Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0461/з |
Дугаар | 221/МА2017/0461 |
Огноо | 2017-06-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2017/0461
Д.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0260 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0260 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.4, 23 дугаар зүйлийн 23.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.*******г урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.*******д 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны 12 сар, 5 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 8000224 /найман сая хоёр зуун хорин дөрвөн/ төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Иргэн Д.*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын даргад холбогдох хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0260 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангасан гол үндэслэлийг нэгдүгээрт 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн иргэдийн Нийтийн Хуралд 165 иргэн оролцсон гэж бүртгэл хийгдсэн байх боловч нэр бүхий 13 иргэн өөр хаягт албан ёсны бүртгэлтэй, нэр бүхий 5 иргэн хуралдаанд суугаагүй гэж мэдүүлэг өгсөн, 1 өрхөөс тус хуралд 2 буюу түүнээс дээш иргэн оролцсон, дүрс бичлэгээр 165 иргэн оролцсон нь тогтоогдохгүй байх учир.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасантай нийцэхгүй, ирцийн хувьд хууль бус, хоёрдугаарт хурлын зарыг албан ёсоор боломжит хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Засаг даргад тайлангаа тавих боломж олголгүй хуралдаж, шууд огцруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна, гуравдугаарт ажилгүй байсан хугацааны олговрыг ажлаас огцруулсан хугацаанаас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговрыг тооцож олгохоор шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-д зааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.
Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-оос 30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэсэн заалт нь хорооны хуралд сонгуулийн насны иргэн бүр оролцож болох болон хурлын хүчинтэйд тооцох тухай зохицуулалт байна. Нэг өрхөөс хэдэн ч хүн хуралдаанд оролцож болохыг хуулиар зөвшөөрсөн байхад түүнийг үндэслэл болгосон нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.
Хурал болсон 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 4 дүгээр хороо нь 4469 өрх бүртгэлтэй байсан бөгөөд хуулийн дээрх заалтаар тооцоход 148 хүн оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох боломжтой байна. Анхан шатны шүүх нэр бүхий 13 иргэн өөр хаягт албан ёсны бүртгэлтэй, нэр бүхий 5 иргэн хуралдаанд суугаагүй гэж мэдүүлэг өгсөн, 1 өрхөөс тус хуралд 2 буюу түүнээс дээш иргэн оролцсон, дүрс бичлэгээр 165 иргэн оролцсон нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь хурал болох үед иргэдийн иргэний үнэмлэхийг шалгаад хуралд -оролцох боломжтой гэж үзсэн учраас хурлыг хуралдуулсан байх ба иргэн бүрийг 1 өрхөөс ирсэн эсэхийг шалган тогтоох боломжгүй бөгөөд тийм үндэслэлгүй юм. Гэрчид хэдийгээр хууль сануулж асуусан гэх боловч утсаар ярьсан тэмдэглэлээр тухайн хүнийг хуралд ороогүй гэдгийг нотлох боломжгүй юм. Түүнчлэн гэрчийн мэдүүлгийн нотлох цаад эх сурвалж байхгүй.
Учир нь хурал болох үед иргэдийн иргэний үнэмлэхийг шалгаад хуралд оролцох боломжтой гэж үзсэн учраас хурлыг хуралдуулсан байх ба иргэн бүрийг нэг өрхөөс ирсэн эсэхийг шалган тогтоох боломжгүй бөгөөд тийм үндэслэлгүй юм. Гэрчид хэдийгээр хууль сануулж асуусан гэх боловч утсаар ярьсан тэмдэглэлээр тухайн хүнийг хуралд оролцоогүй гэдгийг нотлох боломжгүй юм. Түүнчлэн гэрчийн мэдүүлгийн нотлох цаад эх сурвалж байхгүй байна.
Мөн анхан шатны шүүх хурлын зарыг албан ёсоор боломжит хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдээгүй Засаг даргад тайлангаа тавих боломж олголгүй, хуралдаж, шууд огцруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна гэж үзсэн үндэслэлгүй юм. Учир нь хэрэгт нэхэмжлэгчид зар хүргүүлсэн тухай баримтыг үнэлж үзсэнгүй. Мэдэгдсээр байхад нэхэмжлэгч хуралд ирж, өөрийнхөө хийсэн ажлыг иргэддээ тайлагнаагүй учраас иргэдээс сонгогддог албан тушаалтны хувьд иргэдийн саналын дагуу шийдвэрлэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй.
Мөн тухайн хэргийг анх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй байхад шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хариуцагч талын буруутай үйлдэл биш байхад одоогийн огноогоор ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож олгосон нь Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шударга ёс бэхжүүлэх шүүхийн эрхэм зорилгыг зөрчиж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0260 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга давж заалдах гомдолдоо “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10 дахь заалт нь хорооны хуралд сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хурлын хүчинтэйд тооцох зохицуулалт байна. 1 өрхөөс хэдэн ч хүн оролцохыг зөвшөөрсөн байхад шүүх түүнийг үндэслэл болгон хуулийг буруу хэрэглэсэн ... хуулийн дээрх заалтаар тооцоход тус 4469 өрхтэй хорооны хувьд 148 хүн оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох боломжтой. ... иргэн бүрийг 1 өрхөөс ирсэн эсэхийг шалган тогтоох боломжгүй, тийм үндэслэлгүй” гэжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заажээ.
Хорооны Хурлын хувьд иргэдээс сонгогдсон төлөөлөгч гэж байдаггүй, сонгуулийн насны иргэн бүр оролцох боломжтой байдаг тул уг хуулийн заалтад хуралдааны ирцийг 20-30 өрх тутмаас нэг иргэн төлөөлж оролцсоноор хүчинтэйд тооцохоор тодорхой заасан бөгөөд тус 4 дүгээр хорооны 4469 өрхийн 14691 (2016 оны байдлаарх хорооны хүн амын тоо) иргэнийг 148 буюу 10 хувь нь төлөөлж тухайн хорооны нийгэм, эдийн засгийн болон Засаг даргыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр хуульд заагаагүй.
Иймд хуралдааны ирцийг өрхөөр нь болон иргэн тус бүрээр бүртгэж хуралдааныг хүчинтэйд тооцох хуулийн шаардлага хангаж хуралдах ёстой.
Мөн анхан шатны шүүх нэг өрхөөс сонгуулийн насны хэдэн ч иргэн оролцож болохгүй талаар дүгнэлт хийгээгүй байх тул хариуцагчийн дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Давж заалдах гомдолд “... анхан шатны шүүх нэхэмжлэгчид зар хүргүүлсэн баримтыг үнэлэлгүй, хурлын зарыг албан ёсоор боломжит хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Засаг даргад тайлангаа тавих боломж олгоогүй ... гэж үзсэн нь үндэслэлгүй ...” гэжээ.
Хариуцагч тус 4 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлын даргын “... хэсгийн ахлагч нар зар тараасан, олон нийтийн гудамж талбайд зар тавьсан. Д.*******д зарыг утсаар мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй, мессэж үлдээсэн. ... Засаг дарга тайлангаа тавих үүрэгтэй гэдгээ мэдэж байх ёстой. Өмнөх 3 жилд тайлангаа тавьж байсан” гэх тайлбар, мөн тухайн хуралдаанд 165 иргэн оролцсон зэргээс үзвэл хэдийгээр албан ёсоор мэдэгдээгүй боловч Д.*******г хуралдааны зар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэхээргүй байна.
Харин тус Хорооны хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д “баг, хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх” бүрэн эрхээ хэрэгжүүлж тайланг хэлэлцээгүй атлаа Засаг дарга Д.*******г хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй нь холбогдуулан “... чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэж шууд дүгнэн огцруулах саналыг дүүргийн Засаг даргад уламжилсан нь шударга ёс, хууль дээдлэх зарчимд нийцээгүй байна. Гэтэл дүүргийн Засаг дарга уг Хорооны Хурлын хуралдаан хүчин төгөлдөр эсэх, гаргасан тогтоол нь хуульд нийцсэн эсэхийг хяналгүй Д.*******г 4 хорооны Засаг даргаас огцруулсан нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Дээд шатны Засаг дарга хорооны Хурлын саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн байх тул дээрх гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Мөн гомдолд “... анх давж заалдах шатны шүүхээс нотлох баримт дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хариуцагчийн буруутай үйлдэл биш байхад одоогийн огноогоор ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож олгосон нь шударга ёсыг бэхжүүлэх шүүхийн эрхэм зорилгод нийцэхгүй...” гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хууль бус 03 дугаар тогтоолыг ажлын 5 хоногийн дотор хянаж дээрх хууль бус актыг гаргаагүй бол нэхэмжлэгч Д.******* шүүхэд хандахгүй, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй бөгөөд уг хууль бус акт гаргасны улмаас нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарах хүртэл ажил эрхэлж цалин аваагүй хохирсон байх тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацааны хохирлыг захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ