Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/36

 

 

 

 

 

 

 2021         10            18                                         2021/ДШМ/36

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                    Д.Тд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.Чанцалдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолтой Д.Тд холбогдох 2038000000274 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүү илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х  овогт Д-ийн Т, 19…. оны .... дугаар сарын 12ы өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЛ..................../.

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн “Хойд цагаан” гэх газарт байрлах хохирогч Б.Эгийн хаваржааны 8 байр 8 давхар хашааг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хаахаа овогт Д-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Дамдинсүрэнгийн Түмэнжаргалыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хилийн дээсээр тогтоож, 1 /нэг/ жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих 13 эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 3.8 м2 хэмжээтэй, 7 давхарласан 8 хавирга малын хашааг хохирогч Б.Эд 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохиролд тооцон шилжүүлэхийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх Зил-130 маркийн 02-34 ХӨА улсын дугаартай автомашины үнэ болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхзул нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Чанцалдулам эсэргүүцэлдээ: ... Шүүхийн шийтгэх тогтоолыг 2021 оны 07 дугаар сарын 26 -ны өдөр хүлээн авч танилцаад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай” гэж дурьджээ.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино”. Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна” гэж заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд ялтны эдлээгүй хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож солихоор харагдаж байна

Иймд Хөвсгөлд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай” гэснийг “2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай” гэж өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Т нь шунахайн сэдэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 15-20-ны хооронд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн “Хойд цагаан” гэх газарт байрлах хохирогч Б.Эн хаваржааны 8 байр 8 давхар хашааг өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн 02-34ХӨА улсын дугаартай автомашин ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Э, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхзул, гэрч Х.Нямрагчаа, Б.Цэнгэлчулуун, Д.Анхнэр, Г.Бат-Орших, Б.Ганзориг, Д.Одбаяр, Т.Амартүвшин, Ц.Цагаанбаатар, Ц.Бямбацогт, Б.Энхболд, Б.Мөнхбат нарын мэдүүлгүүд, Итгэл эстимэт ХХК Хөвсгөл салбарын албан бичиг, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн  тэмдэглэл, Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХКомпанийн үнэлгээний тайлан, шинжээч Р.Отгонжаргалын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

Харин түүнд ял шийтгэл оногдуулахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсныг хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба шүүх хуульд заасан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй хэдий ч Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихдоо хэмжээг багасгаж 1 жилийн хугацаа тогтоосон нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал биш байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих хуулийн зохицуулалттай бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгчийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ялаас доогуур ял шийтгэлээр солигдох нөхцөл байдал бүрдэж энэ нь түүнд ял завших нөхцөл байдлыг бий болгохоор байна.

Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг өөрчилж байгаа нь түүнд оногдуулсан ялыг хүндрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээгээр солих ёстой байсан алдааг зөвтгөсөн болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/195 дугаартай шийтгэх тогтоолын 4, 5 дахь заалтын “1 жилийн” гэснийг “2 жилийн” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

                                   ШҮҮГЧИД                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                 Н.БАЯРХҮҮ