь бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 27-оос 28-нд шилжиж шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б” зочид буудлын 403 тоот өрөөнд маргааны улмаас хохирогч Д.Б-ыг зодож, түүний биед эрүү ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газар: Л.Л, Ц.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт Л-ын Л, Б овогт Ц-ын Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105 01079 1023 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч Л.Л, Ц.Тнар нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Л, Ц.Т нарын цохиж, хөдөлгөж, унжуулан суулгасан 3 шүд эрүүний хагалгаанд орох явцад унасан бөгөөд одоо 2 шүд хөдөлсөн нөхцөл байдалтай байна. Би 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ /хх 13/ яллагдагч нараас 3 шүдээ эмчлүүлэхэд шаардлагатай байгаа 7.500.000 төгрөгийг /хх 79/ гаргуулахаар нэхэмжилсэн ба Л.Л, Ц.Т нар хохирлыг бодитоор барагдуулсан, нөхөн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан, надтай уулзаж, тохирсон зүйл байхгүй байхад анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд Ц.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан ба Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсан гэж үзэхгүй байна. Энэ хугацаанд намайг цохисон  Л.Л гэх хүн нэг удаа над руу залгаад “Чи олон юм яриад байгаарай. Надад ихдээ 6 сарын ял өгнө. Би өөрөө шүүгчээс гуйж байгаад 1 жилийн ял авна. Хоёрын хооронд 6 сарын ял авахгүй” гэж намайг дарамталсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Л.Л, Ц.Т нар шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул өршөөлд хамруулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хохирлын талаарх баримтыг бүрдүүлж цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхтэй талаар дурдаагүй нь байгаа нь шүүгчийн захирамж хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Л, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Л.Л, Ц.Т нар нь бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 27-оос 28-нд шилжиж шөнө Баянгол дүүргийн ...  дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б” зочид буудлын 403 тоот өрөөнд маргааны улмаас хохирогч Д.Б-ыг зодож, түүний биед эрүү ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд яллагдагч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хамаарч байгаа буюу тус хуулийн 6, 7, 9 дүгээр зүйлүүдэд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд заагаагүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус хуулийн 6, 7, 9 дүгээр зүйлүүдэд зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг хангасан бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан.

Яллагдагч Л.Л, Ц.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бичгээр илэрхийлсэн /хх 123/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б-т гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 4.232.323 төгрөгийг төлсөн тухай хохирогч мэдүүлсэн /хх 13/ байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж байх тул анхан шатны шүүх Л.Л, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн өршөөн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Хохирогч Д.Б “...Шүдээ эмчлүүлэхэд шаардлагатай 7.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. ...Хохирлыг бодитой барагдуулаагүй.  ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй, хохирогч нь холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” талаар тодорхой заасан бөгөөд хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар яллагдагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү магадлалд дурдав.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1450 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1450 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар Л.Л, Ц.Т нарыг бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч Д.Б нь холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ