Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 763

 

 

 

 

 

                                                                                              

 

                                                                                                                     

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухайд

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/00543 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч З ОНӨААТҮГ ,

Хариуцагч З ОНӨААТҮГ нарт холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 843 494 375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга,

Хариуцагч З ОНӨААТҮГ -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан,

Хариуцагч З ОНӨААТҮГ -ын өмгөөлөгч: Н.Буянжаргал

Хариуцагч З ОНӨААТҮГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2017/а/07 дугаар бүхий “Шатахуун нийлүүлэх гэрээ” байгуулан түлш шатахуунаар хангаж ирсэн. Уг гэрээний дагуу манай компаниас 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны хүртэл 2 536 818 045 төгрөгийн үнийн дүн бүхий дизелийн түлшийг нийлүүлж З ОНӨААТҮГ -аас 1 441 370 808 төгрөгийн төлбөр төлж 2018 оны 06 дугаар сарын З0-ны байдлаар 2 талаас тооцоо нийлж 1 095 447 240 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. Нийслэлийн засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны А8723 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн З ОНӨААТҮГ -ыг өөрчлөх замаар З ОНӨААТҮГ -ыг шинээр байгуулж, зарим эрх үүргийг шилжүүлэн, Нийслэлийн З ОНӨААТҮГ -ын балансаас 6 791 504 877.04 төгрөгийн хөрөнгө болон эх үүсвэрийг З ОНӨААТҮГ -ын балансад шилжүүлсэн байдаг. Энэхүү З ОНӨААТҮГ -ын балансаас шилжсэн хөрөнгө, эх үүсвэрт П ХХК-д төлөх шатахууны төлбөр 766 813 068 төгрөгний төлбөр төлөх үүрэг хамт шилжсэн гэдэг. Энэ тухай Нийслэлийн З ОНӨААТҮГ -аас ирсэн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4/2494 тоот албан бичигт “...Мөн тус нэгтгэлийн гуравдугаар бааз нь Нийтийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 73 дугаар тогтоолоор З ОНӨААТҮГ болон шинээр зохион байгуулагдаж Евро 5 дизель түлш хэрэглэдэг тээврийн хэрэгсэл шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А/723 тоот захирамжийн дагуу танай байгууллагад төлөх 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх өглөгийн үлдэгдлээс 766 813 068 төгрөгийг З ОНӨААТҮГ -т шилжүүлж байгааг мэдэгдэж байна гэж дурдсан. Мөн З ОНӨААТҮГ -аас ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/276 тоот албан бичиг “... Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/723 тоот захирамжийн дагуу З ОНӨААТҮГ -аас манай байгууллагад Ерво 5 дизель түлшний өр төлбөр болох 766 813 068 төгрөг шилжиж ирсэн билээ гэж дурдсан байдаг. Ингээд Нийслэлийн З ОНӨААТҮГ  нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрчлөн байгуулагдаж зарим эрх үүргээ, түүний дотор 766 813 068 төгрөгийн шатахууны төлбөр төлөх үүргийг З ОНӨААТҮГ -т шилжүүлсэн гэх боловч З ОНӨААТҮГ нь өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг төлөөгүй байна. Бид төлбөрөө төлөхийг шаардаж З ОНӨААТҮГ -ын дарга н.Цолмонтой уулзалт хийсэн, мөн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 01/1641 тоот албан тоотоор шаардлага хүргүүлж байсан боловч тус байгууллага нь “...манайх шинээр байгуулагдаад удаагүй байгаа мөн санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй, Нийслэлийн төсвөөс манай байгууллагад өр төлбөр барагдуулахад зориулж санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг шийдэж өгөөгүй байгаа...” зэрэг тайлбарыг тавьдаг. Нийслэлийн З ОНӨААТҮГ  болон З ОНӨААТҮГ хоёр байгууллага нь, нэг нь шатахууны төлбөр төлөх тооцоог шилжүүлсэн, нөгөөх нь манайх төлөх гээд эх үүсвэр байхгүй гэх зэрэг энэ хоёр байгууллагын ажлын уялдаа холбоо муутайгаас болж шатахууны төлбөр төлөгдөхгүй удааширч байна. Шатахууны төлбөр хугацаандаа төлөхгүй байгаагаас болж манай компанид валютын ханш, банкны зээлийн хүүний төлбөр зэрэгт ихээхэн хэмжээний хохирол учирч байна. 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний 4-т захиалагч нь хүлээн авсан тухайн сарын шатахууны тооцоог дараагийн сарын ажлын эхний 5 хоногийн дотор тооцоо нийлж, 30-ны дотор бүрэн барагдуулна, мөн гэрээний 5-д энэхүү гэрээний 4-т заасан хугацаанд захиалагч тал төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож хоног тутам алданги тооцно, гэрээний тусгай нөхцөлийн 8-д алдангийн дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувь байхаар заасан байдаг. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тооцоо нийлсэн төлбөр 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр төлөгдөх ёстой боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй 6 сар гаран болсон, гэрээний дагуу тооцогдсон алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас аль хэдийн давсан байгаа тул гэрээний тусгай нөхцөлийн 8-д заасны дагуу хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар тооцож 76 681 307 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Өнөөдрийн байдлаар 2017 ны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2017/а/07 дугаар бүхий “Шатахуун нийлүүлэх гэрээ”-ний төлөгдөөгүй төлбөр нь дизель түлшний үндсэн төлбөр 766 813 068 төгрөг, тооцогдсон алданги 76 681 307 төгрөг нийт 843 494 375 төгрөг болоод байна. Иймд Нийслэлийн З ОНӨААТҮГ  болон З ОНӨААТҮГ -аас шатахууны үндсэн төлбөр 766 813 068 төгрөг, алданги 76 681 307 төгрөг, нийт 843 494 375 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч З ОНӨААТҮГ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шинээр байгуулагдсан бөгөөд З ОНӨААТҮГ -аас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/8723 дугаар захирамжийн дагуу П ХХК-д төлөх 766 813 068 төгрөгийг манай байгууллага төлөхөөр шилжүүлсэн байдаг. Уг шилжиж ирсэн өр төлбөрийг манай байгууллага 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/276 тоот албан бичгээр график гарган төлж барагдуулахаар П ХХК-д санал тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү үндсэн төлбөр болох 766 813 068 төгрөгийг үл маргах журмаар төлж барагдуулахыг зөвшөөрсөн байдаг. Гэвч З ОНӨААТҮГ нь Нийслэлийн нийтийн тээврийн онцгой объект бөгөөд нийслэлийн Нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээг чанартай, тасралтгүй үзүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд манай байгууллагын хувьд шинээр байгуулагдаад удаагүй байгаа мөн санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй, нийслэлийн төсвөөс манай байгууллагад өр төлбөр барагдуулахад зориулж санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг шийдэж өгөөгүй байгаа зэргээс шалтгаалан төлбөр төлөх асуудал хойшилсон. П ХХК З ОНӨААТҮГ -тай 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2017/А/07 дугаар бүхий “Шатахуун нийлүүлэх гэрээ”-г 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд байгуулсан байдаг. Нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Шатахуун нийлүүлэх гэрээ”-ний 4-т “захиалагч нь хүлээн авсан тухайн сарын шатахууны тооцоог дараагийн сарын ажлын эхний 5 хоногийн дотор тооцоо нийлж, 30-ны дотор бүрэн барагдуулна”. Мөн гэрээний 5-д “Энэхүү гэрээний 4-т заасан хугацаанд захиалагч тал төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож хоног тутам алданги тооцно. Гэрээний тусгай нөхцөлийн 8-д заасны дагуу хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар тооцож 76 681 307 төгрөгийн алдангийг манай З ОНӨААТҮГ -аар төлүүлэхээр нэхэмжилсэн байна. Үүнийг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэхүү гэрээг байгуулахад З ОНӨААТҮГ нь гэрээний нэг тал болон оролцоогүй байдаг. Мөн талуудын хооронд байгуулсан “Шатахуун нийлүүлэх гэрээ”-ний 23.1-д талууд “ямар ч тохиолдолд гэрээний үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно” гэсэн байдаг бөгөөд гэрээний хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 76 681 307 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжлэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч П ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/8723 дугаар захирамжийн дагуу П ХХК-д төлөх 766 813 068 төгрөгийг тус компанид тодорхой графикаар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин алданги болох 76 681 307 төгрөгийг манай байгууллага төлөх үндэслэлгүй учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З ОНӨААТҮГ  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нэгтгэл нь П ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б-ЗТН-2017-01/01 дугаар бүхий нийт 2 538 120 төгрөгийн үнийн дүнтэй 1 627 000 литр түлшийг нэг бүрийн үнэ нь 1 560 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд манай байгууллага гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлэн тухай бүрт нь шатахууны төлбөрөө төлж байсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 73 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/743 тоот захирамжаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ыг өөрчлөн З ОНӨААТҮГ -ыг шинээр байгуулж зарим эрх үүргийг шилжүүлэн Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын балансаас 6 791 504 877.04 төгрөгийн хөрөнгө болон эх үүсвэрийг З ОНӨААТҮГ -ын балансаа шилжүүлсэн байдаг. Шилжүүлсэн эх үүсвэрт П ХХК-д төлөх шатахууны төлбөр 766 813 068 төгрөгийн төлбөр үүрэг хамт шилжсэн. З ОНӨААТҮГ -аас П ХХК-д ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/276 тоот албан бичигт дээрх шатахууны төлбөр болох 766 813 068 төгрөг шилжиж ирснийг дурдсан байдаг. Иймд манай байгууллагад хамааралтай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.1, Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт зааснаар З ОНӨААТҮГ -аас 38 340 653 төгрөг, хариуцагч “Зорчигч тээвэр гурав”         ОНӨААТҮГ-аас 805 153 722 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 375 422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, З ОНӨААТҮГ -аас улсын тэмдэгтийн хураамжид 191 703 төгрөг, хариуцагч З ОНӨААТҮГ -аас улсын тэмдэгтийн хураамжид 4 183 719 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн З ОНӨААТҮГ -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд: Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт заасныг баримтлан алдангийг тэнцүү хуваан төлөх ёстой гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасантай нийцэхгүй. Учир нь Зорчигч тээврийн нэгтгэлийн 766 813 068 төгрөгийг П ХХК-д төлөх үүрэг нь бүхэлд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т шилжсэн тул уг үүргийг хангах арга нь дагаж шилжсэн гэж үзнэ. Алданги нь гэрээний үндсэн үүргийн салшгүй нэг хэсэг байх тул түүнээс салгаж бусдад хариуцлага үүрүүлэх үндэслэлгүй юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 73 дугаар тогтоолд зааснаар байгууллагын өрийг бүхэлд нь З ОНӨААТҮГ -т шилжүүлсэн тохиолдолд З ОНӨААТҮГ -ын гэрээний үүрэгтэй холбоотой бүхий л хариуцлага нь хамт шилжсэн. 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр П ХХК болон “Зорчигч тээврийн нэгтгэл” нь тооцоо нийлсэн акт үйлдэж 766 813 068 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон. 2018 оны 07 дугаар сарын 30-наас эрх үүрэг З ОНӨААТҮГ -т шилжих хүртэл буюу 2018 оны 08 дугаар сарын 15 хүртэл алданги хоногийн 0,1 хувь, /766 813 төгрөг/ тооцоход 15 хоногт 11 502 000 төлөхөөр тооцоо гарч байна. Энэ нь Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт заасан өөрчлөгдөн байгуулагдаж байгаа компанийн өр юм. Дүгнэвэл Зорчигч тээврийн нэгтгэлээс З ОНӨААТҮГ -т 766 813 068 төгрөгийн өр, түүний алданги 11 502 000 төгрөг, нийт 778 315 263 төгрөгийн өрийг шилжүүлжээ. Үүнээс 766 813 068 төгрөгийг балансаар шилжүүлсэн бөгөөд З ОНӨААТҮГ уг өрийг хариуцан төлөх талаар ямарваа нэгэн маргаан байхгүй, хүлээн зөвшөөрдөг. Алданги 11 502 000 төгрөгийг Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалтад зааснаар хоёр байгууллага тэнцүү хариуцах ёстой гэвэл “Зорчичг тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 5 751 000 төгрөг төлөхөөр тооцоо гарч байна. Харин 2018 оны 8 дугаар сарын 15-наас хойш хугацааны алданги нь нэгэнт эрх үүргийг З ОНӨААТҮГ шилжүүлэн авснаас хойш үүссэн өр байх тул манай байгууллагад халдаан хариуцуулсан нь үндэслэлгүй юм. Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хүрээг зохицуулахдаа Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хамааруулаагүй юм. Иймд анхан шатны шүүх Компанийн тухай хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын З ОНӨААТҮГ -т холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч З ОНӨААТҮГ , З ОНӨААТҮГ -т тус тус холбогдуулан гэрээний үүрэгт 843 494 375 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч З ОНӨААТҮГ  нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч З ОНӨААТҮГ 766 813 068 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин алдангид 76 681 307 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ З ОНӨААТҮГ -тай 2017 ны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2017/а/07 дугаар “Шатахуун нийлүүлэх гэрээ”-г байгуулан шатахуунаар хангасан,  Нийслэлийн засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 15 А8723 дугаар захирамжаар Нийслэлийн З ОНӨААТҮГ -ыг өөрчлөх замаар З ОНӨААТҮГ -ыг шинээр байгуулан зарим эрх, үүрэг, хөрөнгө, эх үүсвэрийг шилжүүлэхэд манай компанид төлөх шатахууны төлбөр 766 813 068 төгрөгийн үүрэг З ОНӨААТҮГ -т хамт шилжсэн тул үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт гаргуулна” гэж , 

хариуцагч З ОНӨААТҮГ  нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “П ХХК-тай 2017 онд 2 538 120 000 төгрөгийн үнийн дүнтэй шатахуун худалдан авахаар гэрээ байгуулсан ба 766 813 068 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 73 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/743 тоот захирамжаар З ОНӨААТҮГ -ыг өөрчлөн З ОНӨААТҮГ -ыг шинээр байгуулж зарим эрх үүрэг, эх үүсвэрийг шилжүүлэхдээ П ХХК-д төлөх шатахууны төлбөрийн үлдэгдэл 766 813 068 төгрөгийн үүрэг хамт шилжсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

хариуцагч З ОНӨААТҮГ нь З ОНӨААТҮГ -аас нэхэмжлэгчид төлөх шатахууны төлбөр 766 813 068 төгрөгийн өр манайд шилжиж ирсэн учраас үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, алданги тохиролцсон гэрээг манай байгууллагатай хийгээгүй тул алданги 76 681 307 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарласан байна.

П ХХК, З ОНӨААТҮГ -ын нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр 2017/а/07 дугаартай “Шатахуун нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, П ХХК нь Евро-5 ангиллын дизель түлшийг литр тус бүрийг 1 560 төгрөгөөр тооцож, 1 627 000 литр дизель түлшийг, нийт 2 538 120 000 төгрөгөөр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэн өгч, төлбөрийг З ОНӨААТҮГ  нь хүлээн авсан шатахууны тооцоог дараагийн сарын ажлын эхний 5 хоногийн дотор тооцоо нийлж, 30-ны дотор төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх 6-19/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Харин шүүх Компанийн тухай хуулийг хэрэглэсэн нь буруу боловч З ОНӨААТҮГ -ын зарим эрх, үүрэг, хариуцлага З ОНӨААТҮГ -т шилжсэн талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

           

Нэхэмжлэгч П ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэн 2 538 120 000 төгрөг дизель түлшийг хариуцагч З ОНӨААТҮГ -т нийлүүлсэн, үлдэгдэл төлбөр 766 813 068 төгрөг байгаа болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй Компанийн тухай хуулийг хэрэглэснээс гадна, алдангийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигддаг.

Хариуцагч З ОНӨААТҮГ , нэхэмжлэгч П ХХК нарын хооронд анзын гэрээ бичгээр байгуулагдаагүй тул түүнээс алданги гаргуулах үндэслэлгүй. Иймд хариуцагч З ОНӨААТҮГ -аас 38 340 653 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/743 тоот захирамжаар З ОНӨААТҮГ -ыг шинээр байгуулж, З ОНӨААТҮГ -ын зарим эрх үүрэг, эд хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

П ХХК, З ОНӨААТҮГ  нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авсан зүйлээ барагдуулж дуусахаар тооцооны үлдэгдлийн баталгаа акт үйлдсэн байна. /хх 20/

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/743 тоот захирамжаар З ОНӨААТҮГ -т З ОНӨААТҮГ -ын өр шилжсэн байх тул 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 45 хоногийн алдангийг хариуцагч З ОНӨААТҮГ  хариуцах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч П ХХК болон хариуцагч З ОНӨААТҮГ -ын хооронд байгуулагдсан “Шатахуун нийлүүлэх гэрээ”-ны 5-д гэрээнд заасан хугацаанд талууд үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-иар тооцож хоног тутамд алданги тооцох, гэрээний тусгай нөхцөлийн 17.1-т алдангийн нийт дүн 10% байна гэж тохиролцсон байх тул шатахууны төлбөр болох 766 813 068 төгрөгийн 0.1 хувиар тооцож үзэхэд /766 813 төгрөг х 45 хоног/ 34 506 585 төгрөгийг хариуцагч З ОНӨААТҮГ -аас гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/00543 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч З ОНӨААТҮГ -аас 766 813 068 төгрөгийг, хариуцагч З ОНӨААТҮГ -аас 34 506 585 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...191 703 төгрөг” гэснийг “330 483 төгрөг”, “...4 183 719 төгрөг...” гэснийг “3 992 015 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар З ОНӨААТҮГ -аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 670 төгрөгийг, хариуцагч З ОНӨААТҮГ -аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541 357 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН