Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 288

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Т.Ганзориг  

Хохирогч Ж.Гуамарал

Шүүгдэгч М.Баянсан нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Баянсанд холбогдох эрүүгийн 1725000000081 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээллтэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Шаавай овгийн Маруушийн Баянсан, Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, цахилгаанчин  мэргэжитэй, Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчин ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-18-45 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, чадвартай /РД: ФБ76110814/

 

Шүүгдэгч М.Баянсанг иргэн Ж.Гуамаралыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэл үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: М.Баянсан нь 2017 оны 09 сарын 03-ны өдрийн оройны 20 цагийн орчим Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт эхнэр Гуамаралын хамт машинтай явж байгаад “намайг бөгс өндийнгүүт гэрээс гарч пиво уулаа” гэж зүүн талын нүд рүү нь болон нуруун дээр нь цохиод машинаасаа түлхэж буулгаа хаяад явсан ба Гуамаралын биед зүүн нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, нуруу баруун бугалга цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн зэргийн хохирол учруулсан байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ж.Гуамаралын: “2017 оны 09 сарын 03-ны өдөр Бямбажавын гэрт очсон. Тэгээд бид хоёр пиво уугаад гэрт байж байсан чинь миний нөхөр Баянсан, Бямбажавын нөхөр Цээгийгийн хамт ирсэн. Нөхрийгөө ирэхээр нь хэсэг сууж байгаад 20 цаг өнгөрч байхад бид хоёр гэртээ харихаар өөрсдийн машинаар манай нөхөр машин бариад явсан. Тэгээд Эрдэнэ багаас уруудаж байгаад гэнэт замаас гараад “Хунт баарны орчим баруун тийшээ яваад баруун үзүүрт зогсож байгаад намайг бөгс өндийнгүүт гэрээс гарлаа гээд миний зүүн талын нүд рүү цохисон. Би цохиулаад доошоо тонгойсон чинь нуруун дээр хоёр гурван удаа цохиод тэгээд намайг машинаас түлхэж унагаагаад хаяад явчихсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Нөхөртөө зодуулсны улмаас миний зүүн талын болон нуруу хөхөрч цус хурсан байгаа”гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

 

2.Гэрч Т.Бямбажавын..”Гуамарал бид хоёрыг манай гэрт байж байсан чинь Цэлхаасүрэн, Баянсан нар ирсэн. Тэр хоёрыг ирснээс хойш маргааш өглөө ажилтай юм чинь гээд авч очсон зүйлээ уулгүйгээр 20 цагийн үед гэртээ харина гээд манайхаас гараад нөхөр нь машинаа жолоодоод явсан. Тэгээд маргааш Гуамарал руу залгахад утсаа авахгүй нөгөөдөр нь залгахад танайхаас гарч яваад Баянсан бид хоёр муудалцаад зодоон хийсэн гэхэд нь яасан гэж асуухад миний нүд рүү цохиод улайсан гэж хэлсэн”гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

 

3.Гэрч Ж.Баяржаргалын..”Ж.Гуамарал нь миний төрсөн эгч бөгөөд бид хоёр эгч дүүгийн харилцаатай, би хүүхдийнхээ хамт Баянсан ахын гэрт очиход Баянсан ах байхгүй хөдөө явчихсан байсан. Эгч хоёр хүүхдийнхээ хамт байж байгаад 14 цагийн үед Баянсан ахтай хамт хөдөө явсан хүний гэрт очино гээд явсан. Орой залгаад ах чинь намайг зодчихлоо би одоо хаана байгаагаа мэдэхгүй байна гээд  уйлаад байсан. Тэр орой Баянсан ах гэртээ ирээгүй. 23 цагийн үед Гуамарал эгч цагдаагаар хүргүүлж ирсэн. Эгчийн зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Юу болсон бэ гэхэд Баянсан ах чинь хамт гэррүүгээ ирж явсан чинь зодоод машинаас чирж буулгаад гудамжинд хаяад явчихсан гэж ярьсан. Маргааш өглөө нь Баянсан ах гэртээ ирсэн”гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 741 дугаартай: Хохирогч Ж.Гуамаралын биед зүүн нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, нуруу баруун бугалга цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой,Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана”гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/

 

5.Шүүгдэгчийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас,бусад хувийн байдлын баримтууд

 

6.Шүүгдэгч М.Баянсангийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Намайг эзгүйд архи уусан байхаар нь уурлаж зодсон.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай,шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч М.Баянсан нь 2017 оны 09 сарын 03-ны өдрийн оройны 20 цагийн орчим Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт эхнэр Гуамаралын хамт машинтай явж байгаад “намайг бөгс өндийнгүүт гэрээс гарч пиво уулаа” гэж зүүн талын нүд рүү нь болон нуруун дээр нь цохиж Гуамаралын биед зүүн нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, нуруу, баруун бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч М.Баянсангийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд санаатай халдах,хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

                 Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

                 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч төлбөр нэхэмжлээгүй,шүүхийн зардлын нэхэмжлэл гараагүйг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шаавайний эрүүл мэндэд санаатай халдах,хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баянсанг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Баянсанд оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны зардлын нэхэмжлэл гараагүйг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Баянсанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ