Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0420

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М*******” ХХК,

Хариуцагч: хороо, тус газрын улсын байцаагч Э.Э нар,

Маргааны төрөл: хорооны улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан шаардлага, хорооны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоол хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.“М*******” ХХК-иас хороонд холбогдуулан хорооны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “М*******” ХХК-иас хороонд холбогдуулан “ хорооны улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3. хорооны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаар тогтоолоор брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “М*******” ХХК-д олгожээ.

4. хорооноос 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны хүртэл төлөвлөгөөт хяналт хийж, улмаар тус хорооны улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан шаардлагаар нэхэмжлэгчийг 4 багц зөрчил гаргасан гэх үндэслэлээр хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн.

5.Дээрх шаардлагын хариуг нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 22-05/01 тоот албан бичгээр хүргүүлсэн байх бөгөөд хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 9/2371 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, улмаар тус хорооны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 331 дүгээр тогтоолоор брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл:

1/ хорооны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоол нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.3 болон бусад эрх олгосон заалтыг удирдлага болгожээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30.1-д “Хороо дор дурдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно”, 30.1.2-т “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг Хороонд ирүүлээгүй” мөн 30.1.3-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн хугацаанд холбогдох зөрчлийг арилгаж шаардлагатай баримтуудыг тайлбарын хамт хороонд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсээр байхад түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, тайлбар баримтуудыг ирүүлээгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

хороонд 2022.оны 8 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор хүргүүлсэн тайлбар, нотлох баримтыг үнэлэхгүйгээр ийм баримт, мэдээлэл огт өгөөгүй мэтээр үзэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Түүнчлэн маргаан бүхий актын үндэслэл болсон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30.1.3-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн” гэх үндэслэл нь нэхэмжлэгч компанид үл хамаарах зохицуулалт юм. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн тохиолдол бидэнд байхгүй бөгөөд гагцхүү нэг удаагийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, энэ талаар тайлбар мэдээлэл, гарган өгөх боломжит баримтуудыг хүргүүлсэн байхад ийм үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

Нөгөө талаар, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн гэж үзэж буй эсэх, эсхүл ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв тийм маргаан бүхий актад энэ талаар дурдах ёстой байсан.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, хариуцагч захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны байгууллагын шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

2/ хорооноос маргаан бүхий актыг гаргахдаа манай компаниас гарган өгсөн баримт, тайлбарыг харгалзаагүй төдийгүй гаргаж өгөөгүй мэтээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох тухай зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй байхад хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчээс гарган өгсөн зөрчлийг арилгахтай холбоотой тайлбар, баримтыг нарийвчлан судлахгүйгээр өнгөц дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны шиг сонирхолд халдсан байна.

3/ хорооны даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр тушаалаар баталсан Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, адеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд хийх газар дээрх шалгалтын удирдамжийн 4 дүгээр зүйлд “Шалгалтын тайлан гаргаж, дүнг танилцуулах" тухай зохицуулсан байх бөгөөд 4.1-д “Шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш 10 хоногийн дотор /акт, албан шаардлага, зөрчлийн тэмдэглэл, шийтгэвэр/ эцэслэн гаргаснаар, шалгалтын ажлын хэсгийн ахлагч, Хорооны удирдлага болон хяналт шалгалт, зохицуулалтын газрын удирдлага, компанийн гүйцэтгэх удирдлагад тус тус танилцуулна” гэж тусгайлан заажээ.

Мөн удирдамжийн 1.2-д “Шалгалтыг энэхүү удирдамжийн дагуу 2022 оны 03 сарын 02-ны өдрөөс 3 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэнэ" гэж заасан.

Гэвч шалгалтын үр дүн болсон албан шаардлага нь 2022 оны 04 сарын 13-ний өдөр дугаар албан шаардлагаар баталгаажиж гарсан байх бөгөөд удирдамжид заагдсан хугацаанаас ажлын 13 хоног хэтрүүлж гаргасан буюу уг албан шаардлага гарах үндэслэлгүй байсан” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ хороо улсын байцаагч Д.Э тус компанийг 10 зүйлээр буруутгаж байгаа юм. Шударга тоолоод үзэхээр 12 зөрчил юм байна. Биднийг буруутгаж байгаа зөрчил нь брокер байхгүй гээд байгааг байгаа гэдгийг нотолсон байгаа юм. Нийгмийн даатгалыг төлөөд явсан. Байр айл шиг тохижилттой гээд байсан. Өмнөх шүүх хуралдаанаар хэлсэн. Танайх ийм стандарт байгаа юу гэдгийг асуусан. Хүмүүсийг хүлээн авах байргүй гэж байгаад 144 метр квадрат байр байж байхад хүн хүлээж авах тусгаарлах өрөөгүй ч гээд байсан. Программ хангамж байхгүй гэдгийг бид нотлох баримтаар гаргаад өгсөн. Би өөрийн программтай, гэрээ, худалдаж авсан төлбөрийн баримт байгаа. Бид худалдаж авсан программаа ажиллуулах уу, үгүй юу гэдэг манай л асуудал шүү дээ. Ковидын нөхцөл байдал байсан. Нэгэнт худалдаж авсан программ байна. Ажиллуулахгүй үедээ ажиллуулахгүй. Өөр орлуулах программ зөндөө байна. “Э*******” Төвлөрсөн хадгаламжийн төв гээд төрийн өмчит компани байж байна. Ямар утгатай юм бэ. Тусгай зөвшөөрлийн авахдаа тусгай зөвшөөрлөө үзүүлээд авсан. Хээл хахуулаар авлигаар аваагүй. Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний эрхийн үйлчилгээний ажилтан байхгүй, орон тоо байхгүй гэсэн байсан. Манайх  хуулбарлаад хийхдээ андуулсан байсан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 52.1-т заасныг өмгөөлөгч сая тайлбарласан. Хувь хүн албан байгууллага, гаднаас ямар ч гомдол санал байхгүй гээд бичсэн байсан. Дотоод хяналтын ажилтан байхгүй байгаа гэдэгт арилгаад ажилтан авсан. Гүйцэтгэх захирал өөр төрлийн ажил эрхлэхгүй гэдэгт сая арилгаад хэлэгдлээ. Би эд нарын гаргасан албан шаардлагыг арилгаад 2022.08.21-ний өдөр хүргүүлсэн. Би аудитын байгууллагаар тайлангаа хийлгээд зөрчлөө арилгасан. Хүнийг алдсаных нь төлөө ингэж хэлж болохгүй.  Хөрөнгийн зохистой харилцаа 100 сая төгрөгийг байлгаагүй гээд байгаа юм. Энэ бол худал. Зөрчлүүдээ арилгаад албан бичгээ өгөөд байхад зөвхөн гурван зүйлээр татвар төлөгчийг үгүй хийх гэж оролдож төрийн байгууллага “Parasite” байна гэж би ерөөсөө бодоогүй. Ийм “Parasite” сэтгэлгээтэй төрийн албан хаагч нар шимэгч шиг тэжээлгэж байгаа амьтнаа нухчин дарж яаж болох юм бэ. Би татвар төлөгч. Та бүхний энэ зөрчлүүдээс нэг ч батлагдахгүй, нотлогдохгүй байна. Бусдыг нь би арилгасан. Надад бичлэг байгаа, бичиг ирүүлээгүй гээд хүчингүй болгосон байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь 2017 онд брокерын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан. хорооноос 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэс таван толгойн хувьцааг бүх ард түмэнд эзэмшүүлэх ногдол ашиг тараах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, иргэдэд ямар нэгэн нэмэгдэл зардалгүйгээр 137 харилцагчдад үйлчилгээ үзүүлсэн байна. хорооноос хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хооронд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байдаг. Хяналт шалгалтын үр дүнд улсын байцаагч нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дугаар албан шаардлагыг бидэнд хүргүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор шаардлагатай баримтуудыг хороонд ирүүлэхийг үүрэг болгосон байдаг. Бид албан шаардлагаар тогтоосон хугацаанаас өмнө 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр албан шаардлагын хариу тайлбарыг хороонд хүргүүлсэн. Албан шаардлагын хариуд хэрэгжилт хангалтгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн. Манай компани нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр албан бичгээр тайлбарыг нотлох баримтын хамт хороонд хүргүүлсэн байдаг. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дугаар тогтоолоор манай компанийн брокерын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох баримт материалуудыг хороонд ирүүлээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Тус тогтоолыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд гомдол гаргасан боловч албан бичгээр бүрэлдэхүүн дутуу учраас гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хорооны энэхүү тогтоол Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.3-т заасны дагуу тогтоол гаргасан байдаг. М******* ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар зөвхөн брокерын үйл ажиллагаа явуулдаг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т 7-8 санхүүгийн үйл ажиллагааны төрлүүдийг тусгаж өгсөн. Мөн хуулийн 24.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна гэж заасны дагуу хорооноос холбогдох бүхий л баримт бичгийг бүрдүүлээд тусгай зөвшөөрлийг авсан байгаа юм.

Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу “М*******” ХХК-д холбогдуулсан захиргааны акт гаргах ажиллагаа эхэлсэн. Энэ шалгалтын хүрээнд ямар хүрээнд гарсан гэхээр дугаар тогтоол гаргахын тулд шийдвэр гаргах ажиллагаа явагдсан. Уг акт гарахтай холбоотойгоор 2022.09.06-ны өдрийн 9/3473 тоот мэдэгдэл ирсэн байдаг. Энэ мэдэгдэл нь хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гээд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгох асуудлыг хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх болсныг мэдэгдэж байна гэдэг мэдэгдлийг ирүүлсэн. Гэвч маргаан бүхий актыг гаргахдаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30.1.2, 30.1.3-т заасныг удирдлага болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаа нь зөвхөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30.1.2-т заасан хүрээнд явагдсан. Түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгуулах тухай мэдэгдэл ирүүлээгүй. Холбогдох хүсэлт нотлох баримт ирүүлээгүй гэдэг хүрээнд л захиргааны шийдвэр гаргах ажиллагаа яваад шийдвэр гаргасны үр дагавар буюу үр дүнд нь акт гаргаж байгаа юм. Энэ акт нь шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд хөндөгдсөн асуудал буюу захиргааны акт болохын хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30.1.2-т заасныг үндэслэж гарах ёстой байсан.

Гэтэл маргаан бүхий акт нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн   30.1.2, 30.1.3-т зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцоогүй, шийдвэр гаргах ажиллагаанд хөндөгдөөгүй тодорхойлогдоогүй асуудлаар шууд шийдвэр гаргасан.

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг удаа дараа гаргасан эсхүл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хэмжээний зөрчлийг ноцтой зөрчил гаргасан гэж шууд нэмээд оруулаад ирсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явагдаж үүний илрэл нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа бүрэн явагдаж дуусаад Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т заасан захиргааны акт гаргана. Тусгай шаардлага нь мөн хуулийн 40.4-т заасан захиргааны акт гаргахад тухайн захиргааны акт гарах бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж заасныг зөрчсөн шийдвэр гаргасан байгаа юм. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн эсхүл удаа дараа ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл нэмж оруулж ирсэн боловч ийм үйл баримт ерөөсөө болоогүй. Тусгай зөвшөөрлийг удаа дараа зөрчсөн зөрчил байхгүй. Тухайн цаг хугацаандаа дахин тогтоогдоод хоёр буюу түүнээс дээш үйлдэл байхыг ойлгоно. Хуульд заасан ноцтой зөрчлийг байна уу гэдгийг шалган тогтох ёстой. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа дугаар үндсэн шаардлага гарах болсон түүний үндэслэл болсон дүгнэлт, түдгэлзүүлэх шийдвэр, хүчингүй болгосон шийдвэрүүдэд ноцтой зөрчил гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Ийм учраас удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн гэдэг ойлголт угаасаа байхгүйг илэрхийлж байгаа юм. Хууль зүйн үндэслэлийн хувьд 30.1.2-т зааснаар сэргээх тухай хүсэлтийг ирүүлээгүй гэх анх шийдвэр гаргахдаа энэ нөхцөл байдлыг үндэслээд дугаар тогтоол гарсан. Гэвч хариуцагчийн бичгээр ирүүлсэн 2 удаагийн тайлбар, шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг харахад бодитоор 2022.08.23-ны өдөр албан бичгээр хүсэлт болоод бусад холбогдох баримтуудыг хүргүүлж байсан. Ямар үндэслэлээр түүнийг огт мэдээгүй хараагүй, огт ирүүлээгүй гэдэг үндэслэлээр шууд шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан тусгай зарчмыг зөрчсөн болох нь илт харагдаж байна. Иймд дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна.

хорооны улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан бичгийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. хорооны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 89 дүгээр тушаалаар үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн газар дээрх хяналт шалгалт хийх удирдамжийг баталсан. Энэ удирдамжийн 4.4-т хяналт шалгалтаар тайлан гаргаж, дүнг тусгах тухай зохицуулсан байх бөгөөд 4.1-т шалгалтын тайлан шалгалт дууссанаас хойш 10 хоногийн дотор акт, зөрчлийн шийтгэл тогтоол эцэслэн шийдвэрлэгдэж, шалгалтын ажлын хэсгийн ахлагч компанийн гүйцэтгэх удирдлагад хяналт шалгалтын талаар тус тус танилцуулна гэж тусгайлан заасан байдаг. Удирдамжийн 4.2-т хяналт шалгалтыг 2022 оны 03 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн 03 дугаар сарын 22-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэнэ гэж заасан. Шалгалтын үр дүнд дугаар албан шаардлага нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр гарсан. Удирдамжид заагдсан хугацаанаас тоолоод үзэхээр 13 хоногоор хэтрүүлж гаргасан байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй нь харагдаж байна гэж үзэж байна. Агуулгын хувьд хэд хэдэн зөрчилтэй. Албан шаардлага гаргахдаа зөрчил гаргасан огноо нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэж үзэж байгаа юм. Холбогдох хуулийн этгээд гэдэгт нь зөрчигдсөн хууль тогтоомж гэдэг дээр шалгалтын удирдамжийн дагуу холбогдох шалгалтыг хийж гүйцэтгэсэн гэдэг тайлбартай. Илрүүлсэн зөрчлийн тухай товч агуулга гэдэгт  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Брокер нь хууль тогтоомж, Хороо болон харьяалах хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоо, хадгаламжийн байгууллага зэрэг гишүүнчлэл бүхий өөрийгөө зохицуулах байгууллагаас баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй.” гэж заасныг биелүүлээгүй гэсэн байдаг. Үүрэг болгохдоо юуг үүрэг болгоод байна гэхээр гишүүнчлэлтэй байгууллагын дүрэм журмыг биелүүлж ажиллах үүрэгтэй гэж байгаа юм. Гаргасан зөрчлийн нэг дэх нь хэт ерөнхий, “М*******” ХХК нь ямар гишүүнчлэл, ямар байгууллагын гишүүнчлэлтэй вэ. Тэр гишүүнчлэлтэй байгууллага нь ямар дүрэм журамтай юм, дүрэм журмын гуравдугаарт ямар зүйл заалтыг зөрчсөн бэ гэдэг нь тодорхойгүй. Мөрдөж ажиллана гэдгийг л зөрчсөн, гэхдээ яг юуг, хэзээ зөрчсөн, ямар үйлдлээр, тэр нь ямар үр дагавар үүсгээд байна гэдэг нь тодорхойгүй.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Зохицуулалттай этгээд тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаатай холбоотой хийсэн хэлцэл, өөрийн болон харилцагчийн хөрөнгийн хөдөлгөөн, өөрчлөлтийг бүрэн тусгасан анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, баланс орлого, үр дүнгийн тайланг цаг тухайд нь үнэн зөв гаргах үүрэгтэй.” гэснийг тус тус биелүүлээгүй гэдэг. Шалгалтын удирдамж нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай байгаа юм. Санхүүгийн 2 жил байгаа юм. Энэ байгууллага улирал бүхэн хороонд холбогдох тайлбараа хүргүүлдэг. Аль байгууллагад  хүргүүлдэг тайланг өгөөгүй, тайланг үнэн зөв гаргах үүрэгтэйг тус тус биелүүлээгүй гэдэг нь маш тодорхойгүй байгаад байна. хороонд гаргадаг тайланг үнэ зөв гаргаагүй юм уу, хугацаандаа өгөөгүй юм уу, эсхүл татварт өгдөг тайланг үнэн зөв гаргаагүй юм уу, эсхүл хугацаандаа өгөөгүй юм уу. Нягтлан бодох бүртгэл хөтөлж баланс орлогыг тайланг цаг тухайд нь өгөх ойлголт нь Татварын ерөнхий хуулиар зохицуулдаг ойлголттой байгаа юм. Үүнийг хуулиар татварын улсын байцаагч шалгах эрхтэй. Татварын улсын байцаагч нь шалгадаг эрхэд хорооныхон удирдамж гаргаад шалгаад байгаа юм. Давхардсан шалгалт байх ёсгүй. Хоёрдугаар зөрчил гээд байгаа нь хэт ерөнхий яг ямар үүргээ биелүүлээгүй гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрмийн дараах заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж байгаа юм. Үнэт цаасны зах зээлийн багц дүрмээр 5 журам баталсан байдаг. Дүрэм гэдэг нь үндсэндээ 5 хавсралтыг хэлж байгаа юм. Гэтэл албан шаардлагын нэгдүгээр нүүрний хамгийн төгсгөлд нь 2019.01.09-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор баталсан багц дүрмийн дараах заалтуудыг мөрдөж ажиллаагүй гэж байгаа юм. Гэтэл журмын 2.1.4-т дотоод үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон тооны ажилтантай байх, тухайн ажилтан нь 2.1.3-т заасан ажлуудыг хавсран эрхэлдэггүй байх гээд энэ ямар журам бэ, багц дүрэмд нь ийм заалт байхгүй,  5 журмын аль гэдэг нь мэдэгдэхгүй. Журмын 2.1.5.4-т зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаа явуулдаг этгээд өөр байгууллагад давхар хөдөлмөр ажил эрхэлдэггүй байх гэдгийг зөрчсөн байгаа юм.

Журмын 2.10.2-т Брокерын үйл ажиллагаа эрхлэх 2-оос доошгүй ажилтантай байх гэсэн. Гэтэл шалгалтын тайлан дээр 2 брокертой байна гээд 2 брокерын нэрийг авсан огноотой цуг бичээд явсан. М, Ц******* нар брокерын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан тухай М нь 2020.06.11-ний өдөр эрхээ авч, Ц******* бас энэ өдөр бөгөөд хоёулаа хүчинтэй хугацаа нь дуусаагүй байгаа юм. Өөрсдөө хоёр брокертой байх шаардлагыг хангасан гэж тайландаа оруулсан атлаа 2-оос доошгүй байх журмыг зөрчсөн гээд байгаа нь аль журам гэдэг нь мэдэгдэхгүй байна. Тусгай зөвшөөрөл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд үйл ажиллагаа эрхлэх журмыг иш татаад байна гэж бид нар ойлгоод байгаа боловч захиргааны акт өөрөө хэлбэр агуулгын шаардлага хангасан байх ёстой. Тодорхой байх ёстой. Үндэслэж гаргаж байгаа эрх зүйн зохицуулалт нь бодит нөхцөлийг тусгасан байх ёстой. Журмын 2.10.3-т харилцагчдыг хүлээн авч үйлчлэх байрыг брокероос бусад ажилчдын албан өрөөнөөс тусгаарлаж үйлчилгээний танхимын зориулалтаар тохижуулсан байх, ажилтны тоонд тохирсон шаардлага хангахуйц албан тасалгааны тавилга тоног төхөөрөмж, бичлэг хийх боломжтой утас факсын аппаратаар хангагдсан байна гэж заасан.

“М*******” ХХК нь түрээсийн биш өөрийн 144 метр квадрат байранд үйл ажиллагаа явуулдаг. Техник технологийн хувьд орчин үеийн суурин компьютер  2 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг, суурин утас өнгөт хэвлэх машинаар тоноглогдсон 144 метр квадрат өөрийн эзэмшлийн байранд ийм үйл ажиллагаа явуулж байсан. Компьютергүй, хэвлэгчгүй гэж үзээд байгаа хэрэг үү, хувилагч, утасгүй гэж үзээд байгаа юм уу, факсын аппарат байхгүй гэж үзээд байгаа юм уу, хороонд өөрсдөд нь бараг л байхгүй дээ. Ийм юмнуудыг байх ёстой байсныг зөрчсөн гэж үзсэн. Шалгалт явуулсан өдрөө шалгалт хийсэн байцаагч нь нэг удирдамжтайгаа ирээд компаниас бүх материалаа хэвлүүлж авсан. Дүрэм журам, хууль зэрэг бүх юмаа хэвлүүлж авсан. Үгүй гэхгүй л байх. Журмын 2.10.4-т программ хангамжтай байна гэж заасан. Программ хангамжийн худалдан авалтын гэрээ хийсэн бүх юмаа үзүүлсэн байхад байхгүй гэж үзсэн байсан. Журмын 2.13.2-т нь орон тооны бус хуулийн мэргэжилтэнтэй байна гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулж хэлэхдээ М******* компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1-т заасны дагуу зөвхөн  брокерын үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Гэтэл хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөлгүй компани байхад хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуй нэгж байхад үүний шаардлагаар хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг хуулийн этгээдийн шаардлага тавиад хуулийг зөрчсөн гээд байгаа юм.

Хэмжих, үнэлэх, удирдах журам нь тодорхой энэ чиглэлээр мэргэжлээр мэргэшсэн чадвартай хүний нөөцтэй байх гэж байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид хамааралтай тусдаа тусгай зөвшөөрөл авдаг, бие даасан үйл ажиллагаа. "М*******" ХХК нь энэ үйл ажиллагааг явуулдаггүй. Зөрчлийн ерөнхий дөрөвт Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 91 дэх хороо мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийг дэмжих санхүүгийн эрсдэлийн үнэлгээг хийх зохицуулалтыг дараах хэлбэрээр хийж гүйцэтгэнэ. 91.6-д энэ журмын хоёр дахь хэсэгт зааснаар мэдээлэл хүргэх эрхтэй этгээд сар бүрийн хавсралтаар баталсан тайлангийн загварын дагуу байгууллага тус бүрийн эрсдэлийн хувийг бүрдүүлэн шинэчлэн гэж зааснаар ирүүлбэл зохих тайлангуудыг ирүүлж ажиллаагүй гэж заасан байдаг. Яг Legalinfo Сайт руу орж харахаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд үзэхээр ийм зохицуулалт байхгүй. Сайт дээр байгаа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 9.1-д “Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл дараах агуулгатай байна:” гэж шал өөр заасан. Гэтэл албан шаардлага дээрээ хуульд байхгүй зохицуулалтыг аваад зөрчсөн байна гээд байгаа юм. Албан шаардлага хэлбэрийн хувьд хууль заасан хугацаандаа гараагүй. Энэ нь өөрөө бүхэлдээ хууль зүйн хувьд огт үндэслэлгүй, зарим нь хууль дээр ч байдаггүй, холбогдох тусгайлсан тусгай зөвшөөрөл байхгүй байхад тэр тусгай зөвшөөрлийг нь шаардсан, тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шаардсан зөрчлийг тохсон ийм байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д хууль бус эс үйлдэхүйг шаардсан, 47.1.7-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй захиргааны акт гаргасан гэх албан шаардлагуудыг хангаж байгаа учраас захиргааны акт нь илт хууль бус байгаа нь тодорхой байгаа учраас илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан” гэв.

7.Хариуцагч хороо шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ хорооны даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 89 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу нэхэмжлэгч "М*******” ХХК-д газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд тус компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам” болон холбогдох бусад журмын шаардлагыг хангаж ажиллаагүй, хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.

Иймд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар СЗХ-ны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг шалгалтын тайлангийн хамт “М*******” ХХК-д хүргүүлсэн.

2/Гэтэл тус компанийн брокер Э.М /компанийг төлөөлөх эрхгүй этгээд/-аас 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 22-05/01 дугаартай бичгээр улсын байцаагчийн албан шаардлагын хариуд 4 хуудас тайлбарыг ирүүлсэн боловч тайлбартай холбогдох ямар ч баримт ирүүлээгүй. Мөн дээрх тайлбарт шалгалтаар илэрсэн зарим зөрчлүүдийг арилгах боломжгүй талаар дурдсан байна.

3/“М*******” ХХК нь улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангасан талаарх холбогдох тайлбар, нотлох баримтыг бүрэн гүйцэд ирүүлээгүй, гаргасан зөрчил дутагдлаа бүрэн арилгаагүй тул хорооны 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 9/2371 дугаартай албан бичгээр үнэт цаасны брокерын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх мэдэгдлийг хүргүүлж, хорооны 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 331 дүгээр тогтоолоор тус компанийн тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн.

Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд тус компаниас хороонд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 22/08-23 дугаартай гүйцэтгэх захирал Г.Бын нэр дээр тус компанийн брокер Э.Мгийн гарын үсэгтэй албан бичгээр нийт 15 хуудас тайлбар ирүүлсэн.

4/Дээрх компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн гарын үсэгтэй бичгээр ирүүлсэн 15 хуудас бүхий тайлбар нь тусгай зөвшөөрлийг сэргээх нөхцөл шаардлагыг хангахгүй байсан тул хорооны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 9/3473 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар холбогдох мэдэгдлийг хүргүүлж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30.1.2-т “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг Хороонд ирүүлээгүй” гэж, 30.1.3-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа ... зөрчсөн” гэж заасныг тус тус үндэслэн хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор тус компанийн үнэт цаасны зах зээлд брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг

хүчингүй болгосон болно.

5/ хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж, 24.3-т "Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу “М*******” ХХК-ийн үйл ажиллагаанд газар дээрх иж бүрэн хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах үүрэг даалгаврыг тус компанид өгч, ирүүлсэн тайлбар баримт нь холбогдох хууль, журмын шаардлагыг хангахгүй байсан тул хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан” гэжээ.

8.Хариуцагч хорооны улсын байцаагч Э.Э шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ хорооны улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан шаардлагыг удирдамжид заасан хугацааг хэтрүүлэн гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд дээрх албан шаардлага нь аливаа байдлаар эрх зүйн үр дагаврыг шууд бий болгоогүй буюу хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй болно.

2/ хорооны даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 89 дүгээр тушаалаар нэр бүхий 10 брокер, дилер, андеррайтерын компанид 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 3 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Тус шалгалт нь зөвхөн “М*******” ХХК-д зориулагдаж хийгдээгүй түүнээс гадна нэр бүхий 9 үнэт цаасны мэргэжлийн оролцогч компаниуд хамрагдсан.

Шалгалт 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эхэлсэн боловч “М*******” ХХК нь ажлын байрандаа байхгүй, завгүй гэх шалтгаанаар шалгалтын ажлын хэсгийн гишүүдийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр буюу шалгалт эхлэх хугацаанаас даруй 12 хоног хоцроож ажлын байрандаа нэвтрүүлсэн нь удирдамжид заасан тайлан гарах хугацаанд нөлөөлсөн” гэжээ.

Хариуцагч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Брокер нь хууль тогтоомж, Хороо болон харьяалах хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоо, хадгаламжийн байгууллага зэрэг гишүүнчлэл бүхий өөрийгөө зохицуулах байгууллагаас баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй.” гэж заасныг биелүүлээгүй. Брокерын компаниуд нь манай төвлөрсөн хадгаламжийн төвд болон гишүүнчлэлтэй байдаг. Зөвхөн хороонд ч биш холбогдох байгууллагуудын зохицуулалтын хураамж гишүүнчлэлийн өр төлбөр бүх юмыг хангаж ажиллах үүрэгтэй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Зохицуулалттай этгээд тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаатай холбоотой хийсэн хэлцэл, өөрийн болон харилцагчийн хөрөнгийн хөдөлгөөн, өөрчлөлтийг бүрэн тусгасан анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, баланс орлого, үр дүнгийн тайланг цаг тухайд нь үнэн зөв гаргах үүрэгтэй.” гэж заасныг биелүүлээгүй, энэ татварын улсын байцаагч нарт хамааралтай юм биш үү гэж ярилаа. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлээд би өөрөө энэ компани дээр очсон. Тухайн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар бүх аж ахуй нэгж хуулийн хугацаанд тайлангаа гаргаад үнэн зөвөөр анхан шатны бүртгэл баримт хөтлөөд тайлан гаргах үүрэгтэй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар ч зохицуулалттай этгээд бүртгэлээ зохистой ёсоор хөтлөх ёстой. Тус компани нь хороонд хүргүүлж байгаа мэдээлэл, ерөнхий тайлангууд нь ямар ч эмх замбараагүй, анхан шатны бүртгэл хөтөлдөг гэх юмгүй байсан. Би эд нараас  танайд татварын шалгалт орсон уу, нийгмийн даатгалын шалгалт орсон уу гэж асуухад татвараас шалгалт орсон энэ талаар баримтаа явуулна гээд ирүүлээгүй байгаа юм. Би өөрөө нягтлан бодогч, аудитор хүн. Тухайн аж ахуй нэгжүүд ямар зарчмаар нягтлан бодох бүртгэлээ зөв зохистой хөтөлж, тайлангаа гаргах ёстой вэ гэдгийг хараад шууд энэ компани дээр харахад гэрээт нягтлан бодогч гээд зүгээр нягтлан бодогч суулгасан байсан. Бүх гүйлгээ балансаа харуул гэхэд ямар ч баримтаар материал харуулаагүй, санхүүгийн тайланг харахад 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хороонд ирүүлсэн. Үнэт цаасны зохицуулалтын хуулиар хороонд бүртгэлтэй аудитын компаниар тайлангаа хянуулж баталгаажуулсан байх ёстой байхад энэ компани тухайн үед ямар шаардлага хэлж байсан гэхээр манайх хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс аудитын тайлан оруулаад байх боломжгүй байна, гэхдээ улирал болгоны санхүүгийн тайлангаа хүргүүлж ажилладаг гэдэг тайлбар өгсөн.  Хагас жилийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хороонд бүртгэлтэй аудитын компаниар тайлангаа баталгаажуулж ирүүлэх шаардлагатай гэсэн мэдэгдлийг өгсөн. Энэ ирүүлсэн аудитын тайлан нь ямар ч санхүүгийн баримт бичгийн үнэн зөв байх гэсэн шаардлагыг хангаагүй юм. Хороонд бүртгэлгүй аудитын компаниар аудит хийлгэсэн байсан.  Зохицуулалттай этгээд дээр хагас жилээр болон жилээр үнийн зохистой харилцааг хангаагүй бол эдний компанийн хувьд зохицуулалттай этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл хангалттай бүрдэж байгаа юм. Тус компанийн хувьд 2022 оны хагас жил, 2021 оны бүтэн жилээр шаардлагатай үзүүлэлтийг хангаж ажиллаагүй, 2022 оны жилийн эцсээс манайх хангаж ажилласан гэдэг тайланг ирүүлсэн нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхдээ хорооноос заавал зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. 33.6 сая төгрөгийн хөрөнгийн үнэлгээний нэмэгдлийг 53.6 сая төгрөгөөр өөрийнхөө балансыг  зохиомлоор нэмэгдүүлээд хуурамч тайлан балансыг хороонд ирүүлсэн гэдэг нөхцөл байдал байгаа юм. Баталгаажаагүй тамга тэмдгээр баталгаажуулсан байгаа юм. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар бүх компаниуд үнэн зөв тайлангаа хороонд мэдүүлж гаргуулж, бүх баримтууд нь анхан шатны шүүхээр нотлогдсон байх ёстой. Гэтэл эдний компани нотлогдоогүй бүртгэлийн үнэн зөв байх ёстой байдлыг хангаагүй. Манайх брокерын шаардлага 100 сая төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй байх гэж тавьдаг. Гэтэл мөнгөн хөрөнгө нь 89 сая төгрөг гээд бүртгэсэн байсан. Эдний компани 144 метр квадрат байртай өөрийн гэсэн үйл ажиллагаа явуулдаг, өөрийн гэсэн тоног төхөөрөмж, зүйлс байгаа гэдгээ хэлсэн. Хэрвээ  тухайн М******* компани нь өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй юм бол санхүүгийн тайлан нь яагаад 1.6 сая төгрөгийн хөрөнгө байгаа юм бэ. Үүнийг хөрөнгө гэж яаж үзэх юм. Үнэхээр барилга байгууламж танай хөрөнгө юм бол танай өөрийн нэр дээр 1.6 сая төгрөгийн л хөрөнгө бүртгэлтэй байна. Үүнийг өөрийн гэсэн хөрөнгөтэй гэж нотлогдоход бол хэцүү байна. Би өөрөө шалгалтаар очсоны хувьд манайх албан ёсны шаардлага тавьж байгаа. Үйлчлүүлэгчдийг зориулалтын дагуу албан өрөөгөөр тусгаарлаж үйлчилгээ үзүүлсэн байна гээд журамдаа зааж өгсөн. Тус компани дээр яг яваад очиход айлд орж байгаа юм шиг харилцагчийг тусгаарласан өрөө байхгүй, журмаар тавьсан шаардлага хангаагүй байсан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хорооны 2015 оны 154 дүгээр тогтоол дээр улсын байцаагчийн дүрмийг баталсан байдаг. Уг дүрмийн 2.1.2-т албан шаардлага гэдэг нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох түүний шалтгаант нөхцөлийг арилгах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байцаагчаас хүргүүлсэн хугацаа зааж гаргасан баримт бичгийг албан шаардлага гэдэг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан. Уг улсын байцаагчийн албан шаардлагыг захиргааны акт биш гэж үзэж байгаа юм. Магадгүй уг улсын байцаагчийн албан шаардлагыг захиргааны акт гэж үзэхэд нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг үндэслэлээр тухайн шалгалтын үр дүн болсон албан шаардлага нь удирдамжид заасан хугацаанаас хэтэрсэн учраас уг албан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж яриад байгаа юм. Манай гаргасан удирдамжийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу нийт 20 өдрийн хугацаанд газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Эхлэх ёстой өдөр нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байсан боловч зөвхөн шалгаж байгаа талаас энэ нөхцөл байдал хамаараагүй, шалгуулагч этгээд “М*******” ХХК-иас шалтгаалаад шалгалтын удирдамжид заасан хугацаанаас хоцорч  2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шалгаж эхэлсэн байдаг. Тухайн шалгуулагч байгууллага нь өөрөө шалгалт хийх боломжоор хангаагүй буюу тухайн шалгалтыг оруулах боломжгүй байна гэдэг тайлбар хэлсээр нийт 12 хоногийн хугацаа хэтэрч тухайн шалгалт эхэлсэн байдаг. Ийм шалтгаанаар холбогдуулаад тухайн удирдамжид заасан хугацаа нийтдээ 12 хоног хэтэрч гарсан гэж яриад байгаа. Шалгалтын хугацаа өөрөө хойшилж орсон учраас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бүх тайлан болон улсын байцаагчийн албан шаардлага зэрэг гарсан байдаг.

Захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг тухайн эрхийг хуулиар олгоогүй эрх хэмжээ байхгүй байхыг олгоно гэж ойлгож байгаа юм. Гэтэл хорооны улсын байцаагч нь өөрийн өдөр тутмын үйл ажиллагаанд улсын байцаагчийн албан шаардлагыг үйлдэх эрхтэй гэдгийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.4-т хуульчилж өгсөн байгаа юм. Эрх зүйн үндэслэлгүй гэдэг нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй шаардлага байна гэж ойлгож байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хорооны даргын 2022 оны 89 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу нэр бүхий 10 үнэт цаасны компанид газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Үүнд нэхэмжлэгч “М*******” ХХК нь хяналт шалгалтад хамрагдсан. Хяналт шалгалтыг хийх явцад нэхэмжлэгч компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон хорооны 2019 оны 4 дүгээр тогтоолоор батлагдсан үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын ажиллагааны багц 4-ийн нэгдүгээр хавсралтад үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн журам болон мөнгө угаахтай холбоотой холбогдох бусад журмын шаардлагыг хангаж, ажиллаагүй, хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа нь тогтоогдсон. Шалгалтаар ирүүлсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хорооны улсын байцаагчийн албан шаардлыг М******* ХХК-д хүргүүлсэн. Албан шаардлагыг хариуг тус компаниас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4 хуудас тайлбар ирүүлсэн. Энэ тайлбар дээр компанийг төлөөлөх эрхгүй этгээд М гэж этгээд гарын үсэг зурсан байдаг. Компанийн тухай хуулиар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гүйцэтгэх захирал байгаа юм. 4 хуудас тайлбар ирүүлсэн боловч энэ тайлбарт нь ямар ч  нотлох баримт ирүүлээгүй, шалгалтаар илэрсэн зарим зөрчлүүдийг арилгах боломжгүй гэдэг талаар дурдсан байгаа юм. Албан шаардлагыг хангасан талаарх холбогдох тайлбар нотлох баримтаа бүрэн гүйцэт ирүүлээгүй гаргасан зөрчил дутагдлаа арилгаагүй тул хорооноос 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр албан бичгээр үнэт цаасны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл бий болсныг мэдэгдсэн. Энэтэй холбоотой ямар нэгэн баримт материал ирээгүй учраас хорооноос тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлээд гурван сарын хугацаанд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд тус компаниас хороонд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр 15 хуудас тайлбар ирүүлсэн. Энэ албан бичиг дээр гүйцэтгэх захирал Г.Б гэсэн боловч М гэсэн гарын үсэгтэй тайлбар ирүүлсэн. Компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн гарын үсэгтэй ирүүлсэн тайлбарыг шалгаад үзэхэд тусгай зөвшөөрлийг сэргээх нөхцөл шаардлагыг хангахгүй байсан. Ийм учраас санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш хорооны хуралдаанаар хэлэлцээд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхдээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30.1.2-т “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг хороонд ирүүлээгүй” гэж заасныг үндэслэсэн байгаа юм. Тус компани зөрчил дутагдлаа арилгаад баримтаа ирүүлсэн гээд гээд  хэлээд байгаа боловч ирүүлсэн баримт нь шаардлага хангахгүй байсан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30.1.3-т “Тусгай зөвшөөрлийг хангах байдлыг удаа дараа зөрчсөн” гэдгийг үндэслэсэн. Манайх удаа дараа зөрчил гаргаагүй шалгалтын явцад ямар ч баримт энэ талаар гараагүй гэж дурдагдаад байгаа. Шалгалтын тайлангаас үзэх юм бол энэ компани нь 2018 оны 3 сард тусгай зөвшөөрлийг авсан. Гэвч 2022 онд шалгалт орох хугацаанд санхүүгийн аудитаар баталгаажуулсан тайлангаа нэг ч удаа хороонд ирүүлж байгаагүй. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн явдал болж байгаа. Тухайн үед Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль холбогдох хууль журамд заасан бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тогтоол гаргасан.

Шалгалтын тайлангаас харахад тус компани нь Үнэт цаасны зах зээлийн журмын Багц дүрмийн нэгдүгээр хавсралтад заасан журам байгаа, 10 компанид хяналт шалгалт хийгээд шалгалтын тайлан гараад шалгалтын тайлангаас гарсан зөрчлийг хуулж бичихэд бусад компанитай холилдоод техникийн алдаа гарсан байгаа юм. Журмын 2.13 буюу хөрөнгө оруулалтын зөвлөгөө үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, зөвхөн брокерын зөвшөөрөлтэй гээд бичигдсэн энэ нь зөвхөн бусад компанид тавигдсан зөрчлийн журмын заалт энд орсон байсан. Мөн улсын байцаагчийн албан шаардлага дээр журмын нэрийг багц дүрмийн нэгдүгээр хавсралт гээд бүтэн бичих ёстой байтал дутуу бичсэн техникийн алдаа гаргасан. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн биш Банкнаас бусад мэдээлэл хүргэхтэй этгээдэд газар дээр хяналт шалгалт хийх журмын заалт 91 гээд байгаа юм. Энэ дээр мөн техникийн алдаа гарсан. Гэхдээ ийм алдаа гарсан хэдий ч энэ компанийн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Ийм учраас улсын байцаагчийн албан шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэлгүй.

Журмын 2.1.4-т “дотоод хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон тооны ажилтантай байх бөгөөд тухайн ажилтан эн журмын 2.1.3-т заасан эрх авсан, гүйцэтгэх захирал, брокер, дилер, үнэлгээ, төсөл, судалгаа, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлийн ажил үүргийг хавсран эрхэлдэггүй байх” гэдгийг зөрчсөн. Шалгалтаар очиход дотоод хяналтын ажилтан байгаагүй, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу брокер мэдээлэх үүрэгтэй этгээд, мэдээлэх үүрэгдээ дотоод хяналтын хөтөлбөртэй, үүнийг хэрэгжүүлдэг орон тооны ажилтантай байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй. Үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааны багц дүрмийн нэгдүгээр хавсралтад Үнэт цаасны зохицуулалттай үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн журмыг 2.1.5.4-т заасан “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал, мэргэжилтнүүд нь өөр байгууллагад үндсэн ажилтнаар давхар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, өөр зохицуулалттай этгээдийн 5 хувь ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй байх” гэснийг зөрчсөн. Гүйцэтгэх захирал Г.Б нь “И*******” компанийн гүйцэтгэх захирлыг давхар эрхэлдэг. Улсын бүртгэлээс ирсэн лавлагаагаар дээрх компаниас гадна мөн “М*******” компанийн гүйцэтгэх захирлаар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэлтэй байгаа. Журмын 2.10-т  брокерын үйл ажиллагаа эрхлэх  байгууллагын нөхцөл шаардлагыг заасан. Шалгалтын тайлангаар нэг брокер нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан бөгөөд энэ компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нэг л брокертой байсан. Журмын 2.10.3-т “харилцагчдыг хүлээн авч үйлчлэх байрыг брокероос бусад ажиллагсдын албан өрөөнөөс тусгаарлаж, үйлчилгээний танхимын зориулалтаар тохижуулсан байх ажилтны тоонд тохирсон шаардлага хангахуйц албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж, компьютер, хэвлэгч, хувилагч, бичлэг хийх боломжтой утас, факсын аппаратаар хангадсан байх” энэ шаардлагыг хангаагүй. Брокерын үйл ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан харилцагчийн хөрөнгөөр түүний нэрийн өмнөөс түүний даалгавраар үнэт цаас худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг үзүүлдэг. Энэ үйлчилгээг үзүүлэх гэж байгаа тохиолдолд харилцагчийн хөрөнгө мөнгөтэй холбоотой нууцлалын асуудал яригддаг. Заавал харилцагчтай очиж үйлчилгээ үзүүлэх юм бол харилцагчийг нууцалсан, бусад үйлчилгээ авах гэж байгаа хүмүүсээс тусгаарлагдсан байх шаардлагыг хангагдсан байх ёстой. Журмын 2.10.4-т “программ болон техник хангамж нь тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх үйл ажиллагааны дотоод журам, энэхүү багц дүрмийн 4 дүгээр хавсралт болох “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх, түүнд хяналт тавих журам”, нягтлан бодох бүртгэлийн зааварт заасан шаардлагад нийцсэн, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь гаргах бүрэн боломжтой бөгөөд харилцагчтай байгуулсан гэрээ, харилцагчийн бүртгэл, тэдний хөрөнгийн хөдөлгөөнтэй холбогдох гүйлгээний мэдээллийг хадгалах, мэдээлэл өгөх бэк оффисын программ хангамжтай байх” гэж заасан. Энэ 8 сард ирүүлсэн баримт дээр программ хангамжийн гэрээтэй байсан гэрээний хугацаа дууссан гэдэг тайлбарыг өгч байсан. Зөрчлөө арилгасан гэсэн баримт нь мэйлээр мөнгө шилжүүлсэн тухай баримт байсан. Энэ баримтыг шилжүүлээд гэрээний хугацааг сунгасан уу энэ программ хангамжаа ажиллуулж байгаа юу гэдэг тодорхой шаардлагыг ирүүлээгүй. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу баталсан банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдийн газар дээрх хяналт шалгалт хийх журмын 91 –т “Энэ журмын 9.1.2-т зааснаар мэдээлэх үүрэгтэй этгээд сар болгоны 10-ны өдөр хавсралтаар тайлангийн загварын дагуу авч, байгууллага тус бүрийн хувийн хэргийн бүрдүүлбэрийг шинэчлэнэ.” гэж заасан. Энэ журмын дагуу компани нь эрсдэлийн үнэлгээг хийлгэж ирүүлэх ёстой. 2019-2021 онуудад энэ шаардлагыг хэрэгжүүлж ажиллаагүй. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д “үйл ажиллагаатай холбоотой анхан шатны бүртгэл, баримтыг стандартын дагуу хөтөлж, хадгалах;” шаардлагыг хангаагүй гэдгийг улсын байцаагч тайлбарласан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Брокер нь хууль тогтоомж, Хороо болон харьяалах хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоо, хадгаламжийн байгууллага зэрэг гишүүнчлэл бүхий өөрийгөө зохицуулах байгууллагаас баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй.” гэснийг яаж зөрчсөн нь тодорхойгүй байна гэсэн.

Брокер нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, хорооноос баталсан үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдэд үйлчлэх багц дүрмийн тусгай зөвшөөрлийн журам, мөн багц дүрмээр батлагдсан зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийн журам, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй  холбоотой журам зэрэг энэ журмууд дээр тавьсан шаардлагуудыг биелүүлээгүй гэдэг нь хяналт шалгалтын явцад илэрсэн. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл авсан этгээд санхүүгийн тайлан мэдээг хороонд бүртгэлтэй аудитын компаниар аудитын тайланг гаргуулахаар заасан. “М*******” ХХК нь хяналт шалгалтын явцад санхүүгийн тайландаа аудит хийлгээд ирүүлсэн боловч хороонд бүртгэлгүй аудитын компаниар аудит хийлгүүлж ирүүлсэн байгаа юм. Энэ мэтчилэн энэ компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон энэ хуульд нийцүүлэн гаргасан журмуудын нөхцөл шаардлагыг хангахгүй байсан. Тус компаниас зөрчлөө арилгаад ирүүлсэн гээд байгаа 15 хуудас албан бичиг хавсралтууд нь тусгай зөвшөөрлийг сэргээх нөхцөл шаардлагыг хангахгүй байсан. Хэд хэдэн зөрчил ирүүлсэн, бүгдийг нь арилгаж бүгдийг нь хангаж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийг сэргээх боломжтой. Гэтэл дотоод хяналтын ажилтан томилсон, нэг брокер нийгмийн даатгал төлдөг болсон гэх мэт баримтуудыг ирүүлсэн. Программ хангамжийг ажиллаж байгаа эсэхийг бид нар мэдэхгүй. Ийм баримтууд ирүүлсэн боловч шалгалтын явцад илэрсэн зөрчлөө бүрэн гүйцэт арилгаж чадаагүй. Иймд тусгай зөвшөөрлийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу хүчингүй болгосон байгаа. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

          1. хорооны улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          хорооны улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан шаардлагаар нэхэмжлэгчийг 4 багц зөрчил гаргасан гэх үндэслэлээр хугацаатай албан шаардлагыг хүргүүлжээ.

          Уг шаардлагын хариуг нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 22-05/01 тоот албан бичгээр хүргүүлсэн байх бөгөөд хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 9/2371 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, улмаар тус хорооны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 331 дүгээр тогтоолоор брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

          Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэжээ.

          хорооны даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 89 дүгээр тушаалаар хяналт шалгалтын удирдамж баталж, шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-22-ны өдрийг дуустал хийж, дүгнэлтийг 2022 оны 04  дүгээр сарын 05-ны өдөр танилцуулахыг үүрэг болгожээ.

          Хэргийн оролцогч нарын хэн аль нь хяналт шалгалтын удирдамжийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр цахимаар хүргүүлсэн, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн ажлын байранд очсон талаар маргадаггүй бөгөөд харин хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг хяналт шалгалтын хугацаанд гаргаагүй нь илт хууль бус гэжээ.

          Үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх нэр бүхий 9 хуулийн этгээдэд хийсэн газар дээрх шаталтын тайлангийн нэгтгэлийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус хорооны хурлаар хэлэлцэж, хэлэлцэх асуудлын 5 дугаарт нэхэмжлэгчтэй холбоотой зөрчлүүдийг танилцуулжээ.

          Хэдийгээр шалгалтын тайланг танилцуулах хугацаанаас 1 хоногийн дараа хэлэлцүүлсэн хэдий ч энэ нь тухайн маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.

Мөн хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 6.1.3-д “санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих”, 6.1.4-д “зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааг шалгах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийнэ”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан хяналт шалгалтыг Хорооны даргын томилсон хянан шалгагч хэрэгжүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хянан шалгагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 25.1.5-д “шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өгч, биелэлтийг хангуулах”, 25.1.6-д “зөрчлийг арилгах хүртэл зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох” гэж тус тус заажээ.

          Дээрхээс дүгнэвэл хянан шалгагч нь өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих эрхтэй байх тул хариуцагчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан  акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

          Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          2. хорооны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          Дээрх хяналт шалгалтаар нэхэмжлэгчийг 4 багц зөрчил гаргасан үндэслэлээр албан шаардлага хүргүүлж, улмаар тус хорооны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 331 дүгээр тогтоолоор брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, хорооны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн үнэт цаасны зах зээлд брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Дор дурдсан тохиолдолд Хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно” гээд 30.1.2-т “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг Хороонд ирүүлээгүй”, 30.1.3-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “ Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй “ гээд 10.1.5-д “тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох” гэж тус тус заажээ.

          Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22/08-23 тоот албан бичгээр зөрчил арилгасан талаарх тайлбарыг холбогдох баримтын хамт хүргүүлжээ.

          2.1.Албан шаардлагад дурдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Брокер нь хууль тогтоомж, Хороо болон харьяалах хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоо, хадгаламжийн байгууллага зэрэг гишүүнчлэл бүхий өөрийгөө зохицуулах байгууллагаас баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй” гэснийг биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд:

          Дээрх зөрчлийг хариуцагчаас ерөнхий байдлаар тодорхойлсон байх бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтны хэдэн сарын хэдний өдөр баталсан ямар дүрэм, журмын аль зүйл заалтыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй талаар дурдаагүй байх тул нэхэмжлэгчийг дээрх хуулийн дагуу зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

          2.2.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Зохицуулалттай этгээд тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаатай холбоотой хийсэн хэлцэл, өөрийн болон харилцагчийн хөрөнгийн хөдөлгөөн, өөрчлөлтийг бүрэн тусгасан анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, баланс орлого, үр дүнгийн тайланг цаг тухайд нь үнэн зөв гаргах үүрэгтэй” гэснийг биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд:

          Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Зохицуулалттай этгээд нь тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг сарын дотор Хороонд бүртгүүлсэн аудитын байгууллагыг сонгон гэрээ байгуулж, Хороонд мэдэгдэнэ”, 53.2-т “Дараах этгээдийг энэ хуулийн 53.1-д заасан аудитороор томилохыг хориглоно” гээд, 53.2.3-д “Хороонд бүртгэлгүй аудитор” гэжээ.

          Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22/08-23 тоот албан бичгээр зөрчил арилгасан талаарх тайлбарыг “Монста Аудит” ХХК-иар хийлгэсэн аудитын тайлангийн хамт хүргүүлсэн хэдий ч хорооны ажлын албаны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3/1697 тоот албан бичигт “Монста Аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээл оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр тус хороонд бүртгэлгүй гэжээ.

          Иймд дээрх зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

          2.3.“Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн заалтуудыг биелүүлээгүй гэх зөрчлүүдийн тухайд:

2.3.1.Журмын 2.1.4-д “дотоод хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон тооны ажилтантай байх бөгөөд тухайн ажилтан нь энэ журмын 2.1.3-т заасан эрх авсан, гүйцэтгэх захирал, брокер, дилер, үнэлгээ, төсөл, судалгаа, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлийн ажил үүргийг хавсран эрхэлдэггүй байх” гэснийг зөрчсөн гэх зөрчлийн тухайд:

хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-д “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал, мэргэжилтнүүд нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбооноос мэргэжлийн эрх олгох журмын дагуу эрхлэх ажил, үйлчилгээний төрөлд нийцсэн эрх авсан байх” гэжээ.

Үнэт цаасны зах зээлийн тухайн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “.Энэ хуулийн 69.1-д заасан өөрийгөө зохицуулах байгууллага нь зохицуулалттай хуулийн этгээд болон энэ хуулийн 35.1-д заасан эрх авсан мэргэжилтнүүдээс бүрдсэн гишүүнчлэлтэй, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаа болон ёс зүйн нийтлэг журмыг тогтоох, гишүүдийнхээ чадавхыг дээшлүүлэх, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, тогтвортой байдлыг хангах үндсэн зорилго бүхий мэргэжлийн холбоо, хөрөнгийн бирж, үнэт цаасны тооцооны байгууллага болон үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага байна” гэжээ.

Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Б нь “И” ХХК, “М*******” ХХК-иудын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/3487 тоот албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож буй хэдий ч үүнийг зөрчил гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь “И” ХХК нь ноолуур самнах, өнгөт хавтан, чулуу засаж боловсруулах үйлдвэрлэл, гадаад худалдаа, түүхий эд худалдан авах, борлуулах, зочид буудлын үйлчилгээ, цайны газрын чиглэлээр, “М*******” ХХК нь үнэт цаасны зах зээлд зохицуулалттай брокерын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан баланс бэлтгэн гаргах түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг байна.

Журмын дээрх зохицуулалт нь ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн тухайд хамааралтай байхаас бус харилцан хамааралгүй, үйл ажиллагааны чиглэл өөр хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагаар ажиллахыг хориглосон зохицуулалт биш юм.

2.3.2.Журмын 2.1.5.4-д “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал, мэргэжилтнүүд нь өөр байгууллагад үндсэн ажилтнаар давхар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, өөр зохицуулалттай этгээдийн 5 хувь ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй байх” гэснийг зөрчсөн гэх зөрчлийн тухайд:

Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Б нь “И” ХХК, “М*******” ХХК-иудын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/3487 тоот албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож буй хэдий ч үүнийг зөрчил гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө дээрх зөрчлийг арилгасан болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02/809 тоот албан бичгээр ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаагаар мөн нотлогдож байна.

Тодруулбал: Г.Б нь 2018 оны 04 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл дээрх хуулийн этгээдэд давхар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байх бөгөөд 2022 оны 07 дугаар сараас эхлэн “М*******” ХХК-нд дангаар нийгмийн даатгалын шимтгэл төлжээ.

Хэдийгээр Г.Б нь “И” ХХК, “М*******” ХХК-иудын гүйцэтгэх захирлаар одоог хүртэл бүртгэлтэй хэдий ч “И” ХХК-иас цалин авдаггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байх тул түүнийг тухайн байгууллагын ажилтан гэж үзэхгүй.

2.3.2.Журмын 2.10.2-т “брокерын үйл ажиллагаа эрхлэх эрх авсан хоёроос доошгүй ажилтантай байх” гэснийг зөрчсөн гэх зөрчлийн тухайд:

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн  холбооны ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тушаалаар Э.М, Ц.Ц******* нарт үнэт цаасны зуучлалын чиглэлээр мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэх олгожээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02/809 тоот албан бичгээр ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаагаар Э.М нь 2021 оны 07 дугаар сараас, Ц.Ц******* нь 2018 оны 04 дүгээр сараас эхлэн тухайн хуулийн этгээдэд нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байх тул дээрх зөрчил үгүйсгэгдэж байна.

2.3.3.Журмын 2.10.3-д “харилцагчдыг хүлээн авч үйлчлэх байрыг брокероос бусад ажиллагсдын албан өрөөнөөс тусгаарлаж, үйлчилгээний танхимын зориулалтаар тохижуулсан байх. Ажилтны тоонд тохирсон шаардлага хангахуйц албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж, компьютер, хэвлэгч, хувилагч, бичлэг хийх боломжтой утас, факсын аппаратаар хангагдсан байх” гэснийг зөрчсөн гэх зөрчлийн тухайд:

Хэдийгээр дээрх байдлаар ажлын байранд тавигдах шаардлагыг журамласан хэдий ч эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр ажлын байрны нийтлэг стандартыг батлаагүй байна.

Тайлбарт хавсаргасан фото зургаар нэхэмжлэгч нь хэвийн үйл ажиллагаа явуулж болохуйц тоног төхөөрөмж, тавилга бүхий ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд гагцхүү харилцагчдыг хүлээн авч үйлчлэх байрыг брокероос бусад ажиллагсдын албан өрөөнөөс тусгаарлаагүй гэх зөрчлийг арилгаагүй байна.

Хэдийгээр хариуцагчаас ажлын байрны нийтлэг стандартыг баталж, өрөө тасалгааны тоо хэмжээг нарийвчлан тогтоогүй хэдий ч журмын заалтыг мөрдөх учиртай.

2.3.4.Журмын 2.10.4-д “програм болон техник хангамж нь тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх үйл ажиллагааны дотоод журам, энэхүү багц дүрмийн 4 дүгээр хавсралт болох “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх, түүнд хяналт тавих журам”, нягтлан бодох бүртгэлийн зааварт заасан шаардлагад нийцсэн, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь гаргах бүрэн боломжтой бөгөөд харилцагчтай байгуулсан гэрээ, харилцагчийн бүртгэл, тэдний хөрөнгийн хөдөлгөөнтэй холбогдох гүйлгээний мэдээллийг хадгалах, мэдээлэл өгөх бэк оффисын /back office/ програм хангамжтай байх” гэснийг зөрчсөн гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр E******* ХХК-нд программын хураамжид 106000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Голомт банкны Е-баримт хуулгаар нотлогдох тул маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө дээрх зөрчлийг арилгасан гэж үзэхээр байна.

2.3.5.Журмын 2.13.2-т “хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний чиглэлээр байгуулах гэрээ, хэлцлийг боловсруулж, хянах орон тооны хуулийн мэргэжилтэнтэй байх”, 2.13.3-д “эрсдэлийг тооцох, хэмжих, үнэлэх, удирдах дүрэм журам нь тодорхой, энэ чиглэлээр мэргэжлийн, чадвартай хүний нөөцтэй байх” гэснийг зөрчсөн гэх зөрчлүүдийн тухайд:

“М*******” ХХК-ийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22/07-01 тоот тушаалаар Д.Б*******ийг дотоод хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх дотоод хяналтын ажилтнаар, Д.У*******ыг хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний чиглэлээр байгуулах гэрээ, хэлцлийг боловсруулж, хянах ажилд тус тус томилж, уг тушаал, 2022 оны 08 дугаар сард тухайн хуулийн этгээдийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбарыг хариуцагчид хүргүүлжээ.

Хариуцагчаас “нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд тухайн тушаалыг гаргасан” гэж маргаж байна.

Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2-4в/2267 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын хилээр гарч, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орж ирсэн байна.

Г.Баас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Э.Мд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг олгосон болох нь Нийслэлийн тойргийн нотариатч М.А*******ийн итгэмжлэлээр нотлогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Г.Баас хуульд заасан үндэслэл журмын дагуу итгэмжлэл олсон, уг итгэмжлэлийн дагуу дээрх тушаалыг гаргасан, улмаар тухайн тушаалаар зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22/08-23 тоот албан бичгээр зөрчил арилгасан талаарх тайлбарт мөн өдөр байгуулсан “И” ХХК-ийг төлөөлөх итгэмжлэлийг хавсаргасан хэдий ч энэ нь тухайн тушаал, нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2.4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу ирүүлбэл зохих тайлангуудыг ирүүлээгүй гэх зөрчлийн тухайд:

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр батлагдаж, нийт 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон /ligalinfo.mn/ боловч, хорооны улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан шаардлагад дурдсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 91.1, 91.6 дахь заалтууд тусгагдаагүй, мөн хорооны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дүгээр тогтоолоор баталсан “мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-д мөн энэ талаар зохицуулаагүй байх тул шүүхээс дээрх зөрчилд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

3.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчээс хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлөөс дийлэнх олонхыг нь арилгасан, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, баланс орлого, үр дүнгийн тайланг цаг тухайд нь үнэн зөв гаргаагүй, харилцагчдыг хүлээн авч үйлчлэх байрыг брокероос бусад ажиллагсдын албан өрөөнөөс тусгаарлаагүй гэх зөрчлүүдийг арилгаагүй хэдий ч энэ нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь нэхэмжлэгчээс хариуцагчийн тогтоосон хугацаанд холбогдох тайлбар мэдээллийг баримтын хамт хүргүүлж байсан байх бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан зөрчлийг арилгаагүй, сэргээлгэх хүсэлтийг ирүүлээгүй, 30.1.3-д заасан удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн гэх үндэслэлд дээрх зөрчлүүд хамаарахгүй байна.

Иймд хорооны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д тус тус заасныг баримтлан “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хороо, тус газрын улсын байцаагч Э.Э нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлын зарим хэсгийг хангаж, хорооны улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хорооны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРД