Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 0282

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Л.Оюунтуяа   

Хохирогч Ц.Шинэбаяр  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн

Шүүгдэгч Л.Сайжрах нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Сайжрахад холбогдох эрүүгийн 1725000440017 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд  нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Тайж нар овгийн Ланзангийн Сайжрах, Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженэр мэргэжилтэй, хувиароаа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн 7-5-04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ФА93090507/

 

Шүүгдэгч Л.Сайжрахыг 2017 оны 07 сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Дөмөг худалдааны төвийн орчим Ц.Шинэбаяр, Л.Сайжрах нар нь хоорондоо маргалдан зодолдож Л.Сайжрах нь Ц.Шинэбаярын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       

       Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2017 оны 07 сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Дөмөг худалдааны төвийн орчим зогсож байсан Л.Сайжрах руу Ц.Шинэбаяр нь ирж “энэ хэний машин бэ?миний ажлыг булаадаг чи хэн юм бэ?” гэх зэргээр маргаан үүсгэж улмаар машиных нь түлхүүрийг булаан авснаас Л.Сайжрах нь түлхүүрээ авах гэж маргалдан барилцаж авч нүүрийг нь маажиж, цавь руу нь өшиглөн гэж Ц.Шинэбаярын биед хөнгөн хохирол учруулсан байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ц.Шинэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...2017 оны 07 сарын 09-ний өдөр  түүхий эд худалдан авахаас болж маргалдаад сүүлдээ Сайжрах нь намайг заамдан авч нүүрэн тус газарт дөрвөн хумсны сорви үүсгэсэн.Тухайн үедээ бас миний цавьруу өшиглөсөн.280 200 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

2.Гэрч М.Цэцэнхүүгийн..” 2017 оны 07 сарын 09-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад манай дүү болох Сайжрах залгаад Дөмөг зах дээр хурдан хүрээд ир энд намайг хүн зодоод байна гээд уйлаад ярьсан. Тэгэхээр нь би яваад очиход манай дүү уйлчихсан хажууд нь нэг эгч зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад хажууд нь зогсож байсан эгч бид нараас мөнгөний авлагатай, бид нарын бизнесийг эд нар булаах гэж байна гээд орилоод байсан ба манай дүүг хэл амаар зөндөө доромжилсон. Тэгэхээр нь би тэр эгчид хандаж наадах асуудал чинь манай дүүд хамаагүй, нөхрийн талтай нь хамаатай, наад хүмүүстэйгээ хурдан учраа ол гэсэн чинь тэр эгч, чи хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ дууд гээд орилоод байсан. Тэгэхээр нь манай дүү тэр эгчид хууль дүрэм гэж байдаг юм шүү гэж хэлэхэд тэр эгч манай дүүг “чи цагдаагийн бүх хүмүүстэй унтсан биз дээ, чи янхан болохоор чамайг өмөөрнө гэсэн үү” гээд байсан. Тэгээд дүүгээсээ юу болсон талаар асуухад миний машины түлхүүрийг булааж аваад намайг үсдээд газар унагаасан. Миний машины түлхүүрийг өгөхгүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр эгчид хувийн эд зүйлд халдлаа гэж хэлээд та түлхүүрийг нь өгчих гэсэн чинь тэр эгч өгөхгүй байхаар нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд түлрүүрийг нь авах гэсэн чинь цагдаад түлхүүрийг нь өгөхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

 

3  Гэрч Н.Эрдэнэтуулын..”2017 оны 07 сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Би Дөмөг худалдааны төвийн ард түүхий эд авдаг юм. Намайг ажлаа хийгээд зогсож байхад Шинэбаяр нэг эмэгтэйтэй хоорондоо муудалцаад, хэрэлдээд байсан. Би өөрийнхөө ажлыг хийж байгаад харсан чинь Шинэбаяр нөгөө эмэгтэйтэй хоорондоо барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би Шинэбаярын нөхрийг ийм юм болоод байна чи салгаач гэсэн чинь  Шинэбаярын нөхөр нь эмэгтэй хүмүүсийг яаж салгах вэ? Чи очоод салгачих гэхээр нь би очоод салгасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/

 

4.Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 20-ны №640 дугаартай:

 

Ц.Шинэбаярын биед умдагны зүүн талд зүүн цавинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд сорви үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба нэг цаг хугацаанд үүссэн байна. Эдгээр гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”гэсэн дүгнэлт /хх-ийн 42-хуудас/

5. Шинжээч эмч Ч.Буянзаяагийн ..”гэмтлийн зэргийн заавраар цус хуралт, зөөлөн эдийн няцрал зулгаралт сорви зэрэг нь алганы есдийн дүрмээр тухайн хүний алганы хэмжээнээс жижиг гэмтэл байвал гэмтлийн зэрэгт хамаарахгүй, Л.Сайжрахын биед үзлэг хийхэд зүүн тохой хажуу талд цагаан өнгийн сорви байсан ба бусад шинжилгээ болон үзлэгээр өөр бусад гэмтэл тогтоогдоогүй” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 49-р хуудас /

 

6.Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон бусад хувийн байдлын баримтууд /хх-ийн 59-62,83-86-р хуудас/

 

7.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Сайжрахын өгсөн..Би хохирогчийг харж байгаагүй.7 сарын 9-нд Дөмөг зах дээр нөхрөө хүлээгээд зогсож байхад Шинэбаяр машинтай ирж зогсоод энэ машины эзэн нь хэн бэ гээд л доромжилж эхэлсэн.Танай эгч надад өртэй гээд халааснаас машины түлхүүр булааж авсан.Би түлхүүрээ авъя гэтэл үсдэж дараад байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд өшиглөсөн.Нүүрэнд нь хүрсэн.Өөр хүн ирж салгасан.Цагдаагаас ирж би түлхүүрээ авсан.7 сарын 10-нд бас түүхйи эд авч байтал шууд булааж аваад машиндаа хийж нөхөр нь төмөр авч далайсан. Над руу нулимаад өшиглөсөн.Хэвлий хэсгээр өвдөөд байсан. Эмнэлэгт үзүүлэх гэтэл баярын амралт эхэлсэн байсан.Би өөрийгөө хамгаалах зорилгоор л өшиглөсөн гэх мэдүүлэг,

 

8.Хохирол төлбөрийн баримтууд /хх22-34/зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай,шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгч Л.Сайжрах нь 2017 оны 07 сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Дөмөг худалдааны төвийн орчим зогсож байхад нь Ц.Шинэбаяр ирж “энэ хэний машин бэ?миний ажлыг булаадаг чи хэн юм бэ?” гэх зэргээр маргаан үүсгэж улмаар машиных нь түлхүүрийг булаан авснаас Л.Сайжрах нь түлхүүрээ авах гэж маргалдан барилцаж авч нүүрийг нь маажиж,цавь руу нь өшиглөн Ц.Шинэбаярын биед хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүлэгт өгсөн хохирогч Ц.Шинэбаярын мэдүүлэг,гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 640 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                  Шүүгдэгчийн өмгөөлөгч “Сайжрахын үйлдэл нь өөрийгөө хамгаалах аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл” гэж мэтгэлцсэн нь үндэслэл муутай байна.Хохирогч маргааныг эхлүүлж машиных нь түлхүүрийг булаан авснаас шалтгаалж Л.Сайжрах түлхүүрээ авахаар маргалдан барилцан авч улмаар нүүрийг нь маажиж, цавь руу нь өшиглөж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон боловч, харин хохирогчийн зүгээс Л.Сайжрахын амь нас ,эрүүл мэндийн эсрэг эхэлж довтолгоон хийсэн талаар хэрэгт баримт авагдаагүй байна.                          

                Шүүгдэгч Л.Сайжрахын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул яллах дүгнэлт үндэслэлтэй бөгөөд түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

                 Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлснийг харгалзан үзэж шүүгдэгчид торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

                 Хохирогч шүүгдэгчээс эмчилгээний зардал “280 200 төгрөг нэхэмжилсэн. Хэргийн 24,29 дүгээр хуудаст авагдсан хэвлийн хэт авиан шинжилгээ, комьпютер томографийн үзлэгийн хуудсыг үндэслэн 185000 төгрөгний төлбөрийг хохирогчоос гаргуулж,нэхэмжлэлийн бусад хэсгийн баримт /эмийн болон шинжилгээний/-ууд юунд үндэслэсэн нь тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгосон болно.    

                   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,шүүгдэгч цагдан хоригдоогүйг дурдлаа.

                   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайж нар ний эрүүл мэндэд санаатай халдах,хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сайжрахыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сайжрахад оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Сайжрахаас 185 000 төгрөг гаргуулан Ц.Шинэбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 95200 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Сайжрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч буюу дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ