| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2022/1076/3 |
| Дугаар | 128/ШШ2023/0441 |
| Огноо | 2023-05-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2023/0441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т.Балжинням,
Хариуцагч: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
Маргааны төрөл: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/181 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Балжинням, түүний өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, К.Зураш, гэрч М.Эрдэнэсайхан, Г.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Т.Балжиннямаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт /хуучнаар/ холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/181 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, тушаал гарснаас хойших хугацааны цалингийн зөрүү 502.088 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгчийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/181 дугаар тушаалаар Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын даргын албан тушаалаас бууруулж, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилсон байна.
3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 608 дугаар тогтоолоор гомдлын шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхижээ.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл:
1/Маргаан бүхий тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн тухай хуулийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.2, 57 дугаар зүйлийн 57.2.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, Улсын Их хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам, 2019 оны 275 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт, 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 213 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам”-ын 1.2, 5.1.1, 5.1.3, 5.5.1, 5.5.2 дахь заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/78 дугаартай дотоод хяналт шалгалт хийх тухай удирдамжид тус тус заасны дагуу зөрчил гаргасан гэжээ.
2/Миний тухайд 2022 онд батлуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний хагас жилийн тайлангаа гаргасны дагуу 2022 оны 07 дугаар сард надад 80 хувиар үр дүнгийн урамшуулал бодогдож орсон.
Гэтэл 2022 оны 05, 06 дугаар сард чанарын шаардлага хангахгүй, муудсан махтай холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох хяналт шалгалтын ажиллагаа явуулж ажилласан. Энэ үеэр буюу 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр даргаас өгсөн үүргийн дагуу Эмээлтэд ажиллахад сэтгүүлч мөн мэдээлэл бэлдэх үеэр нь хурааж авсан махыг чанасан. Мэргэжлийн хүний хувьд махыг харах, үнэрлэх, амтлан чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэх боломжтой боловч тухайн үед сэтгүүлч асуух үед мах чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг лабораторийн шинжээлгээгээр хариу гарах талаар удаа дараа тайлбарласан. Харин үүнтэй холбогдуулан иргэдийн дунд шүүмжлэл өрнүүлснийг намайг албан тушаал бууруулах үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болно.
3/Дээрх асуудлыг дотоод хяналтаар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шалгахдаа надаас тайлбар аваагүй, гарсан санал дүгнэлтийг мэдэгдээгүй, улмаар 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагааны мэдэгдэлд гарын үсэг зуруулах үедээ намайг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.4, 10 дугаар зүйлийн 10.9.10, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй /1 дүгээр зорилт 5, 4 дүгээр зорилтын 8/ зөрчил гаргасан гэжээ.
4/Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан буюу тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж зааснаар мэдэгдэх сонгох ажиллагааны мэдэгдэлд дурдсан зөрчлийг гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулахаар заасан байна.
5/Өөрөөр хэлбэл, миний тухайд дээрх хуулийн заалт болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчөөгүй, тухайн өдөр хуульд заасны дагуу ажлын чиг үүргээ гүйцэтгэн ажилласан, нөгөөтэйгөөр дотоод хяналтаар тухайн асуудлыг үндэслэлтэй бүрэн шалгаагүй, улмаар мэдэгдэх ажиллагааны явцад Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийг зөрчсөн гэж ажиллагаа явуулсан бол Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу сахилгын арга хэмжээ авахаар заасан байхад төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлснийг бүтэн жилийн гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн тогтоож, 3 удаа хангалтгүй буюу “F” үнэлгээ авсан тохиолдол албан тушаал бууруулахаар Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасантай нийцээгүй, хууль бус тушаал гэж үзэж байна” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед би Мэргэжлийн хяналтын газрын Хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан. Махтай холбоотой асуудлаар 2022 оны 5 сараас эхлээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт мах оруулж ирсэн асуудлыг шалгаад удирдлагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүр өгч, улсын байцаагч нар болон эрх бүхий албан тушаалтнуудад чиглэл өгч ажилласан. Яагаад махтай холбоотой асуудал үүссэн гэхээр Монгол Улсад Ковид цар тахал гарсантай холбоотой нөхцөл байдал гарснаас хойш хяналт шалгалтын үйл ажиллагаа хийгдээгүй. 2022 оны 1 сард Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг сэргээх чиглэл өгч хяналт шалгалтыг хийхгүй талаар Засгийн газраас үүрэг даалгавар өгч байсан. Төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу Ерөнхий газраас аваад манай газраас чиглэл чиглэлээр гардаг. Эдийн засгийг сэргээх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж болохгүй гэсэн чиг үүрэг өгөөд хяналт шалгалт хийхгүй нөхцөл байдал үүсээд байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдаад хяналт шалгалт их байна, дарамт шахалт их байна гэж аж ахуй нэгжүүдээс гомдол ирсэн. Өргөдөл гомдол буюу асуудал үүссэний дагуу араас нь хийсэн. 2022.05.17-ны өдрийг хүртэл хяналт шалгалт хийх боломжгүй байсан. Иргэдээс ирсэн гомдлыг үндэслэж байж, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, өргөдөл гомдол ирсний дагуу албан бичиг хүргүүлээд ингээд хяналт шалгалтууд 2022.05.17-ны өдрөөс эхэлсэн байдаг. Шалгалтын үүрэг даалгавар өгөөд мах хадгалагдаж байгаа хадгалагдаж байсан мах экспортын хяналт шалгалтуудыг хийгээд танилцуулга хийж байтал 2022.05.28-ны өдөр Бямба гарагт аж ахуй нэгж дээр хяналт шалгалт хийгээд газар дээр очоод үзсэн байдаг. Нэгүүн сайт нь ард иргэдийг турхирч, дулааны боловсруулалт хийсэн махыг гаргаж ирж авсан байдаг. Улаанбаатар хотын зах зээлд оруулж ирж байгаа махыг шалгах болсон. 2022.05.28-ны өдрөөс хойш үүрэг даалгавруудыг өгсөн. 2022.05.31-ний өдрийн байдлаар бүх газруудыг лацдах чиглэлийг өгсөн байдаг. 2022.05.31-ний өдрөөс 06.01-ний өдөр шилжих шөнө Өргөө мэт дээр хадгалагдаж байсан 9 тонн орчим жинтэй мах хүнсний эргэлтэд орохоор байна гэсэн. Тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Энхбаяр буюу тасгийн дарга очиж бодит байдлыг үзээд 06.01-ний өглөө 7 цагт Өргөө мэт агуулгахад Бат-Очир байцаагч бас байсан, лацадсан байдаг. Тухайн чиг үүргийг өгөх бодит байдлын нөхцөл байдлыг үзэх Нямбаатартай холбогдож, бүх байцаагч нар дуудагдаад өглөө 7 цагт цугларч байсан. 9 цаг орчмын хувьд Би Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналт дээр байна гээд байж байтал, дарга над руу яриад Алтанцэцэг, Нямбаатар гээд холбогдох чиглэлтийн байцаагч нар байна гэж ярьтал, би Зариг.мн Өнөрцэцэгтэй ярьсан. Бүгдийг нь дуудах шаардлагатай энэ ажлыг зохион байгуул гэсэн. Удахгүй ирнэ гээд би за ойлголоо гэсэн. 10 цаг гаруйн үед Өнөрцэцэг ирсэн. Бид бэлтгэл ажлыг явуулаад бүх арга хэмжээг аваад лац тавьсан аж ахуй нэгжээр байцаагч болгоноор тусад нь явуулсан. Үүний дагуу газар дээр үзээд байж байтал Нэгүүн сайтыхан нөгөө дулааны боловсруулалт хийсэн махыг өмхий мах байна гээд ард иргэдэд буруугаар тайлбарлаад өнөөдрийн мах өмхий мах байна.
Бүх байцаагч нар байж байгаад наад мах чинь Бямба гарагт хадгалж байгаад хаана хэзээ 3 хоногийн дараа гаргаж ирж байгаа мах байж магадгүй гээд бодит байдлыг үзүүлсэн. Мөн Мэргэжлийн хяналтын газрын дагуу бодит нөхцөл байдлуудыг үзүүлж харуулсан. Тухайн үед гурван газраар явж үзүүлсэн. Тэрний нэг нь Өргөө мэт дээр томилогдсон. Өргөө дээр очиход бодит байдал дээр ийм байна махыг авч гарч үзэхэд чанаж үзнэ гэх асуудал гаргасан. Бодит байдлыг үзүүлэх асуудал яригдсан. Нямбаатар малын эмч мэргэжилтэй хүн газрын дарга хийж байсан дулааны боловсруулалтыг ийм ойлголттой явуулдаг гэдгийг тайлбарласан. Хэдэн градуст болдог асуудлыг хэлээд тайлбарласан байдаг. Гадна талаас битүү вакумдсан байсан. Хэрчээд үзсэн дулааны боловсруулалтын технологийн дагуу хийгдсэн байсан. Өшиглөөд чанах үед үнэр танар байгаагүй. Би энэ дээр бас тайлбар хэлж байсан. Шөл нь ийм байдаг асуудлыг хэлсэн. Шууд тулгалт хийж та ийм байж болохгүй гээд хэлсэн. Би хувь хүний хувиас махыг амсаж үзье гэж хэлсэн. Энэ дээр хэсэгчлээд амталгаа хийгдсэн. Би бие сэтгэлээр ч хохирсон асуудал надад байгаа юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын салбарт би 2006 оноос хойш ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн арга хэмжээ тооцогдож байсан зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын хувцас өмсүүлээгүй байна гэдгээр арга хэмжээ авсан. Үүнээс өөр арга хэмжээ аваагүй. Экспорт зогссонтой холбоотой Засгийн газраас тогтоолыг гарсны 3-4 хоногийн дараагаар экспортын махны асуудлыг тавигддаг. Булчин бүх юмыг ялгаад бууз ч хийж болохгүй, хиам ч хийж болохгүй хагас боловсруулсан мах байдаг. Нэмүү өртөг шингэсэн мах, одоо зах зээл дээр байгаа махнаас хамаагүй өртөгтэй мах байгаа учраас Улаанбаатар хотын хүнсний зах зээл дээр нийлүүлэгдэхгүй гэдгийг шууд бичлэг дээр хэлж үзсэн байдаг. Мал эмнэлгийн хяналтын байцаагч аливаа хяналт шалгалт хийхдээ аж ахуй нэгж дээр очоод өөрийгөө танилцуулах ёстой. Удирдамжаа танилцуулах ёстой, биет үзлэг хийх, гэнэтийн шалгалтаар шууд нэвтрэх боломжтой байдаг. Тухайн объектоор биет үзлэг хийх боломж байгаа юм. Тухайн мах ямар байна гээд мэдрэхүйн эрхтнээр үзэх боломж байдаг. Би хувь хүн гэдэг үүднээс онцолсон байдаг. Засгийн газрын 68 дугаар тогтоол гараад ажлын хэсэг байгуулаад шалгалтуудыг хийсэн байдаг. 2022.06.06-ны өдрөөс эхлээд ажилласан байдаг. 2022.06.28-ны өдөр эцсийн дүнг гаргасан байгаа юм. Адууны махыг гарах байдлаараа явуулна гээд тухайн үеийн Мэндсайхан сайдын гарын үсгийг зуруулаад явуулсан байдаг. Энэ хүрээнд 8 сард шадар сайд энэ махыг яасан бэ экспортод гарахгүй асуудлаар зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагаа явагдана, ямар нэгэн арга хэмжээ авч, шүүхийн шийдвэр гарч байж устгалын асуудал явагдах талаар хэлсэн. Улсын байцаагчийн бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхээр шийдүүлэхээс өөр гаргалгаа байхгүй байгаа юм. Дахин шинжилгээнд хамруулах асуудал тавигдсан тохиолдол процессын үйл ажиллагаа хийгдсэн үед шадар сайдын өрөөнд ажлын хэсгийг танилцуулсан. Энэ хүмүүст арга хэмжээ ав гэж хэлж байсан. Дулааны боловсруулалтын стандарт нь Монгол Улсад Мах махан бүтээгдэхүүний стандарт дээр зарим асуудлууд зөрдөг зөрүүтэй асуудал байгаа юм. Манай дээр байгаа экспортод гарах бараа бүтээгдэхүүн Хятад улсад экспортлох стандартад тохирч байна гээд 5700 орчим тонн дулааны боловсруулалт хийсэн махыг экспортлох боломжтой байна гээд 10 аж ахуй нэгжид гаргаад явсан байдаг. Шадар сайдын хэлснээр ажлаас чөлөөлөх асуудал, сонсох ажиллагаа над дээр 6 сард хийгдсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 45, 48 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ авахад ямар шийдвэр гарснаар цаашаа гомдол гаргах талаар хэлсэн. Тухайн махыг амталсан асуудалд олон нийтээс болоод хувь хүнийхээ зүгээс уучлалт гуйж байна, өөр гаргалгаа надад үнэхээр байгаагүй. Мэргэжлийн хяналтын байгууллага нь цагдаа шиг төлөөлөгчөө ажиллуулдаг байвал бас боломжтой. Хэлтсийн даргаар яриулах боломж байсан. Би өөрөө хариуцаж байсан учраас өмхий мах чанаж идсэнээ хувь хүн гэдгээр томьёолсон байгаа юм. Мэргэжлийн үүднээс бодитой мах байна гэдгийг л ярьсан. Өмхий мах биш байна гэдгийг л харуулж үзэж байсан. Дотоод хяналт шалгалтын асуудал дээр бүх арга хэмжээг авсан байдаг. Ганц ажиллаж байгаа хуучин Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Алтантуяа гэдэг хүн яг хариуцаад ажиллаж байсан. Энэ хүнд ямар ч арга хэмжээ авагдаагүй. Бусад хүмүүст цалингийн арга хэмжээ, ажлаас чөлөөлөгдсөн, албан тушаал буурсан ажлаас чөлөөлөгдсөн асуудал байгаа юм. Одоо Алтантуяа гэх хүн ажиллаж байгаа. Эрх тэгш үнэнч шударга байдал харагдахгүй байгаа юм. Хариуцаж байсан хүн дотоод хяналт шалгалтын асуудал дээр хариуцлагаас зугтаад дотроо дэвшээд ажиллаж байгаа юм” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/81 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.2, 57.2-т зааснаар дотоод хяналт шалгалт хийсэн тухай тус тус үндэслээд хууль тогтоомж болон албан тушаалын зорилго зорилтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзээд Хүнсний аюулгүй байдлын хяналтын даргаар ажиллаж байсан Т.Балжинямыг албан тушаал бууруулаад 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Хүнсний аюулгүй байдлын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилсон шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөхгүй Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад тушаал үндэслэлтэй гэж үзсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-т “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр дотоод хяналт шалгалтаар хангалтгүй биелүүлсэн тогтоогдож байгаа учраас гэж тусгасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд тухайн тушаал гарахад үндэслэл болсон 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотоод хяналт шалгалтын танилцуулгаар дурдсан зөрчлүүд нь үндэслэлтэй юу үгүй юу гэдэгт тайлбар хэлж оролцож байгаа юм.
Нэхэмжлэгчийн хувьд дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчлүүдийг гаргаагүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй гэдэг нь дараах байдлаар тогтоогдож байгаа гэж үзэж байгаа юм.
Шууд сурвалжилгын үеэр хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар хувийн байр суурийг илэрхийлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-т “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байгаа юм. Тухайн үед шууд сурвалжилгыг Мэргэжлийн хяналтын газрын даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу бодит байдал дээр ямар мах байгаа талаар үзүүлж, харуулсан, лабораторийн шинжилгээний хариу үндэсний аюулгүй байдлын чанарын шаардлагад нийцэж байгаа талаар 2022 оны 06 дугаар сарын.01-ний өдрийн шууд сурвалжилга буюу Зариг.мн шууд лайвтай холбогдуулаад нэхэмжлэгчийг буруутгаж байгаа юм. Нэхэмжлэгч лабораторийн шинжилгээний хариугаар мах нь хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн талаар нөхцөл байдлыг тайлбарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тайлбар өгч оролцсон байдаг. Нэхэмжлэгчийг буруутгаж байгаа хуулийн заалтын агуулга нь төр, засгийн бодлоготой холбогдсон асуудалд улс төрийн нөлөөнд автахгүй, зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх гэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд төр засгийн бодлоготой холбоотойгоор асуудлыг тайлбарлаж хэлээгүй. Тухайн нөхцөл байдалтай холбогдуулаад тайлбар гаргасан байгаа юм. Энэ асуудал нь дотоод хяналт шалгалтын дүгнэлт болон тэмдэглэлээр тогтоогдож байгаа юм. Төрийн бодлогын талаар ямар байр суурь илэрхийлсэн бэ гэдэг нь тодорхой бус байгаа учраас энэ үндэслэлээр буруутгасан нь үндэслэлгүй байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 34.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн дээр зааснаар ямар мэдээллээр хангаагүй гэдэг нь тодорхой бус байгаа юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-т “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй;” заасныг зөрчсөн гэсэн. Төлөвлөгөөт бус хянал шалгалтын тухайд гарал үүсэл нь тодорхойгүй мах саатуулагдсантай холбогдуулаад Зариг.мн сурвалжилга хийхээр болсныг Мэргэжлийн хяналтын газрын даргад мэдэгдсэний дагуу махнаас дээж авч шинжилгээнд өгсөн талаар мэдээлэл өгч тайлбарласан байдаг. Шууд сурвалжилга явагдаж байсан учраас мах ямар байдалтай байгаа талаар нөхцөл байдлыг харуулахын тулд үзэгч иргэдэд үнэн зөв мэдээллийг өгөх зайлшгүй шаардлагатай байсан учраас лацадсан махыг гаргаад түүнийг үзүүлэх ажиллагаа явагдсан. Сурвалжлагчийг хэлсний дагуу лац хөндсөн асуудал байхгүй. Хөндлөнгийн нөлөөнд авсан гэсэн үндэслэл болж чадахгүй гэж үзэж байгаа юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-т заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Ямар нэгэн байдлаар хөндлөнгийн нөлөөнд автаж, хувийн ашиг сонирхлоо тавьсан асуудал энэ тохиолдолд байхгүй учраас энэ үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Улсын байцаагч Бат-Очирт лац хөндөх чиглэл өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах;” гэсэн үндэслэлээр буруутгасан байгаа юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12-т “Шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор улсын байцаагч тухайн шалгуулагч этгээдийн үйл ажиллагааг түр зогсоосон, эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор улсын байцаагчийн авсан арга хэмжээг хянан үзэж түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргаж, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэнэ.”; Лац ломбо хэрэглэх журмын 2.8-д “улсын байцаагч нь эд зүйлийг битүүмжилсэн бол Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.12-т заасны дагуу дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор арга хэмжээг хянан үзээд өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргах бөгөөд улсын байцаагч өөрийн биеэр битүүмжлэлээс чөлөөлнө” гэж заасан. Улсын байцаагчийн битүүмжилсэн лац ломбыг өөр улсын байцаагч хөндөхийг хориглоно гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу дээд шатны албан тушаалтан байгаад тухайн лацыг улсын байцаагчаар хөндүүлсэн бөгөөд өөр улсын байцаагчаар лац хөндүүлсэн асуудал байхгүй. Төрийн албаны зөвлөлд нэхэмжлэгчээс гомдол гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын газрын даргаас тайлбар гаргасан байдаг. Тайлбараас харахад Балжинням өөр улсын байцаагчаар лац ломбо хөндүүлсэн зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа. Харин нэхэмжлэгчийн хувьд лацыг хуульд заасан журмын дагуу тухайн лацыг тавьсан Бат-Очир гэх улсын байцаагчид үүрэг өгөөд улсын байцаагч Бат-Очир тухайн лац хөндсөн тэмдэглэгээ үйлдсэн байдаг. Энэ нь хяналт шалгалтын танилцуулгад дурдсан мөн хэрэгт авагдсан лац хөндсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтад оролцогч улсын байцаагчдыг удирдлага арга зүй зохион байгуулалтаар хангаж ажиллагаагүй гэж буруутгасан. Байгууллагын зохион байгуулалтын асуудлаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар хэрхэн ажиллаагүй талаар дүгнэлт тогтоосон зүйл байхгүй. Зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Ажлын байрны тодорхойлолтод улсын байцаагч нарыг арга зүй зохион байгуулалтаар хангаж ажиллана гэсэн заалт байхгүй. Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 4-т “Хүнс хөдөө аж ахуйн аж ахуй нэгж байгууллагуудын дотоод хяналтыг сайжруулах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хэрэглээ, үйлчилгээний соёлд мэдлэг мэдээллийг соён гэгээрүүлэх, зөвлөн тусгах ажлыг удирдах, бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангах” гэж заасныг мөн зөрчсөн гэж яригддаг. Гэтэл энэ заалт нь сургалт мэдээллийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой заалт бөгөөд маргаан бүхий актад энэ заалт хамаарахгүй. Уг заалтыг хэрэгжүүлээгүй гэж буруутгаж байгаа бол хэрхэн хэрэгжүүлж ажиллагаагүй вэ гэдгийг заавал тогтоож шалгах ёстой байсан. Гэтэл талаар шалгаж тогтоосон баримт байхгүй. Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 5-д хариуцсан салбарт үүссэн онцгой нөхцөл байдал зохих журмын дагуу ажиллах журмын хэрэгжилт хангагдсан байх заалтыг зөрчсөн байна гэсэн. Муудсан мах өмхийрсөн махтай холбоотой асуудал нь онцгой нөхцөл байдал биш байсан. Тэр онцгой нөхцөл байдалд хэрхэн ямар журмаар ажиллах ёстой байсан гэдгийг тогтоогоод тэр журмаар хэрхэн яаж зөрчсөн бэ гэдгийг хариуцагч захиргааны байгууллага шалгаж тогтоох байсан. Энэ дээр шалгаж тогтоосон асуудал байхгүй. Ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 8-д заасан зөрчил гаргасан гэдэг. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч нь ямарваа байдлаар ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй байхыг заасан. Нэхэмжлэгчийн хувьд ёс зүйн зөрчил гаргасан зүйл байхгүй гэж үзэж байгаа юм. Мал амталсан гэж буруутгаж байгаа үйлдлийн тухайд тухайн нөхцөл байдалд хажуу талаас нийгэмд өмхийрсөн байх байна, өмхийрсөн мах Улаанбаатар хот руу нийлүүлэгдээд байна, өмнөх орой саатуулагдсан мах өмхийрсөн байсан уу үгүй юу гэдгийг тухайн сурвалжлагч сурвалжилж, хэвлэл мэдээллээр хүргэнэ гэж сурвалжилгаа хийж байсан. Тухайн нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн хувьд тайлбарлаад тухайн махнаас дээж аваад шинжилгээнд өгсөн байгаа. Шинжилгээний хариугаар тухайн мах нь эрүүл ахуйн стандартыг хангасан уу үгүй юу гэх мэдээллийг өгөөд тухайн мах гадаад байдал нь ямар байна гэдгийг Мэргэжлийн хяналтын байцаагч нар махыг авч үзээд тухайн нөхцөл байдлуудаа тайлбарлаад тэр явцад үүссэн асуудал учраас махыг гаднаас хараад муудсан байна уу, үгүй байна уу гэдгийг үнэрлэж, харж үзэж хэрэглэж мэддэг учраас. Сурвалжлагчийн хувьд дулааны аргаар боловсруулалт хийгдсэн мах учраас хагас чанасан мах гэж тайлбарлаж байсан. Шууд гадаад байдлаас нь харахад өмхийрсөн эсэх нь мэдэгдэх боломжгүй учраас сурвалжлагч чанаж үзүүлсэн байдаг. Чанаж үзлээ ч бид нар гадаад байдлыг мэдэх боломжтой, тэр асуудал шинжилгээний дүгнэлтээр гарна гэдгийг нэхэмжлэгч тухайн нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэн. Нэгэнт эрх бүхий албан тушаалтан мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлтийг гаргахгүй учраас чанаад гаргаад ирсэн махыг би энэ асуудлыг шууд дүгнэх эрхгүй ч гэсэн хувь хүнийхээ хувьд махыг амсаж үзье гээд өөрөө амсаж үзсэн байгаа юм. Хэрвээ байцаагчийн хувьд тухайн махыг амсаж үзэхгүй орхиод явсан бол иргэд олон нийтийн дунд махыг орхиод явлаа гэсэн буруу мэдээлэл түгэх асуудал үүсэх байсан. Хэрвээ чанасан махыг Мэргэжлийн хяналтын байцаагч нь чанарын шаардлага хангасан гэж хэлсэн байсан бол энэ нь өөрөө ёс зүйн зөрчил болох байсан гэж үзэж байгаа юм. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хувьд тухайн махыг амталж үзээгүй. Тухайн тохиолдолд бүх нөхцөл байдлаа тайлбарлаад махыг хувь хүний хувьд амсаж үзсэн гэж тайлбарлаж байсан учраас үүнийг зөрчил гэж үзэх боломжгүй юм.
Дээрх нөхцөл байдлаас авч үзэхэд бодит байдалтай хэрхэн нийцсэн бэ, маргаан бүхий акт нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөд чиглэсэн акт гаргахдаа үндэслэл бүхий зорилгодоо нийцсэн бодит байдалд нийцэх гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчиж бодит нөхцөл байдал нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сайнбуян шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/ Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 дүгээр “Татан буулгах комисс байгуулах тухай" тушаал, Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр “Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах тухай шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах ажил дуусгавар болсон байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдаж, мэргэжлийн хяналтын байгууллагын зөвхөн хүнсний аюулгүй байдлын хяналтын чиг үүрэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжин ирсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж хуульчилжээ. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар агентлагийн эрх зүйн байдлыг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулиар төрийн захиргааны төв байгууллага захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын шийдвэрийг Төрийн захиргааны төв байгууллага болох Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам "залгамжлан" авч хариуцахгүй, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дэх хэсэгт заасан хариуцагч биш байна.
2/Т.Балжинням нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын даргын албан тушаалд ажиллаж байх үедээ зөрчил гаргаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар шалгаж, үйл баримтаар тогтоосон шалгалтын дүн, Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан 2022 оны өдөр 08 дугаар сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллах үеэр үүрэгжүүлсэн ажлын хариуцлага алдсан албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай үүрэг даалгавар болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр албан тушаал бууруулсан шийдвэрийг гаргасан байна.
3/Т.Балжинням нь албан тушаал бууруулах шийдвэрийг үл зөвшөөрч, Монгол Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 608 дугаар “Маргаан хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Т.Балжиннямыг албан тушаал бууруулах тухай” Б/181 дүгээр тушаалыг гомдлын шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй, албан тушаал бууруулсан тушаал үндэслэлтэй болохыг тогтоож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхисугай” гэх шийдвэрийг гаргасан байна.
4/ Т.Балжинням нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсантай холбоотой эрхэлж байсан албан тушаал нь хэвээр үлдэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/08 тоот тушаалаар Салбарын хяналтын газарт ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах түүнд гомдол гаргах журмын дагуу хяналт шалгалтын ажиллагааг явуулж, сахилгын арга хэмжээ авдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хувьд дээрх журамд нийцүүлэн дотоод хяналт шалгалтыг 2022.06.08-ны өдөр хийсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын 2022.06.22-ны өдрийн хяналт шалгалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал эрхэлсэн газрын дарга Т.Балжиннямд доорх зөрчил илэрсэн гэдэг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;” гэж заасныг зөрчсөн зөрчил илэрсэн гэж дүгнэсэн байдаг.
Тухайн нэхэмжлэгчийн зүгээс би хувь хүний үүднээс хариулсан гэдэг тайлбар өгч байгаа боловч Монгол Улсын хэмжээнд төрийн албан хаагч төрийн албыг төлөөлөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тайлбар өгч байгаа бол тухайн албан тушаалтныг төр гэж харах биш, хувь хүн талаас нь харахгүй. Тийм учраас энэ заалтыг зөрчсөн байна гэж үзсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;” гэдэг заалтыг зөрчсөн. Хөндлөнгийн нөлөөлөлд автаж бусдын эд хөрөнгийг дур мэдэж хөдөлгөх зөрчлийг гаргасан. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-д “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй;” заасан заалтыг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр гаргасан. Тухайн хувийн өмч буюу тухайн компанийн эд хөрөнгө, лацадсан эд хөрөнгөд тухайн байцаагч өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн өөрийн лац тавиагүй, өөрийн хяналт шалгалт хийгээгүй объектод албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж, нэвтрэн орсон үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээрх заалтад заасныг зөрчсөн байна гэж үзсэн. Т.Балжинням нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Бат-Очирыг лац хөндөх үүрэг даалгавар өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах;” гэж заасан үйл ажиллагааг зөрчсөн гэж үзсэн. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12-т “...дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор улсын байцаагчийн авсан арга хэмжээг хянан үзэж түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргаж, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэнэ...” гэж заасныг зөрчсөн. Тухайн лацтай холбоотой гомдол мэдээлэл эсхүл лацыг авах тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.12-т зааснаар тухайн дээд шатны албан тушаалтан буюу нэхэмжлэгчийн зүгээс 5 хоногийн дотор хяналт шалгалт хийгээд шийдвэр буюу өөрөө баримт бичиг үйлдэж тухайн ломбыг хөндөх, авах асуудлыг шийдвэрлэх байсан. Энэ үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтад оролцсон улсын байцаагч нарт удирдлага арга зүйгээр хангаж ажиллаагүй гэдгийг зөрчсөн гэдэг үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасны дагуу албан тушаал буруулах арга хэмжээ авсан байдаг. Энэ процесс арга хэмжээ явагдахдаа төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа түүнд гомдол гаргах журмын дагуу сонсох ажиллагааг хууль журамд нийцүүлэн 2022.06.22-ны өдөр явуулсан. Тухайн 2022.06.22-ны өдрийн сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлд тухайн албан тушаалтан ажилдаа гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрсөн. Дээрх зөрчилтэй холбогдуулаад журамд нийцсэн сонсох ажиллагаа, сонсох ажиллагааг хангасан эсэх талаар дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу энэхүү дүгнэлтийн сонсох ажиллагааг хийсэн байна, энэ нь өөрөө хууль зөрчөөгүй байна гэдэг дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлөөс гаргасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Зураш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амтлах чанах асуудал малын эмчийн хувьд байдаг боловч заавал лабораторийн шинжилгээгээр явуулах ёстой байдаг” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/181 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын даргын албан тушаалаас бууруулж, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилжээ.
2.Нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 608 дугаар тогтоолоор гомдлын шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхижээ.
Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” гээд 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ.
3.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид утсаар тухайн хяналт шалгалтыг хийх үүрэг даалгаврыг өгсөн талаар талууд маргаагүй.
4.Харин тухайн хяналт шалгалтыг хийхдээ:
- Цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хандаж хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар хувийн байр суурь илэрхийлсэн,
- Харьяа дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангаагүй,
- Хөндлөнгийн нөлөөлөлд автаж, хувийн өмчийн эд хөрөнгөд нэвтрэх, бусдын эд хөрөнгийг дур мэдэн хэрэглэх нөхцөлийг бий болгосон,
- Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бат-Очирт лац хөндөх үүрэг чиглэл өгсөн,
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтад оролцсон улсын байцаагчдыг удирдлага, арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй гэх зөрчлүүдийг гаргасан гэжээ.
4.1.Цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хандаж хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар хувийн байр суурь илэрхийлсэн гэх зөрчлийн тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх” гэжээ.
Нэхэмжлэгчээс хяналт шалгалтын үед хийгдсэн Зариг.мн сайтын шууд дамжуулалтын үеэр дулааны аргаар боловсруулсан гэх махнаас амссан бөгөөд ингэхдээ бичлэгийн 29.20 минутад “энэ бол албан ёсны дүгнэлт биш, химийн бодис байгаа эсэхийг лабораторийн шинжилгээгээр тогтооно” гэх мэтчилэн сурвалжлагчийн асуултад хариулсныг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь дээрх хуулийн зохицуулалт нь төр, засгийн газрын бодлого, түүний хэрэгжилтийн талаар албан тушаалтны хувьд өөрийн, хувийн байр суурь илэрхийлэхийг хориглосон зохицуулалт бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь бодит нөхцөл байдлыг танилцуулсан, ингэхдээ төр, засгийн газрын бодлого, түүний хэрэгжилтийг дэмжсэн, эсхүл үгүйсгэсэн аливаа байр суурийг илэрхийлээгүй байна.
4.2.Харьяа дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангаагүй гэх зөрчлийн тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” гэжээ.
Нэхэмжлэгч нь хяналт шалгалтын дараа тухайн объектыг лацадсан гэж танилцуулсан хэдий ч туузаар битүүмжилсэн байсан нь дээд шатны албан тушаалтныг үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангаагүй гэх үндэслэл болохгүй.
Учир нь Мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 156 дугаар тушаалаар баталсан “Лац ломбо хэрэглэх журам”-ын 2.6 дугаар зүйлд “битүүмжилсэн эд зүйлийг лацдаж буюу ломбодож, холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд хариуцуулж өгнө” гэж заасан бөгөөд лац, ломбо нь бүтцийн хувьд ямар байх талаар журамлаагүй, харин тэдгээр нь тухайн объектыг гадны нөлөөллөөс тусгаарлах зорилготой байна.
Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн тухайд дээрх объектыг гадны нөлөөллөөс сэргийлэх зорилгоор туузан цаасаар битүүмжилсэн байх бөгөөд дээрх журмыг зөрчсөн, дээд шатны албан тушаалтныг илтэд худал мэдээллээр хангасан гэж үзэхээргүй байна.
4.3.Хөндлөнгийн нөлөөлөлд автаж, хувийн өмчийн эд хөрөнгөд нэвтрэх, бусдын эд хөрөнгийг дур мэдэн хэрэглэх нөхцөлийг бий болгосон гэх зөрчлийн тухайд:
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 10.9.10-д “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх....” гэжээ.
Дээр дурдсанчлан нэхэмжлэгчид тухайн хяналт шалгалт хийх удирдамжийг түүний дээд шатны албан тушаалтан болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга өгсөн, уг үүрэг даалгаврын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр хяналт шалгалтын явцыг мэдээлсэн, ингэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31.1.2-т заасан “"хяналт шалгалтын арга, хэлбэр" гэж тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх, бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших,,,,,,,,” гэж заасан хуулийн хүрээнд хийсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал: Хяналт шалгалтыг тухайн объектод нэвтрэхгүйгээр хийх боломжгүй бөгөөд дээр дурдсанчлан байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объектод нэвтрэх эрхийг улсын байцаагч нарт олгосон байна.
Нөгөөтэйгүүр хяналт шалгалтын зорилго нь тухайн нөхцөл байдлын үнэн зөвийг тогтоох бөгөөд ингэхдээ удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажилласныг нь буруутгах үндэслэлгүй.
4.4.Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бат-Очирт лац хөндөх үүрэг чиглэл өгсөн гэх зөрчлийн тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах” гэж, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 156 дугаар тушаалаар баталсан “Лац ломбо хэрэглэх журам”-ын 2.8-д улсын байцаагч битүүмжилсэн эд зүйлийг өөрийн биеэр битүүмжлэлээс чөлөөлнө. Улсын байцаагчийн эд зүйл битүүмжилсэн лац, ломбыг өөр улсын байцаагч хөндөхийг хориглоно” гэж тус тус заажээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хяналт шалгалтын арга, хэлбэрт шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объектод үзлэг хийх, бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших зэрэг үйл ажиллагаа хамаарч байх бөгөөд үзлэг, хяналт шалгалтыг тухайн объектод нэвтрэхгүйгээр хийх боломжгүй.
Харин тухайн лацыг анх тавьсан албан тушаалтан болох Д.Бат-Очир хөндсөн болох нь түүнээс 2022 оны 06 дугаар арын 06-ны өдөр авсан тайлбар, гэрч Х.Нямбаатар нарын мэдүүлгээр нотлогдож байна.
4.5.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтад оролцсон улсын байцаагчдыг удирдлага, арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй гэх зөрчлийн тухайд:
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.4-д “мэргэжлийн хяналтын орон нутгийн байгууллагыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах” гэжээ.
Тухайн хяналт шалгалтыг Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нараас бүрдсэн ажлын хэсэг хийсэн бөгөөд нэхэмжлэгч уг ажлын хэсгийг ахалжээ.
Ингэхдээ мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаагүйн улмаас ямар алдаа дутагдал гарсан, энэ нь албаны болоод ажил хэргийн нэр хүндэд хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй бөгөөд зөвхөн олон нийтийн цахим сүлжээнд сүрэг сэтгэгдлүүд бий болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл зөрчил нь бодитой байж, хөтөлбөргүй тогтоогдох ёстой бөгөөд хариуцагчаас дээрх зөрчлийг ерөнхий байдлаар тодорхойлжээ.
Зүй нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хэдэн сарын хэдний өдөр баталсан ямар дүрэм, журмын аль зүйл заалтыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй болон мэргэжил арга зүй, зохион байгуулалтын ямар хэлбэрийг сонгон ажиллаагүйд буруутгаж байгаагаа дурдах учиртай.
Нөгөөтэйгүүр Учир Улсын Дээд Шүүхийн Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн № 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 7 дахь хэсэгт “ Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшин үнэлэх үнэлгээний хуудсаар 92А буюу маш сайн үнэлэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
5.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгажээ.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд татан буулгах комиссын даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ХЭГ/3168 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар нэр бүхий албан хаагчдыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүлжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар албан хаагчдыг шилжүүлэн томилсон байх бөгөөд уг тушаалын хавсралтын 1 дүгээрт Салбарын хяналтын газрын дарга албан тушаалыг нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын даргын албан тушаалтай адилтгаж үзэхээр байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийг дээрх зөрчлүүдийн алийг нь ч гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 45 дугаар 45.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.4, 10 дугаар зүйлийн 10.4, 10.9 дүгээр зүйлийн 10.9.10-д заасныг тус тус баримтлан Т.Балжиннямын нэхэмжлэлтэй Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/181 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус яамны Салбарын хяналтын газрын дарга албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг зохих журмын дагуу бодож олгохыг хариуцагчид даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ