| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0246/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/16 |
| Огноо | 2026-01-05 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Г.Ганбагана,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 218 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2507000000253 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суудаг,
Урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 120 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар, 20 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/5762 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлж байсан,
******* овгийн *******ийн ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.******* нь ны нутаг дэвсгэрт 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Toyoto приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурлын зэрэг тогтоох зориулалтын багажаар амьсгалаар үзэхэд 2.70 хувийн согтолттой гарсан, тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үүрээр 04 цагийн үед болсон явдал. Өдөр нь манай найз хөдөөгөөс ирсэн гээд нэг шил архи хувааж уугаад гэртээ унтаж байсан. Эхнэр маань өглөө нь ээлжээсээ буух байсан тул эхнэрээ авах гээд явж байсан. Бөмбөрцөг өгсөх замд тоёота акуа машины араас орсон. Урд чиргүүлтэй хово машин байсан. Гүйцэд түрүүлэх дохио өгөөд явж байсан чинь урд дугуй нь хагарсан акуа машин байсан. Тоормос гишгэсэн боловч гулгаж очоод мөргөөд зогссон. Тэгээд цагдаа ирээд үлээлгэсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох” байр суурьтай. Хавтаст хэргээс эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 6/, жолооны эрхийн лавлагаа /хх 46/, драгер багаж үлээсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 48/, хохирогчийн мэдүүлэг /хх 16/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Гэмт хэргийг хөнгөрүүлэх” байр суурьтай. Хавтаст хэргээс тодорхойлолт /хх30/, гэрлэлтийн лавлагаа /хх44/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх45/, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн баримт /хх112/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд О.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/5762 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ны нутаг дэвсгэрт иргэн Т.ийн жолоодож явсан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн /2.70%/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох үедээ мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.*******ын өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хөдөөгөөс манай хоёр найз ирээд манай гэрт ЕХ нэртэй архи нэг шилийг хувааж уусан. Тэгээд гэрт унтаж байгаад манай эхнэр шатахуун түгээх станцад ажилладаг бөгөөд үүрээр 4 цагийн үед эхнэрээ тосох гээд гэрээсээ машинтайгаа гараад явсан. Тэгээд Оргил худалдааны төв өгсөх замд чиргүүлтэй хово маркийн тээврийн хэрэгсэл урд явж байхаар нь хажуугаар нь гүйцэд түрүүлээд гарсан чинь аваарын дохиогоо татсан акуа маркийн тээврийн хэрэгсэл урд явж байхаар нь тоормос гишгээд машин зогсохгүй очоод мөргөсөн. Тэгээд би машинаасаа буусан чинь нөгөө машинаас олуулаа гарч ирээд надтай маргалдаад миний гарыг мушгиад бороохойгоор цохиод машины түлхүүр бичиг баримтыг булааж аваад цагдаа дуудаад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.н өгсөн: “…Би тоотод нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Манай том хүү Н. нь Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр курст суралцдаг бөгөөд тухайн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хот руу хүүгээ сургуульд хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай, Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр, 3 хүүхдийн хамт явсан. Ингээд ны нутаг дэвсгэрт байрлах бөмбөрцөгтэй уулзварын наахан талд явж байх үед араас нэг машин маш хүчтэй ирж мөргөсөн бөгөөд мөргөх үед манай тээврийн хэрэгсэл замын хажуу руу хашлага мөргөж зогссон. Тэгээд тээврийн хэрэгслээсээ буугаад харсан чинь урдаа улсын дугааргүй, улаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч манай машиныг мөргөсөн байсан ба уг тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Жолооч машиндаа суучхаад хаалгаа түгжчихээд бууж ирэхгүй байсан. Мөн зугтаах гээд байхаар нь манай нөхөр түлхүүрийг нь булааж” гэх мэдүүлэг /хх 16 дугаар тал/,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр Т.ийн өгсөн: “…2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хот руу явах замд үүрийн 4 цагийн хавьцаа өөрийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ би жолоодож Налайхын бөмбөрцөг дээр явж байхад хажуугаас нэг машин ирээд мөргөсөн. Тухайн үед тэр хүн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсан ба хэргийн газраас зугтаах гэж оролдсон юм. Би тэгэхээр нь машиных нь түлхүүрийг өөрөө авчихсан юм. Тухайн үед би өөрөө машинаа жолоодож явж байсан…” гэх мэдүүлэг /хх 108 дугаар тал/,
4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 05 дугаар тал/,
5. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай /хх 06 дугаар тал/,
6. Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл /хх 07 дугаар тал/,
7. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 13 дугаар тал/,
8. Шүүгдэгчийн драгер багаж үлээсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 48 дугаар тал/,
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55 дугаар тал/,
10. “Вендо” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 77-81 дүгээр тал/,
11. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/5762 дугаартай шийтгэвэр /хх-ийн 104-105 дугаар тал/,
12. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 32-55, 86-105 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч О.******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/5762 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн боловч 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн дрегер багаж ашиглан шалгахад 2.70 хувийн согтолттой байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагыг талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3500 нэгж буюу 3,500,000 төгрөгөөр торгох торгуулийн ялаар шийтгэх. Уг торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж, түүний зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүйгээр шийдвэрлүүлж өгөөч гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна” дүгнэлт, тайлбарыг гаргав.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явж байх үедээ Т.ийн жолоодож явсан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж нийт 3,770,000 төгрөгийн хохирол /авто машины эвдрэл гэмтэл 3,392,000 төгрөг + үнэлгээ хийлгэсэн 308,000 төгрөг + ачилтын 70,000 төгрөг / учруулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн хуулиар эрхээ хасуулсан хугацаа нь дуусаагүй байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан/ болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн зүгээс торгуулийн ял, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэм буруутайд тооцож түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Харин прокурорын яллах дүгнэлт нь шаардлага хангаагүй буюу хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээгүй атлаа 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 218 дугаартай яллах дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгосон ба урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар прокурор “яллах дүгнэлтийг хуулийн шаардлага хангасан байдлаар дахин үйлдэх” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч засуулсан боловч яллах дүгнэлт засагдсан гэдгийг тодотгох “А” дугаар тавигдаагүй,
Прокурор яллах дүгнэлт үйлдсэн даруйд яллагдагчид гардуулж, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх байтал 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтээ яллагдагчид ямар шалтгааны улмаас 2 сарын дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардуулж өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчсөн, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан гэж үзэхээр байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана. 3.1-т “яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл” гэж хуульчилсан ба шүүгдэгчийн хэрэгт авагдсан “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-т бичигдсэн мэдээллийг яллах дүгнэлтийн “Хувийн байдал” хэсэгт үнэн зөв, тодорхой бичих нь шүүгдэгчийн өмнө нь ял шийтгүүлж байсан эсэх, хэрэв шийтгүүлж байсан бол тэрхүү ял нь хэзээ дуусгавар болсон эсэх нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ач холбогдолтой тул яллах дүгнэлтэд гарсан дээрх зөрчлүүдийг улсын яллагч цаашид дахин гаргахгүй байх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Шүүгдэгч О.******* нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1, 4, *******.6, *******.7, *******.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч О.******* нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ