Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 520

 

Л.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн шүүн таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дүгээр тогтоолтой, Л.Д-д холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1932 оны байдлаар 48 настай, Дорнод аймгийн Мандал сумын 5 дугаар хоринд оршин суудаг, лам, ам бүл 2, хөрөнгө шавар байшин 1, морь 1, хонь, ямаа 10, эсгий гэр 1, ял шийтгэлгүй, Л овогтой Д нь Шүүх цаазны бичгийн 48, 55 дугаар зүйлд заасан “Өөрийн орноос зайлан гадаадад оргон явсан төрсөн ах одоо Үзэмчний Бандид хамба хийдэд сууж буй лам С-тай очиж уулзахын тулд хувийн гэр нэгийг худалдан морь болгон 1931 оны 06 дугаар сараас эхлэн тус улсаас оргон зайлахаар бодож, 11 дүгээр сард урван явахыг оролдон Байшинтын сүмийн баруун овооны өмнө хүртэл явсан, тус улсын гадаад байдал түгшүүртэй, эзэрхэг түрэмгий Япон улсаас зэвсгийн хүчээр түрэмгийлэн дорнод Манжуурыг шууд байлдан булааж буй энэ цагт хязгаарт халдан, аль ч газрын зөвшөөрөлгүйгээр дураараа оргохыг завдан явсан” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн шүүн таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 51 дүгээр зүйлд зааснаар Л.Д-ыг 1 жил хорих ял шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Л.Д нь гадаад оронд оргон гарахыг завдсан гэх хэрэгт хилсээр шийтгүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд, Л.Д-ыг дайчлан баривчилсан, урьдчилан хорьсон тогтоол, эд зүйлс хураан авсан баримт хэрэгт авагдаагүй байна. Л.Д-аас өөрөөс нь авсан мэдүүлэг байхгүй, Л.Д-ын талаар төлөөлөгч Д-ын бичсэн илтгэх хуудсанд дурдсан яриа, үйлдэл, санаа зорилго зэргийг шалгаж баримтжуулсан баримт байхгүй, мөн Л.Д-тай цуг таслан шийтгэгдсэн Р овогтой З-н үйлдсэн гэх хэрэг нь Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 121 дүгээр магадлалаар цагаатгагдсан байна. Дээрх баримтуудаас үзвэл Л.Д нь улс төрийн хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй, Дорнод аймгийн шүүн таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Дорнод аймгийн шүүн таслах газрын дарга Х, ардын төлөөлөгч Д, Ж нарын таслан шийдвэрлэсэн 1932 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн эрүүгийн хэргийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Л.Д-д холбогдох 503 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг баримтлан бичсэн дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Л.Д нь гадаадад оргон явсан өөрийн төрсөн ах Үзэмчний “Бандид хамба” хийдэд сууж буй лам С-тай очиж уулзахын тулд хувийн гэр нэгийг худалдан морь болгон 1931 оны 06 дугаар сараас эхлэн тус улсаас оргон зайлахаар бодож, 11 дүгээр сард Байшинтын сүмийн баруун овооны өмнө хүртэл явж, тус улсын гадаад байдал түгшүүртэй, эзэрхэг түрэмгий Япон улсаас зэвсгийн хүчээр түрэмгийлэн дорнод Манжуурыг байлдан булааж буй цагт хязгаарт халдан, аль ч газрын зөвшөөрөлгүйгээр дураараа оргохыг завдан явсан гэх гэмт үйлдэл болон үйл баримтыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Шүүх цаазны бичгийн 51 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл оролцоо нотлогдоогүй, гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дорнод аймгийн шүүн таслах газрын тогтоолд Л.Д-ыг дайчлан баривчилсан ордер, урьдчилан хорьсон тогтоол, эд зүйлс хураан авсан баримт, Л.Д-ын мэдүүлэг зэрэг огт авагдаагүй байх ба түүнийг тус улсаас оргон зайлахыг бодож, аль ч газрын зөвшөөрөлгүйгээр дур зоргоороо явсан гэх гэм бурууг тогтоосон ямар ч нотлох баримтгүйгээр ял шийтгэсэн нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд прокурорын “Дорнод аймгийн шүүн таслах газрын дарга Х, ардын төлөөлөгч Д, Ж нарын таслан шийдвэрлэсэн 1932 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн эрүүгийн хэргийн 51 дүгээр тогтоолоор ял шийтгүүлсэн Л.Д-ыг цагаатгах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хүлээн авч, Дорнод аймгийн шүүн таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дүгээр тогтоолын Л.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн шүүн таслах газрын 1932 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн эрүүгийн хэргийн 51 дүгээр тогтоолын Л.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Л.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН