Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/889

 

П.С-д холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр,

яллагдагч П.С-, түүний өмгөөлөгч С.Батцэрэн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/1424 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор В.Батдэлгэрийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр П.С-д холбогдох эрүүгийн 2105011461003 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             П.С-, 1968 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, охин, зээ нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            П.С- нь Л.Ө-д “Нисэхэд зорилтод бүлгийн хүмүүст Төрийн орон сууцны корпораци барьж байгаа байрнаас авч өгнө, урьдчилгаа өгчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цамбагаравын “Номин” худалдаа үйлчилгээний төв дотор байрлах Хаан банкны АТМ /Automat Teller Machine/-с 14.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5925022213 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: П.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                       

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан П.С-д холбогдох эрүүгийн 2105011461003 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

            Прокурор В.Батдэлгэр тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Залилах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүхээс зөвхөн хорих ял оногдуулсан тохиолдолд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор хуульчилсан байна. Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт багтсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн П.С-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй, шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэжээ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Яллагдагч П.С- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

            Яллагдагч П.С-ын өмгөөлөгч С.Батцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны хувьд хамаарах зохицуулалт гэж харж байна. Хууль хэрэглээний асуудлаар давж заалдах шатны шүүх тайлбар хийх байх. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос П.С-ыг Л.Ө-д “Нисэхэд зорилтод бүлгийн хүмүүст Төрийн орон сууцны корпораци барьж байгаа байрнаас авч өгнө, урьдчилгаа өгчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цамбагаравын “Номин” худалдаа үйлчилгээний төв дотор байрлах Хаан банкны АТМ /Automat Teller Machine/-с 14.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5925022213 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Шүүгч хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад яллагдагч П.С-аас гаргасан “...гэм буруугийн асуудлаар маргахгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан 14.000.000 төгрөгийн хохирлыг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хооронд бүрэн төлж барагдуулсан, цаашид төлөх төлбөргүй болсон тул надад холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн хүсэлтийг хянаад, түүнд холбогдох эрүүгийн 2105011461003 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан бөгөөд энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тусгайлан зохицуулжээ.

Хэдийгээр яллагдагч П.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаарх баримтууд /хх 70-78/-ыг гаргаж өгсөн байх боловч түүний холбогдсон “Залилах” /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт багтсан тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон П.С-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч П.С-ын биеийн байцаалттай холбоотой мэдээллийг тусгахдаа түүний хүйсийг “эрэгтэй” гэж буруу бичсэнийг мөн шүүгчийн захирамжид хуулж давтсан байгааг дурдаж, цаашид ийм хайнга, хариуцлагагүй алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/1424 дугаартай захирамжийг хүчингүй болгож, П.С-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэх хүртэл П.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН