Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 726

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00500 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М газар т холбогдох

Эмчилгээнд зарцуулсан төлбөрт нийт 67 259 990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Гипэлмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Дарьжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд Прокурорын байгууллагад туслах ажилтнаар ажилд орж, Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт ажиллаж байгаад хүүхэд төрүүлж, одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа билээ. Би нөхөр 2-12 насны 3 хүүхдийн хамт амьдардаг ба нөхөр маань цагдаагийн байгууллагад ажилладаг төрийн албан хаагч юм. Миний бие 2017 оны 08 дугаар сард өвдөж, улмаар умайн хүзүүний хорт хавдар өвчтэй болох нь тогтоогдож, Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын зөвлөгөөнөөр ороход хавдар нь 2 дугаар үедээ ороод тархсан учир Монгол Улсад мэс засал хийх боломжгүй, зөвхөн туяа болон химийн эмчилгээ хийх шийдвэр гарсан юм. Монгол Улсад мэс засал хийх боломжгүй учир аюулт өвчнөөс салах, амьд үлдэх ганц зам бол гадаад улсад очиж мэс засал хийлгэн эмчлүүлэх явдал байсан болохоор гадаадын олон эмнэлгүүдтэй холбогдон шинжилгээний хариуг явуулахад Солонгос Улсын Тэжон хотын Сан медикал эмнэлэг мэс засал хийх боломжтой гэх хариуг ирүүлсэн. Миний бие 2017 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улсад очиж 3 удаа химийн эмчилгээ хийлгээд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэс засалд орж хавдар авахуулаад ирсэн ба 2018 оны 06 дугаар сарын 18-нд буцаж очиж үзүүлж шинжилгээ өгч, хяналтад орсон төдийгүй цаашдаа 6 сар тутам очиж үзүүлж шинжилгээ өгч байхаар болж тухайн эмнэлэг, эмчлэгч эмч нарын хяналтын дор эмчлэгдэж байна. Бүгд Найрамдах Солонгос Улсад 4 сарын хугацаанд эмчлүүлэхэд зөвхөн эмнэлгийн төлбөрт нийт 24 064 140 вон буюу монгол мөнгөөр 53 429 050 төгрөг төлсөн, түүнээс гадна миний болон нөхөр хүүхэд ээжийн маань ирж очих зардал гээд нийт 60 гаруй сая төгрөгийг зарцуулсан болно. Би өөрөө хүүхэд асрах чөлөөтэй удаан хугацаанд ажил хийгээгүй, нөхөр цалингийн зээлтэйн дээр цагдаагийн ажилтан тул цалин багатай учраас би эмчилгээний төлбөрөө бусдаас зээлэх, ээж маань 10 000 000 төгрөгийн цалингийн зээл авч, машинаа 10 000 000 төгрөгөөр зарах зэргээр бүрдүүлэн төлсөн. Гэнэтийн энэ аюулт өвчинд бага насны 3 хүүхдийн эх хүний хувьд сэтгэл зүйн өндөр хатуужилтай байж, амьд явах, эрүүл болж үр хүүхдэдээ харагдаж явах чин хүсэл эрмэлзэл тээж, санхүүгийн хувьд бүх боломжоо ашиглан эмчилгээг үргэлжлүүлсээр байна. Миний бие төрийн албан хаагчийн хувьд хуулиар олгогдсон ямар баталгаа байдаг талаар судалж үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах гэсэн зохицуулалтаар эмчилгээний зардал олгогдох үндэслэл байгаа, энэ нь хэрэгжих бүрэн боломжтойг олж мэдсэн юм. Ингээд өөрийн ажил олгогч Улсын Ерөнхий Прокурорын газраар дамжуулан Монгол Улсын Сангийн яаманд хандаж дээрх баталгааг эдлэх эрхийн дагуу дэмжлэг хүссэн ч шийдвэрлэж өгөөгүй болно. Миний эмчилгээ цаашид үргэлжлэн эрүүл болох боломжтой байгаа хэдий ч эмчилгээг 6 сар тутам өөрийн биеэр очиж өндөр өртөг зардлаар хийлгэж байгаа тул төрийн байгууллагын ажилтан нөхөр, ээж, хүүхэд асарч байгаа миний хувьд төлбөр төлөх санхүүгийн чадвар хомстож, эмчилгээг зогсооход хүрээд байна. Би 2018 оны 05 дугаар сард группт орсон бөгөөд 2018 оны 06 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсад дахин очиж шинжилгээ хийлгэхэд мөнгөгүйн улмаас группын мөнгөө урьдчилан зээл авч яваад шинжилгээнд ороод ирсэн. Одоо 12 сард Бүгд Найрамдах Солонгос Улсад дахин очиж эмчилгээ шинжилгээнд орох ёстой боловч санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалаад явж чадахгүй болоод байна. Миний бие нь Солонгос улсын эмнэлэгт зөвхөн эмчилгээний төлбөрт 24 681 740 вон буюу тухайн үеийн төгрөгт хөрвүүлсэн ханшаар 54 793 462 төгрөг төлсний гадна Солонгост 5 сар эмчлүүлэх хугацаанд ээж маань 2 удаа ирж очсон, нөхөр, 2 бага хүүхэдтэйгээ ирж очсон болон миний өөрийн ирж очсон зардал, тэнд амьдрах хугацаандаа сарын 300 000 воноор 1 өрөө байр түрээслэн суусан зардал, хоол унд, такси, унааны зардал гээд нийт 90 000 000 төгрөг зарцуулсан бөгөөд эмчилгээний зардал гаргуулан авах боломжтойг мэдээгүй учир зардлын баримтуудыг хадгалаагүй болно. Төрийн албан хаагчийн хувьд нэгэнт Төрийн албаны тухай хуулиар эрх үүссэн нийгмийн баталгааг эдлэх боломжтой, нөгөө талаар Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг улс орон даяар хангах Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь заалт, Засгийн газар Монгол улсын хуулийг биелүүлэх талаар зохицуулсан Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтын дагуу эмчилгээнд зарцуулсан төлбөрийг Монгол улсын Засгийн газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Т нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улсад очиж 3 удаа химийн эмчилгээ хийлгээд, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэс засалд орж, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр буцаж ирсэн. Эмчилгээний зардал 24 064 140 вон буюу 53 429 050 төгрөг, эмчилгээнд явсны онгоцны зардал 7 000 000 төгрөг, Солонгос улсад байр түрээсэлсэн зардал 2 500 000 вон буюу 5 550 000 төгрөг, нийт 67 259 990 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж өгөхийг хүссэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Журам батлах тухай” /Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам/ 226 дугаар тушаалаар батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэдэд санхүүжилт олгох журам”-ын 2.3-т “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар гаргасан Зөвлөлийн хурлын шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулж...” гэсэн байдаг бөгөөд дээрх журмын 1.2-т “Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид Зөвлөл гэх) Эрүүл мэндийн сайдын дэргэд ажиллана” гэж заасан. Үүний дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар “Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/206 дугаар тушаалаар “Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг тус тус баталсан. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Журам батлах тухай” /Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам/ 226 дугаар тушаалаар батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэдэд санхүүжилт олгох журам”-ын 2.1-т “Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт”-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина” гэж заасан тул тус яамны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай материал бүрдүүлэн дэмжлэг хүсэх боломжтой. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Журам батлах тухай” /Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох/ 226 дугаар тогтоол болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай А/370 дугаар тушаалаар Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг тул дээрх тогтоол, журмын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3.7 дахь заалтыг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 34 189 754.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 33 070 235.84 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 424 049.95 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гипэлмаа, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нар давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Ирж очих онгоцны зардал баримттайгаа байхад шүүх гаргуулж шийдвэрлээгүй. Мөн эмчилгээний зардлыг 60 хувиар тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд хандаж эмчилгээний зардал 24 064 140 вон буюу 53 429 050 төгрөг, эмчилгээнд явсан онгоцны зардал 7 000 000 төгрөг, Солонгос улсад байр түрээслэсэн зардал 2 500 000 вон буюу 5 550 000 төгрөг, нийт 67 259 990 төгрөгийг гаргуулах хүсэлтийн зарим хэсгийг хангаж Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3.7 дахь заалтыг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 34 189 754.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь Засгийн газрын 2011 оны "Журам батлах тухай" /Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам/ 226 дугаар тушаалаар батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэдэд санхүүжилт олгох журам"-ын 2.1-т “Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт"-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай  мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөлгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина." гэсэн заалтыг хангаагүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид эмчилгээний зардал болон нэхэмжлэгчид хамаарах замын зардлын 60 хувийг олгохоор шийдвэрлэсэн нь алдаатай гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй ба хариуцагчийн гаргасан тайлбарыг үгүйсгэсэн баримт гаргаагүй, хариуцагчийн гаргасан үнэлэгдээгүй гэх баримт нь хууль бус аргаар цуглуулсан баримт биш, хуулийн шаардлага хангаагүй, хангах боломжтой баримт гэдгийг анхаарч мэтгэлцэх зарчмын үндсэн дээр маргааныг шийдвэрлээгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч М газар т холбогдуулан эмчилгээнд зарцуулсан төлбөр 54 709 990 төгрөг, онгоцны тизний үнэ 7 000 000 төгрөг, байрны түрээсийн зардал 5 550 000 төгрөг, нийт 67 259 990 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Миний бие 2013 онд Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сард өвдөж, улмаар умайн хүзүүний хорт хавдар өвчтэй болох нь тогтоогдож, Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч нарын зөвлөгөөнөөр ороход хавдрын 2 дугаар үе шатанд орсон, Монгол улсад мэс засал хийх боломжгүй, зөвхөн хиймийн болон туяаны эмчилгээ хийнэ гэсэн хариу өгсөн тул БНСУ-д 4 сарын хугацаанд эмчлүүлсэн эмчилгээний зардал 54 709 990 төгрөг, онгоцны тизний үнэ 7 000 000 төгрөг, байрны түрээсийн зардал 5 550 000 төгрөг, нийт 67 259 990 төгрөг зарцуулсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасан үндэслэлээр Монгол Улсын Засгийн газраас гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны Журам батлах тухай /Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам/ 226 дугаар тушаалаар батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэдэд санхүүжилт олгох журам-ын 2.1-т заасан Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргасан тохиолдолд нэхэмжлэгч нь санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн хувьд тавигдсан онош нь Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт-д багтахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байна. /хх 1-3, 54-55/

            Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.Т нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч нарын хамтарсан зөвлөгөөнөөр умайн хүзүүний хорт хавдрын 2 дугаар шат гэсэн өвчний үндсэн онош тавигдаж, зөвлөгөөнөөс туяа, хими эмчилгээ хийх шийдвэр гарсан, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр БНСУ-д оношилгоо хийлгэхэд мөн ижил өвчний онош тогтоогдож БНСУ-ын Юүсонсон эмнэлэгт химийн эмчилгээ болон мэс засал хийгдсэн, эмчилгээний төлбөрт 24 687 740 вон /монгол төгрөгт харьцах ханшаар 58 509 943 төгрөг/ төлсөн үйл баримт тогтоогдсон ба шүүх энэ талаарх нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн байна. /хх-12, 14, 16, 18/

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас замын зардал гэх 7 000 000 төгрөгөөс хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчид хамаарах зардлын хэмжээг 2 272 933 төгрөгөөр тооцож, үлдэх хэсгийг нэхэмжлэгчийн эмчилгээтэй холбогдон гарсан шууд зардал гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хэргийн баримтад нийцжээ.

Нэхэмжлэгч Солонгос улсад эмчлүүлэх хугацаандаа байрны түрээсийн зардалд 5 550 000 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтад Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах баталгаагаар төрийн албан хаагч хангагдахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 дугаар тушаалаар тус тус баталсан журмаар бус, Төрийн албаны тухай хуулийн27 дугаар зүйлийн 27.1.8-д заасны дагуу шаардсан гэж тодорхойлсон байна.

Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгч эмчилгээнд гаргасан зардлаа нэхэмжилснийг анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7-д “Төрийн албан хаагчид эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцан нөхөх төлбөрийг олгох”-оор заасан хуулийн зохицуулалттай харьцуулан зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ыг Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7-д заасан төрийн албан хаагчийн нөхөх төлбөр авах нийтлэг баталгааг эдлүүлэх буюу нөхөх төлбөр олгох журам гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 34 189 754 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7-д заасантай нийцжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2019/02386 дугаартай захирамжаар, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН